ХААН Банктай хамтран бэлтгэдэг 2030 цахим товхимлын байнгын уншигч та бүхэн “Тогтвортой хөгжил” хэмээх нэр томъёотой хэдийнэ танил болсон гэдэгт огт эргэлзэхгүй байна. Харин Sustainable finance буюу Тогтвортой санхүүжилтийн талаар сонсож байсан уу? Товчхондоо, аливаа санхүүжилт, зээл, хөрөнгө оруулалтыг олгохдоо байгаль орчин, нийгэм, засаглалын (ESG) үр дагаврыг чухалчлан тооцож, эдгээрийг ханган ажиллаж буй төсөл, үйл ажиллагааг дэмжин ажиллахыг хэлдэг.
Байгаль орчин: Дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлт, төрөл бүрийн бохирдол, тойрог эдийн засаг
Нийгэм: Хүний эрх, эрх тэгш байдал, хүртээмжтэй байдал
Засаглал: Төр, хувийн байгууллагын удирдлага, засаглал, шийдвэр гаргах үйл явцын тэнцвэртэй, нээлттэй олон талт байдал
Хүн төрөлхтөн хөгжил гэх зүйлийг хурдан биш тогтвортой байлгаж, бүтээхээр зорьж буй энэ үед технологи, үйлдвэрлэл, нийгэм гээд бүхий л салбарт чухал нөлөө үзүүлдэг санхүүгийн салбар ч ийнхүү илүү ногоон болж буй.
Монголын Тогтвортой санхүүгийн холбоо
Монголын Тогтвортой санхүүгийн холбоо (ТоС холбоо) нь Монголын банкны холбооноос 2017 онд ГҮТББ-ын хэлбэрээр үүсэн байгуулагдсан бөгөөд өдгөө санхүүгийн салбарын 32 банк, банк бус санхүүгийн байгууллага болон бизнесийн байгууллагуудыг нэгтгэн үйл ажиллагаагаа явуулж байна.
Тэд зорилгоо “Монгол Улсын санхүүгийн салбар болон бизнесийн байгууллагуудад байгаль орчин, нийгэмд ээлтэй үйл ажиллагааг нэвтрүүлэх, тогтвортой санхүү, ногоон зээл, хөрөнгө оруулалтын дэд бүтэц бүрдүүлж, тогтвортой хөгжил, ногоон эдийн засгийн өсөлтийг дэмжихийг зорьж ажилладаг” хэмээн тодорхойлжээ.

Тус холбоо тогтвортой санхүүтэй холбоотой асуудлуудад гишүүн байгууллагуудаа уриалж, үйл ажиллагаагаа нэгтгэн чиглүүлж, шийдэл боловсруулан улсынхаа байгаль орчин, нийгэм, эдийн засгийн тэнцвэртэй хөгжилд хувь оруулан ажиллах зорилтынхоо хүрээнд “Тогтвортой санхүүгийн долоо хоног 2023”-ыг зохион байгуулсан юм.
“Тогтвортой санхүүгийн долоо хоног 2023”
Олон улсын манлайллын хөтөлбөр, өндөр түвшний бодлогын хэлэлцүүлэг бүхий энэхүү цуврал арга хэмжээг Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газар, Монголын Тогтвортой санхүүгийн холбоо, Санхүү, тогтвортой байдлын институт, Олон улсын санхүүгийн корпораци тэргүүтэй байгууллагууд хамтран зохион байгууллаа. 2023 оны зургадугаар сарын 13-16-ны өдрүүдэд болсон “Тогтвортой санхүүгийн долоо хоног 2023” дараах үндсэн зорилгууддаа амжилттай хүрчээ.
- Олон улсын хэмжээний ногоон санхүүжилтийн хөтөлбөрийг Монгол Улсад анхлан зохион байгуулах
- Өөрийн орны туршлага, сайн жишээг таниулах, олон улсын сайн туршлагаас суралцах, хамтын ажиллагааг бэхжүүлэх
- Тогтвортой санхүүгийн замын зургийн хэрэгжилтийн явцыг дүгнэх
- Монголын Тогтвортой хөгжлийн зорилтын санхүүжилтийн Таксономийг батлан танилцуулах

Хэлэлцүүлэг
Арга хэмжээний үеэр нийт зургаан хэлэлцүүлэг өрнөж, ногоон санхүүжилтээс эхлээд, холимог санхүүжилт, ил тод байдлын тайлагнал зэрэг сэдвийн хүрээнд дотоод болон гадаадын мэргэжилтнүүд санал бодлоо хэлэлцсэн юм. Хэлэлцүүлгүүдийг энэ холбоосоор нөхөж үзэх боломжтой.

Монголбанкнаас 2030 он гэхэд банкны секторын ногоон зээлийг 10 хувь болгох, банк бусын салбарын ногоон зээлийг таван хувь болгох зорилт тавьсны зэрэгцээ байгаль орчин, нийгмийн эрсдэлийн удирдлагын системийг баталсан нь гадаадын хөрөнгө оруулалтыг татахад маш том хувь нэмэр болсон.
Н.Батсайхан, Эдийн засгийн зөвлөх, Монголбанк
Шинэ сэргэлтийн бодлогын зорилтыг хэрэгжүүлэхэд улсын ДНБ-ээс хоёр дахин өндөр буюу 100-120 их наяд төгрөгийн санхүүжилт шаардлагатай. Иймд зөвхөн дотоодын төсвийн орлогод найдах бус, хувийн хэвшлийн оролцоо, санхүүжилтийг нэмэгдүүлэх нь нэн чухал гэдгийг ойлгох хэрэгтэй.
Г.Золбоо, Санхүү төсвийн судалгааны газрын дарга, Сангийн яам
Ногоон санхүүжилтийг дэлгэрүүлэхийн тулд бизнес эрхлэгчдийн дунд ногоон бизнесийн тухай ойлголт өгөх, бизнесээ яаж ногооруулах тухай сургалт олгох нэгдсэн санаачилга, хамтын ажиллагааг эхлүүлэхийг уриалж байна. Энэ чиглэлд ХААН Банк харилцагчдынхаа дунд Тогтвортой хөгжлийн зорилтод нийцсэн, ногоон бизнесийн чадавхжуулах хөтөлбөрийг эхлүүлсэн.
Б.Эрдэнэдэлгэр, ХААН Банкны Гүйцэтгэх захирлын тэргүүн орлогч
Тогтвортой хөгжлийн зорилтын санхүүжилтийн таксономи
Монгол Улсад Тогтвортой санхүүгийн хөтөлбөр хэрэгжиж эхэлсний 10 жилийн ой, ТоС холбоо үүсэн байгуулагдсаны таван жилийн ойн хүрээнд зохион байгуулж буй уг арга хэмжээний нэг онцлууштай зүйл нь Тогтвортой хөгжлийн зорилтын санхүүжилтийн таксономийг баталсан явдал байв. Ингэснээр манай улс энэ төрлийн таксономийг баталсан дэлхийн анхдагч улсуудын нэг боллоо.
Ногоон санхүүжилт олгох боломжтой үйл ажиллагаа, төсөл хөтөлбөрийг таних нэгдсэн тодорхойлолт, ангилал зүйг 2019 онд анх баталсан нь санхүүгийн байгууллагууд ногоон зээлээ бүртгэх, нэгдсэн тайлан боловсруулах боломжийг бүрдүүлсэн юм.
Тэрхүү тодорхойлолт, ангилал зүй дээр тулгуурлан баталсан Тогтвортой хөгжлийн зорилтын санхүүжилтийн таксономи нь аливаа үйл ажиллагаа, төсөл хөтөлбөрийг 12 үндсэн салбарт ангилан тодорхойлж, үр нөлөөллийг хэмжих, баталгаажуулах, тайлагнах шалгуур үзүүлэлтийг багтаажээ.

"GOOGLE"-ДЭХЭЭС ЗАЛХУУРСАН АСУУЛТ
Бидэнд тогтвортой санхүүжилт хэрэгтэй юу?
Монгол Улсын хувьд 2016 оноос хэрэгжиж эхэлсэн Парисын хэлэлцээрийг хэрэгжүүлэх Үндэсний хэмжээнд тодорхойлсон хувь нэмрийн зорилт болон бусад холбогдох бодлогын бичиг баримтын хүрээнд 2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 27.2 хувиар бууруулах зорилт тавьсан билээ. Энэхүү зорилтыг биелүүлэхэд 11.7 тэрбум ам.доллар, харин тогтвортой хөгжлийн бусад зорилтуудыг биелүүлэхэд 2030 он хүртэл 43 тэрбум ам.долларын санхүүжилт хэрэгтэй гэсэн тооцоолол бий.
Тогтвортой хөгжилд саад болж буй хамгийн том асуудлын нэг нь яах аргагүй дэлхийн дулаарал. Жишээлбэл, Монгол Улсын агаарын дундаж температур сүүлийн 80 жилд 2.25 хувиар өссөн нь дэлхийн дунджаас хоёр дахин өндөр үзүүлэлт бөгөөд цаашилбал, Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 77 орчим хувь буюу 120 сая га талбай цөлжилтөд өртөөд байна. Одоогоор Монгол Улс жил бүр ДНБ-ий нэг хувиас багагүй хэмжээний хөрөнгийг уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн эсрэг тэмцэхэд зарцуулахаар шийдвэрлэсэн билээ. Энэ нь хамгийн багадаа 150 сая ам.доллар гэсэн үг. Харин дэлхийн хэмжээнд жил бүр үүнд ойролцоогоор 650 тэрбум ам.доллар зарцуулж байна.
Түүнчлэн Integrated National Financing Framework байгууллагаас Монгол Улс Тогтвортой хөгжлийн зорилтуудыг биелүүлэхэд 2021-2030 оны хооронд 80 орчим тэрбум ам.доллар, түүнээс хойш 10 жил тутам 8 тэрбум ам.доллар буюу ДНБ-ий 70 хувьтай тэнцэх хэмжээний санхүүжилт шаардлагатай гэж урьдчилан тооцоолжээ.
Мөн Олон улсын валютын сангийн No.21/251 дугаартай Монгол Улсад зориулсан тайлан, үнэлгээнд Монгол Улс тогтвортой, хүртээмжтэй, ногоон хөгжилд суурилсан урт хугацааны хөгжлийн төлөвлөгөө боловсруулах шаардлагатай бөгөөд боловсруулаагүй тохиолдолд тодорхой эрсдэлүүд учрах тухай зөвлөсөн байдаг. Товчхондоо, газрын доройтол, мал аж ахуйн салбарт гарах өөрчлөлтүүд нь нийгэм, эдийн засгийн өндөр зардал, цаашдын хөгжилд саад болох эрсдэлтэй тухай дурджээ.
Ингээд харвал нэгдүгээрт, бидэнд Тогтвортой хөгжлийн зорилтуудад хүрэхийн тулд хийх ёстой асар олон зүйл бий. Хоёрт, тэдгээрийг хийхийн тулд санхүүжилт, тэр дундаа тогтвортой санхүүжилт хэрэгтэй болох нь гарцаагүй юм.
САЛБАРЫН ОНЦЛОХ МЭДЭЭ:
ХААН Банк дотоодын зах зээлд анхны ногоон бонд гаргах зөвшөөрлөө авлаа.
ХХБ нийт зээлийнхээ 10 хувийг ногоон зээл болгох зорилт тавиад ажиллаж байна.
НОГООН САНХҮҮЖИЛТ: Онцлох тоон үзүүлэлтүүдтай танилц.
САНАЛ БОЛГОХ НЬ:
ПОДКАСТ:
Уур амьсгалын ногоон сангийн Гадаад харилцаа хариуцсан захирал С.Оюунтай ногоон санхүүжилт, уг санхүүжилтийн төрөл хүрээлэн буй орчноо хамгаалах цаашлаад тогтвортой хөгжлийг бүрдүүлэхэд хэрхэн чухал хөшүүрэг болж буй талаар сонирхолтой яриа өрнүүлжээ.
66: Ногоон Санхүүжилт, зочин УАНС-ийн гадаад харилцаа хариуцсан захирал С.Оюун
ВИДЕО:
Bloomberg Green цувралын энэхүү дугаарт хөрөнгө оруулалт ихээр нэмэгдэж буй тогтвортой санхүүжилтийг тайлбарлаж, үсрэнгүй хөгжлийнх нь учир шалтгааныг олохыг зорьжээ.
Bloomberg Green: Making Finance Sustainable
НОМ:
Дэлхийн дулаарал, улсаасаа дайжих 65 сая цагаач, өдөр бүр өсөн нэмэгдэх тэгш бус байдал гэхчилэн хүн төрөлхтөн сүйрэл рүүгээ дөхөж байгаа мэт мэдрэмж төрөх энэ үед уг номын зохиолч тогтвортой, тэнцвэртэй санхүүжилт уг сүйрлээс хэрхэн аврах тухай өгүүлжээ.
A Finer Future: Creating an Economy in Service to Life
КИНО:
Our Planet цувралын ээлжит нэгэн анги болох Our Planet: Too Big To Fail нэртэй 42 минутын баримтат кинонд санхүүгийн салбар хэрхэн тогтвортой ирээдүйг цогцлооход нөлөөлж чадах тухай гардаг.
Our Planet: Too Big To Fail

Бид тогтвортой хөгжлийн тухай сэдвийг хүн бүрийн ой тоонд шингээж, алхам бүрдээ хариуцлагатай байх дадал хэвшил, эх дэлхийгээ хайрлах ухамсрыг бүтээхийн тулд Тогтвортой хөгжлийг дэмжигч ХААН Банктай хамтран "Тогтвортой хөгжил-2030" цахим товхимлыг бэлтгэн хүргэдэг билээ.Хүн төрөлхтний гэрийн даалгавар гэгдэж буй "Тогтвортой хөгжлийн 17 зорилго"-той холбоотой мэдээллүүд, үйл явдлууд, сайн жишээнүүдийг энгийн үгээр, сонирхолтойгоор тайлбарлан давхар блог нийтлэл болгон хүргэж байна.
Цахим товхимолд бүртгүүлэх: 2030.mn
Unread & Khan bank

Сэтгэгдэл бичих

