Бид 2024 оны дөрөвдүгээр сард “Оюу толгой” компанийн байгаль орчныг хамгаалах чиглэлд хэрэгжүүлж буй онцлох төслүүдийг уншигч та бүхэнд танилцуулж байсан билээ. Тухайн үед бид уурхайн сайтаар зочилж, баяжуулах үйлдвэрийн цогцолбор, химийн бодисын агуулах, шинэ Бор-Овоо булаг, ил уурхай, хаягдлын нэгдсэн сан, ус цэвэршүүлэх ба савлах үйлдвэр, бохир ус цэвэрлэх байгууламж, байгалийн ургамлын үржүүлгийн газартай танилцаж байв.
Unread аялав: “Оюу толгой” компани байгаль орчны чиглэлд юу хийж байна вэ?
Харин энэ удаа уурхайн халуун цэгт бус түүнийг тойрсон экосистемд чиглэсэн ажил буюу "100 сая мод" хөтөлбөр хэрхэн үргэлжилж, ямар явцтай байгааг нүдээр үзсэн юм. Тодруулбал, бид Манлай сумын мод үржүүлгийн газар, Ханбогд сумын байгалийн ургамал үржүүлэх газартай танилцаад зогсохгүй 20 болон 40 га талбайд урган өндийж буй заган ойтой танилцсан. Ингээд илүү дэлгэрэнгүйг нийтлэлээсээ хүлээн авна уу.
ЭХЛЭХИЙН ӨМНӨ: “100 САЯ МОД” ХӨТӨЛБӨР ГЭЖ ЮУ ВЭ?
2021 онд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн индрээс 2030 он гэхэд тэрбумаар тоологдох мод тарих үндэсний хөдөлгөөн өрнүүлнэ хэмээн зарласан. Үүний дагуу төр, хувийн хэвшлийн олон байгууллага “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдсэн төдийгүй тэдний нэг нь "Оюу толгой" компани юм.
Тэд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжин ажиллахаа баталгаажуулж, 100 сая мод тарьж ургуулах амлалт өгсөн ба тус ажлын хүрээнд бодитоор 60 сая мод тарьж, 43.5 сая модтой дүйцэхүйц хөрөнгө оруулалтын ажлыг хийхээр төлөвлөөд буй. Ийнхүү стандартын дагуу мод үржүүлгийн газар шинээр барьж байгуулж, өндөр үзүүлэлт бүхий техник тоног төхөөрөмжөөр ханган үйл ажиллагаа нь жигдрэх хүртэл буюу эхний хоёр жилийн менежментийн зардлыг өгч чадавхжуулах, хуучин мод үржүүлгийн газруудад шаардлагатай техник тоног төхөөрөмж хандивлах зэргээр жилд бэлтгэгдэн гарах модны тарьц суулгацын тоо хэмжээг нэмэгдүүлснээр “Оюу толгой” компани уул уурхайн салбарт сайн жишиг тогтоож, байгаль орчноо нөхөн сэргээх, нийгмийн хариуцлагын хүрээнд бодит үйл ажиллагаагаар түүчээлж байгаа юм.
ЗОГСООЛ 1. МАНЛАЙ СУМЫН МОД ҮРЖҮҮЛГИЙН ГАЗАР
Өглөөний нислэгээр Өмнийн говийг зорьж, газардсан даруйд бид нутгийн зүүн хойд хэсэгт байрлалтай Манлай сумын зүг хөлгийн жолоо заллаа. “Оюу толгой” компанийн зүгээс Өмнөговь аймгийн Ханбогд, Цогт-Овоо, Манлай, Баян-Овоо, Сэврэй сумдад мод үржүүлгийн газар барьж байгуулах төлөвлөгөөтэй. Энэ хүрээнд 2024 онд Ханбогд, Цогт-Овоо суманд, 2025 онд Манлай, Баян-Овоо, Сэврэй сум дахь үржүүлгийн газрыг барьж байгуулан, цаашид үргэлжлүүлэн арчилж тордох гэрээт компаниудад хүлээлгэн өгчээ.
Бидний зочилсон мод үржүүлгийн газрын хувьд цахилгаан эрчим хүч, худаг, усалгааны систем, хүлэмж, хашаа саравч, тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан бүтээн байгуулалт байсны сацуу жилдээ 250 мянган суулгац гаргах хүчин чадалтай гэнэ. Энд говийн нөхцөлд тохиромжтой заг, хайлаас, сухай, харгана, жигд зэрэг олон төрлийн модны суулгац тариалж байгаа ба дээрх хүчин чадлаар Манлай сум болон хөрш сумдын хэрэгцээг хангах бүрэн боломжтой ажээ.
“Манай хэрэгжүүлж буй “100 сая мод” хөтөлбөрийн хүрээнд Өмнөговь, Дорноговь, Дундговь, Баянхонгор гэсэн говийн 4 аймагт цөлжилт, газрын доройтлыг бууруулах чиглэлээр 6 сая мод тарих үүрэг, амлалттай. Үүнээс 3.5 сая модыг Өмнөговь аймагт тарих юм. Биологийн олон янз байдлын хувьд ойжуулалт хийх газарт ургаж байсан унаган ургамлаар нөхөн сэргээлт хийх нь илүү амжилттай ургах шалтгаан болдог. Тиймээс үржүүлгээс гарах тарьц суулгацыг ойжуулалтандаа хэрэглэх зорилготойгоор дээр дурдсан таван сумыг сонгон авч Мод үржүүлгийн газар байгуулсан. Одоогоор ойжуулалтын ажил 80-аас дээш хувьтай буюу амжилттай явж байна.”
“Оюу толгой” компанийн Байгаль орчны хэлтсийн Хууль эрхзүйн хэрэгжилт хариуцсан зөвлөх Ж.Баярзаяа
ЗОГСООЛ 2. 20 ГА ТАЛБАЙГ БҮРХЭН УРГАЖ БУЙ ЗАГАН ОЙ
Бид Манлай сумаас 100 орчим км-ийн зайд, уг сумын нутаг дэвсгэрийн 20 га талбайд тарьж ургуулсан заган ойтой танилцахаар хөдөллөө. Говь нутгийг сайн мэдэхгүй миний хувьд заган ой гэхээр өндөр гэгч нь ургасан ой мод байна хэмээн төсөөлсөн ч үнэн хэрэгтээ бут мэт намхан загууд биднийг угтсан юм. 2-3 настай залуу заг бүхий энэхүү ойжуулалтыг 2024 оны хавраас эхлүүлсэн. Мэдээж үүнийг тарьж ургуулахын тулд асар их хичээл зүтгэл ордог нь гарцаагүй. Хэдий заг байгальдаа харамгүй ургадаг ч зуншлага хэр сайн байснаас эхлээд хүн, малын хөлд сүйдэхээргүй ургах нөхцөлийг бүрдүүлэх нь нэн чухал гэнэ.
Сонирхуулахад, 20 га талбай гэдэг нь 28 ширхэг FIFA-гийн хөлбөмбөгийн талбайтай тэнцэх хэмжээ бөгөөд “Оюу толгой” компани гурван сумд үүнтэй ижил хэмжээний талбайд заган ойжуулалт хийсэн байна. Түүнчлэн 2025 онд дахин 40 га талбайд ойжуулалт хийснээр нийт 100 га талбай бүхий заган ойг бий болгоод буй.
ЗОГСООЛ 3. АРВАН ЖИЛИЙН АЖЛЫН ҮР ДҮН
Ханбогд сум руу буцах замдаа бид “Оюу толгой” компанийн арван жилийн ажлын үр дүн бүхий зургаан га талбайг хамарсан заган ойтой танилцсан юм. Тэд “100 сая мод” хөтөлбөрөөс олон жилийн өмнө говийн бүс нутгийн экосистемийг дэмжих, нөхөн сэргээлтийг эрчимжүүлэх ажлыг хэдийн эхэлжээ.
Энэ бол 2010, 2011 онуудад Оюу толгойн уурхайн Гүний хоолойгоос ус татах шугам хоолойг барих барилгын ажлын үед өртсөн газар юм. Тухайн үед шугам хоолойн зураг төслийг боловсруулах үед заг мод ургаагүй байсан талбайд нялх заг ургаж эхэлснийг тогтоосноор Оюу толгойн зүгээс шугам хоолойн зураг төсөлд өөрчлөлт оруулж, уг талбайг тойруулж хийхээр төлөвлөсөн боловч бага хэмжээний талбай өртсөн аж. Тийнхүү хариуцлагатай уул уурхайн ажил үүргийн хүрээнд 2013 онд нөхөн сэргээлт хийж, гурван настай заг суулгасан бөгөөд түүнээс хойш өөрөөрөө сэргэж буй нь энэ юм. Онцлууштай нь тухайн үед Ханбогд сумын малчин иргэд тус нөхөн сэргээлтийн ажилд хоёргүй сэтгэлээр оролцож, хамтын хүчээр бүтээж байжээ.
Нар буухтай зэрэгцэн уг талбайгаар зочилсон нь говь нутгийн өнгийг бүрэн дүүрэн тольдох боломж болсныг онцолмоор. Эхний өдрийн аялал үүгээр өндөрлөж байгаа ба одоо бид Ханбогд сумд байрлалтай KB Apartments-д амарна.
ЗОГСООЛ 4. БАЙГАЛИЙН УРГАМЛЫН ҮРЖҮҮЛГИЙН ГАЗАР
Өглөөний нартай уралдан, өдрийн нар шарахаас урьтан бид дараагийн газартаа очлоо. Энэ бол миний хоёр дахь удаагаа зочилж буй “Оюу толгой” компанийн Ханбогд суманд байрлалтай, 2011 онд байгуулагдсан Байгалийн ургамлын үржүүлгийн газар. Зун ирж таарсан тул бүх ургамал, моддыг нов ногооноор нь харж чадлаа. Говь нутаг мөн үү гэж эргэлзэхэд хүргэсэн энэ газарт 42 орчим төрөл зүйлийн модлог ургамал өсөн бойжиж буй. Гол зорилго нь уурхайн үйл ажиллагаанд өртсөн талбайд нөхөн сэргээлт хийхэд ашиглах ургамал, модны тарьц суулгацыг урьдчилан ургуулж бэлдэх аж.
Дээрх 42 төрөл зүйлийн ургамлаас тав нь ховорт тооцогдоно. Гэхдээ энэ нь байгальдаа хомс гэсэн утгаар бус үрээр тарьж ургуулахад бэрх учраас ийнхүү ховор хэмээжээ. Уг хүндрэлийг шийдэхийн тулд ШУА-ийн харьяа Биологийн хүрээлэнгийн Ургамлын биологийн лабораторит ховор таван зүйлийн ургамлыг эд, эсийн өсгөврөөр ургуулж, өнгөрсөн зургаадугаар сард хүлэмжинд зөөвөрлөн авчирсан. Эндээ өвлийг давж чадваас ирэх хавар байгальд нь тарьж суулгах юм.
“Манай “Ойн хайгуул” туслан гүйцэтгэгч компанийн хувьд энэхүү 6.3 га хэмжээтэй Байгалийн ургамлын үржүүлгийн газрын үйл ажиллагааг хариуцан ажилладаг. Бид жилдээ 100-150 мянган тарьц, суулгацыг “Оюу толгой” компанид нийлүүлэх хүчин чадалтай. Энд бүрэлдэн бий болж буй ургамал, моддыг нөхөн сэргээлтэд ашиглахаас гадна Ханбогд сумын тохижилт, цэцэрлэгжүүлэлтэд зориулж, мөн албан байгууллага, ард иргэдэд тараадаг.”
“Ойн хайгуул” компанийн инженер Б.Батдэлэг
Ташрамд дурдахад, “Оюу толгой” компани ойн салбарын дэд бүтцийг хөгжүүлэх зорилгоор 1.5 тэрбум төгрөгийн өртөг бүхий орчин үеийн тоног төхөөрөмжүүдийг Засгийн газрын Хэрэгжүүлэгч агентлаг (ЗГХА) Ойн газарт хүлээлгэн өгсөн юм. Тодруулбал, трактор, хошуут анжис, роторт сийрүүлэгч, тарьц ухагч, моторт нүх ухагч, чиргүүл, бортогонд хөрс савлагч, моторт үрлэгч бүхий нийт 10 багцыг хандивлахаар төлөвлөж, өнөөдөр 6 багц буюу нийт 48 ширхэг тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгчээ. Мөн үр үржүүлэг, тарьц тарих уламжлалт аргуудыг шинэ технологитой хослуулан судлах туршилтуудыг хийж, байгаль орчин, ойн инженер мэргэжлээр суралцаж буй 10 оюутанд тэтгэлэг олгосныг ч онцлох нь зүй.
ЗОГСООЛ 5. ӨӨРИЙН ГАРААР ӨМНИЙН ГОВЬД МОД СУУЛГАВ
Бидний дараагийн зогсоол бол Ханбогд сумын Ухаа загт байрлалтай 40 га талбай бүхий заган ой байлаа. Энэ талбайг 2023 оноос эхлэн “Оюу толгой” компанийн туслан гүйцэтгэгч “Говийн улиас” компани хариуцан ажиллаж буй бөгөөд өнгөрсөн хавар ойжуулалтын ажлыг дуусгажээ. Нэг га талбайд 1250 ширхэг заг мод байхаар төлөвлөж, нийт талбайд 50 мянган ширхэг хоёр настай заг суулгасан нь энэ юм.
Энэ удаагийн аяллын онцлох хэсэг нь өөрийн гараар заг суулгасан явдал байв. Говь цөлийн ойг бүрдүүлэгч гол дөрвөн мод нь заг, хайлаас, сухай, тоорой бөгөөд эл нутгийн орчимд заг мод элбэг ургадаг байжээ. Бидний хувьд мод үржүүлгийн газарт хичээнгүйлэн ургуулсан хоёр настай заг суулгасан юм. Анх удаа мод тарьж байгаа надад мартагдахааргүй туршлага байсны сацуу эх орныхоо экосистемд хувь нэмрээ оруулсан бахдалтай мэдрэмж төрснийг нуух юун.
ТӨГСГӨЛИЙН ОРОНД: ДУСЛЫГ ХУРААВАЛ ДАЛАЙ
Нэг тэрбум мод, 100 сая мод гэхээр ямар их тоо вэ, яаж ийм олон мод тарих юм бэ гэх бодол хэн хүний санаанд буух нь дамжиггүй. Гэхдээ үйлдэл болгон эхлүүлэх аваас үр дүн үзэх цаг мөдхөн билээ. Үүний нэг жишээ нь гарцаагүй “Оюу толгой” компаниас хэрэгжүүлж буй “100 сая мод” хөтөлбөр. Хөтөлбөрөөс өмнө ч алсын хараатай байж, ажлаа эхлүүлсэн тэдний хувьд төлөвлөгөөт хуваарийнхаа дагуу урагшилсаар буйг нүдээр үзэх нь миний хувьд туйлын таатай байлаа.
Говийн нөхцөлд мод ургуулна гэдэг бүхэл бүтэн экосистемд нөлөөлөх хүчтэй үйл билээ. Ургамал, моддыг түшиглэн амьдрах мэрэгчдээс эхлээд олон төрөл, зүйлийн амьтдын оршин тогтнолыг шийдэх боломжтой. Цаашлаад элсний нүүдлийг сааруулж, уур амьсгал, цаг уурын байдалд ч нөлөөлөх нь хүн ардын аж амьдралд ч эерэг тусгалтай билээ.
Зөвхөн байгаль орчинд сайн нөлөө үзүүлэхээс гадна энэ их хэмжээний ойжуулалтын ажлыг гүйцэтгэх хүний нөөцийн шаардлага, хэрэгцээ нь ажлын байрыг нэмэгдүүлэх өндөр ач холбогдолтой. Мэдээж үүнийг даган нийгмийн хөгжил ирэх нь гарцаагүй.
Дүгнэн хэлэхэд, дуслыг хураавал далай гэдгийн адилаар энэ бүх үйл хэрэгт хүн бүрийн оролцоо асар чухал. Тарьж, ургуулах нэгэн байхад тарьсан хойно нь анхаарал хандуулах үүргийг мэргэжлийн хүмүүсээс гадна нутгийн иргэд, малчид ч адил тэгш хүлээх хэрэгтэй. Тэгж гэмээнэ бүтээн байгуулсан ажлынхаа бүтэн үр дүнг үзэх биз ээ.