LOOK TV нь интернет ашиглан хаана ч, хэзээ ч өөрийн дуртай видео контентоо үзэх боломжийг олгодог OTT үйлчилгээ юм. Энэ нь чухамдаа бидний сайн мэдэх Netflix шиг үйлчилгээ гэсэн үг. Гэхдээ монголчууд бидний өөрсдийн бүтээсэн контент. Монголчууд бид хэдхэн салбарын түвшинд дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхдагийн нэг нь мэдээллийн технологийн салбар гэдэгтэй хэн ч маргахгүй. Үүнийг баталж кино, олон ангит кино, тв зэрэг олон төрлийн үйлчилгээг нэг дор, цогцоор нь авах боломжтой Look TV (OTT) үйлчилгээ мэндэлжээ. Ингээд Look TV–ийг "Мэдүүштэй вэб" буландаа онцолж байна.

Яагаад зочлох хэрэгтэй вэ?

Танд их ажлын дараа амарч байх үедээ зөвхөн өөрт таалагдсан, өөрийн дуртай контентоо үзэх хүсэл төрдөг үү? Гэр бүлээрээ, олуулаа цугларч зурагтаа үзэх хэдий сайхан ч заримдаа таны сонголт арай өөр байх тохиолдол гардаггүй гэж үү? Ихэнх хүмүүсийн хариулт ТИЙМ гэдэгт эргэлзэхгүй байна. Тиймдээ ч сүүлийн үед технологийн үсрэнгүй хөгжлийн үр дүнд чухам хувь хүний сонголтыг эхэнд тавьсан буюу зөвхөн танд зориулсан, таны дуртай контентийг утас, таблет, компьютер гээд дурын хэрэгсэлд зориулсан хувилбараар хүргэх хэв маяг давамгайлах хандлагатай болжээ. Тэгвэл Look TV танд яг ийм боломжийг олгох болно. Одоо та хүссэн хэрэгслээсээ хүссэн контентоо хүссэн үедээ үзэх боломжтой боллоо.

Юугаараа ижил төрлийн бусад үйлчилгээнүүдээс ялгаатай вэ?

Look TV-тэй өрсөлдөхүйц, ижил төрлийн ОТТ үйлчилгээнүүд мэдээж цөөнгүй. Сарын өмнө л гэхэд Netflix Монголд нэвтэрч, олны сонирхлыг нэлээд татсан. Тэгвэл монголчуудын өөрсдийн бүтээсэн Look TV гадаадын үйлчилгээнүүдээс дараах зүйлсээр ялгаатай юм.

Look TV
- Бүх кино, контентууд монгол дуу оруулгатай учир хэн ч үзэж болно (англи хэл дээр үзээд хэлээ сайжруулсан ч болно)
- Дансаа цэнэглэхийн тулд дотоодын банкны карт болон Юнителийн “Төгс” картыг ашиглана
- Өндөр чанарын дүрсний нягтрал буюу HD кинонуудтай
- 100 хувь Монголынх

Гадаадын ОТТ үйлчилгээнүүд
- Бүх кино, контетнууд гадаад хэл дээр учир зарим үзэгчдийн хувьд хязгаарлагдмал
- Олон улсын карттай байх шаардлагатай
- HD кино, суваг үзэхийн тулд нэмэгдэл төлбөр (ойролцоогоор 24000 төгрөг) төлнө

Ямар давуу талуудтай вэ?

Маш сайн кино сан. Сул цагаараа Univision-ий кино сангаас сүүлийн үеийн шилдэг, сонирхолтой кинонуудыг түрээслэн авч үзээд дадчихсан хэрэглэгчдийн хувьд энэ бол маш сайхан мэдээ гэдэгт эргэлзэхгүй байна. Дэлхийн шилдэг кино студиудын бүтээж, олон үеийн шүтээн болсон мундаг жүжигчдийн тоглосон блокбастерууд, сонгодог киноны арвин сан энд бий. "Касабланка", "Бен Гүр"-ээс эхлээд "Терминатор", "Сүүлчийн Самурай", "Интерстеллар" зэрэг үе үеийнхний хамгийн "дуртай" кинонууд, Breaking Bad, Arrow-оос эхлээд олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн телевизийн цуврал шоунуудаас үссэнээрээ сонголт хийн үзэх боломжтой. Түүгээр ч зогсохгүй таалагдсан киноныхоо тухай товч тайлбар, трэйлэр болон бусад ерөнхий мэдээллүүдийг үзэн сонголтоо хийж болно. Ази кино, гадаад кино, хит киноноос гадна шилдэг баримтат кинонуудыг мөн тэд санал болгожээ.

Үүнээс гадна өөр ямар ч үйлчилгээнээс ялгарах давуу тал нь "МОНГОЛ" киноны сан юм. Жил бүр зах зээлээ тэлж, чанар чансаа нь ч өсөч буй Монголын уран бүтээлчдийн шилдэг кинонууд энд бараг бүгд бий. "Содура", "Танхай тээгч", "Үргээлэг" гээд үзэгчдийн талархыг хүлээн, ашиг орлогоороо манлайлсан бүтээлүүдтэй та "тухтай" танилцах боломжтой. Сараар түрээслэж аван үзэх боломжтой учир чөлөөт цагтаа тааруулан үзэж дуусгах нь зарим хүмүүст их тохиромжтой сонголт болдог. Интернетийн хурддаа тааруулан чанараа тохируулдаг нь их зүгээр.

Зөвхөн киноноос гадна Монголын топ телевизүүдийн эфирийг шууд үзэх боломжийг Look TV олгожээ. Та маш өндөр чанартай шууд эфирийг телевизийн хөтөлбөрийг нь харж байгаад сонголтоо хийн үзнэ. Мөн телевизийн хамгийн шилдэг контентуудыг багцлан, төрөл төрлөөр нь санал болгож байгаа нь олзуурхууштай.

Түүнчлэн Look TV маш олон төрлийн урамшуулал, хөнгөлөлтийг хэрэглэгчдэдээ зориулан гаргана гэдэг нь үндсэн менюнд "КУПОН" гэсэн цэс байгаагаас илэрхий байна. Бүртгүүлсэн хэрэглэгч бүр энэ жилийн Оскарын шагналд хэд хэдэн номинацид нэр дэвшээд буй "Марсын хүн" киног үнэ төлбөргүй үзэх боломжтой байгаагаас гадна олон ангит киноны эхний 1-р анги бүрийг үнэгүй үзэх боломжууд байгаа нь анзаарагдав. Бас энд бүртгүүлж, нэвтрэхээ фэйсбүүк хаягаараа дамжуулан нэвтрэх нь илүү хялбар юм билээ.

Ямар сул талтай вэ?

Одоог хүртэл хөгжүүлэлт хийгдэж, өдөр өдрөөр хэрэглэгчдэд улам ойртон, улам сайжирсаар байгаа Look TV-ээс ТӨЛБӨРТЭЙ гэдгийг нь энэ хэсэгт онцолж байна. Та сард 9900 төгрөг төлөөд кино багцад багтсан бүх киног хүссэнээрээ үзэх боломжтой. Мөн хүсвэл нэг нэгээр нь тодорхой үнийг төлөн, зөвхөн өөрт таалагдсан киногоо ч худалдан авах боломжтой. Гэхдээ таны төлж буй төлбөр монгол контент бүтээгчдэд хүрч, Монголдоо үлдэнэ гээд бодохоор сэтгэл өег байж болно. Бас тэд зөвхөн зохиогчийн эрхтэй бүтээлүүдийг танд санал болгож буй учир хайж үзэхийг хүссэн бүх кино тань байхгүй байж болохыг анхаарна уу.

Unread-ийн үнэлгээ

Кино, телевиз үзэх хэрэглээг огт өөрөөр тодорхойлж, хэрэглэгчдэд цоо шинэ боломжуудыг санал болгосон Look TV-д Unread 8 оноог өгч байна.