Дэлхий дахиныг хамарсан цар тахал жирийн хүмүүсийн амьдралын хэмнэлд төдийгүй бизнесийн байгууллагуудын үйл ажиллагаанд ч асар их нөлөө үзүүлж буй. Ялангуяа энх тунх цаг үед ч алхам тутамдаа олон саад бэрхшээлтэй тулгардаг гарааны бизнесүүд энэхүү цоо шинэ нөхцөл байдалд маш хурдтай дасан зохицох шаардлагатай болж байгаа билээ.
Дэлхийн эдийн засгийн форумаас гаргасан судалгаагаар, Covid-19 дэлхий даяар тархсанаас хойш нийт гарааны бизнес эрхлэгчдийн 70 гаруй хувь нь тодорхой хэмжээгээр ажиллагсдынхаа хөдөлмөрийн гэрээг цуцлахаас аргагүйд хүрсэн бөгөөд дийлэнх энтрепренерүүд өөрсдийн үндсэн бизнесийнхээ чиглэлийг хүмүүсийн шинэ амьдралын хэв маягт тохируулан өөрчилж байгаа гэнэ.



Манай улсын тухайд ч ялгаагүй, цар тахлын нөлөө цаасан дээр буулгасан санаагаа бодит ажил болгохоор ханцуй шамдсан залууст хүндхэн шалгуур болж буй. Харин яг энэ цаг үед технологийн компаниудад сайхан боломж олгох нэгэн хөтөлбөрийг Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага ЖАЙКА нь “Мобиком” корпораци ХХК болон Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төвтэй хамтран хэрэгжүүлж байгаа юм. Коронавирусээс үүдэлтэй нийгэм, эдийн засгийн өөрчлөлтөд шийдэл болох бизнес санаа, шинэ технологийг хөгжүүлж буй стартап компаниудыг дэмжих үндсэн зорилготой “MonJa Startup Accelerator Program” хөтөлбөрийн бүртгэл өнгөрсөн оны сүүлээр зарлагдсан бөгөөд нийтдээ 138 компани тус хөтөлбөрт материалаа ирүүлснээс эцсийн шатанд таван компани шалгарчээ.

Алсын зайн эрүүл мэнд, боловсрол, бизнесийн үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй эдгээр таван гарааны бизнес ирэх зургаан сарын турш ЖАЙКА-ийн зүгээс зохион байгуулах төрөл бүрийн менторинг, сургалт семинарт хамрагдахаас гадна гурван компанитай нь ЖАЙКА 30 мянган ам.долларын үнийн дүнтэй тэнцэх ажил үүргийн гэрээ байгуулж, бизнес санаагаа баталгаажуулах боломжоор хангах аж. Ингээд Ковидын нөлөөллийг бууруулах шинэ технологийн шийдлийг эрэлхийлж буй Монголын онцлох таван гарааны компанитай хамтдаа танилцацгаая.

CLINICA АПП: ТАНЫ ГАРТ БАГТАХ ДИЖИТАЛ КЛИНИК


Бизнесийн чиглэл: 

Цаг хугацаа, орон зайг үл хамааран мэргэжлийн эмчтэй холбогдож үзлэг хийлгэх, ерөнхий онош тогтоолгох, зөвлөгөө, тусламж авах эрүүл мэндийн үйлчилгээний цахим хэрэглүүр

Үйл ажиллагааны агуулга: 

Өргөн уудам газар нутагт оршин суух Монгол улсын иргэдийн хувьд цаг алдалгүй, тогтмол хугацаанд эмчийн үзлэгт хамрагдах нь бэрхшээлтэй зүйлсийн нэгд зүй ёсоор багтдаг. Судалгаанаас үзвэл, Улаанбаатар хотын оршин суугч дунджаар 150-180 минутыг зөвхөн эмнэлгийн анхан шатны тусламж авахад зарцуулдаг байна. Энэ хугацаа хөдөө орон нутгийн иргэдийн хувьд бүр ч урт байх агаад тогтмол эмчийн үзлэгт хамрагдаагүйн улмаас өвчтөн цаг алдах, санхүүгийн үргүй зардал гаргах эрсдэл их. Иймд, эмнэлгийн тусламж үйлчилгээг илүү түргэн, хүртээмжтэй, шат дамжлага багатай, иргэдэд хүндрэлгүй болгох шаардлага тулгарч буй. Тус компани энэхүү асуудлыг шийдвэрлэхийн тулд мэргэжлийн эмчээс цахимаар зөвлөгөө тусламж авах, онлайн үзлэг оношилгоо хийлгэх боломжтой эрүүл мэндийн апп-ийг хөгжүүлэн иргэдийн хүртээл болгож байгаа юм.

Холбоосууд: clinica.mn (Вэб), Clinica (Фэйсбүүк)


БАГШИЙН ТУСЛАХ: ЧАНАРТАЙ БОЛОВСРОЛЫГ ХҮҮХЭД БҮРД ТЭГШ ХҮРТЭЭНЭ


Бизнесийн чиглэл: 

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад чиглэсэн зайнаас боловсрол олгох платформ

Үйл ажиллагааны агуулга: 

Монголд хот хөдөөгийн ялгаа, ядуурал нэмэгдэхийн хэрээр боловсролын чанарт зөрүү гарсаар байгаа нь хэн бүхэнд илэрхий байгаа. Түүнчлэн цар тахлын улмаас сургуулиуд хаагдсанаар сурагчид боловсролын үйлчилгээг бүрэн дүүрэн авч чадахгүйд хүрч буй. Энэ нөхцөлд тус апп нь боловсролын зөрүүг арилгах, коронавирусийн үед боловсролын хүртээмжийг дээшлүүлэх зорилгоор ерөнхий боловсролын сургуульд хамрагдаж байгаа бага, дунд, ахлах ангийн сурагчдад бага зардлаар чанартай боловсролыг онлайнаар авах контентийг боловсруулан түгээж байна.

Холбоосууд: bagshiintuslah800.mn (Вэб), Багшийн туслах (Фэйсбүүк), Bagshiin.tuslah (Инстаграм)


ZOCHIL: ОНЛАЙН ХУДАЛДААНЫ ПЛАТФОРМ


Бизнесийн чиглэл:

Онлайн худалдаа, маркетинг, төлбөр тооцооны нэг цэгийн үйлчилгээний платформ

Үйл ажиллагааны агуулга:

Ковид-19-ийн эсрэг Засгийн газрын авч хэрэгжүүлж буй арга хэмжээтэй холбоотойгоор зах, худалдааны төвийн үйл ажиллагаа зогсож, энэ чиглэлээр бизнес эрхэлдэг хувь хүн, компаниуд хүндхэн нөхцөл байдалтай нүүр тулгарч байгаа билээ. Аж ахуйн нэгжүүдийн хувьд цахим шилжилт, онлайн худалдааг нэвтрүүлэх зайлшгүй шаардлага тулгарч байгаа цаг үед тус компани нь жижиг, дунд аж ахуйн нэгж, дэлгүүрийн худалдаа, борлуулалтыг дэмжих зорилгоор онлайн дэлгүүр байгуулах, цахим маркетинг явуулах, төлбөр тооцоог зайнаас шийдвэрлэх цогц үйлчилгээг нэвтрүүлжээ.

Холбоосууд: zochil.mn (Вэб) Zochil-Онлайн худалдааны платформ (Фэйсбүүк), Zochil.platform (Инстаграм)


CROWD ASSET: МОНГОЛЫН АНХНЫ КРАУДФАНДИНГИЙН ПЛАТФОРМ
 


Бизнесийн чиглэл:

Жижиг, дунд аж ахуйн нэгжид чиглэсэн хөрөнгө оруулалтын хэлбэрийн краудфандинг платформ

Үйл ажиллагааны агуулга:

"Крауд Ассет" нь санхүүжилтийн хэрэгцээ тулгарсан бизнес эрхлэгчийг хөрөнгө оруулагчтай зуучилж, санхүүжилт татах, мөн хөрөнгө оруулагчид тогтмол өгөөжтэй санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулах боломжийг олгодог бизнес юм. Тус компани нь олон тооны хөрөнгө оруулагчид нараас санхүүжилт босгож, жижиг, дунд болон гарааны бизнес эрхлэгчдийг дэмжих платформыг хөгжүүлж буй Монголын анхны хөрөнгө оруулалтын хэлбэрийн краудфандинг компани бөгөөд өнгөрсөн нэг жилийн хугацаанд 1.5 тэрбум орчим төгрөгийн хэлцлийг хэрэгжүүлсэн байна.

Холбоосууд: crowd.mn (Вэб), Crowd Asset (Фэйсбүүк)


TOMYO: МОНГОЛ ОЮУНЫГ ДЭЛХИЙД ХҮРГЭХ ЗОРИЛГОТОЙ ТЕХНОЛОГИЙН КОМПАНИ


Бизнесийн чиглэл:

Монгол залуусыг дэлхийн иргэн болоход шаардагдах бүхий л нөөцөөр хангаж, шинэ ур чадварт суралцах нөхцөлийг бүрдүүлсэн технологийн компани

Үйл ажиллагааны агуулга: 

Боловсролын тэгш бус байдлыг арилгахын тулд TomYo апп бүтээгдсэн ба тус платформ нь монгол залуусын мэдлэг туршлагаа хуваалцаж, бусдаас суралцах нөхцөлийг бүрдүүлсэн үсрэнгүй хөгжих талбар юм. Одоогийн байдлаар TomYo апп дээр нийт найман улсын таван хэлний 1000 анги бүхий видео хичээл, зөвлөгөө өгөх 200 ментор, 220 орчим контент бүтээгч, 400 гаруй их сургууль, 100 гаруй тэтгэлгийн мэдээлэл бий.

Холбоосууд: tomyo.mn (Вэб), TomYo (Фэйсбүүк), Tomyoedtech (Инстаграм)

Эдгээр таван гарааны компаниас "Clinica", "Багшийн туслах" апп болон "Zochil" платформ нь ЖАЙКА-тай 30 мянган ам. долларын гэрээ байгуулах эрхтэй болжээ. “MonJa Startup Accelerator Program” хөтөлбөрийн албан ёсны нээлтийн арга хэмжээ энэ сарын 25-ны өдөр зохион байгуулагдах ба арга хэмжээний үеэр эдгээр таван компани өөрсдийн үйл ажиллагаагаа олон нийтэд дэлгэрэнгүй танилцуулах аж.



Арга хэмжээтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягуудаас авна уу.
JICA Mongolia (Фэйсбүүк)
Moffice Coworking (Фэйсбүүк)

Холбогдох утас: (976-11) 325939, (976-11) 311329