Монгол Улс 2021 онд л гэхэд эрчим хүчний нийт хэрэглээнийхээ 80 хувийг дотоодын үйлдвэрлэлээр хангаж, үлдсэн хэрэглээг импортоор худалдан авчээ. Үүнээс 90 хувийг нь нүүрсний буюу дулааны, үлдэх 10 хувийг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээр гарган авсан байна.

Манай улсын цахилгаан, дулааны эрчим хүчний хэрэглээ жил бүр дунджаар таван хувьтай нэмэгдэхийн хэрээр хүртээмж буурсаар, хэзээ мөдгүй эрчим хүчний “O” зогсолт хийх мөч ойрхон байгаа талаар салбарын мэргэжилтнүүд анхааруулсаар буй. Гэтэл нөгөө талдаа бид тогтвортой хөгжлийн зорилгын хүрээнд ердөө долоо хүрэхгүй жилийн дотор сэргээгдэх эрчим хүчний хэрэглээгээ даруй хоёр дахин нэмэгдүүлж, эрчим хүчний хувьд хөрш орнуудаас хараат бус болох тухай амлалт өгсөн.

Хүн төрөлхтний хувьд амин чухал хэрэгцээ болсон эрчим хүчний үйлдвэрлэл нь байгальд хэдэн сая тонн хүлэмжийн хий, хорт утааг ялгаруулж байгаа энэ цаг үед манай улс сэргээгдэх эрчим хүчний хэр их нөөцтэй хийгээд тэрхүү нөөцөө хэрхэн үр дүнтэй ашиглах боломжийн тухайд бид энэ удаагийн нийтлэлдээ онцоллоо.

 ЭРЧИМ ХҮЧНИЙ ХЭРЭГЛЭЭ МОНГОЛД

Нөхцөл байдал ямаршуухан байна вэ?

Монгол Улсын эрчим хүчний системийн суурилагдсан нийт хүчин чадал сүүлийн 20 жилийн хугацаанд хоёр дахин нэмэгдсэн бөгөөд эрчим хүчний хэрэглээ дунджаар жил бүр таван хувьтай өсөж байгааг бид нийтлэлийнхээ эхэнд дурдсан шүү дээ.

Тэртээ зуу гаруй жилийн өмнө буюу 1916 онд Нийслэл хүрээнд 20кВт орчим чадалтай цахилгаан үүсгүүр ажиллаж эхэлснээр Монгол улс албан ёсоор эрчим хүч хэрэглэгч болж, соёлт гүрний тоонд багтсан түүхтэй.

Алтан тэвшийн хөндийд суурьшсан 50 гаруйхан мянга хүн ам өдгөө харин 33 дахин өсөж, өрх бүрийн анхдагч хэрэгцээнд эрчим хүч багтаж байна. Дөрвөн уулын хөндий дэх өрхийн тоо нэмэгдэх тусам эрчим хүчний хэрэглээ гэрлийн хурдаар өссөөр. Гэвч нөхцөл байдал хэр хүнд байгаа вэ?



Төвийн бүсийн нэгдсэн сүлжээний оргил ачаалал 2019 онд 1166 мвт хүрч байсан бол 2021 онд 1300 мвт хүрч, оргил ачаалал 20 хувиар өсчээ. Хэрэв цаашид нийслэл хотноо том чадлын шинэ эх үүсвэрийг ашиглалтад оруулахгүй бол ирэх 2023-2024, 2024-2025 оны өвлийн их ачааллын хугацаанд эрчим хүчний хязгаарлалтад орж мэдэх хэцүүхэн нөхцөл биднийг угтаж байгааг салбарын мэргэжилтнүүд сануулсаар.

Эрчим хүчний асуудлаа шийдэхийн тулд нэн тэргүүнд Тавантолгой, Багануурын станц гээд томоохон төслүүдийг бодит ажил хэрэг болгохын сацуу бид өөрсдөдөө байгаа сэргээгдэх эрчим хүчний асар их нөөцөө мартаж болохгүй.



Бид хэдэн төгрөгөөр эрчим хүч худалдан авдаг вэ?

266 төгрөг. Энэ бол нэг хүний эрчим хүчний хэрэглээний нэг өдрийн төлбөр юм. Манайд дундаж хэрэглээтэй, дөрвөн ам бүлтэй өрхийн нэг сарын цахилгааны төлбөр нь 31 мянга орчим төгрөг болдог. Өөрөөр хэлбэл, тэр айл өдөрт 1000 төгрөгөөр эрчим хүчний бүх хэрэглээгээ хангадаг гэсэн үг юм.

Гэвч бидний цахилгааны төлбөр бодит өртгөөсөө 25 хувиар бага, дулаан, халаалтын төлбөрийн хувьд дэлхийн дунджаас хоёр дахин хямд байдгийг мэдэх үү? Энэ нь эрчим хүчний салбарт эдийн засгийн алдагдал үүсгэх гол шалтгаан болсоор байна. Цаашид бид эрчим хүчний үнэ цэнийг хадгалж, бодит өртгөөр худалдах, хэрэглэгчдийн хандлагыг өөрчлөх хэрэгтэй юм.



ЧИГ ХАНДЛАГА:

Орос, Украины дайн эхэлсний дараа Европын холбоо хойд хөршид эдийн засаг хориг тавьсны улмаас тэд хямд төсөр үнэтэй байгалийн хийн урсгалаа хаалгасан билээ. Байгалийн хийн хэрэглээнийхээ 40 хувийг ОХУ-аас импортолдог тус тивийн хувьд өнгөрсөн жил сэргээгдэх эрчим хүчийг ханалттай хэмжээнд үйлдвэрлээгүй сэн бол одоо байгаагаас хэдэн арав дахин тааруу нөхцөл байдалтай тулгарах байсан хэмээн дэлхийн эрчим хүчний судалгааны төв Ember-ээс мэдээлээд байгаа юм.

2050 он гэхэд нийт эрчим хүчнийхээ 80 хувийг ногооруулна гэх амлалт өгсөн ХБНГУ-ын эрчим хүчний холимог дахь сэргээгдэх эрчим хүчний эзлэх хувь өмнөх онд 45.6 хувь байсан бол 2022 онд 49.6 болж өссөн нь нарны эрчим хүчний үйлдвэрлэл эрс нэмэгдсэнтэй холбоотой.



Бидэнд ямар давуу тал байна?

Монгол Улс тэр тусмаа Монголын говь хөрсөн доороо арвин их эрдэс баялагтай шигээ агаартаа нар, салхины асар их нөөцийг хадгалсан онцлогтой. Жилийн 250 гаруй хоног нь нартай, цэлмэг байдаг манай улсад нар, салхинаас гадна зарим бүс нутагт усан цахилгаан станц барьж байгуулах бүрэн дүүрэн бололцоо бий.



Монгол Улсын Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төвийн хийсэн судалгаагаар манай улсын сэргээгдэх эрчим хүчний нийт нөөц 2.6 террават(ТВт) бөгөөд энэ нь дотоодын хэрэглээг бүрэн хангаад зогсохгүй эрчим хүчээ экспорлох боломжийг хүртэл бидэнд бий болгож чадна.

Тэртээ 20 жилийн өмнө буюу 1997 онд Говь-Алтай аймгийн Гуулин тосгонд Монголын анхны усан цахилгаан станц ашиглалтад орж байсан бол 2013 онд анхны салхин цахилгаан станц болох 50 МВт-ын хүчин чадалтай Салхитын салхин паркын сэнс эргэж эхэлсэн түүхтэй.

Түүнээс хойш өнөөдрийн байдлаар хувийн хэвшлийн хөрөнгө оруулалттай есөн эх үүсвэр ажиллаж байна.



Судлаачдын тооцоолсноор манай улсад 2,600 гегаватт (гВт) нар, салхины эрчим хүчний эх үүсвэрийг суурилуулж ашиглах боломжтой бөгөөд энэ нь жилд 5,457 тераватт (тВт) цаг байгальд ээлтэй цэвэр эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадал гэсэн үг юм.



сэргээгдэх эрчим хүчний тухай эргэлзээтэй асуултуудын хариу


ДЭЛХИЙН сэх-ийн хөгжил ба цаашдын чиг хандлага

1992 онд НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенц батлагдсан цагаас жил бүр цаг уурын өөрчлөлтийн бага хурал зохион байгуулдагдаж буй. 2021 оны COP26 хурлын үеэр улс орнууд үйлдвэржилтийн өмнөх үеийнхтэй харьцуулахад цельсийн 1.5 хэм буюу фаренгейтийн 2.7 хэмээс хэтрэхгүй дулаарахын тулд энэ арван жилд нүүрстөрөгчийн давхар исэл (CO2)-ийн ялгаруулалтыг хоёр дахин бууруулах шаардлагатай хэмээх гэрээг шинэчлэн байгуулсан.

Нүүрстөрөгчийн давхар ислийн ялгаруулалтыг тэглэх зорилтонд хүрэхийн тулд бид жилд наад зах нь найман хувиар багасгах ёстой боловч энэ тоо өнгөрсөн онд ердөө нэг хувиар л буурсан үзүүлэлттэй байна.

Тиймээс зорилтот түвшинд хүрэхийн тулд сэргээгдэх эрчим хүчний хэрэглээ цаашид улам ихсэх нь зайлшгүй. Олон улсын зөвлөх компани болох DNV, АНУ-ын Сэргээгдэх эрчим хүчний үндэсний лаборатори зэрэг байгууллагаас гаргасан сэргээгдэх эрчим хүчний талаарх 2050 он хүртэлх хэтийн төсөөллөөс хуваалцвал:



2050 он хүртэлх дэлхийн эрчим хүчний үйлдвэрлэл

Ирэх 30 жилд дэлхийн эрчим хүчний хэрэглээнд ногоон эрчим хүчний хувь хэмжээ эрс нэмэгдэхээр байна. Цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт эрчим хүчний хэрэглээнд эзлэх хувь хэмжээ одоогийн 19 хувиас 36 хувь хүртэл өсөх бөгөөд 2050 он гэхэд CO2 агуулсан түлшээр галлаж үйлдвэрлэсэн цахилгааны хэмжээ одоогийн 59 хувиас 12 хувь хүртэл буурах аж.

Нар, салхины эрчим хүч хямдарсанаар 2050 он гэхэд нарны станцын үйлдвэрлэл 20, салхин станцын үйлдвэрлэл 10 дахин нэмэгдэж, нийт цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлд эзлэх хувь хэмжээ нь тус бүрдээ 38 болон 31 хувиар өсөх төлөвтэй. Харин цөмийн эрчим хүчээр үйлдвэрлэх цахилгааны хэмжээ бага зэрэг буурч, сэргээгдэх эрчим хүчний эзлэх хэмжээ нэмэгдсэнээр байгалийн хий, нефть, занар, нүүрс зэрэг хүлэмжийн хий ялгаруулдаг түлшээр үйлдвэрлэсэн цахилгааны эзлэх хувь 50 хувиас бага болох юм.


Зураг ХХ-т цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлийн хэмжээг ПВтц/жилээр харуулав (Пета нь 1015 юм).


салхин цахилгаан станцын хөгжил 

2020 онд дэлхийн нийт эрчим хүчний үйлдвэрлэлд салхин цахилгаан станцууд 6 хувийг эзэлж байснаас дийлэнх нь далайн эрэг болон эргээс холгүй байршуулсан буюу off-shore салхин станцууд байв. Европ болон Хойд Америкийн өндөр орлоготой орнуудад ийм салхин станцыг түлхүү дэмжин хөгжүүлж байгаа бөгөөд цаашид газар нутгийн хэмжээ багатай, далайн эрэгтэй улсууд мөн байршуулахаар байна. Далайн эргийн салхин цахилгаан станцуудын нийт цахилгааны үйлдвэрлэлд эзлэх хувь хэмжээ 2050 онд 34 хувь болно гэж таамаглажээ.

Сүлжээнд холбогдсон салхин станцын үйлдвэрлэл 2020 онд 1,600 TВтц (тера нь 1012 юм) байсан бол 2050 онд 19,000 ТВтц болох төлөвтэй байна. 2050 он гэхэд Европт сүлжээнд нийлүүлсэн бүх цахилгаан эрчим хүчний тал хувийг, Хойд болон Өмнөд Америкт 40 хувийг салхин станц эзлэх юм.

Onshore буюу эх газарт байршуулсан салхин турбины хувьд 2020 онд 1 МВт суурилагдсан хүчин чадлаар 2.1 GВтц цахилгаан энерги дундажаар үйлдвэрлэсэн нь салхин станцын хүчин чадал ашиглалтын коэффициент 26 хувь байсныг харуулж байна.

Ирээдүйд салхин станцын суурилагдсан хүчин чадал ихээр нэмэгдэх тул салхины өөрчлөлт бүрт тохируулан ажиллах чадвартай салхин турбины шинэ горимыг боловсруулж, СТГ-ын бүхээгний өндөр, цамхаг, далбайны уртыг нэмэгдүүлэх замаар хүчин чадал ашиглалтыг сайжруулах юм. 2050 онд хүчин чадлын ашиглалын коэффициент 34 хувьд хүрнэ гэж DNV таамаглав. Далайн эргийн ойролцоох салхин станцуудын хувьд хүчин чадлын ашиглалтын коэффициент 2020 онд 38 хувь байсан бөгөөд 2050 онд 43 хувь хүрч өснө.