2019 оны шинэ жилээр бид энэ сайхан баярын талаар мэдэх ёстой бүх зүйлсийг “А-Я” үсгээр тайлбарлаж байв. Энэ удаа бид дуулиан шуугиантай өнгөрсөн 2020 оны онцлууштай үйл явдлуудыг “А-Я”-аар илэрхийлэхээр зорилоо. Улиран одож буй оноо эргэн нэг хараад, итгэл найдвар, өөдрөг үзлээр жигүүрлэн цаг хугацааны цоо шинэ хэмжээст хөл тавихад бэлэн үү?

"АМНЫ ХААЛТТАЙ" ЖИЛ

Амны хаалт бол Ковид-19 тусахаас хамгаалахын хамгийн энгийн бөгөөд гол аргуудын нэг. Амны хаалтаа ягштал, зөв зүүж, гараа сайн угаахад халдварлах магадлал мэдэгдэхүйц багасна хэмээн мэргэжилтнүүд хэлж буй. Монголчууд бид бараг л бүтэн жилжингээ амны хаалтаа сайн зүүлээ. Царайлаг хүмүүст их хохиролтой жил боллоо гэж зарим нь хошигнох. Өнгөрсөн хавар дэлхий тэр чигээрээ цочирдож, амны хаалт ховордсоныг бодвол одоо нийлүүлэлт сайтай, хямдхан болоод байна. Бүгд амны хаалтаа тайлан чөлөөтэй, айдасгүй харилцах, тэврэлдэх өдрүүд айсуй.

БИЗНЕСҮҮД ОРШИХ УУ, ЭС ОРШИХ УУ?

Ихэнх бизнесийн хувьд хар дарсан зүүд шиг жил өнгөрлөө. Үйлчилгээний, хүнтэй тулж харьцдаг бизнесүүдийн хувьд олон сараар үүд хаалгаа барихаас өөр байсангүй. Импортын бизнесүүдийн үйл ажиллагаа тасалдав. Экспортын бизнесүүдээс гэвэл Оюу толгой, Тавантолгой зэрэг томоохон уул уурхай л амаргүй цаг үед Монголд доллар оруулж ирэн, эдийн засгийн эргэлтийг тасалдуулчихсангүй. Харин цахим суурьтай бизнесүүд цар тахлын нөлөөнд өртөх нь харьцангуй бага байлаа. Дэлхийн чиг хандлагыг харахад, цахимаар ажиллаж амьдрахад туслах, онлайн худалдаа, хүргэлтийн бизнесүүд өндөр өсөлттэй байгаа. Товчхондоо, энэ жил бүх л бизнесүүдэд эрсдэл гэдэг зүйл бодитойг харуулж, бизнесийн үр ашиг, модель, цаашдын төлөвөө эргэн харах ёстойг сануулж, илүү чанаржиж тогтворжих хэрэгтэйг мэдрүүлсэн юм.

ВАКЦИн ХҮЛЭЭСЭЭР

Одоо бидний цорын ганц чин хүсэл вакцин болоод байна гэхэд хилсдэхгүй. Энэ бүх тодорхойгүй байдал, хөл хорио чухам вакцинжуулалтаар л эцэс болох учиртай. Оны эхээр, хурдаллаа гэхэд 18 сар болно гэж байсан вакцин хөгжүүлэлтийг эрдэмтэд түүхэн дэх хамгийн хурдан хугацаанд буюу жил хүрэхгүй хугацаанд хийж, гурван ч вакцин хүлээн зөвшөөрөгдөөд байна. Тухайлбал, Европын холбоо "Pfizer-BioNTech"-ийн хөгжүүлсэн 95 хувийн үр дүнтэй вакциныг, АНУ, Канад "Moderna"-ийн хөгжүүлсэн 94.5 хувийн үр дүнтэй вакцинуудыг хүлээн зөвшөөрч, зарим улс вакцинжуулалтыг эхлүүлээд байгаа нь тун ч сайхан мэдээ. Манай улсын хувьд арваад хоногийн өмнө Ерөнхий сайд У.Хүрэлсүх ДЭМБ-ын суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзан, KOBAKC хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсад 2021 оны эхний улиралд вакцин авах боломжийн талаар ярилцсан юм.

ГОМДсон цөхөрсөн ГАЦАГСАД

Ердийн үед гадаад явж "галуу шувууны мах идэх" сайхан байдаг бол 2020 онд олон мянган монголчуудын хувьд эх орон руугаа буцах л хамгийн хүсүүштэй зүйл болж хувирав. Янз бүрийн шалтгаанаар гадаадад явж байгаад гэнэтхэн ирж чадахаа больчихсон иргэдийг татан авчрах үйл явц оны эхэнд хил хаасан үеэс эхлэн үргэлжилж, Гадаад хэргийн яамны мэдээлж байгаагаар энэ онд 28 мянган иргэнийг авчирчээ. Одоо харин Монголдоо ирэх хүсэлтэй 2000 гаруй иргэн байгаа гэж мэдэгдээд буй. Хэдийгээр Засгийн газар бүх л боломжоо дайчлан гадаадаас иргэдийг авчирч байна гэж мэдэгдсэн ч энэ үйл явц их удааширсныг монголчууд бэлээхэн харж байлаа. Үүнд энэ жил тохиосон сонгуулийг тойрсон улс төр хийгээд эрсдэлийн үеийн менежмент нөлөөлсөн нь ойлгомжтой. Мэдээж олон салбарт нөөц дутуу нь нөлөөлсөн биз.

ДИПЛОМАТ АЖИЛЛАГААНД 30 МЯНГАН ХОНЬ ДАЙЧЛАГДАВ

Оны эхээр Ковидын эхний халдвар бүртгэгдэж, тархсан Хятадын Хубэй мужид нөхцөл байдал маш хүнд байв. Ийм хүнд үед нь Монгол Улс урд хөршдөө дэмжлэгээ илэрхийлэх санаачилга гаргаж, түүнийгээ Ерөнхийлөгчийн айлчлалаар бодит ажил болгосон билээ. Ерөнхийлөгч Х.Баттулгын айлчлалын баг эрүүл мэндийн өндөр эрсдэлтэй үед дипломат ажиллагаа явуулан, Хятадын ерөнхийлөгч Си Жинпинтэй уулзах үедээ буцалтгүй тусламж болгон 30 мянган хонь хандивласан юм. Энэ явдал нэг хэсэгтээ л манай болон Хятадын цахим орчинд олны ярианы сэдэв болсон. Си Жинпин хүнд хэцүү цаг үед хамгийн түрүүнд Хятадад айлчилсан төрийн тэргүүн нь Ерөнхийлөгч Х.Баттулга байсныг онцолсныг тэмдэглүүштэй. Энэ бол эдийн засгийн тусламж үзүүлэх санаачилга гаргасан бизнес эрхлэгчид, түүнийг хурдан шуурхай дэмжсэн төр засгийн удирдлага, мөн айлчлалыг зохион байгуулсан гадаад харилцааны мэргэжилтнүүдийн бахархмаар мэргэн шийдвэр, хурдтай багийн тоглолт байлаа. Хэзээнээсээ л монголчуудад хишиг буянаа өгч ирсэн халуун хошуут хонь энэ удаа бүр дипломат ажилд оролцсон нь энэ юм.

ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ БАГАА ЧИРЭВ

2000-аад оны эхээр тодрон гарч ирж, нэгэнтээ МАН-ын “хүчтэй кадр” гэгдэж байсан Ухнаагийн Хүрэлсүх магад энэ жилийн хамгийн тод дүр байв. Монголын улс төрд түүнээс нэр хүндтэй улстөрч одоогоор үгүй байгааг МАН-ынхан соргог мэдэрч, “Багаар нь сонгоё” уриатайгаар кампанит ажлаа явуулан, чухамдаа түүний нэр хүндээр сонгуульд ялалт байгуулсан гэвэл хилсдэхгүй. Иймд ч хүмүүс “МАН-ын тэргүүн манлайд У.Хүрэлсүх байхад ямар ч хүн байсан дагаад гараад л ирнэ” гэж хошигнож байв. АН-д харин түүн шиг хүн байсангүй. Дулаан, ус, цахилгааны төлбөрийг тэглэхээс өгсүүлээд цар тахлын хүнд нөхцөл байдлыг улс, ард иргэдэд аль болох хохирол багатайгаар даван гарах амаргүй үүргийг тэрээр Засгийн газрын тэргүүний хувиар хүлээж буй.

ЁС ЗҮЙ ХАА БАЙНА?

Япон, Солонгос зэрэг Азийн зэргэлдээ улсуудын төрийн түшээд монголчуудын “стандарт”-аар бол өчүүхэнд тооцогдох алдаа гаргамагц ард иргэдээсээ бөхийн уучлал гуйгаад суудлаасаа буудаг тухай бид ярьцгаадаг. Манай улстөрчид үүнээс үлгэр авахгүй гэдгийг энэ жил дахин батлан харуулав. Орон нутгийн сонгуульд АН-МАХН-ын эвслээс дэвшин сонгогдсон төлөөлөгч сонгогдсон хойноо “дүүргийнхээ иргэдийн эрх ашгийг бодсон” нэрийдлээр МАН-д элссэнээс өгсүүлээд, эрх мэдлээ урвуулан ашиглаж, ЖДҮХС-аас зээл авсан хэр нь сонгуульд дахин нэр дэвшсэн, ялсан, өндөр албан тушаалд томилогдсон, ял шийтгэлээ хөнгөвчлүүлсэн "эрхэм гишүүд" хүртэл, “Ёс зүй хаа байна” гэж асуухад хүргэсэн улстөрчдийн цуваа тасарсангүй. Манай улсын нэгэн сайд "...хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлбэл урд хөршийн мөнгөтэй иргэдийг сэгсрэх боломж байна” гэж хэлснийг бас нэг дурдчихъя. Энэ мэт жишээ дэндүү олон байгаа нь ёс зүйн хэм хэмжээ, хариуцлагын тогтолцоо тун чиг тааруу байгааг илтгэнэ.

ХАР, СААРАЛ ЖАГСААЛТАД ОРОВ, ГАРАВ

Монгол Улс Евро комиссоос гаргадаг, өндөр эрсдэлтэй орнуудын жагсаалт (хар жагсаалт), Олон улсын санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (FATF)-ын саарал жагсаалтад орсноор иргэд, байгууллагуудад нэг хэсэгтээ л гадаад гүйлгээ хийх нь хүндрэлтэй асуудал болсон юм. Үүний зэрэгцээ хар, саарал жагсаалтыг тойрсон яриа, улс төр газар авсан. Юутай ч засгийн газар цаад байгууллагуудаас тавигдсан шаардлагыг биелүүлж, зохих арга хэмжээг авч чадсаны дагуу өнгөрсөн аравдугаар сард дээрх жагсаалтуудаас гарав. Мөнгө угаах, террорист үйл ажиллагааг санхүүжүүлэхийн эсрэг хууль тогтоомж, эрх зүйн орчин дутмаг улсуудыг багтаадаг FATF-ын жагсаалтын ачаар өмнө нь бүртгэлгүй байсан хэд хэдэн салбарыг хяналтдаа авч чадсан юм.

ЗАЙНААС АЖИЛЛАв

Арванхоёрдугаар сарын 23-наас бүх нийтийн бэлэн байдлын зэргийг сэргээснээр нийслэл дахин хөл хорионд орлоо. Ингэснээр бид эргээд зайнаас ажиллах горимд шилжив. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд нийт монголчуудын хувьд юу шинэлэг байсан бэ гэвэл зайнаас ажиллах дадал. Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан зарим байгууллага, ААН-ийн үйл ажиллагаа бүрэн зогссон хэдий ч зарим байгууллагын хувьд заавал албан тасалгаандаа 9-6 цагийн хооронд суухгүйгээр ажлаа явуулж болох юм байна гэдгийг батлан харуулсан жил боллоо. Байгаль, цаг уурын өөрчлөлттэй холбогдуулан цаашид ч энэ мэт (цар тахал) нөхцөл байдал үүсэх магадлалтай хэмээн эрдэмтэд анхааруулж буй тул зайнаас ажиллах, дижитал технологийг ажил, сургалтын үйл ажиллагаандаа өргөн ашиглахад суралцахаас өөр аргагүй.

ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙГ ДЭМЖИВ

Өнгөрсөн аравдугаар сарын 1-нээс эхлэн ипотекийн зээлийн хүүг зургаан хувь болгож, зээлдэгчийн орлогын доод хэмжээг 1,100,000 төгрөгөөс 900,000 болтол бууруулсан нь зээлээр орон сууц авах гэхэд орлого нь хүрдэггүй байсан иргэдэд дэм болсон шийдвэр байлаа. Үүнээс өмнө зээл авсан иргэдийн материалыг судалж үзэхэд сарын хоёр саяас дээш төгрөгийн орлоготой иргэд зонхилж байв. Товчхондоо, ипотекийн зээл зорилтот бүлгийнхэнд хүрч чадахгүй байсан гэсэн үг. Дээрх шийдвэрийн дагуу 300 тэрбум төгрөгийн зээлийг шинээр олгож, эхний ээлжинд 1500 айл орон сууцанд орохоор болсон юм.

КОВИД-19 ХЭМЭЭХ ГАЙХАЛ

Бид XXI зуунд тохиосон үлэмж том сорилтын өмнө ирээд байна. НҮБ-аас энэхүү тахлыг дэлхийн II дайнаас хойш хүн төрөлхтөнд тохиолдсон хамгийн том хямрал хэмээн тодорхойлж, “НҮБ байгуулагдсан цагаасаа хойш хамгийн хүнд сорилттой тулгарлаа” хэмээн онцолсон юм. Өдгөө COVID-19 халдварын улмаас дэлхий даяар 82 сая хүн өвчилж, 1.8 сая хүн нас бараад буй нь харамсалтай. Халдварын цар хүрээ ядуу, баян, хөгшин, залуу гэлгүй бүх л хүмүүийн амьдралд ул мөрөө үлдээж байна. Цар тахлын улмаас 71 сая хүн нэн ядуурлын түвшинд очиж, 1998 оноос хойших хамгийн өндөр түвшинд хүрэх магадлалтай болжээ. Энэ хэцүү цаг үе бидэнд илүү хичээж, илүү хайрлаж, илүү хүндлэх хэрэгтэйг сануулах мэт.

ЛУУТ ХОТЫН ТУУРЬ ОЛДОВ

Монголын төдийгүй олон улсын археологийн түүхэнд томоохонд тооцогдох нэгэн нээлтийг Улаанбаатарын их сургуулийн Археологийн тэнхимийн багш, доктор, дэд профессор археологич Т.Идэрхангайгаар ахлуулсан судалгааны баг 10 гаруй жилийн ажлынхаа үр дүнд хийсэн юм. Тэд Архангай аймгийн Өлзийт сумын төвөөс баруун урагш 10 орчим километр газарт малтлага хийж, Хүннү гүрний нийслэл Луут хотын туурийг олж нээлээ хэмээн сайхан мэдээ дуулгасан. Судлаачид “Тэнгэрийн хүү Шанью” хэмээх бичигтэй ваарыг Монголын газар нутгаас олсноор Луут хотын туурь байсныг баталгаажуулж, археологийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулав. Энэ олдвор нь Хүннү гүрний тухай түүхийн бичиг баримт, судалгааны ажлуудад чухал эх сурвалж болох тул Засгийн газраас Луут хот, Эртний Хүннү гүрний нийслэл Хар Балгасын сургалт, мэдээллийн төвийг байгуулахад 200 сая төгрөг төсөвлөөд буй.

МЭДЭЭЛЛИЙг БОЛОВСРУУЛЖ СУРЪЯ

Хүмүүсийн сэтгэлзүй мэдрэг, тогтворгүй байгаа энэ өдрүүд үнэн зөв, найдвартай мэдээлэл ямар чухал болохыг илтгэн харуулж байна. Монгол Улсад хөл хорио тогтоосон эхний гурван сарын хугацаанд цахим сүлжээнд худал мэдээлэл тараасан 34 хүнд 6.9 сая төгрөгийн торгууль ногдуулжээ. Дэлхий дахинд ч асуудал болоод буйг Кембрижийн их сургуулиас өнгөрсөн аравдугаар хийсэн судалгаанаас харж болно. Уг судалгаанаас үзэхэд, зөвхөн Youtube дээр COVID-19 вирустай холбоотой дүрс бичлэгийн 25 хувь нь их, бага хэмжээгээр худал мэдээлэл агуулсан байжээ. Тэрхүү бичлэгүүдийг нийт 62 сая хүн дэлхийн өнцөг булан бүрээс үзсэн байх жишээтэй. Ерөөс бид мэдээллийн эринд амьдарч буй болохоор мэдээлэл цуглуулах, боловсруулах ур чадварт суралцах зайлшгүй шаардлагатай болж. Мөн хувийн датагаа хамгаалах, төр засаг түүнийг хэрхэн ашиглаж буйд ч хяналт тавьж сурах хэрэгтэй билээ.

НОГДОЛ АШИГ ХҮРТСЭН НЬ

Монгол Улсын нүүрсний экспортын 41 хувийг дангаараа бүрдүүлдэг “Эрдэнэс-Тавантолгой” ХК 2019 онд нэг их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж, түүхэндээ анх удаа хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг хүртээхээр шийдвэрлэсэн нь онцлууштай чухал үйл явдал байлаа. Өөрөөр хэлбэл, монголчууд анх удаа байгалийн баялгаасаа ногдол ашиг хүртэж, нэгж хувьцаанд 90 төгрөг буюу нийт 1072 ширхэг хувьцаатай иргэн 96,480 төгрөг хүртсэн юм. Ингэснээр тус компанийн хувьцаа эзэмшигч нийт 2.5 сая иргэн, 486 аж ахуйн нэгжид 179.8 тэрбум төгрөгийн ногдол ашиг олгогджээ. Эл үйл явдал нь мөн иргэдэд хувьцаа, ногдол ашиг зэрэг хөрөнгийн зах зээлийн талаарх ойлголтыг өгөх давхар ач холбогдолтой байлаа.

ОЛОН УЛСЫН ОЛИМПИАДАД ОДТОЙ ОРОЛЦОВ

Энэ онд олон улсын олимпиадуудад монгол хүүхдүүд онцгой амжилттай оролцлоо. Тухайлбал, өнгөрсөн есдүгээр сард дэлхийн 105 орчим улсын 610 гаруй сурагч цахимаар оролцсон Олон улсын математикийн 61-р олимпиадад Монгол Улсын баг нэг алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртэж, хоёр сурагч тусгай байр эзэлсэн юм. Алтан медаль хүртсэн “Шинэ Монгол” сургуулийн сурагч О. Мишээл саяхан Массачусетсийн Технологийн Институтэд (MIT) тэнцсэн сайхан мэдээг мөн дуулгасан. Түүнчлэн өнгөрөгч есдүгээр сард Мэдээлэл зүйн олон улсын 32-р олимпиад онлайнаар болж, “Сант” сургуулийн сурагч А.Нямдаваа Монголын анхны алтан медалийг хүртэж, бахдам амжилт гаргалаа. Тус олимпиадад манай улс 1991 оноос хойш оролцож, гурван хүрэл, нэг мөнгөн медаль хүртэж байв. Энэ амжилтууд манай улс боловсролын салбараа зөв тийш нь залбал томоохон өөрчлөлтийг авчрах боломжтойг харуулж байна.

Өвөрмонголчууд эх хэлнийхээ төлөө ТЭМЦЭВ

БНХАУ-ын Засгийн газар хос хэлний бодлогын хүрээнд ӨМӨЗО-ы ерөнхий боловсролын сургуулиудад нэгдүгээр ангиас нь хятад хэл заах шийдвэр гаргасан юм. Уг шийдвэр гарахаас өмнө Өвөр Монголын сурагчид нэгдүгээр ангиасаа монгол хэл, хоёрдугаар ангиасаа хятад хэл сурч эхэлдэг байсан нь элэг нэгтнүүдийн маань хувьд эх хэл, соёлоо үр хойчдоо өвлүүлэх чухал тогтолцоо байсан билээ. Тийм ч учраас энэ шийдвэрийг эсэргүүцсэн олон мянган өвөр монгол нэгдэн, эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан юм. Энэ тэмцлийг дэлхийгээр таран суурьшсан монгол үндэстнүүд ч дэмжиж байгаагаа илэрхийлэн нэгдсээр байв. Гэвч БНХАУ-ын Засгийн газар тэдний шаардлагыг хүлээж аваагүй бөгөөд өнгөрөгч есдүгээр сарын нэгнээс шийдвэрийг хэрэгжүүлж эхэлсэн нь харамсалтай. Энэ явдал монголчууд бидэнд эх хэл, үндэсний бичиг соёлын үнэ цэнийг дахин сануулсан юм.

ПАНИКДАХГҮЙ Л БАЙВАЛ, УГ НЬ...

Халдварын анхны тохиолдол батлагдах, дотооддоо алдсан тархалтын анхны тодотголтой мэдээнүүд гарах, хөл хорио тогтоох мэдээллүүд олон нийтийг цочроож, улмаар хүнсний болон ахуйн хэрэглээний эрэлтийг хэд дахин нэмэгдүүлэн, зарим тохиолдолд хиймэл хомсдол үүсгэх тохиолдол энэ онд цөөнгүй гарсан. Мөн зарим өдөр олон тооны халдвар бүртгэгдэхэд зарим хүмүүс жигтэйхэн паниктай хүлээн авч байгаа нь харагддаг. Гэхдээ энэ нь зөвхөн манайд тохиолдож буй үзэгдэл бус, бусад улс оронд ч нийтлэг байдгийг санах хэрэгтэй. Мэдээж, цар тахлын үед аль болох паникдахгүй байх нь та бидний эрүүл мэнд, шийдвэр гаргалтад тустай.

РИО ТИНТО БА МОНГОЛЫН ЗАСГИЙН ГАЗАР

"Рио Тинто" групп 2020 онд амаргүй сорилтуудтай тулсан. Тус группээс менежментийг нь хариуцан хэрэгжүүлдэг Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалтын зардал тооцоолсноос их дүнтэй гарч, эхний олборлолтыг хийх хугацаа хойшилсноос үүдэн Монголын Засгийн газрын зүгээс энэ асуудлыг нухацтай авч хэлэлцэх, хянан шалгах шаардлагатай хэмээж буй. Ирэх сарын 1-нээс "Рио Тинто"-ийн гүйцэтгэх захирлаар ажиллах Якоб Стаусхолм энэ сард Монгол Улсын Засгийн газраас байгуулсан ажлын хэсгийн төлөөлөлтэй цахимаар уулзаж, Оюу толгойн уурхайгаас Монгол Улсад ногдох үр өгөөжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн тодорхой санал гаргаж, харилцан ашигтай хамтарч ажиллахад бэлэн байна хэмээн мэдэгдсэн. Өнгөрсөн аравдугаар сард "Рио Тинто" компани Монгол Улсын оношилгооны хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилготой төслийг 602 мянган ам.доллароор санхүүжүүлсэн юм. Далд уурхайн бүтээн байгуулалтын шинэчлэн баталсан төлөвлөгөөнд Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалтыг 2022 оны аравдугаар сард багтаан хийхээр тусгажээ.

СОНГУУЛИЙН ЖИЛИЙН ӨМНӨХ СОНГУУЛИЙН ЖИЛ

Энэ жил хоёр сонгууль явагдсан нь УИХ-ын сонгууль, Орон нутгийн сонгууль байв. Эдгээр сонгуулийн хувьд цар тахлын үед болсноороо онцлог. Сонгуулийн ерөнхий хороо халдвар хамгааллын дэглэмийг сайтар баримтлан сонгуулийг амжилттай зохион байгуулсан юм. УИХ-ын сонгуулийн хувьд нэг нам дараалан УИХ-д үнэмлэхүй олонхыг бүрдүүлсэн тохиолдол гарлаа. 2016 оны сонгуулиар 76 суудлын 65-ыг авсан МАН энэ удаа 62 суудал авсан бол АН 11, Та бидний эвсэл нэг, Хөдөлмөрийн Үндэсний Нам нэг суудал авсан. Орон нутгийн сонгуульд МАН мөн амжилттай оролцож, НИТХ-д 45-аас 34 суудал авч, 13 аймагт олонхыг бүрдүүлсэн юм. Энэ нь нэг талаар МАН-д удаан хугацаанд тогтвортой засаглах, даацтай өөрчлөлтүүдийг хийх боломж олгосон хэрэг юм.

ТЕЛЕ/ОНЛАЙН ХИЧЭЭЛЭЭ ХИЙХГҮЙ ГЭЭД ЯАХ вэ ДЭЭ

2020 он сурагч, оюутнуудад хүндхэн туслаа. Энэ онд танхимаар хичээллэсэн хугацаа тун богинохон байсан бөгөөд ерөнхий боловсролын сургууль, их, дээд сургуулиуд сургалтын хөтөлбөрөө онлайн болон теле хичээлд шилжүүлсэн юм. Нэгдүгээр ангийн хүүхдүүд хүртэл Zoom, Google Meet зэрэг апп-аар багштайгаа харилцан хичээлээ хийж суух нь 2020 оны нэгэн дүр зураг байлаа. Теле хичээлийн хувьд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам телевизийн сувгуудтай хамтран хичээлүүдийг нэвтрүүлсэн. Хэдийгээр сургалтын чанарын хувьд танхимын сургалтаас буурах магадлалтай ч онлайн/теле сургалтуудыг сайн зохион байгуулж чадвал цахим шилжилтийг түргэсгэж, урт хугацаандаа эерэг нөлөө үзүүлнэ хэмээн мэргэжилтнүүд хэлж буй.

Улс ДАЯАР ЯРЬСАН УЛСын онцгой комисс

Энэ онд бидний хамгийн олон сонссон үгсийн нэг нь яахын аргагүй Улсын Онцгой Комисс байлаа. УОК бол иргэдийг гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, хамгаалах ажлыг төрийн бүхий л шатны байгууллагуудаар гүйцэтгүүлэх эрх бүхий байгууллага. УОК-ын цаасан дээр буулгасан шийдвэр бүхэн жирийн иргэдийн амьдралд чухал нөлөөтэй байлаа. Тийм ч учраас энэ байгууллага сайн нэр ч их зүүлээ, муу нэр ч бишгүй авлаа.
2020 он улирч буй ч нөхцөл байдал хэзээ урьдын хэвэндээ буцаж орохыг таашгүй. 2021 онд ч мөн УОК бидний амьдралд шууд нөлөөлөхүйц олон шийдвэрийг гаргах биз. Харин илүү туршлагатай, илүү менежменттэй, илүү хариуцлагатай ажиллана гэж итгэж байна.

"ҮЗЭГЧГҮЙ НААДАМ" ҮЗЭГЧТЭЙ БАЙв

1921 онд Д.Сүхбаатар жанжны тушаалаар Нийслэл хүрээг чөлөөлсөн баярт үйл явдлыг тэмдэглэн эрийн гурван наадам зохиосноос хойш бид 99 жил тасралтгүй Алтан тэвшийн хөндийг хотойтол наадаж ирсэн уламжлалтай. Гэвч Дэлхийн II дайнаас хойш ганц ч удаа цуцлагдаагүй Олимпын наадмыг хүртэл хойшлуулсан цар тахал үндэсний их баяр цэнгэл наадамд маань нөлөөлсөн юм. 2020 онд монголччууд стадион тойрч хуушууранд дугаарласангүй, Хүй Долоо Худаг орж хурдан морины тоосонд даруулсангүй, анх удаа цахимаар наадсан юм. 13-р зуун цогцолборт үзэгчидгүйгээр зохион байгуулагдсан энэ жилийн наадмыг Монголын түүх, язгуур соёл, ардын урлагийн гайхамшгийг харуулсан тун үзүүштэй нээлтийн контент "аварсныг" онцлох хэрэгтэй.

ФРАНЦЫН ИРГЭНИЙ ДАРААГААС КОВИДТОЙ АМЬДРАЛ ЭХЭЛСЭН

Урд хөршийн Ухань хотод энэ оны эхээр цар тахал дэгдсэний дараахан Монгол улс хилээ хааж, урьдчилан сэргийлэх бүх төрлийн арга хэмжээг авч эхэлсэн юм. Хоёр сар гаруйн хугацаанд бид Хятадаас халдвар тээвэрлэгдэн ирж магадгүй хэмээн санаа зовниж байсан бол дотоодод бүртгэгдсэн анхны халдвар нь Москвагаар дамжин Улаанбаатарт буусан франц иргэнд илэрч таарсан. Гэртээ өөрийгөө тусгаарлах ёстой байсан ч заавар дүрмийг үл хэрэгсэн олон нийтийн газраар зорчсон түүний талаарх яриа сошиал орчинд талд ассан түймэр мэт хурдацтай тархаж, бид нэг хэсэгтээ л паникдаж, хүнсний захуудаа хоосолсон "түүхтэй". Аз түшихэд төд удалгүй халдвартай хүний ойрын хавьтлын хариу бүгд сөрөг гарч, “Анх-Отгон” нэртэй болсон Франц иргэн сар гаруйн дараа бүрэн эдгэрэн, эмч нарт талархсан сэтгэлээ илэрхийлсээр нутаг буцсан билээ. Улс даяараа хэдэн өдөр анхаарал хандуулсан франц эрээс хойш бид ёстой л ковидтой хамт амьдарч эхэлсэн юм.

ХҮНИЙ БАЙХЫН УТГА УЧРЫГ ЭРГЭЦҮҮЛЭХҮЙ

2020 оны хүн байхын утга учир, хүний эрх, эрх чөлөөг тодруулан гаргасан он байлаа. Иргэд бид таатай орчинд амьдрах, ажиллаж хөдөлмөрлөх, үг хэлэх, эх орон руугаа буцах эрхтэй. Ардчилсан орны иргэдийн хувьд хэрвээ эдгээр эрх боомилогдвол эрхийнхээ төлөө дуугарах хэрэгтэй. Хөл хориотой холбоотой холбоотойгоор гэр бүлийн хүчирхийллийн асуудал хурцаар босож ирсэн. #ХҮНБАЙ аян энэ тал дээр идэхтэй ажиллаж, олны анхаарлыг хандуулж чадсаныг онцлууштай. Хүүхдүүд таатай орчинд өсөж хүмүүжих эрхтэй атал тэгж чадахгүй байгааг ҮЦХ-ийн ойролцоо усанд осолдсон хөөрхий жаалууд, эмнэлгийн ажилтан ээжийгээ ажилд явсан хойгуур гэртээ осолдсон багацуул харуулж, олны зүрхийг шимшрүүлсэн. Үг хэлэх эрх чөлөөг хумих гэсэн улс төрчдийн оролдлогууд ч гарч байсныг санаж байгаа байх. Мэдээж онцгой нөхцөл байдалд зарим нэг эрхийг эдлүүлэх боломжгүй байгааг ойлгоно. Гэхдээ үүгээр халхавчлан шаардлагагүй алхмуудыг хийн хүний эрхийг хавчих ёсгүй. Ямар ч нөхцөлд бид хүний эрхийн мэдрэмжээ алдахгүй, хүний эрхийг эрхэмлэж нандигнасаар байх ёстой билээ.

ЦАХИМ ШИЛЖИЛТ ТҮРГЭСЭВ

Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан бидний амьдралд цахим хэрэглээ урьд урьдаас ч нэмэгдэв. Хүүхдүүд, оюутнууд хичээлээ цахимаар үзэж, насанд хүрэгчид цахимаар зайнаас ажиллаж, хөгшин залуугүй апп-аар дамжуулан төрөл бүрийн хүргэлтийн үйлчилгээ авах нь ихэссэн. Яг ийм үед төрийн үйлчилгээний хүнд суртлыг багасгаж, цахимаар олон төрлийн үйлчилгээ олгох E-Mongolia платформыг нэвтрүүлсэнд нь засгийн газарт талархууштай. Цахим засаглал бид өчнөөн олон жил ярьсны эцэст хонгилын үзүүрт гэрэл ассан нь энэ юм. Одоогоор E-Mongolia апп-аас төрийн 23 байгууллагын 181 үйлчилгээг орон зай, цаг хугацаанаас үл хамааран авах боломжтой бөгөөд цаашид олон үйлчилгээ нэмэгдэх гэнэ. Үүний зэрэгцээ төрөл бүрийн бизнесүүд, байгууллагууд ч үйл ажиллагаагаа цахимд шилжүүлэх, технологиудыг үр дүнтэй ашиглах хандлага хавьгүй түргэслээ.

ЧИМЭЭГҮЙ БААТРУУДАД ТАЛАРХАХ НЬ

Онцгой байдлын нөхцөлд бидний хамгийн түрүүнд дурдах бас талархах учиртай эрхмүүд бол оногдсон үүргээ нэр төртэйгөөр биелүүлж, нийгмийн сайн сайхан байдлын төлөө өдөр шөнөгүй зүтгэж буй албан хаагчид билээ. Эмнэлэг, цагдаа, цэрэг, онцгой байдал, мэргэжлийн хяналтын мянга мянган албан хаагчдыг бид ЧИМЭЭГҮЙ БААТРУУД хэмээн нэрлэж, 2020 оныг тодорхойлсон хамгийн чухал үүрэгтнүүд хэмээн онцлохыг хүслээ. Чухам тэдний зүтгэл, хариуцлага биднийг эрүүл, аюулгүй, тайван амьдрах суурь юм гэдгийг цар тахлын онцгой үе улам тодотгож байна.

ШИНЭЧИЛСЭН НИЙГМИЙН ГЭРЭЭНИЙ ЭРЭЛД

Монгол Улсын тусгаар тогтнол, ардчилсан нийгмийн баталгаа болсон Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт энэ оны тавдугаар сараас албан ёсоор хэрэгжиж эхэллээ. Эрх барих байгууллагуудын эрх мэдэл, албан үүргийг дахин хуваарилж, нутгийн удирдлагын хэм хэмжээг илүү тодорхой зааснаараа сайн засаглалыг бэхжүүлж, хөгжингүй нийгмийг бүрдүүлэхэд онцгой нөлөө үзүүлнэ хэмээн энэхүү шинэчлэлийн ач холбогдлыг мэргэжилтнүүд дүгнэж буй. Шинээр эмхлэн байгуулагдсан УИХ ч нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд холбогдох хууль тогтоомжийг заасан хугацаанд батлан гаргах чиглэлээр идэвхийлэн ажиллаж буй. Үүнээс гадна эрх баригчид тэтгэврийн тогтолцоог шинэчлэх, малын хөлийн татварыг тогтоох, шүүхийн тухай хуулийг шинэчлэх зэрэг чиглэлд мөрийн хөтөлбөрт заасан олон ажлуудыг гүйцэтгэж байгааг бид онцлов. Ирэх жилүүдэд үсрэнгүй хөгжлийг авчрах шинэчилсэн нийгмийн гэрээ ийнхүү хэрэгжиж эхлэв.

ЭНТЕРТАЙНМЕНТ ХЭРЭГЛЭЭ ЭРЧИМЖИВ

Урьд өмнөхөөс хавьгүй их цагийг гэртээ, гэрийнхэнтэйгээ өнгөрүүлсэн бидний энэ жилийн хань гэвэл гар утас, компьютер, зурагт мэт хэрэгслүүд байв. Цахим хэрэгслээр бид бусадтай харилцаж, мэдээлэл авахын зэрэгцээ кино үзэж, "Youtube"-ээр аялж, контентийн далайд умбах шиг л болсон. Контентийн зах зээл улам тэлж, олон төрлөөр хөгжиж байгааг хөл хорио бүр хурдлуулах “араанд нь хийчихлээ”. Монголд үй олон подкаст, ток шоунууд, ютүүберүүд төрөн гарав. Олон дагагчтай хүмүүс олноор бий болж, медиа компаниуд, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдтэй бараг л эн тэнцүү өрсөлдөх болов. Тооноос чанарт гэдэгчлэн энэ дундаас олон чанартай контент, түүнийг бүтээгчид торойн гарч ирэх биз ээ.

ЮЮ ДАРГЫН ЭРИН ГОГО БАЙГААСАЙ

Аравдугаар сард явагдсан Орон нутгийн сонгуульд МАН үнэмлэхүй ялалт байгуулж, Улаанбаатарт ахин засаглах эрхтэй болсон билээ. Харин намыг төлөөлж, нийслэлийг удирдах хүнийг “уламжлалт бус” аргаар сонгов. Хэдхэн сарын өмнө УИХ-ын сонгуульд итгэл төгс ялалт байгуулсан Д.Сумъяабазар Их хурлын гишүүний албан тушаалаасаа татгалзаж, нийслэлийн фронт дээр гарч ирэх нь тэр. Олимпийн наадамд Монгол улсын тугийг барин алхаж, үндэсний бөхөөр Улсын аварга цол хүртсэн бахархам карьертай түүний намтарт УИХ-ын гишүүн, сайдын дараагаар Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч хэмээх албан тушаал нэмэгдэв. Ажлаа авуутаа онцгой байдлын нөхцөл байдалтай нүүр тулсан түүний үг, үйлдэл бүрийг олон нийт анхааралтай ажиглаж буй. Тиймдээ ч сошиал хуудсаараа “юю” хэмээн бичсэн нууцлаг үгийг нь иргэд дорхноо олзолж, өөр өөрийнхөөрөө утгыг нь тайлж, Засаг даргынхаа хоч болтол нь “сэвж” орхисон юм.

ЯААЯ, АРД НЬ ГАРЧИХЛАА ШҮҮ ДЭЭ

Танд баяр хүргэе. Энэ нийтлэлийг дуустал нь уншсанд тань талархахаас гадна 2020 оныг “амжилттай” давж байгаад тань бүр илүү баяр хүргэе. Огт төсөөлөөгүй үйл явдлаар дүүрэн чангахан жилийн ард хамтдаа гарлаа.
2020 он аль ч талаараа бидэнд олон зүйлийг ухааруулсан, олон мэдрэмжийг төрүүлсэн онцгой жил болж өнгөрлөө. Цар тахал бидний бараг бүх төлөвлөгөөг үгүй хийж, санасан сэдсэн болгоноо хойш тавихаас өөр аргагүйд хүргэсэн нь үнэн. Гэхдээ ингээд бүх зүйл дуусчихгүй, бид хамтдаа энэ бүхнийг даван туулж, илүү өөдрөг ирээдүй өөд зүглэж байгаад итгээрэй.

Ирж буй 2021 онд танд ээлтэй байх болтугай.