Олон улсын эмэгтэйчүүдийн өдөр буюу Мартын 8 удахгүй тохиох гэж байгаатай холбоотойгоор бид нэгэн хүчирхэг эмэгтэй лидерийн ажлын арга барилыг толилуулж байна. Тэр бол УИХ-ын гишүүн, Зориг сангийн тэргүүн С.Оюун. Төрийн чухал хариуцлагатай албыг хашихын зэрэгцээ иргэний нийгмийн болон олон улсын байгууллагуудад өндөр нэр хүндтэй ажлуудад томилогдсон тэрбээр бага насны гурван хүүхэдтэй. С.Оюун гишүүн энэ их ажлын хажуугаар ээж хэмээх эрхэм үүргээ хэрхэн биелүүлдгийг нь, ямар үзэл бодлоор ажилдаа ханддагийг нь та энэхүү нийтлэлээс олж мэдээрэй.

Байршил: Улаанбаатар, Монгол
Одоо эрхэлж буй ажил, албан тушаал: УИХ-ын гишүүн
Сонгуульт: Зориг сангийн тэргүүн, ИЗНН-ын дарга, НҮБ-ийн Байгаль Орчны Ассемблэйн Ерөнхийлөгч, Тусгай олимпийн хорооны тэргүүн, Таны ажиллах арга барилыг ганц хоёр үгээр тодорхойлбол: Үр ашигтай, үр дүнтэй байх
Хэрэглэдэг гар утас: iPhone 5, iPad 2
Хэрэглэдэг компьютер: Macbook Pro
Хэрэглэдэг таблет: IPad (Ер нь компьютер гэхээсээ таблет түлхүү ашигладаг)

Таны ажлын хамгийн онцлох арга барил?

Ажлаа ач холбогдол, чухлаар нь эрэмбэлдэг. Хамгийн чухал ажлууддаа анхаарал хандуулж, хэрэгтэй зүйлдээ цагаа зарцуулахыг хичээдэг юм. Хэрвээ ингэж үр дүнтэй, үр ашигтайгаар цагаа зөв зохицуулж чадвал гэр бүл, найз нөхдөдөө, өөрөөр хэлбэл "амьдрах" цаг гаргаж чадна. Цаг гэдэг зүйл хамгийн үнэтэй, ахиж олдохгүй амьдралын нэгээхэн хэсэг юм байна гэдгийг нас нэлээн явсан хойноо л ойлгосон. Залуу байхад цаг завтай ч байж, дуртай зүйлдээ цаг харамгүй зарцуулдаг байлаа.

"3D-ийн зарчим буюу Do, Delegate, Dispose" гэж арга байдаг. Монголоор бол "3Х-ийн зарчим буюу Хий, Хүнд даалга, Хая" гэж хэлж болно. Хийх ёстой, хийх хэрэгтэй зүйлээ л хий. Хэрэгтэй бол зарим зүйлийг чадах хүмүүст нь, итгэж буй хүмүүстээ даатга, хариуцуул. Шаардлагагүй, хэрэггүй зүйл бол шууд хая гэсэн утгатай. Үүнийг их бодож, хэрэгжүүлэх гэж хичээдэг.

Зарим хүмүүс бүх зүйлийг өөрсдөө хийх гэж оролдож, нарийн ширийн зүйлс болгон руу орох гэж байгаад юу ч үгүй хоцрох тохиолдол гардаг. Тиймдээ ч багаа сайн бүрдүүлж, тэднийгээ сайн чиглүүлж, тэр хэрээрээ итгэж, ажлаа даалгаж, хариуцуулж өгөх хэрэгтэй гэж боддог. Аз болоход надтай ажиллаж байгаа, эргэн тойронд байгаа залуус маань бүгд чадварлаг, итгэлтэй хүмүүс байдаг даа.

Та хамгийн их ашигладаг, ашиглах дуртай програм, аппликэйшнүүдээсээ нэрлэнэ үү?

Ерөнхийдөө мэдээний аппликэйшнүүдийг их ашигладаг. BBC, UB Info-г хэрэглэдэг. Сошиал медиаг 2012 оноос хойш бараг ашиглахаа больсон. Сонгуулийн үеэр олон нийттэй харилцах, хүмүүст санаа бодлоо хүргэх, эргээд санал сэтгэгдлийг сонсох зорилгоор их идэвхтэй ашигладаг байлаа. Харин сонгуулийн дараа хэсэг амрах гэж хаасан юм. Эргээд ашиглах гэсэн ч ер нь аккаунтгүй бол их амар, өөрийнхөөрөө байх боломжтой байсан учир больчихсон.

Сошиал медиад асар их мэдээллийн урсгал төвлөрч, мэдээллээр бөмбөгдүүлж, хүссэн хүсээгүй мэдээлэл толгой руу хүчээр орж ирээд байгаа юм шиг санагддаг юм. Хүний зоргоор, хүний өгсөн мэдээллээр чиглэгдээд явах нь буруу гэж үздэг учир түүний хүлээсэнд орохгүй, гинжинд автахгүй гэсэн санаа, зугтаах гэсэн оролдлого л юм даа. Хүмүүсийн ихэнх нь мэдээний агуулга руу оролгүй зөвхөн гарчиглаад л яваад байгаа учир дандаа сенсаацилсан контент, популист улс төрчид их оноо аваад байх шиг харагддаг. Улс төрч хүний хувьд нийгмийн сүлжээ асар чухал ач холбогдолтой гэдгийг ойлгож байгаа ч, би өөрөө улс төрд орохдоо мэдээллийн ил тод нээлттэй байдлын асуудлыг хамгийн их хөнддөг байсан ч гэлээ энэ төрлийн асуудлыг өөрийн багт найдаж үлдээх нь зөв гэж үзсэн. Туслахууд маань мэдээллүүдийг багцалж өгдөг.

Та ажлын өрөө, ажлын орчноо дүрсэлнэ үү?

Энэ бол С.Оюун гишүүний Төрийн ордон дахь ажлын өрөө юм.

Цаг хэмнэх хамгийн сайн арга тань юу вэ?

Цагийн хязгаарлалт өөртөө тогтоож өгөх. Би бага насны гурван хүүхэдтэй учир тэдэндээ аль болох их цаг зарцуулах ёстой. Тиймээс эрт харих ёстой, 18-19 цаг гэхэд гэртээ харина гэж бодоод ажлаа төлөвлөдөг. Түүнээс өмнө ажлаа амжуулах ёстой гэсэн сэдэл маань миний хувьд цаг хэмнэх хамгийн сайн арга. Цагаа хязгаартай гэж бодож аливаад хандвал үр ашиг өндөртэй байдаг юм шиг.

Та хийх ажлын жагсаалтаа юун дээр, яаж хөтөлдөг вэ?

Тэмдэглэл их хөтөлдөг. Надад жижиг хэмжээтэй олон дэвтэр бий. Тэндээ уулзалтын тэмдэглэл, ажлын жагсаалт, санаа оноогоо бичихээс гадна хувийн зүйлс, ажил дээр гарч буй асуудлуудыг тэмдэглэдэг. Өөрөө өөртэйгөө ажиллаж байгаа минь тэр. Хүн бүр ажил ихтэй, завгүй гэж явсаар, дотроо хуримтлагдаж буй зүйлсээ гаргахгүй явсаар стрессдэж, бухимддаг. Түүнээс л зайлсхийхийн тулд тэмдэглэл хөтөлдөг.

Сүүлийн хэдэн жил номноос уншсан нэг аргыг хэрэгжүүлэх гэж хичээдэг болсон. "Орой бүр тэр өдөр тохиолдсон хамгийн гэгээтэй сайхан гурван зүйлээ бодож, юунаас үүдсэнийг нь төсөөлөөд унтаж бай" гэдэг зөвлөгөө юм л даа. Туршаад үзэхэд гэмгүй шүү.

Та ямар зүйлсийг хийхдээ гаргууд вэ?

Олон талын асар их мэдээлэл байнга хүлээн авч, боловсруулж, шийдвэр гаргах хэрэгтэй учир асуудлын ерөнхий дүр зургийг харж, чиглэлийг тодорхойлохдоо сайн болсон гэж боддог. Аливаад шүүмжит сэтгэхүйгээр (critical thinking) хандаж чаддаг. Юмыг лавлаж, тодруулж, нарийн учрыг нь олохыг боддог.

Гэртээ бол хоол хийх дуртай, хоол хийхдээ сайн шүү. Амттай хоол хийгээд, хүмүүст таалагдахыг мэдрэх их урамтай байдаг. Хүмүүстэй сэтгэлээ уудлан ярилцахдаа дажгүй. Шатар тоглохдоо бас муугүй.

Таны хийж буй ажлын онцлог нь юу вэ? Эерэг сайн ба хэцүү бэрхшээлтэй талууд?

Гишүүний ажил үүрэг бол миний гол ажил. Энэ ажилдаа дадлага туршлагатай, түүртэхээ больсон гэж боддог. Намын даргын хувьд, мөн Зориг сангийн тэргүүний хувьд өдөр бүр маш олон хүнтэй харилцах хэрэгтэй болдог юм. Энэ үед л янз янзын асуудал гарна. Сайхан ярьж хэлэлцээд санаа нийлэх нь ч бий. Заримдаа бас хэцүү байдал үүснэ шүү. Хүн болгонтой зохицох боломж бас байхгүй л дээ.

Энд С.Оюун гишүүн Зориг сангийн байран дахь С.Зориг агсны дурсгалын өрөөнд сууж байна.

Та яг одоо юун дээр төвлөрөн ажиллаж байна вэ?

Энэ долоо хоногт тийх ажлуудаа дурдъя. УИХ-ын чуулган завсарласан ч хэд хэдэн хуулийн төсөл дээр ажиллаж байна. "Хог хаягдлын тухай" хуулийн ажлын хэсгийн уулзалтанд бэлдэж, хэд хоног вакумжуулсан орчинд суух төлөвлөгөөтэй байна. Энэ бол хог хаягдлын асуудлыг хөндсөн, менежментийг шинэ шатанд авчрах маш сайн хуулийн төсөл. Ер нь би гарцаагүй чухал зүйл учраас, бас салбарын сайд нь байсны хувьд байгаль орчин, ногоон хөгжлийн чиглэлийг цаашдаа голлон барьж ажиллах төлөвлөгөөтэй явдаг. Энэ чиглэлээр ч залуучуудад лекц уншиж, ярилцах дуртай.

Зориг сангийн удирдах зөвлөлийн хурал удахгүй болох гэж байгаа тул 2017-2021 оны стратеги төлөвлөлтийн ажил дээр сууж байна. Мартын 8 болох гэж байгаа учир хэд хэдэн уулзалт, хурлуудад оролцож, Хууль тогтоогч эмэгтэйчүүдийн уулзалтанд "Эмэгтэй манлайлагч" сэдэвт лекц уншихаар бэлдэж байна.

Тусгай олимпийн хорооны хувьд, зөвхөн оюуны бэрхшээлтэй залуус, хүүхдүүдийг тэмцээнд бэлдэж, оролцуулах биш эрүүл мэндэд анхаарсан төслүүдийг хэрэгжүүлж, "Эрүүл тамирчин" нэртэй хөтөлбөрийг эхлүүлж байна. Энэ хөтөлбөрийн хүрээнд гаднаас эмч нар Монголд ирэх юм.

Мөн ирэх долоо хоногт Киргизстаны Бишкек хотноо болох бүсийн хэмжээний чуулга уулзалтанд оролцож, "Монголын туршлага, сүүлийн 20 жилийн алдаа оноо" сэдвээр лекц тавихаар зэхэж байна даа.

Та ажиллаж байх үедээ ямар хөгжим сонсдог вэ? Ямар төрлийн хөгжим таныг эрч хүчтэй болгодог вэ?

Яг ажиллаж байх үедээ бол хөгжим сонсдоггүй. Гэхдээ хөгжим сонсох үнэхээр дуртай. Би хөгжмийг хэрэг болгож, ажил болгож сонсдог. 70, 80-аад оны классикуудад, Bee Gees, The Beatles-д дуртай. Монголоос Никитон, Наран, Сарантуяагийн дуунуудыг сонсдог. Бачкагийн фен.

Та яг одоо ямар ном/нийтлэл уншиж байна вэ?

Ихэвчлэн ажлын онцлогоос хамаарч мэргэжлийн ном, нийтлэлүүдээ уншдаг. Сүүлд АНУ-ын ерөнхийлөгч асан Р.Никсоны тухай улс төрийн сэдэвт ном уншлаа. Алдарт "Watergate"-ийн хэрэгтэй холбоотой улсын нууцад байсан баримтуудын хугацаа дуусаж, олон нийтэд анх удаа ил гарсан баримтууд дээр үндэслэж бичсэн ном учир их сонирхолтой байлаа.

Яг одоо "Mindfulness Meditation" гэдэг ном уншиж байна. Өглөө, оройдоо ердөө тавхан минут зарцуулж, хэрхэн оюун санааны бясалгал хийх вэ гэдэг ном. Өмнөх, ирээдүйгээ мартаж, яг одоо цагийг мэдрэн, одоо байгаа зүйлс дээрээ төвлөрөхөөс энэ бүхэн эхэлдэг. Толгойнд байгаа мянга мянган бодол санаа, хэрэггүй зүйлсээсээ түр ч гэсэн ангижирч, өөрийгөө амраана гэсэн үг. Зөвхөн толгойндоо байгаа ч биш ер нь гэртээ байгаа хэрэгтэй, хэрэггүй зүйлсээсээ аль болох салж байх нь ногоон бөгөөд ухаалаг хэрэглээ, хэв маяг болох юм байна гэж хараад байгаа.

Мөн Ирландын уламжлалт гүн ухаан, түүхэн амьдралын философийн тухай өгүүлсэн номыг уншиж байгаа. Энгийнээр бичигдсэн гүн ухааны ном. Үүнээс их олон санаа авч байгаа шүү.

Таныг ажиллаагүй үед тань хаанаас олж болох вэ?

Гэрээс маань олж болно. Хүүхдүүдтэйгээ аль болох их цагийг хамт өнгөрүүлж, тэднийхээ хэрхэн өсөж том болж байгааг харж мэдрэх дуртай. Тийм ч учраас боломж гарвал концерт, үзвэрүүдийг хамт үзэж, үсчин явахдаа хүртэл дагуулж явдаг.

Та илүү нээлттэй хүн үү, эсвэл илүү дотогшоо хүн үү? Энэ нь таны ажилд яаж нөлөөлдөг вэ?

Би нээлттэй хүн. Гэхдээ тодорхой хязгаар хүртэл нээлттэй. Шекспирийн "Бүгдийг хайрлаж, цөөн хэдэд нь итгэж, бусдад мууг хүсэлгүй, юунаас ч битгий айж яв" гэсэн үг байдгийг санаж явдаг даа.

Та хэдээс хэдэн цагийн хооронд унтдаг вэ?

Орой 23-24 цагийн хооронд унтаад өглөө бол яг 07 цагт босдог. Бүтэн нойртой явж байх хэрэгтэй. Сайн амарч чадаагүй хүн үр бүтээлтэй ажиллаж чадахгүй.

Та хэнээс, юунаас урам зориг, эрч хүч авдаг вэ?

Хүүхдүүдээсээ, гэр бүлээсээ урам зориг авдаг. Тэдэнтэйгээ бужигналдаад байхад сайхан байдаг юм. Бямба, нямд хүүхдүүдтэйгээ салхинд гарах бүр дуртай. Сэтгэлд сэвгүй болж муу бүхнийг мартана шүү дээ. Зориг сангийн хэрэгжүүлдэг Залуу Манлайлагч зэрэг хөтөлбөрүүдэд хамрагдаж буй хүсэл тэмүүлэлтэй, чадварлаг залуусаас эрч хүч авна.

Найзуудтайгаа уулзаж, ярилцаж суухдаа баяр хөөр, аз жаргалыг мэдэрдэг.

Таны амьдралдаа авч байсан хамгийн сайн зөвлөгөө?

Бүрэн хэрэгжүүлж амжаагүй байгаа ч үргэлж бодож явдаг нэг үг бий. Хийж байгаа ажил чинь зөв үү, буруу юу, ажлаа солих, өөрчлөх цаг болсон уу, үгүй юу гэдгийг мэдэхийг хүсвэл GEM буюу Good at, Enjoy, Meaningful гэдгийг бод гэсэн зөвлөгөө. Хийж байгаа ажилдаа сайн байна уу, түүнээсээ таашаал, баяр хөөр авч чадаж байна уу, хийж байгаа зүйл чинь утга учиртай байна уу гэдгээ бод гэсэн үг л дээ. Их утга учир агуулсан үгс байгаа юм.

Эмэгтэй манлайлагчийн хувьд залуу охид бүсгүйчүүдэд ганцхан зөвлөгөө өгөөч гэвэл юу гэж хэлэх вэ? 

Өөрийгөө хэзээ ч битгий дутуу үнэлээрэй гэж хэлье. Ялангуяа залуу охид, бүсгүйчүүдэд "би энийг чадахгүй байх" гэх бодол төрж, зоригтой биш байгаа нь их ажиглагддаг. Эрэгтэйчүүд ч эмэгтэйчүүдээ дутуу үнэлж, эмэгтэйчүүд ч өөрсдийгөө дутуу үнэлдэг. Гэтэл үнэндээ асуудлыг бүгд л өөр өөр өнцгөөс харж, ханддаг онцлогтой байдаг. Ерөөс дутаад байх зүйл байхгүй гэдгийг маш сайн ойлгоосой гэж хүсэж байна.

Фэйсбүүкийн Шэйрил Сандбергийн "Өөдөө тэмүүл" номыг уншаад, олон жил анзаараагүй энгийн санаануудыг ойлгож авсан. Фэйсбүүкийн үйл ажиллагаа эрхэлсэн захирал, дэлхийн хамгийн нөлөө бүхий эмэгтэй лидерүүдийн нэг түүний хүсэлтээр би монгол орчуулгынх нь өмнөх үгийг бичиж байсан юм. Тэр номонд "Ямар нэгэн ажлын байр зарлагдахад, эмэгтэйчүүд 100 хувь бүх шаардлагыг нь хангахаар байсан ч 'би арай л чадахгүй байх' гэж бодоод хойшоо суух тохиолдол их байдаг. Харин эрчүүд 60 хувийг нь хангахад л 'би чадах юм байна' гээд материалаа явуулдаг" гэж гардаг юм. Тиймээс өөрсдийгөө хэзээ ч битгий дутуу үнэлж байгаарай гэж зөвлөе.

Энэ буланд та хэнийг санал болгож, ажлын арга барилтай нь танилцмаар байна вэ?

Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Баярцэцэгийн ажлын арга барилтай танилцвал залууст сонирхолтой байх болов уу.

Төрийн ордонд


Гэрэл зургийг Д.Ганзул