Өнөө цагт ажил хэрэгч хүн бүрт төрөл бүрийн зорилготой, төрөл бүрийн сэдвээр илтгэл, танилцуулга бэлтгэх хэрэгцээ шаардлага тулгардаг болсон. Тэгвэл хэрхэн хамгийн сонирхолтой, хамгийн үзүүштэйгээр, бас үр дүнтэйгээр презентациа хийх вэ? Бид бүгдээрээ поверпойнт ашиглаж чаддаг юм шиг хэрнээ яг төгс хэрэглэдэг билүү? Бизнесийн харилцаанд цэгцтэй, тодорхой агуулга-хийцтэй презентаци хэрхэн нөлөөлдгийг бид мэддэг үү? Эдгээр асуултуудад хариулт өгч чадах, бүтээлч презентаци танилцуулах соёлыг түгээн дэлгэрүүлэх их үйлсийн аянд мордож, сонирхолтой-үзүүштэй бүтээлүүдээрээ ялгарч яваа залуусыг Unread танилцуулж байна.
Бизнесийн нэр: Presentation Studio
Үүсгэн байгуулагчид: Э.Батбилэг, Х.Цэнд, Т.Энхбаясгалан
Хаяг: ЧД, 1-р хороо, 40-15
Үйл ажиллагааны чиглэл: График дизайн, үзүүлэн студио
Үүсгэн байгуулагдсан хугацаа: 2012 оны 5-р сар
Ажилтны тоо: 5
Томоохон харилцагч: Моннис, Хас банк, СУИС, Оюутолгой, MCS Coca Cola
Үүсгэн байгуулагчид (зүүн гар талаас): Х.Цэнд, Т.Энхбаясгалан, Э.Батбилэг
Бизнесийн санаагаа анх хаанаас олсон бэ?
Т.Энхбаясгалан: Их сургуульд байхын л Цэнд бид хоёр хичээл дээрээ презентаци, танилцуулгадаа их анхаарал хандуулж, хэн нь илүү сонирхолтой, үзүүштэй байдлаар хийх вэ гэдгээрээ өрсөлддөг байлаа. Тухайн үед зөвхөн багш нартаа, хичээлдээ зориулж л сайн презентаци хийдэг байсан ч удалгүй энгийн менежерүүдээс эхлээд бүх шатны захирлуудад ч ийм танилцуулга эрэлттэй, хэрэгцээтэй байдгийг анзаарсан юм. Тэгээд ч цаг хугацааны хувьд тэр үед сонгуультай давхцаж, нэр дэвшигчдэд өөрсдийн санаагаа сонирхол татсан байдлаар хүргэх боломжийг Прези програм ашиглан санал болгож, овоо туршлага хуримтлуулж чадсан.
Х.Цэнд: Сонгууль дууссаны дараа Моннис компанийн Сайнбаяр ах биднийг дуудаж, группийнхээ танилцуулгыг түгээмэл ашигладаг програм дээр хийлгэмээр байна гэж санал тавьснаар бид Microsoft Powerpoint програмыг ашиглах болж, тэр нь ч захиалагчдад маань илүү таалагдсан. Үүнээс хойш энэ төрлөөрөө илүү дагнах болж, өөрсдийгөө хөгжүүлэн, бизнесээ эхлүүлсэн дээ.
Хэрхэн хамтрагчдаа сонгосон бэ?
Т.Э: Цэнд бид 2 бол МУИС-ийн ЭЗС-ийн нэг ангийн найзууд. Яг энэ чиглэлийг барьж явъя гэж шийдэхдээ дизайн, анимэйшний чиглэлийн мэргэжлийн хамтрагч хайж байлаа. Тэгээд зэргэлдээх ШУТИС-ийн Үйлдвэрлэл, дизайны сургуульд сурдаг найзтайгаа уулзахаар цаг товлож, ирэхдээ ангийнхаа нэг найзыг дагуулаад ирээрэй гэсэн нь Билгээ байсан юм. Анхны уулзалт МУИС-ийн 5-р байрны цайны газарт болж байлаа.
Microsoft Powerpoint програм ашиглан гүйцэтгэсэн сургалтын презентаци
Анхны хөрөнгө оруулалтаа хэрхэн шийдсэн бэ?
Т.Э: Анхны багахан хөрөнгийг дундаасаа, мөнгөө нийлүүлж гаргасан. Гэхдээ оффисд орохдоо бол хамтрагч байгууллагуудаа санал тавьж, бартерийн гэрээ хийж, тавилга хэрэгслүүдээ цуглуулсан гэж болно. Тавилга, компьютерүүдээ бүгдийг нь бартердаж байлаа.
Бидний санааг амьдруулж бизнес болоход их дэмжлэг үзүүлсэн чухал хүмүүс байдаг. Хэрхэн бизнес явуулахаас эхлээд анхны хөрөнгө оруулалтаа шийдэхэд тусалсан Тэлмэн, Саруул ах нартаа их талархаж явдаг.
Юугаараа онцлог, бусдаас өөр вэ?
Э.Батбилэг: Бид ямар ч танилцуулгыг илүү мэргэжлийн түвшинд, илүү бүтээлчээр, цөөн слайдаар илэрхийлэх талаас нь ажилладаг. Хувь хүмүүсийн хийсэн презентаци урт, түвэгтэй байх нь элбэг. Харин бид слайд болгоны ард олон задаргаа хийж, тэр бүх асуудлыг шийдэхийг хичээдэг. Дизайны хувьд ч гэсэн илүү мэргэжлийн, мөн дараа нь хүссэн үедээ дахиж засах, шинээр юм нэмэх, удирдлагаар удирдах боломжтой гэх мэт давуу талууд бий.
Т.Э: Бид харилцагч бүртэйгээ тулж харьцан, агуулга, контентийн утга санааг бүрэн гаргахын төлөө хичээн ажилладаг. Манайд контент дизайнер гэсэн албан тушаал бий. Хамгийн зөв үг, хамгийн сайн дүрслэл, хамгийн чанартай зургийг сонгодог хүн гэсэн үг. Эхлээд агуулгаа гаргаад, дараа нь хар зургаа бэлдэж, улмаар дизайн, анимэйшний ажил руу ордог. Бусдаас илүү бүтээлч байдлаараа ялгардаг гэж боддог шүү. Тэгээд ч концепц боловсруулалтын үед тухайн нөхцөлөөсөө хамаараад эдийн засагч, судлаач, маркетер, ПР-ийн мэдлэгтэй хүмүүс хэрэгтэй болдог. Манайд тэр талын мэргэжлийн хүмүүс бүгд бий.
Х.Ц: Үүнээс гадна бид хувь хүмүүст болон албан байгууллагуудад зориулсан бүтээлч танилцуулга бэлтгэх сургалтын хөтөлбөрийг боловсруулж, сургалт хийдэг. Зах зээл дээр манай явуулдаг шиг техник, ур чадвар хөгжүүлэх сургалт байдаггүй, голдуу л хувийн ур чадвар сайжруулах хичээлүүд байдаг шиг санагддаг. Хүмүүс манай сургалтыг богино хэмжээний киноны сургалт гэдэг л юм. Бүтэц, бүтэх явцын хувьд ижилхэн болохоор тэгдэг байх. Дундаж хүн Powerpoint-ийн нийт цэсний дөнгөж 5 хувийг л ашигладаг гэсэн судалгаа бий. Үлдсэн 95 хувийг бүтээлчээр ашиглаж чадвал маш сонирхолтой, шинэлэг үзүүлэн бэлтгэх боломжтой гэдгийг л хүмүүст мэдүүлэхийг хүсдэг. Сургалтаа бид 4 жилийн туршлагадаа тулгуурлан, бодит кэйз дээр ажиллан явуулдаг учир, суралцагчдад ч хүлээж авахад амар байдаг юм.
Бизнесийн алсын хараагаа хэрхэн, юу гэж тодорхойлсон бэ?
Э.Б: Бидний гол зорилго бол дэлхийн зах зээлд хүч үзэх. Темплэйтийн бизнес өөрөө асар том цар хүрээг хамарсан том зах зээл болчихсон учир бид танилцуулгын темплтэйтээрээ дэлхийд өрсөлдөж, дэлхийн брэндүүд, фирмүүдийн танилцуулгыг бэлтгэдэг топ компани болох зорилготой.
Т.Э: Бид хүмүүсийн цагийг хэмнэж, илүү бүтээлч, илүү бүтээмжтэй нийгмийг бий болгоход өөрсдийн хувь нэмрийг оруулна гэж алсын хараандаа тусгасан байдаг. Тиймдээ ч сургалтаа явуулж эхэлсэн. Гадаадад энэ нь өөрөө бүр мэргэжил, урлаг болоод явчихсан байдаг. Тэгэхээр бүтээлч презентаци танилцуулах соёлыг түгээн дэлгэрүүлэхэд бидний оролцоо их байх учиртай.
Бизнесийн үнэт зүйлс, баримталдаг зарчим тань юу вэ?
Э.Б: Бүтээлч байдал. Дизайны хувьд минимал, энгийн цэгцтэй, ойлгомжтой байдлыг эрхэмлэдэг.
Т.Э: Элемент бүрт, жижиг деталь бүрт ач холбогдол өгдөг. Нэг жижиг элемент, ганцхан үг, ганц дүрслэл аваад хаяхад маш том утга санаа алдагдсан байдаг юм. Эсрэгээрээ нэг хэрэггүй элемент нэмчихэд баланс алдагдаад нэг л биш болчих жишээтэй.
Х.Ц: Манай борлуулалт ихэвчлэн ам дамжих замаар хийгддэг. Үнэнч хэрэглэгчид ихтэй. Тийм учир хэрэглэгч бүрийн сэтгэл ханамжид ихээхэн анхаарал хандуулж ажилладаг.
Энэ бизнесийг эрхлэхийн хэцүү бэрхшээлтэй болон эерэг сайн талууд нь юу вэ?
Т.Э: Хэцүү бэрхшээлтэй тал гэвэл, хүмүүс презентацид ач холбогдол өгдөггүй тал бий. Ажилтныхаа бэлдсэн уйтгартай, нуршуу лекц шиг слайданд үнэтэй 1-2 цагаа барсан захирлууд л зовлонг нь ойлгож, ач холбогдол өгдөг. Нэрийн хуудас солилцдог соёлтой адил сайн презентаци танилцуулах нь соёл болсон юм гэдгийг л ойлгох хэрэгтэй.
Нөгөө талаараа Powerpoint програм өөрөө маш олон графикийн програмуудын хэрэгцээтэй нэмэлтүүдийг нэгтгэчихсэн хэрэгсэл учир олон төрлийн сонирхолтой бүтээлийг туурвих боломжтой. Манай сургалтанд суусан нэг захирал “Танай заасан зүйлсийн багахан хэсгийг ашиглан презентаци хийгээд, эхний слайдаа гаргахад л хүмүүс WOW гээд эхэлсэн” гэж хэлэхийг сонсоод их баярлаж байлаа. Хүмүүсийн эерэг сэтгэгдэл, сэтгэл ханамжийг мэдрэх их сайхан. Сургалтанд суусан хүмүүс биднээс бага ч гэсэн сэдэл авч байгааг харахад их эрч хүч өгдөг.
Учирч байсан хамгийн том бэрхшээл, сургамж тань юу вэ?
Т.Э: Цаг их тулгах нь асуудал үүсгэдэг. Бид нэг презентацийг хийх гэж дор хаяж 3 долоо хоног, дунджаар сарын хугацааг зарцуулдаг. Жил тойрон явж буй төслүүд ч байна. Гэтэл хүмүүс өөрсдөө оролдож байгаад болохгүй болохоороо манайд хандаж, маргааш гэхэд 20 слайд хэрэгтэй байна гэх тохиолдол олон. Нэгэн харилцагч маань агуулга, бүх юм нь бэлэн гэчихсэн хуулийн сэдэвтэй 25 зузаан ном аваад ирсэн. “Та нар сайн уншиж базаад 10 минутын 20 слайд бэлтгэчих” гэх жишээтэй. Агуулга бэлэн байх гэдэг уг нь арай өөр ойлголт л доо.
Х.Ц: Хүмүүс Powerpoint-ийг их амархан гэж ойлгодог. Энгийн юмыг их үнэтэй хийж байна гэж түвэгшээх, дургүйцэх тохиолдол цөөнгүй. Тийм тохиолдолд ач холбогдлыг нь ойлгуулах гэж их цаг алдана.
Яг одоо ямар зүйлс дээр төвлөрөн ажиллаж байна вэ?
Т.Э: Бид сургалтын шинэ багцуудыг гаргаж, илүү олон хүнийг сурган, ур чадварыг нь сайжруулах тал дээр төвлөрөн ажиллаж байна. Нийгмийн салбар бүр лүү, бүх түвшний менежерүүдэд сургалтаа хүргэх зорилготой. Үүний дараагаар ТЕД шиг манайхаар бэлтгэгдсэн танилцуулгыг шилдэг илтгэгчид олон нийтэд хүргэдэг цуврал арга хэмжээ зохион байгуулдаг танхим бий болгох санаа бий.
Х.Ц: Бид мөн танилцуулгын соёл, анхаарах зүйлс, техник ур чадварыг хөгжүүлэх талаар өгүүлсэн гарын авлага болох Slide:ology хэмээх номын орчуулгын ажлыг гүйцэтгэж байгаа. Энэ жилдээ багтаагаад гаргах төлөвлөгөөтэй. Бидний сургалтын гарын авлага болохоос гадна бие даан суралцах боломжийг хэрэглэгчдэд олгосон ширээний ном нь болох ёстой юм.
Т.Э: Бид гадаадын зах зээл дээр хүч сорихоор бэлтгэлээ базааж байна. Мөн гадаадын уралдаан тэмцээнүүдэд оролцох төлөвлөгөөтэй байгаа. Мөн хөрөнгө босголтын, арга хэмжээний, хувь хүний гэх мэт бүтээгдэхүүний төрөлжилтийг бий болгон, тохирсон багцуудыг санал болгохоор ажиллаж байна.
Сэтгэгдэл бичих (13)


У Уншигч 203.91.115.45
Маш их таалагдлаа гэхдээ би их хожуу уншлаа эрт уншихгүй гэж харамсаж бна шүү ххэ. Мундаг бнаа ийм залуус өшөө олон болоосой гэж хүсэж бна. Амжилт залуусаа
Э Эрдэнэ-Очир
Болж л байна шүү дээ шинийг ирэлхийлж хайрцагнаас гадуур сэтгэж байна. Энэ чиглэлийн үйл ажиллагаа манайд цөөн байдаг. амжилт
P Presentation Studio
Бидэнтэй дараах FB хуудсаар холбогдоорой. Баярлалаа. https://www.facebook.com/Presentation.mn/?ref=hl
Н Нямаа
Сайн байна уу та бүхэнд амжилт хүсье. Танай сургалт ямар төлбөртэй юм бэ хэдэн цагийн сургалт вэ тодорхой хариулт авмаар байна аа
C Choi Hainzan
Сайн байна аа. Залуучууд өөрсдөө сэтгээд зах зээл дээр темплейт гаргаад явж байгаад нь баярлууштай. Goodluck .
У Уншигч
Бэлэн template ашигласан бол юу гээд л ингээд явж байх вэ дээ энэ зах зээлд. Хүмүүс чадвартай болохоор нь ажил даалгаж, суралцаж яваа байлгүй. Мундаг залуусын урмыг битгий хугалаач ээ. Presentation studio-д амжилт хүсье. Мэдэмхийрсэн хүмүүсийг битгий тоогоорой. ;)
Б Болор-Эрдэнэ.
Бэлэн тимплэйт ашиглаж хийгээд л. Учраа мэдэхгүй хүүхдүүд өөрсдийгөө өргөмжилж ирээд сургалт, лекц, зөвлөх хийх нь их болж. Өөрсдөө үйлдвэрлэж бүтээж чадах уу? Тэрний төлөө зүтгэ л дээ
Г Галбадрах
Эдний сургалт андуураагүй бол 198,000 төгрөг, Youtube дээр зөндөө үнэгүй хичээлүүд байгаа, адилхан л хуулж байгаашд эднийх ялгараад байх юмгүй
D Destiny
Yug ch business bolgoj bolno gdg ene bh. Mundag bn. Amjilt husie. Tsaasaa Ulam ih zuil hiih husel Temuulel undur bgad ni buur ch baharhaltai.
W WAVY
Сургалт хэд хоног үргэлжлэх вэ? Суралцагчаас ямар чадвар шаардах вэ? Бас төлбөр? Веб сайттай болоорой.
З Зочин
Харсан чинь манай үеийнхэн сууж байна. Энд оролцсон Баясаа бас Уундаа эд нар чинь бүгд нэг үеийнхэн дээ. Үнэхээр бахархаж байна шүү улам илүү гялалзаад байгаарай
M MC Boldoo
Mundag zaluus baina shuu. Saihan business sanaachiljee. Delhiid garaarai amjilt huseyeeeeeeeeeeeeeeee
A Apollon
Маш гоё миний хувьд ч илтгэл, танилцуулгаа аль болох л гоё байлгах талаар үргэлж толгой гашилгаж байдаг. Нээрээ л хүмүүс ач холбогдол өгөх нь бага байдаг шүү. Icon бүрийг сонгох, аль болох Creative болгох гэж 5 6 цаг удсан ч удаа бий. Одоо бол MS биш Google Slide ийг ашиглаж байна даа. Монголын мэдээлэлийн технологи буюу IT салбар маань жоохон удаан яваад байгаа юм шиг санагддаг. Жилээс жилд олширж буй мэргэжилтэнгүүд маань зөвхөн дотооддоо хэрэглэх оффис програм хангамж гаргаж болдоггүй юм бэ? гэж боддог юм.