Манай уншигчдад Unlock Подкастын "Наги" гэх нэрээрээ эчнээ танил болсон О.Батнайрамдалыг бид өнөөдрийн дугаартаа урилаа. Тэр бол дэлхийн хамгийн шилдэг бизнесийн сургууль Харвардын Бизнесийн Сургуулийн MBA-г төгссөн цөөхөн монголчуудын нэг болж, нэр хүндтэй Bank of America Merrill Lynch-д ажиллан хөрөнгө оруулалтын банкны салбарт мэргэшсэн, шинэ цагийн шилдэг мэргэжилтнүүдийн нэг. Завгүй байх тусам их ажил амжуулдаг хэмээн ярих тэрээр үндсэн ажлынхаа хажуугаар дэлхийн шилмэл баримтат номуудыг тоймлодог Unlock подкастыг бүтээлцэж, сурсан мэдсэн, уншсан дуулснаа бусдад хуваалцдаг. Ингээд эх орныхоо хөгжилд хувь нэмэр оруулахаар буцаж ирсэн, сонирхолтой түүхийн эзэн Нагитай хийсэн ярилцлагаа хүргэе.

Байршил: Монгол, Улаанбаатар
Эрхэлдэг ажил, албан тушаал: Unlock подкастыг хамтран бүтээгч
Хэрэглэдэг гар утас: iPhone 7
Хэрэглэдэг компьютер: Lenovo ThinkPad
Сошиал хуудас: Nagi Otgonshar (LinkedIn, Инстаграм)

ТАНЫ АЖЛЫН ОНЦЛОХ АРГА БАРИЛ ЮУ ВЭ?

Хоорондоо уялдаатай хоёр зүйлээр тодорхойлж болох байх. Нэгдүгээрт, аливаа ажлыг нарийн төлөвлөгөө гаргаж хийдэг. Гэхдээ мэдээж явцын дунд нөхцөл байдал өөрчлөгдөж болох учраас төлөвлөгөөндөө уян хатан хандана.
Хоёрдугаарт, мультитаскинг буюу хэд хэдэн ажлыг зэрэг хийх. Банкинд ажиллахад нэг зэрэг 3-4 хэлэлцээр (transaction) дээр ажиллах хэрэгтэй болдог. Нэгэн зэрэг амжуулахаас өөр арга байдаггүй. Ийм ажлын онцлогоос үүдэн өдөр, 7 хоног, сараар ажлаа нарийн төлөвлөж сурсан шүү.

ТА ХАМГИЙН ИХ АШИГЛАДАГ, АШИГЛАХ ДУРТАЙ АППЛИКЭЙШН, ПРОГРАМ, АЖЛЫН ХЭРЭГСЛЭЭСЭЭ ХУВААЛЦАНА УУ?

Ажилдаа бол Microsoft Excel, Powerpoint хоёрыг ахисан түвшинд хэрэглэнэ. Slack-ийг ажлын харилцаанд хэрэглэдэг байсан. Мэдээллийг The Economist, New York Times-аас голдуу авдаг. Подкаст бас их сонсдог болсон. Economist, NPR-ийн Up First болон How I Built This, New York Times-ийн The Daily, TED Radio Hour зэрэг сувгийг дурдаж болно. Сошиал медиа гэвэл Фэйсбүүк, Инстаграм. Мөн Goodreads дээр уншсан, унших номуудаа тэмдэглэдэг.

ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?

Хүн завгүй байх тусмаа л ажлыг сайн нугалдаг юм шиг санагддаг. Их ажилтай болохоор цагаа зохицуулж сурдаг, яаж хийвэл илүү хурдтай, хялбар хийх вэ гэж бодож, нарийн тооцоолж байж аргыг нь олохыг хичээдэг. Ажлыг хойш тавилгүй цаг цагт нь хийгээд байвал ажил ар араасаа хөвөрч, эцэстээ үр дүн өндөртэй байдаг гэж боддог.

ТА ХИЙХ АЖЛЫН ЖАГСААЛТАА ЮУН ДЭЭР, ЯАЖ ХӨТӨЛДӨГ ВЭ?

Компьютерийнхээ дэлгэц дээр Notepad-аар тэмдэглэдэг. Ойрын хугацаанд хийх, дунд хугацаанд хийх, урт хугацаанд хийх гэсэн гурван баганад ажлуудаа жагсаачихдаг юм. Компьютерээ нээх болгонд байгалийн зураг харж байснаас алс хэтийн зорилгоо санаж байвал зүгээр байдаг.

Бас mental list үүсгэх буюу хийх ажлаа толгойдоо аль болох тогтоохыг хичээдэг. Толгойдоо санаж байхгүй бол хүн чинь дэлгэцээ, дэвтрээ 5 минут тутамд харна гэж байхгүй шүү дээ. Жагсаалтаа толгойдоо үр дүнтэй удирдах нь харин нэлээн удаан хугацаа, дадлага шаарддаг юм билээ.

ТА ЯМАР ЗҮЙЛИЙГ ХИЙХДЭЭ ГАРГУУД САЙН БЭ?

Өөриймшүүлсэн, өөрөөр хэлбэл дадал болгон хийж буй зүйлдээ илүү сайн юм шиг санагддаг. Ороо хураах, хаалгаа хаах, нүүр гараа угаах гээд хүн өдөр тутам гаргаж байгаа нийт шийдвэр, үйлдлийнхээ 40 хувийг дадал зуршлын дагуу бодохгүйгээр хийдэг. Зарим зүйлсийг бид хийсээр байгаад автоматжуулж тархиндаа хадгалсан байдаг юм байна л даа. Тэгэхээр бид хийхийг хүсдэг зүйлээ аль болох бодохгүйгээр хийдэг дадалтай болохыг хичээх ёстой мэт. Амжилттай яваа хүмүүсийг төрөлхийн авьяас чадвартай гэж харах нь элбэг байдаг ч үнэндээ тэд маш өгөөжтэй дадлуудыг өөртөө суулгасан, магадгүй хийдэг зүйлээ 10,000 цаг давтсан байх магадлал өндөртэй байдаг.
Миний хувьд, аливаа зүйлийг эхлүүлбэл заавал эцсийг нь үзэх гэдэг, байнга үр дүнг эрэлхийлдэг байдлыг дадал болгож чадсан гэж боддог.

ТАНЫ ХИЙЖ БУЙ АЖЛЫН ОНЦЛОГ НЬ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?

Салбарын онцлог талаас нь ярья. Банкинд ихэвчлэн дандаа өндөр түвшинд ажилладаг болохоор ажлыг маш чанартай, тултал нь хийхээс өөр аргагүй байдаг. Жаахан алдаа л том асуудалд хүргэх эрсдэлтэй. Жишээ нь Excel програмын нэг модель дээр ажиллаж байгаад нэг 0 дутаачихвал тэр ажил орвонгоороо эргэнэ шүү дээ.
Хэд хэдэн хэлэлцээн дээр зэрэг ажилладаг тул байнга цагтай уралдаж, ачаалал өндөртэй ажилладаг. Хэдэн сарын турш өглөөнөөс шөнө болтол ажиллах ч үе байдаг байлаа. Товчхондоо хурдтай, өндөр ур чадвартай байж, стресстэй орчинд зохицож ажиллах шаардлагатай зайлшгүй тулгардаг. Энэ нь нэг талаар хэцүү боловч маш ихийг сургадаг, хүнийг үнэхээр шинэ түвшинд аваачдаг.

ТА ЯГ ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРӨН АЖИЛЛАЖ БАЙНА ВЭ?

Би сүүлийн 3 жил Нью Йорк, Сиднейд банкны салбарт, ялангуяа уул уурхайн банкаар мэргэшиж ажиллалаа. Одоо олж мэдсэн мэдлэг туршлагаараа өөрийн эх оронд хувь нэмэр оруулъя гэж шийдээд саяхан Монголдоо ирээд байна.

Unlock-ийн хувьд, одоогийн байдлаар Тэгшээ, Дээгий хоёртойгоо хамтран 39 дугаараар 37 шилдэг сайн номыг сонсогчдодоо хүргээд байна. Англи хэл дээрх номын олдоц Монголд тийм ч сайн биш учраас өөрсдийн уншсан номыг хуваалцъя, дэлхийд ярьж хэлэлцэгдэж буй, цахиур хагалж буй олон салбарын шинэ санаа, шинэ онолуудыг номоор дамжуулан сонсогчдод хүргэе гэсэн зорилготой. Сонсогчид ч талархан хүлээж авч буйд таатай байгаа. Саяхан iTunes дээр Монголд хамгийн их сонсогдсон подкастын жагсаалтыг үзэхэд эхний 10 дугаарын 5 нь манай Unlock-ийнх байсанд их урамшсан шүү.

Энэ далимд хэлэхэд, Дээгий бид хоёрыг Монголдоо ирсэн бол арга хэмжээ зохион байгуулаач гэсэн сонсогчдынхоо хүсэлтийн дагуу ирэх лхагва гарагт буюу 8 сарын 22-нд HUB Инновацийн Төвд номын хэлэлцүүлэг зохион байгуулах гэж байгааг дуулгахад таатай байна. Энэхүү арга хэмжээнд подкастынхаа сонсогчид, номын хорхойтнууд та бүхнийг урьж байна. (Unlock Podcast Live Event-д бүртгүүлэх: https://www.facebook.com/events/1926912220680850)
Мөн манай подкастын талаар байнга сэтгэгдлээ хуваалцдагт баярлаж явдгаа хэлье.

ХАРВАРДЫН БИЗНЕСИЙН СУРГУУЛЬД ТЭНЦЭЖ ОРСОН ТҮҮХЭЭСЭЭ БИДЭНД ХУВААЛЦАХГҮЙ ЮУ?

Би Ховд аймагт 8-р ангиа төгсөөд, улсын математикийн олимпиадад амжилттай оролцон Монгол Түрк сургуулиас урилга авч, Улаанбаатарт ирж суралцсан юм. Дунд сургуулиа төгсөөд АНУ-ын Макалестер коллежоос тэтгэлэг авч суралцахаар явсан. Коллежоо төгсөхөд АНУ-ын эдийн засгийн хямралтай үе таарсан тул АНУ-д жил орчим мэргэжлээрээ ажиллачихаад Монгол руугаа буцаж, уул уурхайн хөрөнгө оруулалт, санхүүгийн чиглэлээр ажилласан юм. Тухайн үед манай улсад уул уурхайн салбар ид хүчээ авч, эдийн засгийн өсөлт ч өндөр байлаа. Ингээд 2013 он хүртэл ажиллаж байгаад АНУ-ын Бостон хотын Харвардын Бизнесийн Сургуульд орох эрхийг авсан. Эхний шатуудад тэнцээд ярилцлагаа би Хятадын Шанхай хотод очиж өгсөн. Тэгэхэд надаас "Монголд ажилласан туршлага чинь чамд нэмэр болох уу? Ангийнхан чинь дандаа л Goldman Sachs, McKinsey зэрэг дэлхийн топ компаниудад ажиллаж байсан хүмүүс байх болно. Чи тэдэнтэй үр дүнтэй хэлэлцүүлэг өрнүүлж чадах уу?" хэмээн нэлээд гайхсан маягтай асууж байсан. Юутай ч тэрхүү ярилцлагын шатыг даваад гарсан болохоор Монголд ажилласан туршлагаараа дэлхийн том сургуулиудад тэнцэж болох юм байна гэж бодох болсон. Харвардын Бизнесийн Сургуулийн MBA буюу бизнесийн удирдлагын магистрт суралцсан хэд хэдэн монгол хүн байдаг боловч голдуу гадаадад ажиллаж байгаад тэнцсэн байдаг юм билээ.

Эргээд харахад, оюутан байх үедээ нийт 300 орчим мянган долларын тэтгэлэг авч чадсан байдаг юм билээ. Жирийн хөдөөний айлын хүүхэд үнэхээр сурах чин хүсэл л байвал дэлхийн том сургуулиудад сурч болдог юм байна, мөнгө бол хоёрдогч асуудал юм байна гэдгийг ингэж ойлгосон доо. Ялангуяа АНУ-ын их дээд сургуулиудад шалгуурыг нь даваад тэнцчихсэн байхад сургалтын төлбөрийг яаж ийгээд олох бололцоотой байдаг гэж боддог.

ТА ЯГ ОДОО ЯМАР НОМ/НИЙТЛЭЛ УНШИЖ БАЙНА ВЭ?

Би сэтгэлзүйн ном унших хоббитой болохоор нөгөө хоёроо уруу татна аа. Энэ төрлийн номыг подкастдаа ярих гэж бөөн лобби явна шүү дээ(инээв). Шинжлэх ухаан талаасаа их сонирхолтой байдаг юм. Ер нь залуу хүн зайлшгүй сэтгэлзүйн үндсэн болон шинэ ойлголтуудыг мэдэж авч, өөрийгөө хөгжүүлж байх хэрэгтэй юм шиг санагддаг. Даниел Колеманы "Emotional Intelligence", Клэй Кристенсений "How Will You Measure Your Life?", Шон Акерийн бичсэн "The Happiness Advantage" зэрэг номууд хамгийн их сэтгэгдэл төрүүлсэн шүү.

Арга барилын хувьд подкаст хийдэг болсноос унших хурдаа нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай болсон. Нэг номыг олон хувааж уншихаас илүүтэй нэг суултаар нэлээн сайн явуулах нь үр дүнтэй байдаг. Хүний анхаарал ер нь аливаа зүйлийг хийж эхлээд 20-30 минут болж байж бүрэн төвлөрдөг гэдэг. Тэгэхээр олон хувааж бага багаар унших нь үлдэц муутай. Дундаж номыг хоёр гурван өдөр, эсвэл 3-4 цаг тасралтгүй уншиж дуусгадаг. Бас цахимаар буюу Kindle-ээр уншихаар номын зузаан нь мэдэгддэггүй тул том ном байна гэж сүрддэггүй. Ер нь аливаа ном тухайн сэдвээр мэргэшсэн хүний олон жилийн, магадгүй 20-30 жилийн хөдөлмөр байдгийг тооцвол 200-300 хуудас ном гэдэг үнэндээ хэмжээний хувьд жижиг шүү дээ. Асар их мэдлэгийг маш богинохон хугацаанд шингээж авах боломж юм. Мөн номыг ямар нэг тэмдэглэл үйлдэхгүй уншвал уншаагүйгээс ялгаагүй гэж боддог.

ТА АЖИЛЛАЖ БАЙХ ҮЕДЭЭ ХӨГЖИМ СОНСДОГ УУ? ЯМАР ТӨРЛИЙН ХӨГЖИМД ДУРТАЙ ВЭ?

Жазз хөгжимд дуртай. Нора Жонесийн эхний дөрвөн цомгийг олон жил давтаж сонсож байна даа. Ажиллаж байх үедээ бол сонсдоггүй. Ажилдаа 100 хувь төвлөрөх л ёстой гэж боддог юм. Гэхдээ сүүлийн үед хөгжмийг подкастаар орлуулчихаад байдаг болжээ.

ТА ИЛҮҮ НЭЭЛТТЭЙ ХҮН ҮҮ, ЭСВЭЛ ИЛҮҮ ДОТОГШОО ХҮН ҮҮ? ЭНЭ НЬ ТАНЫ АЖИЛД ХЭРХЭН НӨЛӨӨЛДӨГ ВЭ?

Энэ хоёр чанар хоёулаа л байдаг байх. Гэхдээ өөрийгөө интроверт байгаасай гэж нууцхан хүсдэг шиг байгаа юм (инээв). Үүнтэй холбогдуулаад хэлэхэд, хүн заавал өөртөө цаг гаргаж өөртэйгөө ярьж байх ёстой гэж боддог. Би хүнгүй орчинд өөртэйгөө чангаар ярьдаг нэг зуршилтай. Ингэж өөртэйгөө ярьж байхгүй бол хүн баахан мэдээлэл авчихаад, тэрийгээ дахин боловсруулж, анализ хийж чадахгүй, өөрөөр хэлбэл үр дүнг нь гаргаж чаддаггүй.

ТА ХЭДЭЭС ХЭДЭН ЦАГИЙН ХООРОНД УНТДАГ ВЭ?

Хүмүүсийг яаж унтдагаар нь 3 хуваадаг юм билээ. Early bird буюу эртэч хүн, Night owl буюу орой унтаж орой сэрдэг хүн, тэгээд Third bird буюу "гуравдагч шувуу". Энэ гурав дахь бүлгийн хүмүүс өглөө хэзээ боссоноороо орой хэзээ унтахаа тодорхойлдог, өөрөөр хэлбэл унтах уян хатан дэглэмтэй. Дэлхийн хүн амын дийлэнх хувь нь багтдаг энэ бүлэгт би ч бас хамаардаг байх. Шөнө 12-оос өглөө 7 цагийн хооронд унтахыг хичээдэг ч банкинд ажилласан сүүлийн 3 жил ажлын ачаалал их байсан тул сайн унтаж амрах боломж хомс байлаа.

ТАНЫГ АЖИЛЛААГҮЙ ҮЕД ТАНЬ ХААНААС ОЛЖ БОЛОХ ВЭ?

Чөлөөт цагаа аль болох гэр бүлтэйгээ өнгөрөөхийг эрмэлздэг. Долоо хоногтоо дунджаар гурван удаа фитнесст явдаг. Wall Street-д ажилладаг байхад заримдаа ариун цэврийн өрөө ч орох завгүй, тэвчдэг байлаа шүү дээ. Банкинд өглөөнөөс үдэш болтол суудаг байсан болохоор фитнесст явж хөдөлгөөн хийхгүй л бол болохгүй. Завгүй, их ажиллах тусам фитнесст илүү олон явдаг байсан. Ер нь Wall Street-д хүн өөрийгөө хүчилж чадвал ямар их нөөц чадамжтай гэдгийг, 24 цагт ямар их ажил амжуулж болдгийг ойлгосон.

ТА ХЭНЭЭС, ЮУНААС УРАМ ЗОРИГ, ЭРЧ ХҮЧ ОЛЖ АВДАГ ВЭ?

Эерэг хандлагатай бүхнээс л амьдралын урам зориг, эрч хүчийг авдаг. Инээмсэглэж буй хүн, өглөө мандсан нар, хийж бүтээсэн ажил гээд л өдөр тутам тохиолдох эгэл жирийн, эерэг хандлагатай, сайхан сэтгэлээс ургаж гарсан бүхнээс.

ТАНЫ АМЬДРАЛДАА АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ ЮУ ВЭ?

Шилжилтийн үед Ховд аймагт өнгөрөөсөн хүүхэд нас минь бие хүн болж төлөвшихөд, намайг өдий зэрэгтэй явахад хамгийн их нөлөөлсөн хүчин зүйл гэж боддог. Тухайн үед айл болгон л хүнд хэцүү цагийг давж гарах гэж эрвийх дэрвийхээрээ зүтгэсэн. Ээж маань агрономич болохоор манайх ногоо тарьдаг байв. Олон километрийн зайтай ногооны талбай руу бид алхаж очоод л ажиллаж гарна. Хэдийгээр амьдрал хэцүү байсан ч тэр л өдрүүд сэтгэл зүрхэнд минь хамгийн гүн шингэсэн байдаг юм. Тэр үе намайг хурцалж, хат суулгаж, өнөөдрийн суурийг тавьж өгсөн гэж боддог.

ЗАЛУУ МЭРГЭЖИЛТНҮҮДЭД ХАНДАН ХАМГИЙН ЧУХАЛ НЭГ ЗӨВЛӨГӨӨ ӨГӨӨЧ ГЭВЭЛ ЮУ ГЭХ ВЭ?

Надад нэг ийм итгэл үнэмшил байдаг юм. Хүн хүссэн зүйлдээ хүрэхийн тулд зөвхөн өөртөө л найдах ёстой. Бусад хүмүүс туслах байх, дэмжих байх гэсэн бодлоо орхиод зөвхөн өөртөө л найдах хэрэгтэй болов уу. Хүмүүс тус болох үе байх ч эцсийн эцэст өөрийн л гаргах шийдвэр, өөрөө л туулах амьдрал шүү дээ. Анзаараад байхад, манайд аав ээжүүд 30, 40 хүрсэн хүүхдүүдийнхээ өмнүүр орж юмыг нь хийж өгөх юм. Ажилд орохдоо хүртэл хүнээр яриулах жишээтэй. Тийм болохоор би "Үүлэнд нисэнд усанд шумбаж мөрөөд. Тэрхүү мөрөөдөлдөө хүрэх эрч хүч, итгэл зоригийг зөвхөн өөрөөсөө л хай" гэж хэлэх дуртай.

Мөн үүнтэй холбоотойгоор, алдаа гаргахаас бүү айж байгаарай, алдаа хийхээс айдаг хүмүүс мөрөөдлөө хөөж зүрхэлдэггүй юм шүү гэж хэлэхийг хүсэж байна. Хүүхэд хөлд орохдоо хэдэн зуу, мянган удаа унаж байж л алхаж сурдаг шүү дээ. Ямар ч хүүхэд "Өө унаад байгаа юм чинь больё" гэдэггүй. Алдааг ингэж өөр өнцгөөс харвал том боломж байдаг. Хүн алдаа гаргаж байж л юугаа сайжруулах ёстой вэ гэдгээ мэддэг, яаж хийхээ ойлгодог.

ТА ЭНЭ БУЛАНД ХЭНИЙГ САНАЛ БОЛГОЖ, АЖЛЫН АРГА БАРИЛТАЙ НЬ ТАНИЛЦМААР БАЙНА ВЭ?

Хамгийн амархан асуулт байна (инээв). Fortune 500 буюу дэлхийн топ 500 компанийн нэг, менежментийн зөвлөх үйлчилгээ үзүүлэгч Accenture компанийн Япон дахь салбарт ажилладаг, Unlock подкастыг хамтарч үүсгэн байгуулсан Ц.Дэлгэрцэцэгийгээ санал болгоё.