Дэлхийн дундаж агаарын температур сүүлийн 100 жилд 0.74 хэмээр нэмэгдсэн тухай мэдээлэл газар авч, уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарлын тухай асуудал хүн төрөлхтний хамгийн трэнд сэдэв болох боллоо. Агаарын температур ердөө нэг ч хүрэхгүй хувь нэмэгдэх төдийд яагаад ингэж сандралдах болов гэж та бодож байв уу?
Тэгвэл дэлхийн дулаарлыг хүний бие организмаар төсөөлөн үзвэл 36 хэмээс дээш удаан хугацаанд халуурч буй хүнтэй зүйрлэж болох юм. Халуурсан хүний бие сульдаж, толгой өвдөх, ядрах зэрэг халууны шинж тэмдэг илэрнэ. Ийм зовиуртайгаар та хэр удаан тэсч чадах бол? Энэ хэвээр эрч хүчтэй, бүтээмжтэй байж чадах болов уу?
Дэлхийн агаар мандал ийнхүү нэг хувиар дулаарахад л экосистемд өөрчлөлт орж, гамшигт үзэгдлийн тоо, далайн түвшин нэмэгдэн, хүн, амьтны эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөхөөс авахуулаад дэлхийн улс орнуудын нийгэм, эдийн засагт хүчтэй нөлөөлөх боллоо.
Энэ хүрээнд дэлхий нийтээр энэ сорилтыг даван туулахын тулд уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, хүлэмжийн хийг бууруулах хоёр стратегийг хэрэгжүүлж буй билээ. Тиймээс ХААН Банктай хамтран бэлтгэдэг тогтвортой хөгжлийн “2030” цахим товхимлынхоо энэ удаагийн дугаартаа бид уур амьсгалын өөрчлөлтийн тухай онцлон хүргэхээр бэлтгэлээ.

Дэлхий дахинд аж үйлдвэрийн хувьсгал, үйлвэржилтийн эрин үе эхэлснээр агаар мандалд хуримтлагдаж буй хүлэмжийн хийг нэмэгдүүлж, дэлхийн хийн мандлын бүтцийг өөрчлөгдөж эхэлсэн. Түүнээс улбаалан нарны цацрагийн хорт туяа дэлхий рүү ямар нэг шүүлтүүргүй тусах үзэгдэл бий болж, уур амьсгал өөрчлөгдсөөр байна.
Жишээлбэл, хэт халах эсвэл огцом хүйтрэх зэргээр цаг уурын өөрчлөлтүүд үүсч буй юм. Цаг уурын өөрчлөлтөөс үүдэж мөнх цаст оргилууд хайлж, далайн усны түвшин нэмэгдэн, гамшигт үзэгдлийн давтамж ихсэх боллоо. Өнгөрсөн зун гэхэд Европын орнуудад агаарын температур 40 градус хүртэл халж, Грек, Шведэд ой хээрийн түймэр дэгдсэнээс гадна зарим орнууд цөмийн цахилгаан станцууд ажиллагаагаа зогсооход хүрснийг санаж буй биз ээ.
Мөн уур амьсгалын өөрчлөлтөд хүлэмжийн хийнээс гадна галт уул дэлбэрэх, газар хөдлөх, цунами үүсэх, далай тэнгисийн ёроолоос метаны хий гарах зэрэг байгалийн давтагдашгүй хүчин зүйлс нөлөөлдөг ажээ. Үүн дээр нэмээд хүн төрөлхтний буруутай үйл ажиллагаа энэхүү уур амьсгалын өөрчлөлтийн хамгийн том буруутан билээ.
Дэлхийн дулаарал нь өндөрлөг газруудад хамгийн их нөлөөлж буй учраас манай улсын хувьд уур амьсгалын өөрчлөлтөд өртөх өндөр эрсдэлтэй 10 орны тоонд багтаж байна. Монгол Улсын агаарын жилийн дундаж температур сүүлийн 70 жилийн хугацаанд 2.1 градусаар нэмэгдэж, уулсын мөсөн бүрхүүлийн талбай 30 хувиар багассанаас гадна байгаль, цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлийн давтамж 1.5 дахин нэмэгдээд байна.
Уур амьсгалын өөрчлөлтийн Засгийн газар хоорондын Олон улсын Зөвлөлөөс (IPCC) гаргасан судалгаагаар дэлхий одоо байгаагаас 1.5-2 хэмээр дулаарахад ан амьтан, хорхой шавьжны тоо 18 хувиар буурч, далайн түвшин 9 метрээр нэмэгдэн, нийт 627 сая хүн усанд автах аюултай ажээ. Тиймээс бид уур амьсгалын өөрчлөлтийг зөвхөн Арктикийн мөс хайлах төдийхнөөр алсуур төсөөлөх аргагүй болжээ. Бидний алхам тутамд уур амьсгалын өөрчлөлтийн үр нөлөө нүдэнд үзэгдэж, чихэнд сонсогдсоор байна. НҮБ-ийн Тогтвортой хөгжлийн зорилгуудын хүрээнд уур амьсгалын өөрчлөлтийн үр нөлөөг багасгахын төлөө өдөр тутмын дадал зуршил, хандлагаа байгальд ээлтэй хэв маяг рүү чиглүүлж, дэлхий ээжийнхээ “халууныг бууруулахын” тулд өнөөдрөөс эхлэн хүн бүр ногоон амьдралыг чухалчлах зайлшгүй шаардлагад тулжээ.

чиг хандлага
Хүн төрөлхтөн бол нэг өрх айлын гишүүд учраас дэлхий хэмээх гэрийнхээ тав тух, аюулгүй байдлыг хангахад бүх гишүүдийн үүрэг, хариуцлага чухал үүрэгтэй. Тиймээс Парисын хэлэлцээрт гарын үсэг зурсан орнууд уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөг сааруулж, хүлэмжийн хийн ялгарал багатай хөгжлийг бий болгох, дэлхийн дулаарлыг аж үйлдвэржилтийн өмнөх үетэй харьцуулахад хоёр хэмээс хэтрүүлэхгүй байж 1.5 хэмд хязгаарлах амлалт өгсөн билээ.
Дэлхийн улс орнуудыг энэхүү амласан үүргээ биелүүлж, уур амьсгалын өөрчлөлтийг эсрэг үр дүнтэй арга хэмжээ хэрэгжүүлэхийг шаардах хөдөлгөөнүүд эрчимжиж, олон улсын компанит ажлуудад хэдэн сая хүн нэгдсээр байна.
Тухайлбал, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг дэлхий нийтэд дуу хоолойгоо хүргэхээр зорьж буй “Time” сэтгүүлийн 2018 оны хамгийн нөлөө бүхий өсвөр насны хүүхдээр тодорсон Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэгч, Шведийн идэвхтэн охин Грета Тунберг дэлхий даяар “Friday for future” буюу “Ирээдүйн төлөөх баасан гариг” хөдөлгөөнийг өрнүүлж, Давосын чуулганаас авахуулаад НҮБ –ын дээд хэмжээний уулзалтуудад уригдаж, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг дуу хоолойгоо хүргэж буй.
Хятад улс гэхэд нүүрстөрөгчийн хийн ялгаруулалтын хэмжээг 2030 он гэхэд 60-65 хувиар бууруулах зорилт тавиад байгаа бол Энэтхэг улс 33-35 хувиар бууруулж, цахилгаан эрчим хүчнийхээ 40 хувийг чулуужсан бус түлшээр хангах амлалт өгөөд байна. Харин Их Британийн Засгийн газар уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх төлөвлөгөөний дагуу 2050 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлаа тэг болгох зорилт тавьсан.
Монгол Улсын хувьд 2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгаруулалтаа 14 хувиар бууруулах үүрэг хүлээж, Уур амьсгалын өөрчлөлтийн үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж буй билээ. Учир нь, манай улс өдгөө жилд 34 сая тонн хүлэмжийн хий ялгаруулж буй. Хөдөө аж ахуй, эрчим хүч, үйлдвэр, тээвэр, барилга, хог хаягдлаас гарч буй хүлэмжийн хий энэ хэвээр байвал 2030 он гэхэд 50 сая тонн болох тооцоо бий.
Тиймээс хүлэмжийн хийг эсэргүүцэж, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх хамгийн үр дүнтэй арга бол ой мод тарих гэдгийг Германы “Swiss” их сургуулийн судлаачид нотлоод байна. Энэ хүрээнд дэлхий дээр ойролцоогоор 0.9 тэрбум га талбайд шинээр мод тарьж чадвал хүлэмжийн хийн 2/3-ыг бууруулах боломжтой аж. Ингэснээр 205 тэрбум тонн нүүрстөрөгчийг шингээн авах гэнэ Энэ нь аж үйлдвэрийн хувьсгалаас хойш хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй 300 тэрбум тонн нүүрстөрөгчийн 2/3-тай тэнцэх юм.

Өдгөө дэлхий дээр дундаж хэрэглээтэй нэг иргэн жилд таван тонн хүлэмжийн хий үүсгэж байна. Энэ хүрээнд BBC агентлагын уур амьсгалын өөрчлөлтийг бууруулахын төлөө иргэн бүр хэрэгжүүлэх боломжтой зөвлөгөөг бэлтгэснийг хүргэж байна.
-Эрчим хүчний хэмнэлттэй, улайсдаггүй чийдэн ашиглах (Шар гэрлийг улайсдаггүй чийдэнгээр сольсноор жилд 68 кг нүүрстөрөгчийн давхар исэл агаарт ялгарахаас сэргийлж, эрчим хүчний зардлыг 50 хувиар хэмнэнэ)
-Дижитал хэрэглээндээ хязгаарлалт хийх (интернэтэд холбогдож, дата ашиглах бүрд эрчим хүчний хэрэглээ бий болж, CO2 буюу нүүрсхүчлийн хий ялгардаг)
-Ойр орчиндоо мод тарих (Нэг мод хоногт 180 литр хүчилтөрөгч ялгаруулдаг тул хүлэмжийн хийг бууруулахад чухал нөлөөтэй)
-Нийгмийн хариуцлагаа ухамсарладаг, тогтвортой хөгжлийг дэмжигч компанид хөрөнгө оруулах (Өдгөө дэлхийн топ 100 компанийн үйлдвэрлэл нийт хүлэмжийн хийн 70 хувийг бүрдүүлж байна)
-Хоол, хүнсний хэрэглээндээ анхаарах (Хөдөө аж ахуйн гаралтай мах, махан бүтээгдэхүүн нь дэлхий дээр ялгарч буй нийт хүлэмжийн хийн 18 хувийг эзэлдэг)

Цахим товхимолд бүртгүүлэх: http://2030.mn/
2030


