
Одоогоос бараг 100 жилийн тэртээ буюу 1939 онд Харвардын Анагаахын сургуулийн мэс засалч Жон Крандон хүний биед амин дэм дутвал юу тохиолдохыг олж мэдэхээр хоол хүнснээсээ С аминдэмийг бүрэн хассан түүхтэй. Эхний 18 долоон хоногийн турш маш их ядарч сульдсан бол 19 долоо хоногт эрүүл мэнд нь огцом муудсэн гэнэ. Хэрэв эмч нарын хяналтад ороогүй бол тэрээр амь насаа алдах байсан бөгөөд биедээ 1000 милограмм С аминдэм шахуулж байж ухаан оржээ.
Энэ үеийг хүртэл хүн төрөлхтөн өөрсдийг нь хэдэн зууны турш зовоосон чийг бам, берибери, рахит гэхчлэн олон өвчний суурь шалтгаан нь амин дэм, эрдсийн дутагдал байсан тухай төсөөлөө ч үгүй байсан юм.
Харин орчин цагт зөвхөн америкчууд гэхэд 80 мянга гаруй төрлийн хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг өдөр тутамдаа хэрэглэдэг ба 2020 оны байдлаар энэ зах зээл дээр 61 тэрбум доллар эргэлдэж буй нь Монгол Улсын ДНБ-ээс даруй дөрөв их мөнгөн дүн.
Тогтвортой хөгжлийг дэмжигч ХААН Банктай хамтран бэлтгэдэг цахим товхимлын шинэ дугаартаа бид амин дэмийн биед гүйцэтгэх үүрэг, үнэхээр нэмэлтээр хэрэглэх шаардлагатай эсэх, монголчуудын дунд хамгийн их дутагдаж байгаа амин дэм, нэмэлт тэжээлийн зохистой хэрэглээний талаарх мэдээллийг нэгтгэн хүргэж байна.

1. Монголчуудын дунд ямар амин дэм хамгийн их дутагдаж байгаа вэ?
Манай улсын газар зүйн онцлогоос шалтгаалан жилийн ихэнх сард иргэд наранд биеэ ил гаргах боломжгүй байдгийн зэрэгцээ нарны ташуу тусгалын улмаас Д аминдэм арьсан дор хангалттай нийлэгжиж чаддаггүй.
Өнөөдөр дэлхийн олон улсад нийт хүн амынхаа Д аминдэмийн зохистой хэрэглээг хангах зорилгоор хүнсний бүтээгдэхүүнийг баяжуулах арга хэмжээг хэрэгжүүлж байна. АНУ болон Канадад сүү, өглөөний хоол (breakfast cereals)-ыг Д аминдэмээр баяжуулах аргыг урт хугацаанд хэрэгжүүлж байгаа бөгөөд эдгээр улсын хүн амын Д аминдэмийн хэрэглээний дийлэнх хэсгийг дээрх бүтээгдэхүүн эзэлдэг.
“Монгол Улсын хүн амын хоол тэжээлийн тулгамдаж буй асуудал” тайланд дурдсанаар эдийн засгийн боломжоос үл хамааран хүүхэд, эмэгтэйчүүдийн дунд Д аминдэмийн дутагдал хамгийн өндөр түвшинд байгаа юм. Тодруулбал, нийт хүүхдийн 90 орчим хувьд аминдэмийн хангамж хангалтгүй байгаа бөгөөд тав хүртэлх насны хүүхдийн 75 хувьд рахитын эмнэлзүйн сонгомол 16 шинжийн аль нэг шинж илэрсэн нь ужиг, хүнд хэлбэрийн Д аминдэм дутагдал түгээмэл байгааг харуулж буй.
Манай улсад Д амин дэмийн хэрэглээг нэмэгдүүлэхийн тулд нэн даруй жирэмсний хяналтын явцад жирэмсэн эмэгтэйчүүдийг олон найрлагат бичил тэжээлийн бэлдмэлээр хангах, гурав хүртэлх насны хүүхдэд жилийн турш өндөр тун (50000ОУН) уулгах, гурил, ургамлын тос зэрэг өргөн хэрэглээний хүнсийг Д амин дэмээр баяжуулах шаардлагатай хэмээн мэргэжилтнүүд зөвлөжээ. Уншигч таныг ч гэсэн ойрын хугацаанд эрдсийн шинжилгээ өгч, өөрт тохирох тунгаар Д аминдэм уугаарай хэмээн хувийн зүгээс зөвлөе.


2. амин дэмийг хэрхэн зохистой хэрэглэх вэ?
Америкчууд өдгөө 80 мянга гаруй төрлийн хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг өдөр тутамдаа хэрэглэдэг ба 2020 оны байдлаар энэ зах зээл дээр 61 тэрбум доллар эргэлдэж буй нь Монгол Улсын ДНБ-ээс даруй дөрөв дахин их мөнгөн дүн юм. Судалгаагаар АНУ-д насанд хүрэгчдийн бараг тал хувь нь ямар нэгэн нэмэлт тэжээл хэрэглэдэг, гурван хүн тутмын нэг нь олон төрлийн амин дэм, эрдэс агуулсан мультивитамин уудаг аж.
Эмийн тун хэрэглээг хууль дүрмээр зохицуулдаг бол амин дэм, нэмэлт бэлдмэлийн талаарх нарийвчилсан зохицуулалт, зааварчилгаа бага. Тиймдээ ч нэмэлт амин дэм агуулсан бэлдмэлүүд зөвхөн эмийн сан гэлтгүй супермаркет, хувь хүний гар дээрээс гээд хаа саагүй зарагдаж байгааг та бэлхнээ харж болно. Гэвч эрүүл хүний бие хүнснээс ирэх бичил шимийг зохицуулан хуваарилах бүрэн чадвартай тул тунг нь хэтрүүлбэл амин дэм, эрдсийн илүүдэл үүсэж болзошгүй.
В3 амин дэмийн илүүдэл элэгний үрэвсэл, В6 амин дэмийн илүүдэл мэдрэлийн тогтолцоог гэмтээх, кальци ихэдвэл төмрийн шингэц муудах, жирэмсэн үедээ А амин дэм хэтрүүлбэл урагт гажиг үүсэх, Д амин дэм ихэдвэл кальцийн илүүдэл болох зэрэг эрсдэлтэй.
Нас, хүйс, газар зүйн онцлогоос шалтгаалан улс орон бүрд эрдэс бодис, амин дэмийн өдрийн хэрэгцээт хэмжээ харилцан адилгүй. Америкт Е витамины өдөрт хэрэглэвэл зохих хэмжээ 15 милограмм бол Их Британид 3-4 милограмм байдаг гэхээр тунчиг зөрүүтэй тоонууд байгаа биз.



"GOOGLE"-ДЭХЭЭС ЗАЛХУУРСАН АСУУЛТ
АМИН ДЭМ БИДНИЙ БИЕД ХЭРХЭН ЗӨӨВӨРЛӨГДӨЖ, ӨӨРИЙН ҮҮРГЭЭ ГҮЙЦЭТГЭДЭГ ВЭ?
Төмс, бууцай хүртэл витамин С ялгаруулдаг ч хүмүүс бид ямар ч амин дэмийг өөрсдөө нийлэгжүүлж чаддаггүй нь тоогүй. Бидэнд маш олон төрлийн амин дэм шаардлагатай ч тийм ч их хэмжээгээр хэрэггүй. 100 хүрэхгүй гр А витамин бидний бүхий л амьдралын туршид хүрэлцэх жишээний. Гэвч эдгээр эрч хүч авчрах супер хүчтэй өчүүхэн дуслууд үгүй бол хүний бие тэр дороо задарч устах аюултай.
Бидний хэрэглэдэг хоол хүнс уураг, өөх тос, нүүрс ус гэсэн үндсэн гурван төрлөөс бүрддэг. Эдгээрийг нийтэд нь макро шим тэжээл гэдэг. Харин микро буюу бичил шим тэжээлд эрдэс бодис, амин дэм орно. Үндсэн шим тэжээл нь энерги нөхдөг бол эрдэс бодис амин дэм нь биохимийн чухал үүрэгтэй.

ТОС БОЛОН УСАНД УУСДАГ ВИТАМИНЫ ГОЛ ЯЛГАА ЮУ ВЭ?
Амин дэмийг ерөнхийд нь усанд болон тосонд уусдаг гэж хоёр ангилдаг. Тосонд уусдаг амин дэм голчлон өөхлөг загас, өндөг, сүү сүүн бүтээгдэхүүнд байх бөгөөд биеэр дамжин явсаар элгэнд хадгалагддаг. Тиймээс эдгээр амин дэмийг их тунгаар нэг дор хэрэглэсэн тохиолдолд хордлого үүсэх аюултай.
Харин усанд уусдаг төрлийг бие удаан хугацаанд хадгалахгүйгээр шээсээр дамжуулан гадагшлуулдаг билээ. Эдгээр амин дэм жимс, ногоои зэрэг олон төрлийн хүнсэнд агуулагдах ба хоол бэлтгэх явцад устаж, алга болох нь элбэг. Төрөл бүрийн ногоог усанд жигнэх, чанах үед тогтсон минутыг ягштал мөрдөхгүй бол хамаг биед хэрэгтэй эрдсийг нь ууршуулаад алдчихдаг нь ийм учиртай.

МАНАЙ УЛСАД БАГА НАСНЫ ХҮҮХДИЙН ЭРҮҮЛ ХҮНСНИЙ ХЭРЭГЛЭЭ, ӨРХИЙН АМЬЖИРГААНЫ ТҮВШИН ХОЁР ХАМААРАЛТАЙ ЮУ?
“Монгол Улсын хүн амын хоол тэжээлийн тулгамдаж буй асуудал” судалгааны үр дүнгээс харахад 6-59 сартай хүүхдийн шимт бодисоор баялаг гүн ногоон навчит ногоо, жимс, ногоо, өндөг, малын элэг, бусад ногоо, сүү, цагаан идээний хэрэглээ өрхийн амьжиргааны түвшингээс үл хамаарч, жигд хангалтгүй байгаа нь тун сонирхолтой. Өөрөөр хэлбэл, бид өрхийн орлогоос үл хамаарч нийтээрээ эрүүл хүнсийг хооллолтынхоо нэг хэсэг болгоoгүй гэсэн үг.
Бүр тодруулбал, тав хүртэлх насны хүүхэдтэй эхчүүд нийтээрээ үр тариа, үндэст ургамал (төмс, шар манжин), мах, сонгино, цай зэрэг хүнсний бүтээгдэхүүнийг жигд, түгээмэл хэрэглэдэг бөгөөд өрхийн орлого нь дундаас дээш эхчүүд харин шимт бодисоор баялаг, тэжээллэг хүнсний хэрэглээ харьцангуй өндөртэй нь судалгаанаас харагдана.
Гэвч нөгөө талдаа эдгээр өрхийн дунд бялуу, жигнэмэг, чихэр зэрэг илчлэг өндөртэй, тэжээллэг бус хүнс, хийжүүлсэн чихэржүүлсэн ундааны хэрэглээ хамгийн түгээмэл, эсрэгээрээ амьжиргааны түвшин доогуур өрхүүдэд харьцангуй бага байгаа юм.
Дүгнээд харвал, монголчуудын хувьд орлого нэмэгдэх тусам амин дэмээр баялаг хүнс худалдан авах давтамж нь нэмэгддэг ч түүнээс илүүтэй илчлэг өндөртэй хүнсний бүтээгдэхүүнээр хөргөгчөө дүүргэх нь түгээмэл үзэгдэл.
зөвлөмж:

САЛБАРЫН ОНЦЛОХ МЭДЭЭ:
-Монгол Улсын Засгийн газар НҮБ-ын хүүхдийн сантай байгуулсан 2023 оны хамтын ажиллагааны хүрээнд бага насны хүүхдийн цогц хөгжил, сургуулийн өмнөх болон бага, суурь боловсрол, хоол шим тэжээл, өсвөр үе, цахим шилжилт зэрэг чиглэлээр 22 ажил зохион байгуулахаар төлөвлөж байна.
-“Боловсролын дэлхийн түншлэл” (GPE) олон улсын байгууллагын дэмжлэгээр ерөнхий боловсролын сургуулийн хоол зүйчдийг богино хугацааны хөрвүүлэх сургалтаар бэлтгэж эхэллээ.
-Веган хоолны дэглэм нь өндөг, сүү, махнаас олж авдаг хүний биед амин чухал шим тэжээлийг нөхөж чаддагүй гэж НҮБ-аас анхааруулжээ. Түүнчлэн 65 мянган хүний дунд хийсэн судалгаагаар эрүүл махан хоолтон болон веган хүмүүсийн дунд гэдэсний хорт хавдраар өвдөх үзүүлэлт нь ижилхэн байсан гэнэ.
Өнгөрөгч онд Америкийн анагаах ухааны нийгэмлэгийн сэтгүүл 700 мянган орчим хүнийг хамарсан, 84 судалгааг хянаж үзээд олон төрлийн амин дэм хэрэглэх нь хорт хавдар, зүрх, уушгины өвчлөл, нас баралтаас урьдчилан сэргийлэхэд бага эсвэл огт ашиггүй болохыг тогтоожээ.

САНАЛ БОЛГОХ НЬ:
ВИДЕО:
Танд витаминтай холбоотой олон эргэлзээтэй асуулт байгаа бол энэхүү бичлэгээс төрөл бүрийн амин дэмүүд бидний бие, тархинд ямар нөлөө үзүүлдэг хийгээд хүн бүхэнд ижил үйлчилдэггүй талаарх олон чухал мэдээллийг авна.
The truth about supplements and who should be taking them
КИНО:
Канадын дөрвөн хүн тутмын гурав нь өдгөө биологийн идэвхт бүтээгдэхүүн тогтмол хэрэглэдэг. Эмийн сан, супермаркет гээд нийтлэг зарагдах эдгээр бэлдмэлүүд шошгон дээрээ төрөл бүрийн амлалт бичсэн байх боловч бодит байдал дээр тэрхүү саванд ямар найрлагууд агуулагдаж байдаг вэ? Аминдэмийн бизнес тойрсон, хөшигний ардах олон баримтыг тус баримтат бүтээл дэлгэсэн юм.
Vitamins and Supplements: Magic Pills -The Fifth Estate
НОМ:
Зөвхөн АНУ-д гэхэд зүрхний шигдээс, цусны даралт, чихрийн шижин, төрөл бүрийн хорт хавдар, паркинсоны өвчин гэх мэт халдварт бус 15 өвчний улмаас жил бүр 1.6 сая хүн нас бардаг бөгөөд хоол хүнсээ л зөв тохируулаад сурчихвал эдгээр эмгэгээс өөрийгөө бүрэн сэргийлэх боломжтой юм.
Энэхүү номдоо доктор Грегер бидний өдөр бүр хэрэглэх ёстой 12 хүнсийг жагсаан тэдгээрийн шим тэжээл, ямар өвчнөөс сэргийлэх, хэрхэн боловсруулах зэрэг баялаг зөвлөгөөг багтаажээ.
How Not To Die
ПОДКАСТ:
Эрүүл оршихуйн сэдвээрх хамгийн алдартай подкастуудын нэг болох the mindbodygreen-ийн энэ удаагийн дугаарт хүний хоол боловсруулах тогтолцоо болон сэтгэцийн эрүүл мэндийн хамаарлын тухай тун сонирхолтой яриа өрнөжээ.
Underrated Foods For Your Gut& Recovering From Antibiotics

Бид тогтвортой хөгжлийн тухай сэдвийг хүн бүрийн ой тоонд шингээж, алхам бүрдээ хариуцлагатай байх дадал хэвшил, эх дэлхийгээ хайрлах ухамсрыг бүтээхийн тулд Тогтвортой хөгжлийг дэмжигч ХААН Банктай хамтран "Тогтвортой хөгжил-2030" цахим товхимлыг бэлтгэн хүргэдэг билээ.Хүн төрөлхтний гэрийн даалгавар гэгдэж буй "Тогтвортой хөгжлийн 17 зорилго"-той холбоотой мэдээллүүд, үйл явдлууд, сайн жишээнүүдийг энгийн үгээр, сонирхолтойгоор тайлбарлан давхар блог нийтлэл болгон хүргэж байна.
Цахим товхимолд бүртгүүлэх: 2030.mn
unread Media & Khan bank

Сэтгэгдэл бичих

