Хийсвэр санаа мэт ойлгогдсоор ирсэн тогтвортой хөгжлийг хүн бүрийн өмнө тулгараад буй бодит асуудал гэдгийг гаргаж ирэх нь энэ зууны хамгийн том сорилт юм.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга агсан, Нобелийн Энх тайвны шагналт Кофи Аннан

Бөмбөрцгийн нөгөө талд өрнөж буй зүйлс таны өнөөдрийн амьдралд хэрхэн нөлөөлж болох вэ?

Дэлхийн хаана амьдарч буйгаас үл хамааран хүн төрөлхтний аж байдал салшгүй холбоо хамааралтайг цар тахал бидэнд батлан харууллаа. Ердөө Суэцийн сувагт гацсан ганц онгоц дэлхийн худалдааны эргэлтийг хэрхэн хямраах дөхсөн тухай саяхны жишээ ч бий.

Цар тахал, хөл хорионы улмаас дэлхийн эдийн засаг 2009 оноос хойш түүхэндээ анх удаа агшиж, 2020 онд 3.6 хувиар уналаа. Хөдөө аж ахуй, мэдээлэл холбооноос бусад бүх салбар агшиж, тээвэр логистикийн доголдол, гацаа хаа сайгүй үүсэв. Хүн төрөлхтөн ийнхүү амаргүй цаг үеийг даван туулж буй ч ногоон хөгжлийн төлөөх “гэрийн даалгавар”-аа умартаж болохгүй юм. Хойш тавьсан ажлууд, хоосон амлалт бүхэн ирээдүйг гэрэлтүүлэх боломжуудыг хумих тул хамтдаа хичээх учиртай.

Тиймээс ХААН Банктай хамтран бэлтгэдэг “2030” цахим товхимлын шинэ дугаарт тогтвортой хөгжлийн төлөөх айсуй жилийн хамгийн том сорилт хийгээд боломжуудыг онцолж, ногоон хөгжлийн чиг хандлагыг тайлбарлахаар бэлтгэлээ.


ой санамжид уях баримтууд 

Уур амьсгалын өөрчлөлт дээр улам тод гэрэл тусна

Дэлхий даяар Ковид-19 халдварын улмаас 100 мянган хүн тутмын 14 нь нас барж буй бол энэ зууны дунд гэхэд уур амьсгалын өөрчлөлтийн улмаас 100 мянган хүн тутмын 75 нь нас барах тухай тооцоо гарсныг Билл Гэйтсийн "How to avoid a climate disaster" номд дурдсан.

Хүн ам өсөхийн хэрээр ирэх 40 жилд дэлхийн өнцөг булан бүрд сар тутам Нью-Йорк шиг том хотууд сүндэрлэсээр байх тооцоо бий. Тэр хэрээр маш их хүлэмжийн хий ялгаруулах нөхцөл бүрдэж байна. Нэгэнт ялгарсан нүүрсхүчлийн хий агаар мандалд нэн удаан хугацааны турш байдаг. Одоо буй нийт хүлэмжийн хийн тавны нэг нь 10 мянган жилд мөд арилахгүй гэсэн үг. Тиймээс бидэнд хийх ажил их бий.

1997 онд уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой ердөө 60 гаруй хууль тогтоомж байсан өдгөө 20 дахин нэмэгджээ. Одоогоор 164 орон уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах зорилго бүхий заалтыг 1200 гаруй хуульд тусгаад байна. Мөн 200 гаруй орон нүүрсний хэрэглээг үе шаттай бууруулах, метан хийн ялгаруулалтыг багасгах амлалт өгч, биелүүлэхээр ажиллаж байна.



Цэвэр агаар – дэлхийн хотуудын хамгийн чухал сэдэв болно

Өдгөө дэлхий даяар хот суурин газарт амьдарч буй хүмүүсийн 80 хувь нь ДЭМБ-аас гаргасан агаарын чанарын стандартаас дор хаяж 2.5 дахин их бохирдолтой нөхцөлд амьдарсаар буйг төсөөлөхөд ч амаргүй. Бид агаарын бохирдлыг бууруулахын тулд жилд 4.5 их наяд ам.долларыг зарцуулах шаардлагатай. Энэ нь нийт улс орнуудын ДНБ-ий 5-6 хувьтай тэнцэж буй юм.

Дэлхий дахинд 30 жилийн өмнө агаарын бохирдлын улмаас жилд 1.9 сая хүн нас бардаг байсан бол өдгөө энэ үзүүлэлт хоёр дахин нэмэгдэж, жилд 4.5 сая хүн хорвоог орхиж байна. Тиймээс үйлдвэржилт, хотжилт, хүний буруутай ажиллагаанаас үүдэлтэй орчны бохирдол нь НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилгуудыг биелүүлэхэд юун түрүүнд шийдэх учиртай чухал асуудал болж, улс орнууд агаарын чанарыг сайжруулахад зориулсан төсвөө жил бүр нэмсээр байна.


Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийн эрэлд 

Цар тахлын улмаас ногоон бизнесийн хөрөнгө оруулалт 33 хувиар буурчээ. Салбараар нь авч үзвэл 2015 оноос хойш сэргээгдэх эрчим хүчний төслүүд хамгийн өндөр хөрөнгө оруулалттай нь байв. Гэвч цар тахлын үеэр хөрөнгө оруулалтын тавны нэг орчим нь татарсан байна. Бүс нутгийн хувьд Латин Америкт 40, Африкт 39 хувиар буурчээ.

Гэхдээ “Euromonitor International” байгууллагаас энэ онд олон улсад үйл ажиллагаа явуулдаг томоохон үйлдвэрлэгч компаниудын дунд явуулсан судалгаагаар тэдний 43 хувь нь ойрын жилүүдэд сэргээгдэх эрчим хүчний төслүүдэд хөрөнгө оруулахаар зэхэж буйгаа хуваалцжээ.

Мөн сүүлийн жилүүдэд сэргээгдэх эрчим хүчний үнэ өртөг буурсаар байгаа нь сайн мэдээ. Нарны эрчим хүч үйлдвэрлэх өртөг гэхэд 2010 онтой харьцуулахад 10 дахин буурсан. Цаашид ч улам буурах төлөв хандлага бий.


санал болгох нь

ВИДЕО: Өмнөд Солонгосын BTS хамтлагийн энэ оны есдүгээр сард буюу гурав дахь удаагаа НҮБ-ын индэрт тогтвортой хөгжлийн зорилго, ач холбогдлын тухай ямар илтгэл танилцуулсныг үзээрэй.

BTS & SDG

НОМ: Идсэн хоол, өмссөн хувцас, хэрэглэсэн бүхнээ боловсруулж, дахин ашиглах олон янзын шийдлийн тухай өгүүлэх сонирхолтой бүтээлийг уншаарай.

THE CRADLE TO CRADLE: REMAKING THE WAY WE MAKE THINGS

КИНО: Умард Македоны Бүгд Найрамдах улсын нэгэн бөглүү тосгонд зөгийн аж ахуйн эрхэлдэг нэгэн эмэгтэйн аж байдлаар дамжуулан байгаль орчны өөрчлөлт, доройтлын асуудлыг тун сайн хөндсөн баримтат бүтээлийг үзээрэй.

HONEYLAND

ПОДКАСТ: Долоо хоног бүр байгальд ээлтэй бизнес эрхлэгчидтэй холбогдож, дэлхийн 93 орны сайн туршлага, чиг хандлагыг түгээж буй подкастыг сонсоорой.

MINDFUL BUSINESSES


Бид тогтвортой хөгжлийн тухай сэдвийг хүн бүрийн ой тоонд шингээж, алхам бүрдээ хариуцлагатай байх дадал хэвшил, эх дэлхийгээ хайрлах ухамсрыг бүтээхийн тулд Тогтвортой хөгжлийг дэмжигч ХААН Банктай хамтран “Тогтвортой хөгжил-2030” цахим товхимлыг бэлтгэн хүргэдэг билээ.Хүн төрөлхтний гэрийн даалгавар гэгдэж буй "Тогтвортой хөгжлийн 17 зорилго"-той холбоотой мэдээллүүд, үйл явдлууд, сайн жишээнүүдийг энгийн үгээр, сонирхолтойгоор тайлбарлан давхар блог нийтлэл болгон хүргэж байна.

Цахим товхимолд бүртгүүлэх 2030.mn

Unread Media & Khan Bank