Манайд номын шүүмж харьцангуй цөөн гардаг. Unread-ийн бид хагас сайн өдрийн номын буландаа номын танилцуулга, нэг хэсэг, онцлох эшлэлүүдийг тавихаас гадна ул үндэстэй шүүмжүүдийг мөн хүргэхийг зорьж байгаа юм. Энэ хүрээнд Фэйсбүүкийн үйл ажиллагаа эрхэлсэн захирал Шэйрил Сандбергийн "Өөдөө тэмүүл" номыг "Өөрчлөлтийн төлөөх залуу эмэгтэйчүүд" ТББ болон "Тагтаа паблишинг" ХХК-ийн үүсгэн байгуулагчдын нэг Ж.Тэгшзаяа хэрхэн дүгнэснийг толилуулъя. Энэ бол тус номыг худалдаанд гарснаас хойших нэг жил хагасын хугацаанд гарсан хамгийн сайн шүүмж болно.
"ӨӨДӨӨ ТЭМҮҮЛ" НОМЫН ТУХАЙД
“Өөрчлөлтийн төлөөх залуу эмэгтэйчүүд” ТББ үйл ажиллагаа явуулж эхлэхтэй зэрэгцээд эмэгтэйчүүдэд өдгөө үнэхээр нийгмийн шалтгаант асуудал буй эсэхэд эргэлзэгчид, үгүйсгэгчидтэй олонтаа таарч байсан. Тэдний тоочдог гол үндэслэлүүдэд одоо үед хууль ёсоор эмэгтэйчүүд тэгш эрх эдэлж байна, өнгөрсөн түүхэндээ ч монголчууд эмэгтэйчүүдийг илтэд хүндэлж, өргөдөг байсан тухай яриа юм.
Уламжлал, түүхээ сөхөж үзвэл мал аж ахуйт уугуул нүүдэлчин соёл, ахуйд эмэгтэй, эрэгтэй хүний хөдөлмөрийн хуваарь ондоо боловч оролцоо тэгш байснаас нүүдэлч эмэгтэйчүүдийн гэр бүлд эзлэх эрх дарх азийн суурин соёл иргэншилт ихэнх орныхоос дээгүүр байжээ. Мөн суурин соёл иргэншилд шилжих явц социализмын бүтээн байгуулалттай давхцсан нь эмэгтэйчүүд эрчүүдийн адил нийгэм, улс төрийн тэгш эрх эдлэх боломжийг хангаж байв. Социализмд ангиар ялгаварлахаас бус хүйсээр ялгаварладаггүй. Эмэгтэйчүүдийн эрхийн хувьд манай улс түүхэндээ энэ мэт дэвшилттэй байсныг үгүйсгэхгүй. Гэвч улиран одсон түүхийн баримтуудаар одоогийн асуудлыг орлуулан тайлбарлана гэдэг асуудлыг овлон далдлахаас хэтрэхгүй юм.
Уламжлалт соёлоо үгүйлэн санагалзах мөртлөө түүнээсээ улам алсран холдож буй, дэлхийн талыг эзэлж явсан агуу үүх түүхээрээ далайлгавч одоо цагийн олонх орны хөгжлөөс хойно хоцорсон гашуун бодит байдалд гүйцэгдэх хоёрдмол байдалд тэлчилж буй өнөө цагийн нийгмийн сэтгэл зүйн зөрчил манай орны өнөөгийн эмэгтэйчүүдийн зарим асуудлыг улам хурцатгадаг. Хэт давруу үндсэрхэг үзэлтнүүдийн золионд хамгийн түрүүнд эмэгтэйчүүд өртөж байна. Ядуурал, ажилгүйдэл, архидалт газар авч нийгмийн байдал дордохын хэрээр хүчирхийлэл ихсэж, тэрхүү хүчирхийллийн хохирогчид өнөөх л “сул дорой” эмэгтэйчүүд байх нь олонтаа.

Магад нүүдлийн соёл иргэншлээс улбаалж бусад суурин соёлт улсуудтай харьцуулахад монгол эмэгтэйчүүдийн эрхийн асуудал нэлээд ондоо өрнөл, замналтай байсан биз. Харин орчин цагийн монгол эмэгтэйчүүдийн асуудал суурин иргэншилт дэлхийн бусад улс орны эмэгтэйчүүдтэй адил нийтлэг шинжтэй байна.
Ардчилсан улсын хувиар манайд хүн бүр хууль ёсоор хүйсээс үл шалтгаалан тэгш эрхтэй гэгдэх ч хуулийн хэм хэмжээ бидний амьдралыг зохицуултлаа чамгүй урт зам туулдаг бол нийгмийн хандлага, тогтсон соёл бидний амьдралд алхам тутамд оролцож, нөлөөлж байдаг аж. Энэ л соёл, хандлагаас эмэгтэйчүүдийн гэх “үл үзэгдэгч” асуудлууд урган гардаг. Анхнаасаа энэ бүлэгт байгаагүй хүмүүсийн хувьд зарим асуудлыг хэзээ ч биеэр мэдрэх боломжгүй тул тэдний хувьд хөндлөнгөөс ажихад огт асуудалгүй мэт харагддаг.
“Өөдөө тэмүүл” номонд эмэгтэйчүүдийн эдгээр асуудлыг нийгэм, хувь хүний хүчин зүйлийг тэгш тооцон тун ултай гарган тавьжээ. Орчин цагийн монгол эмэгтэйчүүдийн туулж байгаа асуудлуудын учиг уг номын хуудаснаа дуурайтал тодорсонтой олонтаа таарав. Эр хүнд ажил мэргэжил, ахуй амьдралын хооронд нийгмийн үнэлэмжийн хувьд зөрчил тун бага бол эмэгтэй хүний хувьд ажил мэргэжил, гэр бүл гэсэн байнгын ацан шалаанд унаж байдаг. Зохиогч ажил мэргэжилдээ эзэн болж хөдөлмөрлөж, бүтээж амьдрах чин хүсэл эрмэлзэлтэй эмэгтэйчүүдэд урам зориг өгөхдөө тун ултай, ухаалаг арга зам санал болгосон аж. Асуудал байгааг мэдэж байгаа ч байхгүй мэт дүр эсгэн муйхраар зүтгэ, “хүчтэй бай” гэж хиймлээр номлол айлдсангүй, эсвэл эсрэгээр бүтэлгүйтлийнхээ шалтгааныг зөвхөн нийгмийн үзэгдэл, тогтолцоонд тохон, шалтаг тоочиж хойш суу гэсэнгүй. Гол нь “Өөдөө тэмүүл” ном нийгмийн үзэгдлийн академик задлан шинжлэл бус хувь хүний алдаа оноотой амьд халуун түүх тул уншихад тун сонирхолтой байв. Ажил хэрэгч мундаг эмэгтэйн амжилтанд хүрсэн ялгуун түүхээс илүүтэй номноос цуурайтан түгэх нээлттэй, үнэн дуу хоолой л мянга мянган уншигч уг номыг талархан хүлээн авах шалтаг болсон биз ээ.
Ном гэдэг хүний оюун санааг багцлан түгээх хүн төрөлхтний гайхамшигт ололт билээ. Тэр л ололтоос хувь хүртэн мэдлэг, ухаанаа тэлнэ гэдэг азтай хэрэг. Өмнө дурдсанчлан зохиогчийн нээлттэй, үнэн дуу хоолой эгээ л түүнтэй кофены ширээний ард суугаад дотночлон ярилцаж байх шиг сэтгэгдэл төрүүлнэ. Магад бид Фэйсбүүкийн үйл ажиллагаа эрхэлсэн захиралтай амьдралдаа нүүр тулан хэзээ ч уулзахгүй байж мэдэх ч номоор нь дамжуулан түүний туршлага, ололт, алдаа оноог таньж мэдэх, хувь амьдралдаа тусгах, ашиглах боломжтой болж буй нь номын гайхамшигт чанар юм. Тиймээс энэхүү боломжийг олгосон номын орчуулагч, эрхлэн гаргагчдад гүнээ талархал илэрхийлье. Зохиогчийн хэлснээр хэзээ нэгэн цагт ялгаварлал гэх үг утгаа алдах, ийм ном бичих тухай хэний ч ой тойнд орохооргүй болох тийм цаг ирнэ гэж найдаж байна. Энэ цаг үеийг бүтээлцэж буй, ирээдүйг бүтээх залуу үе маань оюунлаг, ухаалаг байх нь тийм цагийг ойртуулах хамгийн том хувь нэмэр хэмээн итгэнэм.
Ж.Тэгшзаяа
Сэтгэгдэл бичих (5)


С Сувд 2018.06.11 203.91.119.86
Маш гоё тайлбар бичсэн болохоор бүр уншмаар санагдчихлаа, гэхдээ л нэрнээс нь хараад л энэ номыг хүсч байна ккк. Номын "шүүмж" гэдэг ер нь ямар утгатай вэ? Сул тал байх ёстой юу, номын агуулга дахь аливааг шүүмжилсэн агуулгыг тодотгож өгөх ёстой юу, эсвэл номын тайлбар, зүүлт нь юмуу?
N Nandia 2017.02.10 202.9.41.65
Nomiin shuumj zaaval yamar neg dutagdaltai taliig olj dugneh shaardlagagui gej bodoj bna. Sn shuumj bolson bn
Ш Шинээ 2016.09.24 175.223.34.17
Энийг шүүмж гэхээс илүү ерөнхий утга санаа гэвэл болох бх шүүмж бол энэ номын дутагдалтай талыг илрүүлж дүгнлт өгөхийг хэлнэ
O OB 2016.01.11
"Хэзээ нэгэн цагт ялгаварлал гэх үг утгаа алдах, ийм ном бичих тухай хэний ч ой тойнд орохооргүй болох тийм цаг ирнэ гэж найдаж байна" гэсэн үг үнэхээр таалагдлаа.
У Уншигч 2016.01.09
Энэ шүүмж яасан сайхан баялаг монгол хэлээр бичигдээ вэ, Тагтаа хэвлэлийн газрын номоо ингэж сайхан монголчилж орчуулдаг юм бол алгалсалгүй унших ёстой юм байна.