Гэнэтхэн нээх сайхан кино үзчихмээр санагддаг үе гардаг даа. Амралтын өдрийн орой хайртай дотны хүнтэйгээ хамт тухтай нь аргагүй сууж байгаад "сайн" кино үзэх тохиол их л гардаг биз дээ? Гэтэл ямар кино үзэхээ шийдэж чадахгүй байх тохиолдол бас гарч байгаа биз? Энд тэндээс хайхаар бичлэгийн чанар муутай, эсвэл хэтэрхий нэгэн хэвийн кинонууд байхаар бас урамгүй. Тэгвэл яг энэ асуудлыг шийдэж чадах A GOOD MOVIE TO WATCH сайтыг Unread мэдүүштэй вэб булангаараа онцолж байна.

Яагаад зочлох хэрэгтэй вэ?

Үзээгүй байх магадлалтай, өндөр үнэлгээтэй киног олохын тулд. Нөгөө талаар үүнийг сонголт хийхэд зарцуулах цагаа хэмнэх гэж тодорхойлж болно. Уг сайт бүх киногоо ямар нэг алгоритмоор бус, гар аргаар, хэрэглэгчдийн санал хүсэлтийн дагуу нэмдэг бөгөөд үзэгчид болон шүүмжлэгчдээс өндөр үнэлгээтэй ч бокс-оффист бүр "гоц" амжилт үзүүлээгүй кинонуудыг цуглуулдаг. Энэ нь та уг киноны талаар дуулаагүй, бас үзээгүй байх магадлалыг л нэмж байна гэсэн үг. Нэг кино үзчихмээр байдаг, гэхдээ ямар кино үзэхээ мэдэхгүй байх, эсвэл ихэнх сүүлийн үеийн киног аль хэдийнэ үзчихсэн бол энэ сайт гарцаагүй таны зочлох ёстой сайт мөн. Тэд танд яг л "үзэх ёстой" кинонуудыг санал болгоно.

Ямар онцлог, давуу талуудтай вэ?

Киноны сонголтоо та өөрийн дуртай төрөл жанраар, мөн санамсаргүй байдлын аль нэгээр хийх боломжтой. "Санамсаргүй" гэсэн сонголт нь илүү зугаатай. Танд imdb-ийн үнэлгээ, Wiki-ийн тайлбар, хэрэглэгчийн сэтгэгдэл зэргээс харьцуулан сонголт хийх боломжийг тэд олгосон. Энэ бүхнийг ердөө нэг дороос л харчих боломжтой гэдэг нь хамгийн давуу тал.

Нөгөө талаар та киногоо өөрийн сэтгэл хөдлөл болон киноны сэдэв, хэв маягаас улбаалан сонгох боломжтой. "Нууцлаг", "Сэтгэл хөдөлгөсөн", "Урам зориг өгөм"-өөс эхлээд "удаан", "ухаантай", "хачин" зэрэг зөндөө олон сонголтууд байхаас гадна "сайн жүжигчидтэй", "90-ээд оны сэдэвтэй", "амралтын өдөрт зориулсан" зэрэг олон сонирхолтой таг-уудаас хайлт хийх боломжтой. Нэг ёсондоо төгс сонголт хийх боломжийг тань л нэмэгдүүлж байгаа хэрэг.

Мөн сайтын зүгээс санал болгож буй, эсвэл хүмүүсийн сонгодог шилдэг кинонуудын листийг ч харах боломжтой. Хэрвээ хүсвэл та ч энэ сайтад өөрийн "нандигнадаг", бусдын мэддэггүй кинонуудыг санал болгож болно. Тэгэхээр энэ жагсаалт өөрөө бусдын оролцоотой байнга өсдөг гэсэн үг.

Ямар сул талтай вэ?

Удаан хэрэглээд ирэхээр киноны сонголт бага ч юм шиг санагдана. Мэдээж хүмүүсийн үзээгүй хэрнээ өндөр үнэлгээтэй кино тийм их биш нь тодорхой л доо. Бас Netflix дээр үзэж болох кинонуудыг санал болгодог нь уг үйлчилгээ хараахан нэвтрээгүй байгаа монголчуудад төдийлэн тохиромжтой биш.

Бас хэтэрхий урт домайн нэртэй нь цээжлэхэд жаахан түвэгтэй. Ядаж л алдаад бичих тохиолдол цөөнгүй гардаг байх.

Unread-ийн үнэлгээ

Киноны хорхойтнуудад яг л хэрэгтэй сайт. Дараагийн ням гарагийн амралтаар ямар кино үзэхээ хараахан төлөвлөж амжаагүй байгаа бол яг одоо зочлоорой. Киночдын ажлыг улам хөнгөвчилж өгсөн, хэцүү нэрт энэ сайтад Unread 8 оноо өгч байна.