Өнөөдрийн дугаарт Тэгшээ, Наги хоёр Малколм Гладвеллийн хоёр дахь ном болох "Blink" номын тухай ярилцлаа. "Бодохгүйгээр бодохын хүч" гэж тодотгосон энэ номдоо зохиогч хүмүүс тун бага мэдээлэлд үндэслэн маш богино хугацаанд шийдвэр гаргадаг үзэгдлийг судлан бичжээ. Ингээд The Tipping Point, Outliers зэрэг номоороо алдаршсан Гладвеллийн энэ ном бас нэгэн сонирхолтой номын тоймыг сонсоцгооё.

НОМЫН ТУХАЙ

Канадын сэтгүүлч, зохиогч Малколм Гладвел нийгмийн шинжлэх ухаан, ялангуяа социологи, сэтгэл зүй, нийгмийн сэтгэл зүйн чиглэлийн судалгаануудыг нягтлан, үүдэн гарах үр дүнгүүд, хүлээгдээгүй үр дагавруудыг уншигчдад тун сонирхолтой хэлбэрээр, жишээнүүдэд үндэслэн хүргэдгээрээ олонд танигдсан зохиогч билээ. Эхний "The Tipping Point" номдоо аливаа санаа, тренд хэрхэн түгэн дэлгэрдэг талаар өгүүлсэн байдаг бол энэ номдоо Blink буюу нүд цавчих агшинд, маш богино хугацаанд хэрхэн шийдвэр гаргадаг талаар өгүүлсэн ном юм.

Зохиогч хэлэхдээ өөрийнх нь үс энэ номыг бичих сэдлийг өгчээ. Тэрээр үсээ урт ургуулах тусам онгоцны буудал дээр шалгагдах нь ихсэх болжээ. Өөрөөр хэлбэл, буржгар үсээ ургуулсан түүнийг хүмүүс гэмтэй этгээд байж магадгүй гэж шууд бодох нь ихэссэн аж.

Уг номд ялангуяа маш ярвигтай гэмээр, олон хүчин зүйлийн оролцоотой шийдвэрийг хүн маш богино хугацаанд, магадгүй анхны сэтгэгдэл дээрээ үндэслэн гаргадаг нь заримдаа удаан бодож судалсан шийдвэрээс ч зөв байдаг тухай өгүүлжээ. Өөрөөр хэлбэл, хэзээ бид зөн совиндоо итгэх вэ, хэзээ бид сайн бодож судлах хэрэгтэй вэ гэдэг асуултыг тавьж, түүндээ хариулсан ном гэж хэлж болох юм. Ингээд олныг үл өгүүлэн подкастаа сонсоцгооё^

ПОДКАСТ СОНСОХ

Подкастыг iTunes дээр сонсох бол энд дарж бүртгүүлээрэй. Мөн Unlock Podcast фэйсбүүк хуудсанд нэгдэж шинэ подкастуудыг цаг тухайд нь хүлээн авч байх боломжтой.