Өнөөдрийн зочин бол монголчуудыг анх интернэтэд холбосон эрхэм. 90-ээд оны дунд үеэс тэрбээр интернэтийн компаниудыг байгуулан, маш амжилттай удирдан өнөөг хүрсэн. Энэ хугацаанд бас улс төрд идэвхийлж, УИХ-д сууж байсныг бид мэднэ. Датакомын Энхбат, Форумын Энхбат, Ногоон намын Энхбат хэмээн янз янзаар дуудагддаг түүнийг өдгөө “нээлттэй мэдлэг” хэмээх энэ ойлголтоос салгаж харахад хэцүү болжээ. Энхбат гуай интернэт гэдэг шинэ зүйлийг монголчуудтай танилцуулсан шигээ Монголын боловсролын салбарт шинэ санаа, шинэ төслүүдийг хэрэгжүүлж, хамгийн чухал энэ салбарыг өөрчлөн шинэчлэхээр зориг шулуудан ажиллаж байна. Уншигч танд түүний тун сонирхолтой ажлын арга барилаас суралцах зүйл олон байгаа гэдэгт бид үл эргэлзэнэ.
Байршил: Улаанбаатар
Одоо хийж буй ажил, албан тушаал: Нээлттэй мэдлэг боловсролын сангийн ТУЗ-ийн дарга
Таны ажиллах арга барилыг цөөн үгээр тодорхойлбол: Онлайн, мобайл горим
Хэрэглэдэг гар утас: НTC 1 (Авсаархныг нь бодож ийм гар утастай болсон)
Хэрэглэдэг компьютер: 29 инчийн HP All-in-one. (Гол ажлаа гэртээ үүн дээр явуулдаг.)
Хэрэглэдэг таблет: Samsung-ийн 12 инчийн Андройд таблет, bluetooth гарын (keyboard) хамт ашигладаг. (iPad нэлээд ашигладаг байсан ч bluetooth гар нь “ө, ү” үсэг авдаггүй дутагдалтай. Мөн Датаком Google-ийн бүтээгдэхүүн, үйлчилгээг борлуулдаг партнер, ажилдаа ашигладаг учир Андройд таблет илүү тохиромжтой. iPad-ийг хөгжим, зарим нэг апп гэх мэт чөлөөт цаг, энгийн хэрэглээндээ ашиглана.)
Сошиал медиа хаягууд: Enkhbat Dangaasuren (твиттер), Дангаасүрэнгийн Энхбат (фэйсбүүк)

Swiss coffee shop
Таны ажлын хамгийн онцлох арга барил?
Би 2014 оны эхэнд оффисоо чөлөөлж 100% онлайн, мобайл ажлын горимд орсон. Өөрөөр хэлбэл ажлаа гэрээсээ хийж, суудаг албан оффисгүй болсон. Манайх Гачууртаас цааш, хотоос 30 км зайд байдаг юм. Өглөө 6 цагт босоод бясалгах, сунгалт хийх, цай унд гэх мэт өөрийн бэлтгэлээ хийгээд 8-11 цагийн хооронд яг бичиг цаасан дээр сууж, гол зүйлдээ төвлөрөн ажилладаг. Тэгээд имэйлээ 11 цагаас хойш шалгаж, үдээс хойших ажлаа зохицуулна даа.
Хот руу мягмар, пүрэв гарагт үдээс хойш орж ирж, хүмүүстэй уулзана. Даваа гарагт хүмүүс завгүй байдаг учраас, баасанд машин гардаггүй учраас хот руу орж ирдэггүй. Лхагва гарагт хэрэгтэй бол орж ирнэ. 3-4 төсөл зэрэг явж байгаа учраас уулзалт хийх хэрэг их гарна. Ер нь монголчуудын нэг онцлог бол заавал уулзаж хуралдах гэдэг. Өнөө цагт хуучинсаг л зуршил байгаа юм. Интернэт, утас байхад хэр баргийн ажилд заавал нүүр тулж хуралдаад байх шаардлагагүй. Видео чаат, конференц хийхэд замын түгжрэлд орохгүй, дээр нь хамаагүй зардал багатай. Ер нь онлайн ажлын горимоор ажиллахад бүтээмж лав 3 дахин нэмэгдэнэ. Би төслийнхөнтэйгээ онлайнаар байнгын холбоотой байж, имэйл зэрэгт дунджаар цагийн дотор л хариу өгчихдөг юм. Гэхдээ ажил ажлын онцлог өөр байх нь мэдээж.
За тэгээд жилдээ 2-3 удаа 30 хүртэл хоногоор гадаад явдаг. Хэд хоногийн дараа би явах гэж байна. Иймэрхүү онлайн ажлын арга барил Монголд шинэ юм шиг харагдавч хөгжингүй орнуудад хэдийнээ элбэг болсон үзэгдэл. Гадаадын зарим танил, найз нөхөд маань байнга л энд тэнд аялж ажлаа хийсээр явдаг.
Та хамгийн их ашигладаг, ашиглах дуртай програм, аппликэйшнүүдээсээ нэрлэнэ үү?
Манай компани, төслүүд бүх ажлаа Google-ийн орчинд явуулдаг. Төслөө Trello дээр зангиддаг. Trello нэгт их энгийн, хоёрт багийн ажлын зургийг томоор харуулдаг учраас их амар. Ажил бол багийн тоглолт. Тиймээс бүгд нэгнийхээ юу хийж байгааг харж байх ёстой. 11 хөлбөмбөгчин бие биеэ харж тоглодог шиг. Треллог хальт хараад л ажил хэр явааг дүгнэж болдог.
Сүүлийн үед Appear.in гэдэг видео конференцийг ашигладаг болсон. Урьд нь Google Hangouts ашигладаг байсан ч Gmail-гүй хүмүүстэй ажиллах шаардлагаар Appear.in рүү шилжсэн. “Энхбат” гэдэг нэртэй, видео өрөөгөө үүсгэчихдэг юм. Хүмүүс надтай холбогдохын тулд миний “хаалгыг” тогшино. Log in хийж орно энэ тэр гэсэн түвэгтэй юм одоо байхгүй. Хүсвэл хүн урина. Нэгэн зэрэг 8 хүн ярилцаж болдог. Тэгээд Треллогийн бүх самбаруудтай Appear.in холбоотой. Гэрийн компьютер маань байнга Appear.in-тэй холбоотой байдаг. Ажлынхан маань намайг компьютерийнхаа ард байгааг хараад л мэдэж болно, шаардлагатай бол холбогдоно.
Slack-ийг мөн байнга ашиглана. Энэ апп дээр ажлын сэдвүүдээр чаат явж байхаас гадна Трелло самбарууд дээр гарч байгаа бүх хөдөлгөөнийг мэдээлж байдаг. Slack маань компани, төслийн Google Docs болон хүн болгоны Dropbox дисктэй (shared дисктэй) холбоотой байдаг. Тийм болохоор ажлын ямар ч файл, баримтад өөрчлөлт хийгдэхэд надад, мөн бүгдэд харагдаж байдаг. Ер нь имэйлээр харьцахаас Slack-аараа чаатлаад, Trello-доо тэмдэглээд, Appear.in-ээрээ уулзаад явчих нь их амар даа.
Та ажлын өрөө, ажлын орчноо дүрсэлнэ үү?
Оффисгүй ажлын хэв маягтай болохоор би мягмар, пүрэвт үдээс хойш хот орж ирээд уулзах хүмүүстээ арай ойр байршилтай кофе шопийг голдуу сонгож “оффис” хийдэг юм. Харин албан уулзалтад төслийнхээ, эсвэл компанийнхаа уулзалтын өрөөг ашиглачихдаг.


Цаг хэмнэх хамгийн сайн арга тань юу вэ?
Цаг хэмнэх хамгийн сайн арга бол тухайн цагтаа нэг л ажилд төвлөрөх. Өдөр бүр хамгийн чухал ажилдаа тасралтгүй, анхаарал сарниулахгүй 90 минут гаргах хэрэгтэй. Өдөр бүр ингэж чадвал өдрийнхөө гол ажлаа хийчихнэ гэсэн үг. Ерөөсөө миний нэг зарчим бол олон юмыг зэрэг хийхгүй байхыг хичээх. Бужигнаад эхлэхээр завгүй мэт болж өөрийгөө хуурч, бүтээмж эрс багасдагийг бид өөрсдөө мэддэггүй. Би өмнө нь бас олон зүйл зэрэг хийгээд улам завгүй болж, улам үр дүн багатай болж байгаагаа анзаардаггүй байсан. Тэгээд амжилттай яваа хүмүүсийг анзаараад нэг зүйлийг ойлгосон. Тэд нэг зүйл дээр төвлөрч, тэрийгээ сайн хийдэг. Орчин үеийн мэдээллийн технологийг хүмүүс multitasking буюу олон юмыг зэрэг хийх боломж олгож байна гэж ойлгодог. Энэ бол буруу зам. Мэдээллийн технологи ажлын цар хүрээ, бүтээмжийг нэмж байгаа болохоос таны тархийг, таныг өөрийг чинь олон болгоогүй, өдрийн цагийг уртасгаагүй.
Бидний сайн мэдэх Стив Жобс өглөө эрт суудаг байсан гэдэг. Тэгж төвлөрч байж л хүмүүс юманд хүрдэг. Миний хувьд ингэснээр долоо хоногт өмнөхөөсөө 2 дахин олон хүнтэй уулзаж амждаг болсон. Одоо би зөвхөн уулзалт хийдэг, тогтсон өдөр, цагтай учир илүү сайн төлөвлөж, амжуулдаг болсон гэх үү дээ. Мөн би өмнөхөөсөө 2-3 дахин их уншиж, бичиж байгаа байх.
Хүмүүсийг анзаарахад, өглөө ажилдаа ирээд имэйл, фэйсбүүкээ шалгаж, орж гарч буй хүмүүстэй ярьж хөөрсөөр байтал үдээс өмнөх цаг нь урсчихдаг. Үдээс хойш ядарчихдаг. Тиймээс хамгийн гол ажлаа үдээс өмнө төвлөрч хий. Тэр цагтаа хамгийн чухал нэг ажлаа л хийдэг байхад болно. Залуучуудад зөвлөгөө өгөхөд, гол ажилдаа тасралтгүй 90 минут төвлөрөөд үзээрэй, хөдөлмөрийн бүтээмж чинь 3 дахин нэмэгдэнэ. Өглөө имэйлээ битгий шалга, утсаа авах хэрэггүй. Фэйсбүүк бол бүр дэмий. Бүх гол ажлаа үдээс өмнө амжуул. Тэгвэл чамд чөлөөт цаг илүү их гарна.
Ер нь шинэ ажил, шинэ санааг л нүүр тулж уулзаж яривал зүгээр байдаг. Тогтсон ажлыг бол утсаар юм уу онлайнаар ярьчихаж болно шүү дээ. Миний хувьд олон жил олон оффист суусан болохоор хуучин, шинэ аргын ялгааг сайн мэдэрч байна. Ажлын арга барилаа сайн тооцож чадвал онлайн ажиллах нь олон хүнд бүрэн боломжтой арга барил. Оюуны ажилтай хүн их бүтээмжтэй болно. Өнөөдөр манай ажилтнууд ажлаа хэнээр ч хянуулахгүйгээр хийдэг. Жишээ нь Датаком дээр би сард нэг л очдог юм. Сүүлийн 40-өөд хоног би очоогүй л явж байх жишээтэй. Харин төсөл дээрээ гол цагаа гаргадаг.
Та хийх ажлын жагсаалтаа юун дээр, яаж хөтөлдөг вэ?
ToDoist, Evernote хоёрыг их ашиглана. Хоёуланг нь Трелло-тойгоо холбосон. Todoist дээр голдуу өдөр тутмын хувийн чанартай ажлын жагсаалтаа хөтөлдөг. Ирсэн имэйлүүд, холбогдох гар утасны смс-үүдээ хийх ажилтайгаа холбоод тэмдэглэчихдэг. Evernote бол гар утас, таблет, ширээний компьютерийн алинаас нь ч ажилладаг тэмдэглэлийн дэвтэр шүү дээ. Түүндээ бүх зүйлсээ тэмдэглэнэ дээ. Энэ хоёр бол миний хувийн буюу персонал туслахууд. Багийн албан ажлын жагсаалт, баримт бичгүүд бол дээр хэлсэнчлэн Trello, Google Docs дээр явдаг.

Та ямар зүйлсийг хийхдээ гаргууд вэ?
Юмыг томоор, системчилж харахдаа илүү дөртэй юм байна гэж өөрийгөө дүгнэдэг. Ер нь миний мэргэжил юм даа. Би системийн судлалаар Орост эрдмийн ажил хийж, зэрэг хамгаалж, тэнд таван жил ажилласан. Социализмын үед статистик, судалгаа, төлөвлөлтийн байгууллагуудад цэргээс нь дарга хүртэл хийж бодит ажил дээр дөр суусан гэх үү дээ. Ардчилсан засагт ч нэлээд ажилласан. Хөгжлийн зорилтот төслүүдийн стратеги төлөвлөлт, математик загварчлал, оптимал шийдэл олох хүн-машины буюу программын систем гээд их судалж ажилладаг байлаа. Сүүлд нь интернэт, сансрын холбоо, программ хангамж гээд явсан даа. Найз нөхөд, хамтрагчид маань намайг комплекс асуудал, шинэ санаатай ажиллахдаа овоо гэж хэлдэг юм (инээв). Өдөр тутмын менежментийн ажилд түүнээсээ сул талдаа. Ийм ажлаа сайн менежер, залуучуудад даатгах дуртай. Өөрөө таван компани байгуулж, ажиллуулж үзсэн учир олон алдаа хийж үзсэн, тэгээд юунд өөрөө төвлөрөх, юуг өөрөө хийхгүй байвал дээр гэдгээ гадарладаг болсон.
Хийж байгаа ажлуудын тань онцлог нь юу вэ? Эерэг сайн ба хэцүү бэрхшээлтэй талууд?
Интернэт дээр шинэ санаачлага хэрэгжүүлж байна. ONE төсөл бол Интернэт ашигласан сургалт буюу бүх нийтийн, насан туршийн нээлттэй боловсролыг Монголд бий болгох тухай. Open Network for Education гэсэн нэрийн товчлол шүү дээ. Бид, жишээ нь, Википедиаг хийсэн шигээр видео хичээл, сурах бичиг, материалыг олон зуун хүн яаж хамтарч хийх вэ гэсэн асуудлууд дээр гадна дотны талуудтай хамтран ажиллаж байна.
Тулгарч буй хэцүү зүйлс гэвэл, монголчууд бид сайн дураараа оролцож, хувь нэмэр оруулж, хамтарч бүтээж сураагүй. Иймэрхүү ажлыг явуулах нь зөвхөн технологийн төдийгүй сэтгэлгээ, соёлын асуудал байдаг юм байна. Мөн эдийн засгийн, ядуугийн зовлон ч их бий. Тийм болохоор их удаан явах бололтой. Энэ ажлыг компьютерийн хүмүүс дангаараа хийж чадахгүй, компьютераас хол, бусад мэргэжлийн хүмүүс ч бас дангаараа хийж чадахгүй. Иймэрхүү төслүүд нь төрөл бүрийн хүмүүсийн өргөн нээлттэй оролцоо, төрийн оролцоо хүртэл шаардагдана. Ер нь санаа бол бүгдээрээ нийлээд, интернэтээр хамтран ажиллаад бүгдэд хэрэгтэй мэдлэгийг бүтээнэ, бүгд ашиглана, бүгд хожно гэсэн үг. Өмнө нь бидэнд ийм ажлын жишээ байгаагүй. Тийм ч учраас долоо хоног бүр олон хүнтэй уулзаж, сонсож, ярьж явдаг. Миний уулзаж буй хүмүүст өнөөдрийг хүртэл миний ярьж буй зүйлс хэрэг болоогүй, эсвэл өөр илүү чухал ажилтай байгаа. Тийм болохоор тэднийг холбохын тулд би оффист шигдэж суулгүй, ажлын ийм арга барил руу шилжсэн гэж болно. Хүмүүстэй уулзах нь миний хамгийн чухал ажил.

Нээлттэй Мэдлэг Боловсролын Сангийн оффист
Та яг одоо юун дээр төвлөрөн ажиллаж байна вэ?
ONE төслийнхөн маань Khan academy-ийн 5 мянган видео хичээлийн эхний мянгыг нь орчуулж байна. Орчуулга ч гэхэд хэцүү дээ, тэдний лицензтэйгээр бараг дууриаж хийж байна. Khan Academy-г сонгосон шалтгаан нь дэлхийд танигдсан, нийтэд ойлгуулж үзүүлэхэд дөхөмтэй төсөл. Мөн ONE төслийнхөн 60 мянган үгтэй монгол хэлний тайлбар толийг вики дээр гаргаснаа олон нийтэд хүргэх ажлыг хийж байна.
Бас краудсорсингийн нэг төсөл эхэлсэн байгаа. Системийн эхний хувилбар 3-р сард гарч туршигдаж эхэлнэ. Ном, сурах бичиг, хэвлэлийн нийтлэл дээр олон хүний хамтын өргөн оролцоог хангах төсөл юм. Бизнесийнхний хувьд ч энэ төсөл сонирхолтой байна байх.
Монголчууд бидний нээлттэй мэдлэгийн төслүүд гадаадын эрдэмтэн мэргэжилтнүүд өргөн оролцоог хангаж байж сайн хөгжинө. Тиймд бас гадагшаа бодох хэрэгтэй. Бид Монголдоо өөрчлөлт, шинэчлэл хийхийн тулд дэлхийд байгаа чадвар, боломжийг ашиглах бололцоог интернэт нээсэн. Дэлхийн боломжийг ашиглахгүй юм бол ер нь англи хэл сурч, гадаад пасспорттой болж, дэлхийн сүлжээнд холбогдохын ашиг тус юу байна? Биднийхтэй төстэй ажлыг дэлхий даяар хийж байна. Бид оролцолгүй явж ирсэн. Одоо монголчууд энэ ажилд оролцож эхэлбэл бүх тал хожно. Жишээ нь, тэдний бичиж буй математикийн нээлттэй сурах бичгийг ашиглая гэвэл тэд баярлана. Түүнийг бичихэд оролцвол бүр баярлана. Ерөөсөө интернэт гэдэг чинь үүний тулд л байгаа зүйл шүү дээ.
Хамтын ажиллагаа, хамтын хөгжил гэдэг энэ соёлд монголчууд бид тун идэвхтэй суралцах хэрэгтэй болж байна. Бид германчууд, япончуудаас байгалийн өгөгдөл, авьяасаар дутахгүй. Бөх барилдах, караокед дуулахдаа дунджаар илүү ч байж магадгүй. Гэвч бид багийн ажлын арга барил шаарддаг, ялангуяа нийлж сэтгэх, ажиллах соёл, технологитой ажил дээр паг суудаг. Ерөөсөө өнөөгийн ертөнцөд боловсролын хамгийн чухал асуудал нь томьёо цээжлүүлэхдээ бус хүүхдийг яаж бүтээлч болгох вэ, яаж төрөл бүрийн хүмүүстэй баг болон ажилладаг болох вэ, яаж шүүмжлэлт сэтгэлгээтэй буюу өөрийн бодолтой, аливаад олон талаас нь бодитой дүгнэлт өгч чаддаг болгох вэ гэдэг асуудал болоод байна. Өөрөөр хэлбэл Collaborative, Creative, Critical thinking гэсэн гурван чухал ойлголт яваад байна. Энэ бол ерөөсөө боловсрол, сургалтын ч асуудал бус 21-р зууны бидний амьдрах шинэ соёл юм.

Та ажиллаж байх үедээ хөгжим сонсдог уу? Ямар төрлийн хөгжимд дуртай вэ?
Яг ажиллах үедээ сонсдоггүй. Бусад үед бол New Age төрлийн голдуу төгөлдөр хуурын концерт, оркестр, тайван хөгжим сонсоно. Төгөлдөр хуурч Kevin Kern, Tob Barabas-ийн хөгжимд дуртай. Хэдэн жил болоход огт анзааралгүйгээр зуу зуун дуу, хөгжимтэй альбом, сантай болчихсон байдаг юм байна лээ.
Та яг одоо ямар ном/нийтлэл уншиж байна?
Өнөө өглөө гэхэд онлайн сургалтын платформуудыг бүтээж ирсэн хүмүүсийн хэлэлцүүлгийг уншсан. Хүн ер нь яаж сурдаг вэ, орчин үеийн технологи түүнийг нь чухам яаж эрчимжүүлдэг вэ гэсэн сэдвээр. Тэгээд дэлхийн тэргүүлэх том сургуулиудаас гаргасан зөвлөмж, 2015 оны трендүүдийн дүгнэлтийг сүүлийн 7 хоногт харж сууна.
Ер нь ном бол байнга уншина. Сүүлийн хэд хоногт Гай Кавасакигийн Startup 2.0 гэдэг номыг харж сууна. Би Монголын компаниудад зориулсан видео сан байгуулах санал ярьж яваа юм. Энтрепренер академи нэртэй онлайн сургалтын төслийн тухай л даа. Санаа нь оролцсон 50 компани бүр сургалтын нэг видеог спонсорлож, хариуд нь 49 видеог нь бэлгэнд авах. Хамтарч бүтээх, ашиглах санаачилга. Тэгээд төслийнхөө сургалтын сэдвүүдийг гаргах зорилгоор энтрепренерийн талаар өмнө уншсан, таалагдаж байсан номуудаа эргэн үзэж байгаа юм. Энэ ажлыг сайн баг бүрдүүлж байж хийх ч санааг нь одоо гаргах хэрэгтэй болсон. Хамгийн сүүлд уншсан ном гэвэл, шинэ жилээр Даниел Канеманы Thinking fast and Slow гэдэг номыг уншсан. Их таалагдсан шүү.
Сонирхуулж хэлэхэд, би телевиз огт үздэггүй, сонин огт уншдаггүй. Манай гэрт интернэтийн кино сувгууд л байдаг. Хааяа интернэтээс гол мэдээгээ харчихна. Сонинд бичигдээд, телевизээр гараад байгаа олон хүнтэй, бас Монголд юу болоод байгаа ойр мэддэг хүмүүстэй уулзчихдаг болохоор телевиз, сонины хэрэг юу байна? (инээв). Нэтээс уншдаг эх үүсвэрүүдээ голдуу Feedly дээр суваг үүсгэж бүртгээд хадгалчихдаг. Гадаад, дотоодын блогеруудыг тогтмол хардаг. Ер нь монголын хэвлэл мэдээлэл их сонин, өвөрмөц л дөө. 10 хувь нь л анхны эх сурвалж байдаг байх. 90 хувь нь дам, хоёрдогч эх сурвалж. Тиймд давхардал ихтэй.
Өнөө үед мэдээллийг шүүж унших чадвар, тэр боломжийг олгосон технологийн сайн мэддэг болох хэрэгтэй. Миний анзаарснаар монголчууд интернэтээс юм уншихдаа сонин уншдаг аргаараа уншаад байдаг. Тэгж уншвал барахгүй, хэрэгтэй зүйлээ ч олохгүй. Стресст орно. Интернэт дээр байгаа мэдээлэл улам их, улам дийлдэхгүй болсоор байна. Тэр бүх мэдээллийг ялгадаг, ангилдаг, хайдаг, олдог сайн технологи хэрэгсэл олон бий. Тэднийг ашиглавал амьдралыг тун хөнгөвчилдөг.

Та илүү нээлттэй хүн үү, эсвэл илүү дотогшоо хүн үү? Энэ нь таны ажилд яаж нөлөөлдөг вэ?
Нээлттэй хүн. Ажил, амьдралд маань их сайнаар нөлөөлдөг гэж боддог шүү. 20 гаруй жил интернэттэй холбогдсон ажил хийхээр угаасаа нээлттэй болгочихдог юм байна. Нээлттэй байж л ажиллана.
Та хэдээс хэдэн цагийн хооронд унтдаг вэ?
Өглөө 6 цагт босоод орой 11 цаг гэхэд унтахыг хичээдэг ч биелүүлж чаддаггүй нь бас олон л доо.
Таны ажиллаагүй үед чинь хаанаас олж болох вэ?
Зун бол гольф тоглодог. Хөдөө гадаа явна, зураг авна. Өвөл бол манай Гачууртын тийшээ сайхан. Ер нь тэндээ байх дуртай.
Та хэн юунаас урам зориг, эрч хүч авдаг вэ?
Бага залуу байхдаа мундаг хүмүүсийн үлгэр дууриалыг их сонирхон уншдаг байсан. Одоо бол ертөнцийг арай өөрөөр хардаг болсон. Урам зориг, эрч хүч буюу inspiration гэдэг зүйл хүнд үргэлж өөрт нь байж байдаг, харин түүнийгээ бид сэрээх аргаа мэддэггүй гэдгийг мэддэг болсон. Өмнө нь би сэтгэл санаа бэлэн болоогүй бол, онгод ороогүй бол эрчтэй ажилладаггүй гэж боддог байлаа. Харин жинхэнэ мэргэжлийн (professional) хүн сэтгэл санааны байдал, онгод, inspiration-аасаа үл хамаарч ажиллах, бүтээх өндөр чадвартай байдгийг хожим ойлгосон. Нэрт зохиолч, гаргасан ном бүр нь алдаршдаг Стэфэн Кинг “Хэрхэн бичих вэ?” (On writing) номондоо, сонирхогч ба мэргэжлийн хүн хоёрт ганц л ялгаа бий, сонирхогч онгод орохыг хүлээдэг байхад мэргэжлийн хүн ямар ч үед суугаад л бичиж эхэлдэг гэж хэлсэн байдаг.
Тиймээс онгод чинь орсон ч бай, ороогүй ч бай өглөө босоод л хийх ёстой ажлаа хий. Урьд шөнө нь шоудаад өглөө нь шартаж үхмээр байсан ч босоод хийх ёстой ажлаа чадах хэмжээгээрээ эргэлзэлгүй хий. Inspiration гэдэг зүйлийг бүү хүлээ, өөрөө ирнэ. Төвлөрч чадвал урам зориг ургаж эхэлдэг гэдэгт би итгэдэг.
Анзаараад харвал хүмүүсийн 99 хувь нь нөгөө 1 хувиасаа урам зориг авдаг байлаа гэхэд тэр 1 хувь нь урам зориг, онгод ирэхийг хүлээдэггүй, хийх ёстойгоо л босоод хийдэг хүмүүс байдаг. Мэргэжлийн фото зурагчдыг хараарай. Би жишээ нь гоё зураг авахын тулд тэнгэр хангай сайхан болж, нар гарахыг хүлээсээр суухад тэд ямар ч цаг агаартай байсан гадаа гарч, ямар ч үед, ямар ч газар сайхан зураг дардаг. Тэднийг өрөөндөө сууж бай гэсэн ч тэд урдаа байгаа аягыг хүртэл өөрөөр олж харж авах болно. Тэд зураг аваад эхлэхээрээ л улам урам зоригтой болдгоо мэддэг. Түүнийг хүлээдэггүй.

Таны амьдралдаа авч байсан хамгийн сайн зөвлөгөө?
Надад Оросын нэгэн том эрдэмтний шавь болох аз таарсан юм. Нэгэн удаа тэр багшийн маань 60 насны ой тохиож, зочид гийчид урьсан томоохон арга хэмжээ гэрт нь болсон юм. Тэгээд шавь нар нь хүмүүст үйлчлэв. Арга хэмжээ дуусахад би ганцаараа үлдэж таарсан байсан. Тэгээд багш маань хамгийн сүүлийн зочноо гаргаж өгчихөөд агаарт надтай хэсэг ярьж суув аа. Үргэлж завгүй байдаг хүн 60 насныхаа ойг тэмдэглэн, сэтгэл санаа нь сайхан уужраад байх тэр үед би хамгийн их зовдог зүйлээ асуув. “Та дэлхийд нэртэй том эрдэмтэн. Би таныг дууриагаад тоо бодоод бодоод эцэст нь ямар ч нээлт хийхгүй, амжилт гаргахгүй бол яах вэ?” гээд хэлээд тавьчихлаа. Сонголтгүй болоод нэг муухан тооны багш болохоос эмээдэг байсан хэрэг.
Тэгсэн багш маань хэлж байна: “Энхбат аа, асуудал том амжилт, алдар нэрэндээ биш ээ. Чи хэзээ нэгтээ над шиг 60 насны ойгоо тэмдэглэж сууж байх үедээ өөрөөсөө ‘Би өөрийн хүссэн замаараа явсан уу, хүссэн зүйлээ үзээд алдсан уу?’ гэж асуух байх. Хэрвээ чи хүссэнээрээ яваагүй бол тэр үед харамсана. Харин хийе гэснээ үзээд алдсан бол чи алдсан байлаа ч өөрийн амьдралдаа сэтгэл хангалуун байна. Би бол хүйтэн дайны үед амьдарч, цэрэг дайны том ажилд оролцож амжилт олсон хүн. Харин өнөө цагт магадгүй хэзээ ч дайн болохгүй, чи над шиг явах албагүй байх. Чи зөвхөн өөрийнхөөрөө, хожим юунд ч харамсахгүйгээр л яв. Бусдад, тэр байтугай хамгийн ойр дотныхондоо ч гэсэн илүү таалагдах гэж өөрийнхөө хүслийг бүү өөрчил. Амжилт, үр дүн, алдаа оноо бол амьдрал биш, зүгээр л амьдралд тааралдах зүйлс. Чамаас огт хамаарахгүй зүйлс хорвоод дэндүү их. Түүнд бүү санаа зов. Өөрийнхөө хийхийг л хий. Тэгвэл чи жаргалтай хүн. Хамгийн амжилттай хүн.”
Багшийн минь энэ зөвлөгөө миний амьдралд эерэг сайхнаар нөлөөлсөн дөө. Будда багшийн сургаал хожим уншиж байхад ч яг л ийм зүйлийг сургасан байдаг. Үр дүнд битгий санаа зов, хийх юмаа л хий гэж сургадаг. Зэн сургаалд ногоогоо тарь, арчил. Харин ургах эсэх нь чамаас гадна Бурханаас хамаарна, тиймд Бурханы өмнөөс бүү санаа зов гэдэг. Зүгээр л хийх ёстой юмаа зүрх сэтгэлээ зориулж хийж бай гэдгийг тэр үед сонссон маань үргэлж хэрэг болж явдаг.
Та энэхүү булангийн дараа дараагийн дугаарт хэнийг оруулж, ажлын арга барилтай нь танилцмаар байна?
Де Факто Жаргалсайханыг оруулбал залууст сонирхолтой байна байх. Жагаагаас надаас өөр шинэ зүйлсийг мэдэж авна, тэр өөрийн арга барилтай хүн.
Гэрэл зургийг Д.Ганзул
Lifehacker сайтаас санаа аван эхлүүлсэн “Би хэрхэн ажилладаг вэ?” булангаараа бид лхагва гараг бүр амжилттай яваа, бүтээлч хүмүүсийн ажиллах арга барил, дадал хэвшлийг танилцуулдаг. Та хэн хэний ажлын арга барилтай танилцмаар байгаагаа editor@unread.today рүү бичээрэй.
Сэтгэгдэл бичих (75)


Л Лхаасүрэн 2025.12.20 59.153.114.87
Үнэхээр үг бүр нь үнэ цэнэтэй үр өгөөжтэй ярилцлагыг олон жилийн дараа ахин шимтэн уншиж буйдаа талархаж байна. Бүх монголчууддаа эрч, хүч, эрдэм мэдлэг, шинэ санаачлага, ёс зүй, шударга ёс, бүтээлч сэтгэлгээ ер сайн сайхан бүхнийг чин сэтгэлээсээ хүсэе. Монголчууд дэлхийтэй хөл нийлүүлэн, хөгжлийг түчээлээн амьдарцгаая. Амжилт Монголчуудаа
А Анхбаяр 2021.05.24 66.181.165.27
Сонгуулийн ажилд нь амжилт хүсье. Энхбат гуайг дэмжиж байгаа шүү. Ийм боловсролтой, ухаалаг, оюунлаг хүнийг ерөнхийлөгчөөрөө сонгох юм бол энэ улсад амьдрахад ч таатай юм.
J Jamsran 2021.05.10 136.55.165.74
Saihan yariltslaga boljee. Zaluus ih unshaasaa, mun udahgui boloh songuulit ajild ni amjilt husey. Manai salbariin iim medleg bolowsroltoi hun Erunhiilugch bolwol uls maani jigdreh zamandaa arai hurdan orno gej bodoj bn.
t tserenpil odgerel 2021.05.08 59.153.115.71
Сайхан санаа өгж улам их урам өглөө. Би энэ утсан дээр байгаа апп- уудыг сайн ашиглаж чаддаггүй( өөрөөсөө бүр ичлээ) нэрлэгдсэн апп- уудыг танилцуулаад өгвөл их баяртай байна.
Л Лхагвасүрэн 2021.05.08 103.57.92.106
Сайн байна уу. Энхбатыг Соросын сангийн зөвлөх байх үед нь таньдаг болсон. Хүндэлж бичсэн зүйлсийг нь анхааралтай уншиж байдаг. /following./ Маш их баярлалаа. Цаашид олон чадварлаг,эрдэмлэг хүмүүсийн хэрхэн ажилладаг туршлагуудыг,зөвлөмжүүдийг уншиж тэднээс суралцах таатай байна.
Г Ганчөдөр 2021.05.07 202.126.90.138
Сайхан ярилцлага байна. 1. Нэг л ажлаа барьж аваад хий! 2. Хийж байж л амжилт ирнэ. Гэсэн сургамжыг авлаа. Ерөнхийлөгч болвол юутай сайн бэ.
О Отгонбаяр 2021.05.07 166.181.83.46
Танд чин сэтгэлээсээ ажлын өндөр амжилт хүсч хийж бүтээх бүх зүйлдээ хүрээрэй гэж ерөөе! Түүхэнд нэрээ үлдээх үйлс хийж авлигаггүй улс орон болгоорой! Ерөнхийлөгч болох үйлс тань сүүн мөр дагаж дээшээ дээшээ байх болноо.????????????????????????
З Зочин 2021.05.07 120.18.142.188
За тэгээд номын үгээр хэт явах бус зоригтой эрс шинэчилсэн шийдвэрүүд гаргах хэрэгтэй өнгөрсөн 4 жилийн мануухай шиг байж болохгүй элбэгдорж шиг бүүр байж болохгүй.
Д Дэмжигч 2021.05.07 59.153.85.83
Үнэхээр бидэнд энэ цаг үед хэрэгтэй оюун санааны удирдагч, 7 жилийн өмнө online р бүх ажлаа хийж байж, цаг үеэ түрүүлж харж бна. Монголчуудын заяа мэдэх болтугай
З Зочин 2021.05.04 188.170.73.107
Ерөнхийлөгчид нэр дэвшсэн тул эргэн уншив. Бүр тэр үед онлайнаар ажилладаг байсан гэхээр мундаг юм аа.
w warehouse leopard print button neck top 2019.07.09 120.43.8.246
next grandad neckline linen blend shirt onlinebrave soul bell sleeve blouse with ruffle detail in blackkith x off white collection 2 streetweardabbing zombie t shirt halloween warehouse leopard print button neck top
З Зочин 2018.10.03 202.21.112.37
Таны ярилцлага үнэхээр их таалагдлаа, баярлалаа. Амжилт гаргасан хүмүүс өөрийн хийх ёстой зүйлээ хэнээр ч хэлүүлэлгүй хийсэн байдагт, олон ч мундаг том захирлуудаасаа энэ үгийг бас сонсож байлаа.
з зочин 2017.02.05 202.9.40.31
та төрд хэргтэй хүн шүү би таныг ямарч байсан авлгал авах хүн гэж бодохгүй байна та сайн хүн гэдгыг мэднэ та ягаад сонгуулд өрсөлдөхгүй байгаа юм бэ
Э Энхмаа 2016.11.10 124.158.107.17
"Чи зөвхөн өөрийнхөөрөө, хожим юунд ч харамсахгүйгээр л яв. Бусдад, тэр байтугай хамгийн ойр дотныхондоо ч гэсэн илүү таалагдах гэж өөрийнхөө хүслийг бүү өөрчил. Амжилт, үр дүн, алдаа оноо бол амьдрал биш, зүгээр л амьдралд тааралдах зүйлс. Чамаас огт хамаарахгүй зүйлс хорвоод дэндүү их. Түүнд бүү санаа зов. Өөрийнхөө хийхийг л хий. Тэгвэл чи жаргалтай хүн. Хамгийн амжилттай хүн." Энэ л надад хэрэгтэй байлаа. Сайхан ярилцлага болж. Маш их баярлалаа.
S Shijirtuya 2016.08.06 150.129.143.155
Enhbat erhmyg mash hundelj hairlaj yvdag. Uram zorig avah gej yriltslguudyg ni bainga unshdg. Unshih burt l shine zuil oilgodg. Odogor tuuny zovlosonoor ogloog ert, focustai ehluulehyg heregjuuled ur dungee ugch bgaa.
S Smithe814 2016.07.08 148.251.92.48
omg! cant picture how quick time pass, after August, ber months time already and Setempber may be the 1st Christmas season in my location, I genuinely really like it! ekkegdddfcdcfbda
U Ulambayar 2016.05.16 103.212.119.72
Tand amjilt husye. Sain saihan buhniig husye. Olon zaluust ulger duurialal bolj bgaa hun dee. Gaihamshig saihan hun.
З Золотая. 2016.04.23
Баярлалаа. Урам өгсөн, өөрийгөө сорьж ажиллаж үзмээр, илүү ихийг уншмаар мэдмээр санагдлаа. Амжилт хүсье.
Н Нармандах 2016.04.10
Унэхээр сонирхолтой, огоожтэй, сайхан ярилцлага байна. Хэрэглэдэг арга, аппликейшин, программуудыг нь хэрэглэж сурах гээд узнээ. Танай ярилцлагуудыг шимтэн уншдаг, хулээдэг болоод байна. Улам их амжилт хусье. Энхбатад эруул энх, хамгийн сайн сайхан бухнийг хусье. Тань шиг хумуусийн ярилцлагыг уншихаар урам зориг авч, ажлаа улам сайн хиймээр болдог.
Б Булгаа 2016.03.17
"Тулгарч буй хэцүү зүйлс гэвэл, монголчууд бид сайн дураараа оролцож, хувь нэмэр оруулж, хамтарч бүтээж сураагүй" гэдэгтэй санал нийлэхгүй байна. Манай өвөг дээдэс, өвөө эмээ нар нэг айл нүүхэд, хонио хяргахад, унагаа тамгалахад хот айлаараа хамтарч сайн дураараа ирж хамтран хийдэг уламжлалтай, тийм соёлтой улс шүү. Орчин үед л өөрчлөгдөөд байгаа.
Ж Жамбалдагва 2016.01.27
Их сайхан ярилцлага нийтлэл болжээ. Маш олон санаа сайн сайхан зүйлс олж харлаа. Баярлалаа та бүхэнд.
Ж Жаргалсайхан 2016.01.22
Уншаад харамсахгүй сайхан нийтлэл болсон байна. Хэдий нэмсэн ч өөрийгөө орхихгүй орчин үе цагтаа нийцэж дасаж өөрийгөө өөрчилж чаддаг сайн хүн байна. Мөн танай сайтын ихэнх мэдээ мэдээлэл таалагддаг шүү. Хүнд хэрэгтэй чанартай ойлгомжтой мэдээлэл нийтлэдэг.
Х Хандмаа 2016.01.21
Маш сайхан санагдлаа. ийм сайхан санаа авмаар, өөрийгөө үнэлж дүгнэмээр уншууштай ярилцлага уншилгүй уджээ. Та бүхэнд маш их баярлалаа. Олон залуусыг хүсэл эрмэлзлэлд хөтлөж байгаад...
T Tsogtsaikhan 2016.01.19
Бид оффисийн ажил хийгээд 15 жил болж байна, бичиг цаасаа эмхлэх, өөрсдийн хийсэн файлаа эхм цэгцтэй, бэлэн байдалд байлгах арга барил суух гэж их л хичээдэг гэж бодсон чинь энэ ярилцлагыг уншаад өөрийгөө асар их хоцрогдсоныг мэдлээ. Энхбат эрхмээс суралцах зүйл маш их байна даа, даанч холбогдох, ойр байх боломж тохиохгүй байх доо
K Kana Gana. 2016.01.19
Миний хувьд, цагаа олсон үнэхээр сайхан, час хийсэн ярилцлага уншлаа. Дуртай зүйлээ хийнэ гэдэг аз жаргал, амжилт юм. Та бүхэнд Баярлалаа, Баярлалаа...
З Зочин 2016.01.18
Зарим хүмүүс найз нөхөд өө яриулах гэдэг юм байна. Яг бүтээлч юм хэлэх хүн зүгээр эрдэмтдээс Жирийн сайхан эрдэмтнийг сурвалжил. ШУА- иас Б.Даш-Ёндон, акадэмич Ж.Тэмүжин байж болно. Том эрдэмтэн дэлхийд. Заавал захирал, дарга байх албагүй.
З Зочин 2016.01.18
Ярилцлага уншаад хэрэглэдэг апп этрийг нь хараад овоо залуу сэтгэлгээтэй, шинийг хайдаг хүн байна гэж бодлоо. Гэхдээ ажиллаж байгаа, ажлуулдаг сайт-ууд нь үнэхээр хоцрогдмол юм аа. Бүгд статик юм уу гэмээр байх'ын. Ийм байгаа болохоор магадгүй хүмүүс мэдэдгүй байх. Гэхдээ амжилт. Цааш нь ухаад суугаад байвал 2016 оны трэнд сайтуудаас санаа аваад магадгүй шинийг сэдээд эрдэм мэдлэгээ тараагаарай. АМЖИЛТ
T Tuvshinbaatar Erdene-Ochir 2016.01.17
Yg odoo 25 r suvag tv-eer nevtruuleg garch bn. Onoogiin niigemd mash ih heregtsee shaardlagatai bsan nevtruulegig buteje. Uhaaral, uram zorig, itgel unemshilig idevhijuulsend talarhalaa
Б Б.Баттулга 2016.01.16
Сайхан ярилцлага уншсандаа сэтгэл хангалуун байна. Танай хамт олонд баярлалаа. Дараагийн ярилцлагыг тэсэн ядан хүлээж байна.
М Мөнх-Амгалан 2016.01.15
Их сайхан ярилцлага болжээ. суралцах бас бодох юм агуулсан. Танай сайтын хамт олонд талархлаа илэрхийлье. Амжилт хүсье залуусаа
У Уншигч 2016.01.15
Эерэг хүний үг унших сайхан байна шүү ... Kevin Kern сонсох нь бонус байлаа. Ажил амьралд тань амжилт хүсье!
1 123өбөб 2016.01.15
Үнэхээр миний бодож явдаг, хийхийг хүсдэг зүйлсийг хэрэгжүүлээд явж байгаа мундаг хүн шүү. Хүндэлж байна.
O OB 2016.01.15
Танай сайт гарч ирэхээс өмнө гадаад хүмүүсийн ярилцлага, биографыг уншаад ямар мундаг юм бэ гадныхан гэж хааяа боддог байсан. Харин танай сайт гарч ирсэнээр Монголчууд ч гэсэн ялгаагүй ямар мундаг хүмүүсээр дүүрэн юм бэ гэдгийг мэдэж байна л даа. Бидэнд ерөөсөө танай энэ булан хэрэгтэй байсан юм байна. & Тэр багш бүр үнэхээр сайхан зөвлөгөө өгчээ
Д Дуяа Дуламжав 2016.01.15
Хамт суралцаж бсан найзууд дунд минь ийм л хумуус бдаг учраас тэднээсээ урам зориг ,эрч хуч ,амьдралыг еедрег сайхнаар харах нуд , бух зуйлсээс ертенцийн сайн сайхныг эерэгээр мэдрэх чадвар авч енеедер би энэ зэрэгтэй сайхан явж бгаа гэж боддог. Манай сургуулийнханд дунд маш олон ийм сайхан хумуус бдагт унэхээр аз гэж боддог шуу
A Ariunaa 2016.01.15
Saihan yriltslaga bn bayrlalaa.Ene huniig sn medehgui l de,engiin hernee oilgomjtoi yrij bnaa setgegdel ondor bn odor tutam bodoj tungaaj yvah heregtei gj bodloo. Heregtei hereggui ym unshij yvsanaas havigui deer bolloo.
М Мөнхтулга 2016.01.14
Анх удаа коммент бичиж байна. Уг веб сайтын хэрхэн ажилдаг вэ буланг шимтдэн үздэг би уг ярилцлагыг үзээд сэтгэгдэл бичихгүй байхын аргагүй байлаа, ингэснээрээ юу гэж хэлэх нь мэдээжийн хэрэг байх, миний бодлоор сэтгэгдэл бичээд уг дэлгэцнээс гарах нь сэтгэл ханамжын нэг хэлбэр юмуу даа гэж бодож байна. "Do What You Love , Love What You Do" 11:33pm
З Заяа 2016.01.14
Өөрийхөөрөө энгийн сайхан ярилцлага байна. Өөрөө өөрийгөө ч ойлгохгүй болох үедээ байн байн уншиж байвал урам зориг авахаар юм байна. Хүн гэдэг чинь нэг өглөө босохдоо бөөн хийж бүтээх эрч хүчтэй, нөгөө өглөө босохдоо ямар ч юм хиймээргүй болсон байдаг шүүдээ тэрийг сайхан тэнцүүлэх сэтгэлийн тэнхээ хайрласан яриа байна. Баярлалаа
B Buyan 2016.01.14
Saihan yariltslaga boljee. Suraltsah, avah um ihtei yariltslaga baina. Mundag hunees yer ni yu ch asuusan saihan hariult uguud hund heregtei medeelel tsatsaj baidag daa. Feedly g shuud ashiglaad ehelseen. :)
Б Баттулга 2016.01.14
Сайхан ярилцлага болжээ. Энэ буланг гарахыг хүлээдэг болжээ. Эдгээр хүмүүсийн ярилцлагыг уншхаар өөрийгөө маш ихээр голох, бас яахаа хэсэг бодох юм. БАЯРЛАЛАА Unread...
З Зочин 001 2016.01.14
Ямар сайхан ярилцлага уншив аа. Бүүр нэг их гоё болоод, сэтгэл сэргээд, урам ороод явчлаа. Нүдээ олж сонгосон зочин байна. Баярлалаа!
A Arivjikh 2016.01.14
Gaikhaltai mundag hun shuu. Enkhbat ahaa, tand eruul enk, az jargal sain saikhan buhniig husye. Ehluulsen buhen tani ajil hereg bolj amjilttai heregjih boltugai!
Б Баатар 2016.01.14
Бизнес хийгээд амьдрал нь бидний өдөр тутмын хэмнэлээс тэс өөр хүн юм. Сайхан санаа бас сургамж олон байна. 90 мин-г хэрэгжүүлж эхлээд байтал энд дурдаж байгаад баяртай байна. Эцэст нь уншиж үзээд би залуу хүн гэж өөрийгөө хэлэхээс ичлээ. Баярлалаа!
Б Билгүүн-Найрамдал 2016.01.14
Ер нь бол гараас юм гарч өгдөггүй, цагын менежмент дээрээ байнга сэтгэл дундуур байдаг, давчдаад байгаа үе дээрээ гэх юм уу даа, уншлаа. Зөвхөн аваад хэрэгжүүлчхэе гэсэн санаануудаас гадна, амьдралд нөлөөлөхүйц гүн ухаанлаг яриа болсон байна. Телевизороор нэг л их яриа хийдэг, УИХ сууж байсан хүн гэдэгээс өөрийг мэддэггүй ч их БҮТЭЭЛЧ хүн юм байна гэдгийг харлаа. UNREAD-ийг сэдэж, Монголчилж байгаа шинэ үеийн залуучуудаасаа ч гэсэн их урам, хүч авч байгаа шүү. Баярлалаа
M Mchd Alienn 2016.01.14
Thankfully he gave me new #inspiration and taught me how i take pleasure from little things. I have lacked in life experience who realized being busy is not important even though arranging time by beneficial for myself is more important. I really proud of his smart behavior
Д Д.Баясгалан 2016.01.14
Маш их баярлалаа. Сайхан мэдээлэл байна. Иймэрхүү материал манай сошиал ертөнцөд их үгүйлэгдэж байна
Ж Жэсон 2016.01.14
Сайхан ярилцлага болжээ. баярлалаа. Багийн ажиллагааг заавал гадаад дотоодод суралцдаг эд биш, дор бүрнээ бий болгох боломжтэй эд шүү
W WAVY 2016.01.14
Зарим хүмүүс мань хүнийг ерөнхийлөгч болгоно гэнээ, хаха. Ингэж бас хамаагүй хөөрч болохгүй ээ. Ажлын арга барилын хувьд хүн бүрт л онцлог арга барил бий шүү дээ.
U Ulzii 2016.01.14
Энэ хүн бол залууст үлгэр дуурайл болж байгаа мундаг хүн шүү! "Сонирхогч ба мэргэжлийн хүн хоёрт ганц л ялгаа бий, сонирхогч онгод орохыг хүлээдэг байхад мэргэжлийн хүн ямар ч үед суугаад л бичиж эхэлдэг" гэдэгтэй санал нэг байна
З Зочин 2016.01.14
онинд бичигдээд, телевизээр гараад байгаа олон хүнтэй, бас Монголд юу болоод байгаа ойр мэддэг хүмүүстэй уулзчихдаг болохоор телевиз, сонины хэрэг юу байна? (инээв). ene neeree l unen baih daa???? genet hicheemeer sanagdav
З Зочин 2016.01.13
Энхбат гуай олон залуусын "Idol" , миний ч бас. Энхбат гуайн хэлсэн, ярьсан болгон дандаа өгөөжтэй байдаг. Унших болгонд л нэмж аваад байдаг. Анх твиттэрийг Энхбат гуайг бичихид шууд нээж байсан,. Гүүглийг мөн адил гэх мэт. За олон зүйл бий ....
E Enkhjargal Tsendjav 2016.01.13
Zaaval unshikh interview! Uuriiguu bainga hugjuulj irsen hun zaluu ueesee hotsroh bish turuulj alhah yum daa
C Chimedtseren Dorjgotov 2016.01.13
Үнэхээр уншууштай сайхан ярилцлага болсон байна шүү. Үйл хэргээрээ залуус биднийг хөглөж яваа Ganzorig Dolingor тэргүүтэй unread-ийн залууст амжилт хүсье!
T Telmen Gerelt 2016.01.13
Уншууртай. Бас л мундаг хүн шүү. Залуучууд өөрсдөө яаж ажилдаг аа харьцуулаад харахад хаана яваагаа, яах ёстойгоо мэдэхэд амар болно. Олон ажилтай хүн өдөрт 90 мин гол ажилдаа төвлөр гэх мэт олон авууштай зөвлөмж, арга барил байна. Яаж ажилдаа сайн, амьдралдаа амжилттай явах вэ гэж үү? Сайн чадварлаг хүнийг дага. Түүнээс суралц. Бага байхад тэр хүн нь багш, аав ээж байдаг бидэнд. Харин одоо хэн байхыг та өөрөө шийдээрэй. (When knowledge becomes overwelming, go back to the basics ) Амжилт хүсье smile emoticon
Z Zulbayar 2016.01.13
Танд болон таны ажиллах арга барилд гайхалтай сайн сайхныг хүсье. Нэг цагт нэг зүйл төвлөрөх гэдэг санаа маш их таалагдлаа.
M Mateman 2016.01.13
Маш их баярлалаа. Олон шинэ санааг олж авлаа. Ажил бол багаар хийх зүйл, багийн гишүүд бусдынхаа үйл хөдлөлийг мэдэж байж зөв зүгт хөдлөнө гэдэг үнэхээр үнэн шүү.
З Зочин 2016.01.13
Энэ ярилцлага сонирхолтой байлаа. Ажлын арга барил болоод ажлаа яаж төлөвлөх, амжуулах зэрэгт их хэрэгтэй зөвлөгөөнүүд өгсөн байна. Баярлалаа Unread
Б Байнгын уншигч 2016.01.13
Энэ хүнийг ийм мундаг хүн гэж урьд нь бодож байгаагүй юм байна аа. Бас л зөв бодолтой сайхан хүн байна. "би өөрийн хүссэн замаараа явсан уу? хүссэн зүйлээ үзээд алдсан уу?" -үнэхээр нэгийг бодогдууллаа. Танай сайт руу орох бүрд би эрч хүч авдаг шүү та бүхэнд баярлалаа. нээрээ Энхбат гуайн хэлснээр Де Факто Жаргалсайхан ахыг оруулбал залуус бидэнд хэрэгтэй юм их хэлэх байхаа
A Art boloria 2016.01.13
enkhbat ahiin helsen vgs dund yasan gaihaltai vgs ywj bnaa.... hii gesen ter zvilee l hii ergeed harahad haramsahaargvi baih tiim amidraliin zamaaraa yw. tiimee.... bi nogoogoo tarisan archilj baina. nogoo urgah urgats awah nadaas bas burhanaas hamaarna... burhanii umnuus bvv sanaa zow... heheheeh bayarlalaa...uram awlaa
E Erdenebold Erdenekhuu 2016.01.13
Энхбат гуайг их үнэлж явдаг ийм л хүн төрийн толгойд байж бодлого боловсруулах ёстой гэж боддог шүү ажлын арга барилтай нь танилцаад энэ бодол маань улам бүр лавшрав
M MC Boldoo 2016.01.13
@Javale Та нарынхаа хүчинд би өдий зэрэгтэй явж байгаа шүү. Удахгүй миний оролцсон "Би хэрхэн ажилладаг вэ?" буланг хүлээн аваарай.
J Javale 2016.01.13
Good! Gesnees @MC Boldoo maani ergen irjee!!!!!!!! Udur bur zuvhun tanii commentiig l unshih gej orj irdeg shuu bidendee ulam ih setgegdleeree beleg barij baigaarai.
M MC Boldoo 2016.01.13
Дэвшилтэт технологи, шинэ апп-уудыг ашиглах тал дээрээ өмнө оролцож байсан залуучуудыг бүгдийг нь ардаа орхихоор хүн юм аа. Үнэхээр сайхан нийтлэл байна. Энэ сайхан хүний ажлын арга барилтай танилцах боломж олгосон Unread.today-ийн хамт олон, захирал Д.Ганзоригтоо баярлалаа гэж хэлье. Контентоо цагт нь оруулж байгаарай нөхдөө! :D
З Зочин 2016.01.13
Амжилт хүсье. Гайхамшигтай ярилцлага байна. Над шиг өдөр бүр амьдралаа өөрчлөх гэж хичээж, оролдож, бүтэлгүйтэж яваа залууст танай сайт их урам зориг, мэдлэг, өөртөө итгэх итгэл хайрладаг байх гэж бодож байна. Үргэлжлүүлээд байгаарай. Би бас уншихаа зогсоохгүй ээ
З Зочин 2016.01.13
Yamar ih uram ugsun bas tsag uyee olson, heregtei zuvluguu ugsun yariltslaga ve! Enhbat guaig iim gej oft tusuuluugui bailaa, surah zuils ih bna
M Mr.L 2016.01.13
Нэг зүйлдээ төвлөрөх гэдэг арга барил маш таалагдлаа. Жаргалсайхан Де Фактог оруулах саналыг зуун хувь дэмжиж байна. Unread -н хамт олон амжилт хүсье.
E Erkhemee 2016.01.13
Software engineering салбарыг чадлаараа чирч яваа бидний хэдхэн залууст үлгэр дууриал болж яваа хүн, хүндэлж явдаг. Мөн энэ ярилцлагаас бас өөрт хэрэгтэй сайн зөвлөгөөг олж авлаа шүү. Баярлалаа! ;-)
Ж Ж.Лувсандорж 2016.01.13
Вэбийн хамт олон болон Энхбат танд маш их баярлалаа. Монгол хүнийхээ мэдлэг, ур чадварыг бүрэн ашиглаж ХҮНЭЭ БАЯЛАГ БОЛГОЖ ЧАДСАН Монгол Улсыг байгуулахын тулд энэ хүнийг ерөнхийлөгч болгочих юмсан гэж бодож явдаг даа.
З Зочин 2016.01.13
"Асуудал том амжилт, алдар нэрэндээ биш ээ. Чи хэзээ нэгтээ над шиг 60 насны ойгоо тэмдэглэж сууж байх үедээ өөрөөсөө ‘Би өөрийн хүссэн замаараа явсан уу, хүссэн зүйлээ үзээд алдсан уу?’ гэж асуух байх. Хэрвээ чи хүссэнээрээ яваагүй бол тэр үед харамсана. Харин хийе гэснээ үзээд алдсан бол чи алдсан байлаа ч өөрийн амьдралдаа сэтгэл хангалуун байна."
1 1 хувь нь байя 2016.01.13
"Мэргэжлийн хүн өөрийн үйлдлээрээ урам зоригоо өөрөө бий болгодог" гэж хэлсэн үгийг тань мартахгүй сайн тогтоож авлаа. Одоо надад тулж буй олон бэрхшээлтэй зүйлст маш чухал зөвлөгөө өгчээ. Баярлалаа.
G Guest 2016.01.13
Uneheer goy . tsag ueteegee zeregtsej yavaa hun bna . surah yum ih bna Bayarlalaa oshoo olon mundag huniig oruulaarai
A Ariu 2016.01.13
Wow wow wow. Ynexeer mundag, ylger jishee avaxaar xyn oruuljee. Arga bariliin xuvid zaluuchuudiig ardaa oruuljee ene erxem. Byx app, prog n turshij yzmeer sanagdlaa. Bravo!
З Зочин 2016.01.13
Энэ хүний ярилцлагыг уншаад өөрөөсөө ичих шиг боллоо. Нэг л их технологи сонирхоод л өнгөтэй өөдтэйг хэрэглэх гэж хчиээгээд л өөрийгөө дэлхийтэй хөл нийлүүлээд байна гэж бодсон үгүй ажээ. Энхбат гуайд талархаж байна. Баярлалаа
З Зочин 2016.01.13
Do what you love, love what you do. Ямар үнэн үг вэ, даанч ийм аз жаргалтай хүн ховор байх. Уншууртай их гоё нийтлэл байна. Өдөр бүр шинэ нийтлэл унших гэж 12 цагийг хүлээх юм, харин заримдаа нийтлэл цагтаа гарахгүй байна шүү
I Inspired 2016.01.13
Технологийн дэвшилтэй мундаг хөл нийлүүлдэгийг нь хараад залуу хүний хувьд өөрөөсөө ичих шиг л боллоо. Сүүлийн үед multitasking бас их худлаа санагдаад байгаа тэгэхээр төвлөрч ажиллаад үзнээ. Баярлалаа!
B Bs 2016.01.13
Saihan hunees sain ugs sonsoh bolomjiig olgoson UT-dee mash ih bayarlalaa. Erchee aldalgui iluu ihiig hiigeerei Chadna gedegt ergelzehgui baina. Bas INDY baigaarai.