Бид энэ удаа АНУ-д ажиллаж амьдардаг, монгол хэлний багш М.Саруул-Эрдэнийн “Сонирхолтой хэл шинжлэл ном” хэсгээс толилуулахаар шийдлээ. Миний бодлоор уг ном бол хэл шинжлэл сонирхдог хүмүүст төдийгүй зөв ярьж, зөв бичихийг эрмэлздэг хүн бүхний уншвал зохих ном билээ. “Хэл шинжлэл бол нарийн боловсорсон онолын ухаан. Онол ямагт уйтгартай, ойлгоход бэрхтэй санагддаг. Харин энэ удаад би тантай хэлний онолын талаар зүгээр л хоёр найз суугаад хууч хөөрч байгаа мэт, эсвэл болсон явдал, онигоо ярьж байгаа мэтээр саналаа чөлөөтэй солилцохыг зорилоо” хэмээн зохиогч оршил хэсэгтээ бичжээ.
Доорх бол “Үндэсний сэтгэлгээний онцлог хэлэндээ тусах нь” дэд бүлэгт буй, англи ба монгол хэлний онцлогийн талаар өгүүлсэн, ялангуяа орчуулга хийдэг хүмүүс нэн анхаарууштай хэсэг болно.
5. Өгүүлбэрийн бүтэц
Өгүүлбэрийг бүтээгч гол гишүүдийг хэл шинжлэлд өгүүлэгдэхүүн (subject), тусагдахуун (object), өгүүлэхүүн (predicate) хэмээн нэрийддэг. Өрнийн хэлнүүд өгүүлэгдэхүүн буюу үйлийн эзэн, тусагдахуун буюу үйлэнд өртөгчийг маш тодорхой байхыг шаардана. Гэтэл дорны хэлнүүдэд өгүүлбэрийн хам сэдэв, яриа болж буй орчноос эдгээр гишүүдийг хийсвэрлэн тогтоож болохоор байвал заавал дурдах албагүй. "Дорж оюутан байхдаа хөлбөмбөг тоглодог байсан" гэсэн нийлмэл өгүүлбэрийг англиар буулгахад "When Dorj was a student He used to play soccer" болно. Монгол өгүүлбэрт эхний "оюутан байсан" эзэн нь Дорж учир "хөлбөмбөг тоглодог байсан" эзэн нь аанай л Дорж хэмээн хоёр дахь хэсэгт өгүүлэгдэхүүнгүйгээр найруулсан байхад англи өгүүлбэрт нийлмэл өгүүлбэрийн хоёр хэсэг хоёулаа тов тод өгүүлэгдэхүүнтэй байх ёстой. Монголчууд хийсвэрлэн сэтгэдэг ард түмэн учраас "дуслыг хураавал далай" гэх мэт өгүүлбэрийг эзэн биегүй найруулан, ерөөс хэн бүхэнд хамаатуулан ойлгож чадах бол англичууд ихэд тодорхой сэтгэдэг учраас "if you collect drops..." Хэрвээ ЧИ дуслыг хураавал ...) хэмээн заавал эзэн гаргаад ирнэ.
Яруу найрагч Л.Дашням яг энэ талаар нэг сонин зүйл хуучилж билээ. Дашням гуай өөрийнхөө шүлгээс нэгэн Америк найрагчтай хамтран англи хэлээр орчуулж л дээ. "Юмны учир олдоно оо" гэсэн нэг хийсвэр хэллэгийг эвтэйхэн буулгахын тулд "бүх юм ойлгогдоно" гэсэн санаа хэмээн англиар тайлбарлаж, Гэтэл мань орчуулагч "яг юуны учир ойлгогдох юм, чухам хэн тэрийг ойлгох юм?" гээд тодорхой эзэн нэхээд зовоогоод байсан гэдэг. Хоёр хэлний энэ ялгааг үл ойлгох залуу орчуулагчид эх хэлээрээ харь хэлний загварыг барьж, ярьж бичих гээд байдаг боллоо. Нэг хүүхэлдэйн кинон дээр усанд живж байгаа нохой "Somebody help me" хэмээн хашгирна. Монгол орчуулга нь "Хэн нэг нь надад туслаарай" хэмээх аж. Уг нь хөөрхий тэр америк нохой өрнийн сэтгэлгээтэй амьтан болохоороо ХЭН туслах (somebody), ХЭНД туслах (me) гэдгээ тодорхой өгүүлж байгаа юм. Гэтэл дорны сэтгэлгээгээр бол "Туслаарай" гэхэд л хангалттай. Мэдээж, сонсож байгаа хэн нэг нь, бодоож, живж байгаа тэр мууд л тусална биз дээ. Тэгээд ч живж үхэх гэж байхад чинь юун өгүүлэгдэхүүн, юун тусагдахуун, юун хоёр бүрэлдэхүүнт, дэлгэрэнгүй, бүрэн өгүүлбэр. Тэр нохой тэнэгтээ бус хэл нь тийм зохион байгуулалттай байгаа хэрэг. "Явбал яваг" гэсэн богинохоон монгол өгүүлбэрийг та англиар орчуулаад үз дээ. Би бол "if he wants to go, let him go" буулгана. Нэг юм хэлээд байгаа биз?
6. Бүхэл тоог өгүүлэх нь
2400 гэх мэт тоог монголчууд бид эхэлж бүхэлдэн сэтгэж, мянгат болгоод “хоёр мянга зөрвөн зуу” хэмээдэг. Гэтэл америкчууд нэгжээр нь буюу зуут зуутаар нь сэтгэдэг учир “twenty four hundred” (хорин дөрвөн зуу) хэмээх бөлгөө.
7. Хэмжээс
Хүү тань хэдэн настай вэ? гэсэн асуултад Европынхон “18 сартай”, “15 сартай” гэхчлэн хариулдаг. Мөн өндрийн хэмжээг 168 см, 205 см гэхчлэн илэрхийлнэ. Энэ бол тэднийг нэгж хэмжээсээр буюу сар, см – ээр илүүтэй сэтгэдгийн баталгаа юм. Дээрх тохиолдолд монголчууд бол “ой, зургаан сартай”, “нэг ой гурван сартай”, өндрийн тухайд бол “метр жаран найм”, “хоёр метр таван см” хэмээн юуны түрүүнд бүхэлдэн сэтгээд сэтгэснээрээ өгүүлнэ.
Ц Цэндмаа 2017.02.02 59.153.85.124
Их сонирхолтой сайхан мэдээлэл уншлаа . Энэ номыг авч уншмаар санагдлаа , авч унших номнуудынхаа жагсаалтандаа оруулсан :)
K Khongoroo 2016.10.30 202.9.42.67
HEl shinjleliin salbart bol top n gj oilgoj bnoo. En nomiig dahin hewlehguin bhdaa. Salbariin iim mundg humuusiin nom l hergtei bnda. haa saihui biznes, oorigoo hogjulhes iluu setgj chadhgu orchuulku bna. indinia.giin ih surguulid ajildg bagsh bgama.
З Зочин 2016.07.05 112.72.12.3
сайн байна уу энэ номыг хаанаас олж авах боломжтой вэ, интерномд байгаа гэсэн боловч очсон байхгүй байна лээ. Unread-ийхээн хаанаас авсан бэ хариу өгөөрэй баярлалаа
З Зочин 2015.12.07
Их сонирхолтой бололтой. Зугаатай хэл шинжлэл энэ хоёрынх нь ялгаа нь юу юм бол доо.. Бас хэдэн төгрөг гэдэг, хаагуур худалдаалдаг. Энэ хүн нь хэдэн ном гаргаж байсан м бол доо?
M Mr.Red-d hariu 2015.12.06
2006 онд хэвлэгдсэн юм байна. Дараа нь бас Зугаатай хэл шинжлэл гэдэг ном гарсан. Уншаад үзээрэй ..........
У Уншигч 2015.12.05
Францаар "Яваг", "явбал яваг" гэдгийг шууд хэлдэг бvтэц бий. Заавал явахыг хvсч байвал явуул гэлгvйгээр.
M Mr.Red 2015.12.05
***** Энэ номыг уншмаар санагдав. Энгийнээр гоё илэрхийлсэн байна. Хэдэн онд хэвлэгдсэн ном бэ? *****