Уур амьсгалын өөрчлөлт бол нийгэм, эдийн засаг, байгаль орчин, хүний эрхийн асуудал төдийгүй хүн төрөлхтний амьд байх, оршин тогтнохын төлөөх хамгийн том сорилт мөн.

ИБУИНВУ дахь НҮБ-ын төлөөлөгч Саймон Мэнли

17 зорилго, 169 зорилт, 232 хэмжүүр үзүүлэлт. Энэ бол хүн төрөлхтний 2030 он хүртэл хэрэгжүүлэх учиртай хийх ажлын жагсаалт, нийтээр дагаж мөрдөх замын зураглал юм. Тогтвортой хөгжлийн тухай асуудал энэ зууны хамгийн “халуун” сэдэв болж, дэлхийн иргэн бүрийн санаа тавих учиртай хамгийн том даалгавар болжээ. Даалгаврыг биелүүлэх хугацаа урт биш, амар биш.

Тогтвортой хөгжилд хүрэх урт аяллын явцад бидэнд олон саад даваа, сорилт бэрхшээл тулгарсаар буй. Цар тахал бол XXI зуунд тохиосон хамгийн том сорилтын нэг болж, хүн төрөлхтөн хамтдаа даван туулахын төлөө нэгдэн хичээсээр байна. Дэлхий дахиныг хамарсан цар тахалтай нүүр тулж хоёр оныг үдэх гэж буй бид өнгөрсөн хугацаанд юу суралцав? Ердөө гэртээ байх энгийн дүрэм л хайртай бүхнийхээ төлөө хийх чухал алхам болж, хорвоод тоос хөдөлгөж буй хүн бүрийн оролцоо, идэвх зүтгэл эрүүл байх нэгэн зорилгод хөтлөгдлөө.

Тиймээс ХААН Банктай хамтран бэлтгэдэг “2030” цахим товхимлын шинэ дугаарт амаргүй цагийг даван туулж буй бидэнд цаашид ямар эрсдэл, сорилт тохиож болохыг хөндөж, хамтдаа даван туулах боломж, итгэл найдварыг эрэлхийллээ.



тоогоор тайлбарлах нь 

Цар тахлын улмаас:

711 сая: Энэ оны эцэс гэхэд нийт 711 сая хүн ядуурлын шугамнаас доогуур орлоготой байх тооцоо гарчээ. Энэ нь 2019 онтой харьцуулахад 56 саяар өссөн үзүүлэлт юм.

370 сая: Дэлхий дахинд ЕБС-ийн 370 сая гаруй хүүхэд сургуулиас нь үнэгүй олгодог үдийн цайнд хамрагдаж чадахгүйд хүрчээ.

262 сая: Нийт 262 сая хүн Ковид-19 халдвар аваад байна.

31%: Дэлхий дахинд ЕБС-ийн сурагчдын 31 хувь нь интернэт, зурагт, гар утас, компьютер зэрэг дижитал хэрэгсэл хангалтгүйн улмаас боловсрол эзэмшихэд хүндрэл учирлаа.

41 сая: 41 сая гаруй хүн ажилгүйдэл, ядууралд өртсөний улмаас өлсгөлөнд нэрвэгдэх эрсдэлтэй байна.


ой санамжид уях баримтууд 

Өдгөө цар тахлын улмаас дэлхий даяар амиа алдсан хүмүүсийн тоо 5.2 саяд хүрлээ. Цар тахлыг даван туулахад улс орнуудын нэгдмэл байдал, НҮБ, ДЭМБ тэргүүтэй олон улсын байгууллагын дэмжлэг, шуурхай ажиллагаа чухал байгааг онцолсон. Одоогоор дэлхий дээр 4.5 тэрбум хүн буюу нийт хүн амын 55 хувь нь Ковид-19 халдвараас сэргийлэх вакцинд хамрагдаад буй. Үүнээс 90 хувь нь вакцины II тунд хамрагдсан.

Дэлхийн 750 гаруй судлаач, шинжээчдийн байр суурийг нэгтгэсэн Global Risk Report 2021 буюу Дэлхий дахины эрсдэлийн тайланд дурдсанаар ирэх 10 жилд хүн төрөлхтөнд тохиох хамгийн өндөр эрсдэлтэй 10 хүчин зүйлийг тодорхойлжээ.

Хамрах хүрээ, үзүүлэх нөлөөллөөр 0-2 жилийн богино хугацаанд халдварын шинэ хувилбарууд нь олон сөрөг үр дагавар авчрахыг дурдаж, хамгийн эрсдэлтэй хүчин зүйл хэмээн жагсаалтын нэгдүгээрт оруулсан байна.

Том зургаар харвал Европоос бусад бүх тивд нас баралт буурах хандлагатай байгаа ч одоогоор нийт хүн амынхаа дор хаяж 10 хувийг вакцинжуулалтад хамруулах зорилгод хараахан хүрч чадаагүй 56 улс бий. Тиймээс олон сая хүн хамарсан нийтийн эрүүл мэндийн асуудлыг шийдэхэд улс орнууд холбогдох датагаа нээлттэй хуваалцах, туршлагаа солилцоход бэлэн байхыг уриалсаар байна.


Цаг уурын өөрчлөлт + Цар тахал 

Түүнчлэн уур амьсгалын өөрчлөлт, байгалийн гамшигт үзэгдлийн давтамж нь урт хугацаандаа хамгийн хор хөнөөлтэй хүчин зүйл хэвээр байгааг дээрх тайланд дахин санууллаа. Дэлхийд 1970 оноос хойш гал түймрийн тоо тав дахин өсөж, Сири улсын түүхэнд тохиож байгаагүй ган гачиг нүүрлэж, Европ тивийг дайрсан хэт халалт болсон.

Энэ зууны сүүл гэхэд Европ тивд жил бүр 150 мянган хүн хэт халалтаас болж нас барах магадлалтай гэх тооцоо хэдийн гарсан нь уур амьсгалын өөрчлөлтийн “улаан гэрэл” хэчнээн удаан асаж буйг тодорхой харуулна. Удаах өндөр эрсдэлтэй хүчин зүйлсэд айл өрхийн амьжиргааны хямрал болон дижитал тэгш бус байдлыг дурджээ.

Өдгөө 400 сая гаруй хүн эрүүл мэндийн наад захын үйлчилгээ авч чадахгүй хэвээр байна. Хэрэв энэ хэвээр үргэлжилбэл цар тахлын улмаас жил бүр 100 сая хүн ядуурлын эгнээнд шилжих эрсдэлтэй бүлэгт байгаа нь харамсалтай.

Дижитал тэгш бус байдлын тухайд өндөр хөгжилтэй орнуудын иргэдийн 87-оос дээш хувь нь интернэтэд бүрэн холбогдсон байгаа бол хөгжил буурай орнуудад дунджаар хүн амын 17 хувь нь сүлжээнд тогтмол холбогдох боломжтой нөхцөлд амьдарч байна. Энэ нь цар тахлын улмаас хөл хорио тогтоосон нөхцөлд наад захын мэдээлэл хүлээн авахаас эхлээд боловсрол эзэмшихэд хүндрэл учирсаар.


сайн туршлагыг хуваалцах нь 

Бид нүүрс, газрын тос зэрэг шатах ашигт малтмалыг ашигладаг болоод 200 жилийг үдэж буй ч тэдгээргүйгээр амьдралаа явуулахааргүй болтол өдөр тутамд маань нэвтэрчээ. Уур амьсгалын өөрчлөлтийн хамгийн том шалтгаан болж буй хүлэмжийн хийг бууруулах чиглэлд дэлхийн улс орнууд олон төрлийн арга хэмжээг хэрэгжүүлсээр байна. Гэвч зарим орон хойш сууж, хойшлуулж, хэлэлцээрт хүрэхгүй явсаар буйг дурдах нь зүйтэй.

Энэ оны хувьд хамгийн онцлох учиртай уулзалт бол дэлхийн 130 гаруй орны төр, засгийн тэргүүн нарыг нэгэн дээвэр дор нэгтгэсэн COP26 чуулган юм. Дэлхийн удирдагчид уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх зорилго дор Парисын хэлэлцээрээс хойших гаргасан ахиц дэвшлээ анх удаа тайлагнаж, цаашид хэрхэх тухай шинэ хэлэлцээрийг байгууллаа.

Тухайлбал, дэлхийн 200 гаруй орон нүүрсний хэрэглээг үе шаттай бууруулах тохиролцоонд хүрч, 100 гаруй улс метан хийн ялгаруулалтыг бууруулах амлалт өглөө. Гэхдээ нүүрсний үйлдвэрлэл болон хэрэглээгээр тэргүүлдэг БНХАУ болон Энэтхэгийн төлөөлөгчид уулзалтын сүүлийн өдөр нүүрсний хэрэглээг халах бусад орны байр суурийг эргүүлж, эцсийн мөчид үе шаттай бууруулах хэлэлцээрт хүргэсэн юм. Зарим шинжээчид дээрх хэлэлцээрийн үр дүнг чамлаж буй ч том гүрнүүд нүүрсний асуудалтай холбоотой асуудлаар анх удаа тохиролцоонд хүрсэн нь энэ байлаа.

Санал болгох нь 

ВИДЕО: МҮОНТ-ээс Монгол оронд цаг уурын өөрчлөлт хэрхэн нөлөөлж буй тухай баримтат нэвтрүүлэг бэлтгэснийг үзээрэй.

НОГООН ШОШГО

НОМ: Английн судлаач Майк Бернерс Ли дэлхийн уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн сөргөөр нөлөөлж буй хүчин зүйлсийн тухай мэдвэл зохих тоо баримт болон шинжлэх ухааны тайлбаруудыг тун энгийнээр цэгцтэй буулгасан бүтээлийг уншаарай.

THERE'S NO PLANET B

КИНО: Цөлжилт, бэлчээрийн доройтол зэрэг Монгол Улсад тулгамдаж буй уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг хөндөж, нийгмийн олон төлөөллийг оролцуулан бүтээсэн богино хэмжээний баримтат бүтээлийг үзээрэй.

ӨӨРЧЛӨГДӨЖ БУЙ ТЭНГЭР

ПОДКАСТ: "Дэлхийн дулаарлын тухай гэр бүлтэйгээ хэрхэн ярилцах вэ? Гэрээсээ яаж дэлхийг аврахад хувь нэмрээ оруулах вэ?” зэрэг амаргүй асуултад энгийн, сонирхолтойгоор хариулах подкаст сонсоорой.

HOW TO SAVE A PLANET?

Бид тогтвортой хөгжлийн тухай сэдвийг хүн бүрийн ой тоонд шингээж, алхам бүрдээ хариуцлагатай байх дадал хэвшил, эх дэлхийгээ хайрлах ухамсрыг бүтээхийн тулд Тогтвортой хөгжлийг дэмжигч ХААН Банктай хамтран “Тогтвортой хөгжил-2030” цахим товхимлыг бэлтгэн хүргэдэг билээ.Хүн төрөлхтний гэрийн даалгавар гэгдэж буй "Тогтвортой хөгжлийн 17 зорилго"-той холбоотой мэдээллүүд, үйл явдлууд, сайн жишээнүүдийг энгийн үгээр, сонирхолтойгоор тайлбарлан давхар блог нийтлэл болгон хүргэж байна.

Цахим товхимолд бүртгүүлэх 2030.mn

Unread Media & Khan Bank