
Өргөн уудам тал нутагтай манай улс эрт дээр үеэс нүүдлийн мал аж ахуй, газар тариалан эрхэлж ирсэн түүхтэй. Гэвч сүүлийн хэдэн арван жилд цөлжилт, хөрсний доройтол, усны хомсдол зэрэг байгаль орчны томоохон сорилтуудтай нүүр тулах болов. Эдгээр сорилтууд нь уламжлалт мал аж ахуйн нөхцөл байдлыг хүндрүүлж, малчдын амьжиргаанд сөргөөр нөлөөлж, дотоодоосоо хүнсээ хангахад саад болж буй гол шалтгаан юм.
ХААН Банктай хамтран бэлтгэдэг “2030” цахим товхимлын шинэ дугаартаа бид хөдөө аж ахуйн салбар дахь чухал асуудлуудыг хөндөж, ирээдүйд тогтвортой бөгөөд илүү уян хатан хүнсний тогтолцоог бий болгохын тулд тариаланч, малчдын ашиглаж болохуйц технологийн дэвшлүүдийг онцоллоо.

70 сая малд хүрэлцээтэй бэлчээр бидэнд бий юу?
Мал аж ахуй нь эрт үеэс өдгөөг хүртэл хөдөөгийн хүн амын орлогын эх үүсвэрээс гадна тэдгээрийн нийгмийн баталгаа болсоор ирсэн. Өнгөрсөн жилийн хувьд бид 71.1 сая толгой мал тоолж, түүхэндээ хамгийн олон толгой малтай болсон билээ. Гэвч усны нөөц, бэлчээрийн хомсдол, малын ашиг шим гээд энэ салбарт асуудал дуусашгүй. Манай улсын нийт өрхийн 18 хувь буюу 303.6 мянган малчин бэлчээрийн мал аж ахуй эрхэлж, нүүдлийн уламжлалт соёлын үнэт өвийг өөртөө тээж явдаг. Хүн амын нэгэн том бүлэг болсон эдгээр хүмүүст тулгарч буй асуудлын талаар бид нэгдсэн ойлголттой байж чаддаггүй нь харамсалтай.
Бэлчээрийн хомсдол гэж байнга сонсдог ч ямар шалтгааны улмаас хомсдоод байгааг мэдэх бил үү? Улсын хэмжээнд 126 сая га бэлчээрийн талбай байгаа боловч 4.9 сая га нь усгүй буюу стандартын шаардлага хангасан худаггүй, 14.1 сая га-г алслагдсан учир ашиглаж чадддаггүй. Энэ бол бэлчээрийн ачааллыг нэмэгдүүлж байгаа голлох шалтгаануудын нэг. Тэрчлэн нийт бэлчээрийн хамгийн их буюу ( 32.5 хувь нь) говийн бүсэд байдаг тул цөлжилт санаа зовоох нэн тэргүүний асуудал болж.

Өнөөдрийн байдлаар Монголын газар нутгийн 76.8 хувь нь хөрсний доройтолд өртөөд байгаагийн дээр шаардлагатай арга хэмжээ авахгүй бол 2080 он гэхэд 92 хувь нь цөлжих төлөвтэй байгаа харамсалтай мэдээ бий. Одоогоор нийт бэлчээр нутгийн 40 гаруй хувьд бэлчээрийн даац нэгээс гурав дахин хэтэрсэн бөгөөд эрдэмтдийн үзэж байгаагаар зарим төрлийн малын толгойг бууруулж чадвал ашиглаж буй бэлчээрийн талбайг 17.7 сая га-аар, хадлангийн талбайг 287.4 мянган га-аар бууруулж, ачааллыг багасгах боломжтой гэнэ.

бид импортын сүү худалдан авахгүй байх боломжтой юу?
Цаасан дээр улс даяар үйлдвэрлэж буй сүүний үйлдвэрлэл нийт хүн амын хэрэгцээнээс давж харагддаг боловч бодит амьдрал дээр дахин боловсруулах боломж хангалтгүй учраас одоог хүртэл бидний импортын сүү, сүүн бүтээгдэхүүний худалдан авалт тасралтгүй нэмэгдсээр байгаа нь харамсалтай.
Улсын хэмжээнд бэлчээрийн малаас жилд 824 сая литр сүү авах боломжтой. Хамгийн чухал нь, бэлчээрийн мал аж ахуй эрхлэхдээ малын төрөлжилтийг бий болгох замаар тодорхой төрлийн малын ашиг шимийг бүрэн ашиглахад чиглэсэн менежментийн бодлого хэрэгжүүлэх аж. Жишээлбэл, тэмээний аж ахуйгаар төрөлжсөн ингэний сүүний фермерийн аж ахуйг тааламжтай бүс нутгийн сумдад хөгжүүлбэл сүүн ашиг шимийг нэмэгдүүлэх ихээхэн нөөц боломж бий.

"GOOGLE"-ДЭХЭЭС ЗАЛХУУРСАН АСУУЛТ
УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ ХӨДӨӨ АЖ АХУЙД ХЭРХЭН МЭДРЭГДЭЖ БАЙГАА ВЭ?
Агаарын дундаж температур 1940- 2015 оны хооронд 2.24°C өссөн нь дэлхийн дунджаас хоёр дахин их тоо гэдгийг бид зайлшгүй санах хэрэгтэй. Ялангуяа өдөр шөнийн температурын зөрүү ихсэх тусам бид намрын ургацаа алдаж улмаар улаан буудайн хомсдол үүсэх өндөр магадлалтай. Учир нь гурилын гол орц болох улаан буудай нь +8-аас 27 градусын дулааныг л тэсвэрлэх чадвартай.
Түүнээс гадна, 2010 оноос өнөөдрийг хүртэл байгалийн хүчин зүйлийн нөлөөг даван туулахад зарцуулсан хөрөнгө 29,3 тэрбум төгрөг байгаа бөгөөд уур амьсгалын өөрчлөлт энэ хэвээрээ үргэлжилбэл бид улам их хөрөнгийг ган зудын аюулд зарцуулах болно.
УЦУЭШХ-гийн хийсэн судалгаанаас үзэхэд 1990-ээд оны үед 26 хэмээс дээш температуртай хоногийн тоо зургаан сард хоёроо гурав байсан бол 2000 онд 10-12 хоног болон нэмэгдсэн байна. Уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалан жил ирэх тусам өдрийн дээд, доод температур хоёр туйл руугаа холдсоор байгаа нь газар тариалангийн салбарт маш муу мэдээ юм. Нөхцөл байдал дээрдэхгүй байх аваас 2100 он гэхэд Монгол болон хоёр хөрш маань нийт ургацынхаа 30-40 хувийг алдах болно.

УРГАЦЫН ХЭМЖЭЭГЭЭ ХЭРХЭН НЭМЭХ БОЛОМЖТОЙ БОЛ?
Монгол Улсын хэмжээнд тариалсан талбайн хэмжээ тогтвортой өсөж байгаан Гэсэн хэдий ч хураан авсан ургацын хэмжээ тухайн жилийн цаг агаарын байдлаас шууд хамааралтай бөгөөд сүүлийн жилүүдэд цаг уурын өөрчлөлтийн нөлөөлөл газар тариалангийн үйлдвэрлэл маш хүчтэй мэдрэгдэж байна.
Жилд дунджаар усалгаагүй газар тариалангаас 13-14,5 цн/га улаанбуудайн ургац хураан авч байгаа нь дэлхийн дунджаас таваас арав дахин бага дүн юм. Ургамал идэвхтэй ургах таваас есдүгээр сарын хур тунадасны хэмжээ 12.6 мм-ээр багассан учраас зарим жил цаг уураас шалтгаалан ургац тогтворгүй, цаашлаад ургацаа алдах тохиолдол элбэг. Иймээс Засгийн газрын зүгээс одоо байгаа 50 мянган га (нийт талбайн ердөө 10 хувь) усалгаатай тариаланг нэмэгдүүлж, 2030 онд 120 мянган га-д хүргэх зорилго тавиад байна.

БУСАД УЛС ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРТАА ЯМАР ТЕХНОЛОГИЙН ДЭВШЛҮҮДИЙГ АШИГЛАЖ БАЙНА ВЭ?
-Газар тариалангийн хяналтад зүйлсийн интернэт (IoT)
Хяналтын платформд холбогдсон IoT мэдрэгчүүд нь чийгшил, температур, гэрэлтүүлэг, фотосинтезийн цацраг, CO₂ болон бусад чухал үр тарианы хувьсагчдыг хэмжиж чаддаг аж. Хөдөө аж ахуй дахь IoT мэдрэгч нь усны хэрэглээг 30 хувь хүртэл бууруулахад тусална хэмээн технологи хөгжүүлэгчид үзэж буй.
-Хортон шавж илрүүлэх хиймэл оюун ухаан (AI)
Хиймэл оюун ухаанаар ажилладаг ухаалаг мэдрэгчийн ачаар фермерүүд хортон шавжид нэрвэгдсэн тодорхой хэсгийг илрүүлэх боломжтой. Ингэснээр тариаланчид дроноо 70 метрээс өндөрт нисгэж, олон талт камераар авсан зургийн тусламжтай пестицидийн чанар, тоо хэмжээний талаар илүү нарийн мэдээлэлд тулгуурласан шийдвэр гаргах давуу талтай.
-Автоматжуулалт
Ойрын ирээдүйд ургац хураах, хогийн ургамал зулгаах гээд механик ажлуудыг орлох роботын эрин үе эхэлнэ. Тэрчлэн уламжлалт бинзен хөдөлгүүртэй тракторыг бүрэн орлох автомат жолоодлоготой, цахилгаан хөдөлгүүртэй тракторуудыг дурдах хэрэгтэй. Эдгээр технологи нь уламжлалт техникийн жилд ялгаруулдаг нүүрстөрөгчийн давхар ислийн хэмжээг 53 тонноор бууруулна.
-Босоо фермер
Түгээлтийн систем бол хүнсний үйлдвэрлэлийн хамгийн ярвигтай үе шат. Сүүлийн жилүүдэд хүн ам ихээр суурьшсан, хотуудад ид тренд болж буй босоо фермүүд нь энэ асуудлыг шийдэж, тээврийн зардлыг багасгах зорилготой.
Газар тариаланг заавал хотоос хол, зориулалтын хөрс бүхий талбайд эрхлэх ёстой гэсэн чиг хандлага өөрчлөгдөж, хүмүүс өөрсдийн хэрэгцээт хүнсийг хот дотроо, хүссэн байршилдаа тарьж эхэлж буй нь сайшаалтай. Гэвч нөгөө талдаа энэ төрлийн аж ахуйн эрчим хүчний зардал асар өндөр тул эх үүсвэрээ сэргээгдэх байдлаар шийдэхгүй л бол хүрээлэн буй орчинд тийм ч ээлтэй хувилбар биш.
-Блокчейн технологи
Блокчейнээр үрийн чанар, өсөлт зэрэг ургацын талаарх олон төрлийн мэдээллийг хянахаас гадна тариалангаас хүнсний дэлгүүр хүрэх бүх үе шатыг хянах боломжтой. Тариаланч нийлүүлэлт хаана илүүдэж, хаана дутагдаж байгаа тухай мэдээлэлтэй болсноор хаягдлын хэмжээ багасаж, тариалангийн талбайгаас хураасан ургац шинэхэн байдлаа алдахгүйгээр хэрэглэгчийн гар дээр очиж чадна.


САЛБАРЫН ОНЦЛОХ МЭДЭЭ:
-Европын зах зээл дээрх зөгийн балны бараг тал хувь нь хуурамч болохыг Европын холбооны холбогдох газар нэгжийн мөрдөн шалгалтын явцад тогтоожээ.
-Итали улс уламжлалт хүнсний салбараа хамгаалахын тулд лабораторид ургуулсан махыг хэрэглээнд нэвтрүүлэхийг хориглохоор зэхэж байна.
-Хот суурин газрын иргэдэд мал арилжаанд оролцох, тухайлсан орон нутгаасаа мал, сүү, цагаан идээ, ноос ноолуур, арьс ширийг анхны эх үүсвэрээс нь худалдан авах боломж олгосон платформ бий болжээ.
-Тариалангийн сэргэлтийн жилийн хүрээнд энэ онд Засгийн газрын зүгээс үр тариа эрхлэгчдэд 90 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгоно.

САНАЛ БОЛГОХ НЬ:
ВИДЕО:
Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутагт 30 мянган метр дөрвөлжин талбайд эмийн ургамал, нарийн ногоо, амтат төмснөөс эхлүүлээд чавга, гүзээлзгэнэ, усан үзэм зэрэг 30 гаруй төрлийн нарийн ногоо тарьдаг Ким Сун Чуль энэхүү видеогоор Монголд ногоо тарихад тулгардаг давуу болон сул талын талаар хуваалцжээ.
КИМ СУН ЧУЛЬ: БИ 5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ АШИГГҮЙ ҮРСЭН Ч ШАНТРААГҮЙ
Netflix-ийн бүтээсэн тус баримтат кино активист, эрдэмтэн, тариаланч, улс төрчид гээд салбар салбарын мэргэжилтнүүдээс бүрдсэн хүмүүс “Сэргээгдэх хөдөө аж ахуй тогтвортой хөгжлийн ирээдүй мөн үү?” гэх асуултад хариулт өгсөн юм.
KISS THE GROUND
ПОДКАСТ:
Судлаач, шим тэжээлийн зөвлөх мэргэжилтэн Ц.Наранчимэг эрүүл мэнд, хоол хүнс, эм, эмчилгээ, эмгэг өвчин, тэдний хоорондын хамаарлын талаар 800 гаруй судалгааг эш татан судалж "Хоол ба хэвшмэл төөрөгдлийн тайллууд" номыг бичсэн билээ. Эрүүл амьдралын талаарх олон төөрөгдлийн тайллыг тус подкастаас сонсоорой.
ХООЛ БА ТӨӨРӨГДӨЛ | MEND PODCAST
ЯРИЛЦЛАГА:
Одоогоос 16 жилийн өмнө Булган аймгийн Хутаг-Өндөр суманд малчин айлаас гурван тугал худалдан авч, 200 үхрийн фермтэй болж өргөжсөн Канад улсын иргэн Жереми Тийссэнийн түүх. Өдгөө 20 гаруй төрлийн мах зах зээлд нийлүүлж, эрчимжсэн аж ахуйн хосолсон хэлбэрийг нутагшуулахаар зорьж буй түүний ярилцлагыг сонирхоод үзээрэй.
КАНАДЫН ИРГЭН ЖЕРЕМИ ТИЙССЭНИЙ БУЛГАН АЙМАГ ДАХЬ ҮХРИЙН ФЕРМИЙН АЖ АХУЙГААР ЗОЧИЛСОН НЬ

Бид тогтвортой хөгжлийн тухай сэдвийг хүн бүрийн ой тоонд шингээж, алхам бүрдээ хариуцлагатай байх дадал хэвшил, эх дэлхийгээ хайрлах ухамсрыг бүтээхийн тулд Тогтвортой хөгжлийг дэмжигч ХААН Банктай хамтран "Тогтвортой хөгжил-2030" цахим товхимлыг бэлтгэн хүргэдэг билээ.Хүн төрөлхтний гэрийн даалгавар гэгдэж буй "Тогтвортой хөгжлийн 17 зорилго"-той холбоотой мэдээллүүд, үйл явдлууд, сайн жишээнүүдийг энгийн үгээр, сонирхолтойгоор тайлбарлан давхар блог нийтлэл болгон хүргэж байна.
Цахим товхимолд бүртгүүлэх: 2030.mn
Unread Media & Khan bank

Сэтгэгдэл бичих

