Олон жил маргаантай байсан хэл шинжлэл, зөв бичих дүрмийн маргааныг эцэслэн Эх хэлний хүрээлэнгээс "Монгол хэлний журамласан толь"-ийг саяхан гаргаад байгаа билээ. Уг толиор өмнө нь эргэлзээтэй бичигддэг байсан 700 гаруй үгийг цэгцэлснээс гадна гадаад үг, улс орны нэрийг хэрхэн бичихийг журамлаж өгсөн юм. Тиймээс одоо бид ямар ч тохиолдолд уг толь бичгийн дагуу бичихэд алдахгүй гэсэн үг. Онлайнд бүрэн эхээр нь байршуулж, дагалдах гар утасны апп-ийг гаргасан "Монгол хэлний журамласан толь"-оос та эргэлзсэн, мэдэхгүй байгаа зүйлээ лавлаж, эх хэлээрээ алдаагүй зөв бичээрэй.
Яагаад хэрэглэх хэрэгтэй вэ?
Бичих чадвар бол өөрийгөө илэрхийлэх, мэдээллийг дамжуулах хамгийн гол чадваруудын нэг. Алдаагүй зөв бичихгүйгээр хүссэн их сургууль, хүссэн ажил, хүссэн тэтгэлэгтээ тэнцэнэ гэдэг хэцүү. Цаашлаад бусдын итгэлийг олох, дагуулахад бичих чадвар томоохон нөлөөтэй шүү дээ. Тиймээс ялангуяа интернэтээс, ухаалаг утаснаасаа хэрэгцээт мэдээллийг, хэрэгцээт чадварыг олж авдаг болсон өнөө үед, монгол хэлээр зөв бичих дүрмийн толь бэлээхэн байсаар байтал түүнийг ашиглахгүй байна гэдэг тун харалган хэрэг болох билээ.
Ямар онцлог, давуу талуудтай вэ?
Монгол хэлээр хэрхэн зөв бичих талаар хүмүүс эцэс төгсгөлгүй маргачихдаг. Тэр олон маргаан, төөрөгдөл, үл ойлголцлыг эцэс болгохоор Хэлний бодлогын зөвлөлийн Ажлын алба, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, МУИС, МУБИС-ийн 28 эрдэмтэн судлаачаас бүрдсэн ажлын хэсэг уг толь бичгийг шинэчлэн боловсруулжээ. Толь бичиг үгс болон зөв бичих дүрмийн гэсэн хоёр хэсгээс бүрдэнэ. 37,486 үгтэй энэхүү толь бичгээс та өргөн хэрэглээний гадаад үг, улс орны нэр, аймаг сумдын нэрсийг хэрхэн бичихийг харж болно. Мөн тольд орсон гадаад үгсийг нөхцөлөөр хэрхэн хувилгахыг харж болно.
Вэб дээр хувилбараас монгол хэлний зөв бичих дүрмийг маш ойлгомжтой, бүрэн эхээр нь уншиж болно. Дүрмийн хэсэгт нийт монгол хэлний зөв бичих дүрмийн 64 зүйлээс аль ч хэсэг рүү үсэрч харж болох нь хэрэглэхэд хялбар мэт санагдлаа. Далимд өгүүлэхэд, бидний өдий хүртэл хэрэглэж ирсэн Ц.Дамдинсүрэн багшийн зохиосон зөв бичих дүрэм хүчин төгөлдөр хэвээр байгаа билээ.

Ямар сул талуудтай вэ?
Амархан хайлтын систем, эргэлзээгүй үгсийн сан, хувилах жишээ, дүрэм гээд л бараг л төгс мэт боловч iOS үйлдлийн систем дээрх апп хувилбар нь хараахан гараагүй аж. Үүнээс гадна апп дээр дүрэм унших сонголт байхгүй гэдгийг хэлэх нь зүйтэй. Гэхдээ та хүсвэл Toli.gov.mn цахим хуудсаар, PDF хувилбараар үнэгүй татаж, интернэтгүй байхдаа ч чөлөөтэй хайлт хийж, эх хэлнийхээ боловсролд хөрөнгө оруулах боломжтой.
Unread-ийн үнэлгээ
Эх хэлний боловсролд томоохон хөрөнгө оруулалт болж, олон хүний эргэлзээг тайлсан Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толийн апп хувилбарт бид 8 оноо өгч байна. Улам сайжирч iOS хэрэглэгчдэд ойртвол өөлөх зүйлгүй сайхан апп болох нь.
ЗАРИМ ҮГСИЙГ ЖУРАМЛАСАН БАЙДАЛ
Уг толь бичигт журамласнаар дараах үгсийн арын хувилбар нь зөв юм:
Ажилбар - Ажиллавар
Авахуул -Авхуул
Байцаа -Байцай
Батжина - Батажна
Гадаргуу - Гадарга
Гайхашрал, гайхшрал - Гайхширал
Гурвалсан - Гуравласан
Дугараг, дугираг - Дугариг
Дуурсах - Дуурьсах
Иржигнэх - Иржгэнэх
Ирэвгэнэх, ирвэгнэх - Ирвэгэнэх
Номхтгох, номхтогох - Номхотгох
Эрвээхий -Эрвээхэй
Түвэг - Төвөг
Санаачлага - Санаачилга
Ишлэл – Эшлэл
Оношлогоо - Оношилгоо
Төгсөгчиддөө - Төгсөгчдөдөө
Харчихаад - Харчхаад
Хашгирах, хашиграх - Хашхирах
Хун тайж - Хунтайж
Оюунлиг - Оюунлаг
Өнтээ, өнөтэй - Өнтэй
Увидас, увьдас - Увдис
Үйлдэр - Үүлдэр
Жирвэгнэх, жирэвгэнэх - Жирвэгэнэх
Шавьж - Шавж
Бэлэг - талархаж өгөх юм
Бэлгэ - шинж тэмдэг, совин ёр, илбэ
Бэлгэ - хүн, амьтны им эрхтэн
Бэлгэ - мэргэ, төлгө
Билиг - төрөлхийн оюун ухаан, оюуны өндөр чадамж, оюун

Сэтгэгдэл бичих (2)


З Зочин 2019.11.18 66.181.161.43
монгол хэл бичигийн чадвар муудсан үед цагаа олсон сайн юм болсон байна.Мѳн эх хэлээрээ сайн бичиж сураасай гэж нийт монголчуудаасаа хүсье
Х Хүрэл 2018.10.18 81.244.249.199
Журамласан толь өөрөө алдаатай бол яах вэ? Би лав нэлээд хэдэн алдаа олсон. Өөр хүмүүс өөр алдаа олсон л байх. Ийм байхаар яах болж байна? Хэд дахин шалгаж редакторлоод гаргаж болдоггүй юм уу?