Хүссэн бүхнээ шуудхан хийж, байгаа чинээгээр нь үрж болдоггүйгээрээ мөнгө жаахан хэцүү. Бид хязгаарлагдмал нөөцөөр хязгааргүй хэрэгцээгээ хангахын төлөө тэмүүлж, өдөр тутам санхүүгээ зөв зүйтэй удирдах ёстой болдог. Санхүү удирдах нь хамгийн түрүүнд эрсдэлээс өөрийгөө хамгаалах хадгаламж нээхээс эхтэй. Ихэнх хүний хувьд хадгаламж нээж, хуримтлалаа тогтмол өсгөх нь хэлэхэд амархан ч хийхэд хэцүү ажил. Наад зах нь л зардлаа багасгаж, хэрэглээгээ танана. Тогтсон өдрөө хадгаламждаа мөнгө хийнэ. Аль банк илүү найдвартайг судална гээд л олон асуудал хөврөн гарна. Энэ бүх санхүүгийн асуудлыг шийдвэрлэхэд туслах, коуч Г.Мөнгөний бичсэн “Хадгаламж өлсөхөөс эхэлнэ - 6 дансны арга” номыг бид онцолж байна.
НОМЫН ТУХАЙ
Номоо гаргахаас өмнө зохиогч Г.Мөнгөн Дэлхийн хуримтлалын өдрөөр Монгол банкинд “6 дансны арга” илтгэлээ танилцуулж, түүнийгээ долоон минутын видео болгон цахим хуудсандаа тавьжээ. Уг бичлэгийг богино хугацаанд сая гаруй хүн үзсэн бөгөөд олон хүнээс эерэг сэтгэгдэл ирсэн аж. Улмаар түүнд ном бичих санаа төрж, энэхүү номыг бичжээ.
Миний хувьд энэ номыг дор нь уншиж дуусгасан. Зохиогч өөрийн амьдралаас сэдэвлэн бичсэн болоод ч тэр үү, “Нээрээ л тийм шүү” гэж бодохоор хэсэг олон таарч байв. Ингэхдээ хүмүүсийн хадгаламжгүй байдаг шалтгаанаас аваад нэг, хоёр, гурав, дөрөв, тав, зургаан хадгаламжтай болохоор шийдтэл, санхүүгийн зөв зохион байгуулалт, хадгаламжийн талаар өгүүлжээ. Энгийн нэг жишээ дурдахад, бид орлоготой болсон үедээ байнга тооцоолол хийж, мөнгөгүй байсан үеэсээ тэс өөр хүн болж, өөрөөр сэтгэж эхэлдэг. Эхнэртээ нэг аятайхан юм аваад өгчихье, эсвэл хоолонд оръё, яг байрны түрээс төлөх болчихсон, машиндаа нэг юм аваад тавьчихмаар, хүүхдүүдэд өвлийн куртик хэрэгтэй гэх мэтээр. Гэтэл яг үнэндээ бид орлого олсон үеийн сэтгэлийн хөөрөлдөө автан, энэ бүх хэрэглээг шинээр бий болгодог байна. Угаасаа хүний хэрэглээ хязгааргүй шүү дээ. Тиймээс санхүүгээ удирдахад, өөртөө хадгалах дадлыг хэвшүүлэх нь нэн тэргүүний асуудал ажээ. Зохиогчийн хэлснээр “Хүн төрөлхтний түүхэнд хэрэглээгээ давсан хадгаламж гэж огт байдаггүй. Үнэхээр байхгүй. Харин хадгалж цааш нь хийсний дараа үлдсэн мөнгөөр нь хүргэж болно” гэсэн санаа нь хадгаламжийн гол зарчмыг илэрхийлж байна. Мөн ганцхан хадгаламжтай байлаа гээд та санхүүгийн эрх чөлөөнд хүрнэ гэвэл эндүүрэл. Үүний оронд хэрэгцээгээ ангилж, тус бүрийн зориулалттай данс нээвэл санхүүгийн сахилга баттай байхаас гадна зохицуулахад амар болох аж.
“Иргэн баян бол улс баян” гэдэг эртний үг байдаг даа. Номын зарим хэсэг нь энэ утгыг гаргаж байх шиг санагдсан. Өөрөөр хэлбэл, ямар ч эрсдэл тулгарлаа гэсэн, даваад гарах санхүүгийн чадамжтай байх хүн олон байж гэмээнэ улс орны эдийн засаг тогтвортой байна гэсэн үг. Энэ ойлголтыг хэрэгжүүлж буй хятад хүмүүсээс бид үлгэр жишээ авч болно. Тэд хадгалах дадлыг туйлын чанд мөрддөг юм билээ. Эцэст нь, зохиогчийн бичлэгийн арга тун сонирхолтой байсныг хэлье. Яг л өөрөө ярьж байгаа мэт өгүүлж, сонирхолтой жишээ сэлтийг хавсаргасан байсан. Зохиогчийн тухай нэг баримт хэлэхэд, тэрээр оюутан байхдаа нийтийн байранд амьдарч, даарахын эрхэнд орны даавуугаа индүүдэж унтдаг байсан аж.
З Зочин 2019.09.21 202.126.89.148
Nomiin ner ni ulsuh gesen bolhoos ulsuhtei yamarch holboogui shuu harin eruul zuv hoolloh tuhai zuvlusun bnle
Б Бизнес эрхлэгч 2019.09.20 202.9.43.67
Эрсдлийн сан үүсгэж хадгалах нь зөв. Гэхдээ их хадгалах нь буруу. Өлсөж хадгалах бол бүр буруу. Сайн хоол тэжээл идэхгүйгээр хадгалбал дараа нь бие махбодийнхоо эмчилгээнд үүнээс их мөнгө зарцуулна. Мөн Монголд байгаа инфляцийг тооцож үзвэл таны хадгаламж жилд дунджаар 7-10% багасна. Үүнийг хадгаламжийн хүүнээс хасаж тооцвол 13%-7%=5%ийн цэвэр өсөлт үзүүлнэ. Өөрөөр хэлбэл 10 сая төгрөг хөдөлгөөнгүй хадгалахад жилд 500.000-аар, 100 сая төгрөг хадгалахад жилд 5.000.000 төгрөгөөр өснө. Гэтэл жилдээ ганц бизнес хийхэд 20% өснө, мөнгөө 2 удаа жилд эргэлдүүлж чадахад 40% өснө. Тэгэхээр танд боломж байгаа тул өөртөө тохирох зөв шийдвэрээ гаргаж амьдраарай. Амжилт хүсье.
Z Zula 2019.09.20 192.146.134.129
Би доорхи хүнтэй санал нэг байдаг хүн. Гэвч хадгаламжтай байснаар хүн илүү санаа амгалан, ирээдүйдээ итгэлтэй, учирч болох эрсдлийн өмнө тайван байх юм билээ. Манайх Европод амьдраад жил гаруй болж байна бид цалингаа аваад шууд дэлгүүр явдаг, юм үздэг, хоолонд ордог. Харин эндхийн хүмүүс чанартай хоол хүнсэнд л мөнгөө зарна бусдыг нь хадгална. Ирээдүйдээ бүрэн итгэлтэй, тэтгэвэрт гараад сайхан тансаг хаусанд амьдарч, зүлэг модоо арчилж үр хүүхдүүдээсээ тусламж эрэлгүй үнэн хангалуун амьдардаг юм байна.
З Зочин 2019.09.19 202.9.42.17
Өлсөн байж мөнгөтэй байж яадий? Чанартай сайн амттай хоол идэхгүй юм бол, эхнэртээ ганц юм авч өгч баярлуулж чадахгүйн бол, хүүхдүүддээ өвлийн куртик авахгүйн бол, ямбий машинтай өдөр бүр стрессдэх юм бол ажил хийгээд ч яадий, амьд яваад ч яадий. Хадгалж болно, гэхдээ үрэх юмандаа үрэх л хэрэгтэй. Харамч яхир татуу гартай хүмүүст ёстой дургүй