Таны уншиж эхэлж буй богинохон бичлэгийн гарчгийг нь л оноод өгчихвөл бичих зүйл маань цаашаа хөврөөд явчихна гэж итгэсэндээ эхний энэ өгүүлбэрээ шивэх гэж бараг бүтэн өдрийг баржээ. Эцэст нь дээрх уйтгартай ч юм шиг, гэхдээ “нууцлагдмал” нэгэн нэрийг сонгосон нь энэ. Unread тун удахгүй худалдаанд гарах Mrs.M-ийн хүлээлт дүүрэн шинэ цомгийн хамгийн эхний синглийг онцгой эрхтэйгээр та бүхэнд хамгийн түрүүнд хүргэж байна.
Sing Like A Pro & CLEF-ийн залуусыг үргэлж шинийг эрэлхийлдэг, бүтээлч гэдгийг нь хэрэндээ л сайн мэдэхийн хувьд энэ удаагийн уулзалтыг ихэд тэсэн ядан хүлээж, догдолсоор студи дээр нь ирлээ. Unread-ийн “Онцлох бизнес” булангийн хамгийн эхний зочид болсноос хойш энд чамгүй зүйл өөрчлөгджээ.
Зүүн дөрвөн замаас урагш “Ногоон төгөл” хорооллын доод давхарт орших энэ студид орж ирэхээр яг л домогт Abbey Road-д ороод ирчихсэн юм шиг надад санагддаг юм. Яг л Abbey Road шиг шар өнгө, модон чимэглэл, 2-р давхар луу гарсан шат, заалны голд байрлуулсан хар төгөлдөр хуур. Яг л ийм орчинд The Beatles, David Gilmour, Michael Jackson нарын домгууд үе үеийнхнийг уяруулж, ухааруулж, уйлуулж дуулуулж явсан бүтээлүүдээ туурвиж явсан мэт. Тэгвэл CLEF-ийн залуус чухам энд анхны бүрэн хэмжээний CD-гээ гаргахаар зэхэж, урам зориг дүүрэн ажиллаж байна.
Энэ бол “Цор ганц” дуугаараа өнгөрсөн зуны турш Монголын хит дуунуудын жагсаалтыг тэргүүлж, өөрийн нууцлаг хийгээд ялдамхан байдлаараа аль хэдийнэ олон фентэй болоод амжсан Mrs.M-ийн эхний цомог юм. “Цор ганц” дууны үгэн болон видео клипийг Youtube-д аль хэдийнэ сая гаруй хүн үзээд амжжээ.
“Энэ цомог өөрөө түүний дотоод ертөнц, хүсэл мөрөөдөл, санаа сэдлийг бүгдийг нь илэрхийлж чадсан дуунуудтай гэдгээрээ илүү амьд болж чадах байх гэж бодож байна” хэмээн SLAP-ийг үүсгэн байгуулагчдын нэг, уг цомгийн продюсер Б.Билгүүтэй хэлэв. Үнэхээр ч түүний дууны үгс хэтэрхий шулуун, шударга байдлаараа залуу хүний эргэн тойрноо харж буй нэгэн онцгой өнцгийг илэрхийлж байгаа мэт.
“10 өөр дуу, 10 өөр жанр. Хүн бүрийн дотор орших өөр өөр ертөнцийг л дуунуудаараа гаргах гэж оролдсон. Энгийн амьдралаас урган гарсан бодлууд минь, найзуудтайгаа хөгжилдөж суухдаа ярилцсан сэдвүүд минь бүгд энд хөгжим болон амилсан даа” гэж бидний “шинэхэн” танил Mrs.M өгүүлэв. Шинэхэн гэсний учир нь тэр одоог хүртэл өөрийн дүр төрхийг олон нийтэд ил гаргалгүй үргэлж нууцлаг, нуугдмал байсных юм. Түүнийг яагаад дүр төрхөө нууж, царайгаа ил харуулдаггүй талаар олон төрлийн яриа, хэлэлцүүлгүүд энд тэнд өрнөдөг. “Хүмүүс муухай яртай байх, царай муутай байх, мэс засал хийлгэснийхээ дараа ил гарах байх гэх мэтээр янз бүрээр л ярьдаг. Заримдаа намайг хажууд нь байгааг мэдэлгүй миний тухай ярилцах нь их сонин санагддаг” гэж тэр хэллээ. Үнэндээ тэр өөрийнхөөрөө байхын тулд, хэнд ч үл баригдаж, юунд ч санаа зоволгүй эрх чөлөөтэйгөөр уран бүтээлээ туурвихын тулд дүр төрхөө нуудаг байх. Энэ нь ч түүнийг улам сонирхолтой фигур болгож чаддагтай хүн бүр санал нийлдэг.
“Хип хоп өөрөө маш богино хугацаанд асар их агуулга, асар их утгыг гаргаж чаддаг болохоор их дуртай” гэж ярих Mrs.M яагаад эмэгтэйчүүдэд тийм ч түгээмэл биш хип хопыг сонгон, үглэж эхэлснээ мэддэггүй гэнэ. “Бүр багаасаа урлагийн үзлэгт их идэвхтэй байж, дараа нь янз бүрийн хөгжмүүдийг хооронд нь нааж, эвлүүлэн, янз бүрийн аялгуу бүтээдэг байсан. 'Намайг дагаад цэнгэ'-ээр бол мөн ч их наадсан даа” хэмээн ярив.
“Үнэндээ би түүнийг амьд хөгжим сонирхдог гэдгээр нь хальт зүс таньдаг байсан юм. Нэг өдөр найз маань СУИС дээр байрладаг байсан Yellow Room студид дагуулж авчраад, энэ охиныг сонсоод үз дээ гэж хэлэхэд нэг их юм бодоогүй. Харин гэнэтхэн үглээд эхлэхэд нь багахан цочирдсон шүү. Түүнд яагаад ч юм дууг амилуулах харизма байдаг юм шиг санагддаг. Дуугаараа, үгсээрээ хүмүүст хүрч чаддаг. Тиймдээ ч Sing Like A Pro төслийг эхлүүлэхдээ түүнийг нэг артистаараа сонгож, хамгийн амжилттай уран бүтээлүүдээ туурвисан” хэмээн Б.Билгүүтэй ярьж байна. Б.Билгүүтэйгийн хувьд шинэ цомгийнх нь хамгийн дуртай дуу нь “Тэр өөрөө” гэдэг нэртэй дуу гэнэ. Үнэндээ энэ дуу ийм хоёр үгээр эхэлдэг болохоос биш жинхэнэ нэр нь биш ажээ.
“Дуундаа нэр өгнө гэдэг хамгийн хэцүү байдаг. Их ядаргаатай, адармаатай ажил байдаг” гэж ярих Mrs.M-ийн дуунуудын үг тухайн үеийн сэтгэл хөдлөлийн шууд илрэл болсон, хүчтэй илэрхийлэлтэй санагдсан. Шинэ цомгийн эрчтэй аялгуутай, өвөрмөц дуугаралтуудтай дуунуудыг нь сонсоод сууж байхад “Тэр миний бороонд норж хатаж амжаагүй цув”, “Би байж болох хамгийн төгсөөрөө бүтээгдсэн”, “Яг юунаас болоод зүрх сэтгэл нэгнээ голоод байна?” гэх зэрэг содон үгс дээрх бодол төрөхөд хүргэв. Сонсогчид ч “Ядаргаа”, “Шөнийн Зочин”, “Цор ганц” зэрэг дууных нь дор яг л тийм сэтгэгдлүүд бичсэн байдаг. “Яагаав дээ, нэг тийм гоё илэрхийллүүд байдаг даа?”
Mrs.M-ийн эрч хүч, урам зоригоо авдаг Erycah Badu, Brooke Candy, Juicy J зэрэг уран бүтээлчид бүх зүйлсээ өөрсдөө хийдэг артистууд байдаг нь анхаарал татав. Тиймдээ ч тэр анх дуугаа бүтээж байхдаа л клипний санаа, хөгжмийн илэрхийллүүдийг нь хамтад нь бодож байдаг аж. Түүний хувьд шинэ цомгийнхоо хамгийн “дуртай” дуундаа B-Fly гэдэг нэр өгсөн нь зүгээр нэг эрвээхийн тухай дуулсандаа биш харин дараа нь хийгдэх клипнийхээ санаатай уялдуулж өгсөнтэй холбоотой аж. Бүх дуундаа сэтгэлээ шингээж, нандин чимгүүд шигтгэж байгаа мэт сэтгэгдлийг төрүүлэв.
“Бид хувьдаа их хүлээлттэй байгаа. Хүмүүс яаж хүлээж авах бол гэж их л сонирхож байна. Манай студийн хувьд ч тэр, Mrs.M-ийн хувьд ч тэр анхны цомог учраас маш их хичээж байгаа. Тэгээд ч манай хүн төрөлхийн уран бүтээлч байхаар заяагдсан их авьяастай бүсгүй учраас алзахгүй байх аа” гэж энэ цомгийн өөр нэг продюсер Д.Одмандах хэлэв. Манай сайтын “Би хэрхэн ажилладаг вэ?” буланд орсон The Lemons-ийнхон 2016 онд Mrs.M-ийн шинэ цомгийг хүлээж байгаа хэмээн хэлснийг дуулгахад тэр их л догдолж, баярлаж байгаа нь анзаарагдлаа. Үнэхээр ч хөгжмийн хүрээнийхэнтэй ярилцаж суухад ч, энгийн сонсогчдын сэтгэгдлийг анзаарахад ч Mrs.M-ийн шинэ цомгийг олон хүн хүлээж байгаа нь тодорхой байсан юм. Эмэгтэй репперийн дотоод ертөнц олон хүний сонирхлыг татаж байгаа нь гарцаагүй.
Шинэ цомгийн эхний сингл “СиСиМа”-г сонсож үзсэний дараа эрхэм уншигч танд ч хүлээлт үүснэ гэдэгт бид эргэлзэхгүй байна. Анх сонсож үзэхэд л аль эртний хуучин танил шиг минь санагдах нь дууны үгтэй шууд холбоотой байх. Нээрээ л, СиСиМа, сэгсгэр үстэй Даариймаа гээд л найзуудтайгаа, хамаатнуудтайгаа тоглоогүй яасан ч удсан юм бэ дээ.
Энэ бол Mrs.M. Хүн бүрийн дотор орших олон янзын ертөнцөөс хамгийн сахилгагүйнх нь тухай дуулчихсан юм болов уу гэмээр энэ дуутай танилц. Гэхдээ тэр энд хүрээд зогсохгүй. 3-р сард тэр олон хүний хүч хөдөлмөр, сэтгэл шингэсэн, он дамнан бүтээгдэж буй цомгоороо дамжуулан бүр олон ертөнцийг танд танилцуулахаар зэхэж байна.
"Нээрээ энэ видеонд гарч буй нохой минь миний өөрийн нохой. Аделе гэдэг юм. Анх хараад л ийм нэр л санаанд орсон." гэж Mrs.M хэлээд зөөлхөн инээмсэглэлээ.
Сэтгэгдэл бичих (6)


d dagmidmaa 10.0.111.23
"Hatagtai M" geed garchignaasaa ehleed tugsgul hurtel niitlel mash ih taalagdlaa setguulch sain bichjee. uneheer uran buteelch talaas ni haruulj chadjee. amjilt husiy tsomgiig ni zaawal awch sonsnoo. niitleliig unshaad setgel neg l shn bolchloo
M Melissa
Ундрам дурлачихсан хүн шиг бичжээ. /кк/ Гэхдээ ярилцлага бол их уран бүтээлч талаас нь харуулсанд их талархууштай байна. UNREAD-н энэ нь л их таалагдаад байгаа юм. Гэхдээ танайд жоохон жендер яримаар санагдаад байгаа юм даа. Ихэнхи нь эрчүүд байгаа харагдаад байгаа
G Goofy
WOWWWWWWWWZAAAAAA, yamar cool yum beeee!!!!!! Bur horhoi hurtel bichchihjeeeeeee duu ni bol tasarcheeeeee!!!!
C Chinguun
En mair goy gar bha. Unheer yanziin sonsogdoj bn. CD-g n barag xamgiin tvrvvnd awmaar sanagdchlaaa hehe
G Gumball
MC Bo... bish ee, MRS.M is in da house! Goy nertei nohoi baina :D
Э Энхжин
Ваа ямар cool юмбээ. Царай муутай байхөө гэж ярьсандаа иччлээ. Цомгийг нь хүлээжийнээ. Амжилт хүсьеэ.