Опра Уинфриг мэдэхгүй хүн ховор. Түүнийг маш сонирхолтой ток шоу хөтөлдөг, асар баян, нөлөө бүхий хар арьст эмэгтэй гэдгийг ихэнх хүн гадарладаг. Гэхдээ яагаад ингэж алдаршиж, дэлхийн хамгийн нөлөөтэй эмэгтэйчүүдийн нэг болсныг тэр болгон мэдэхгүй л болов уу. Тиймээс бид өнөөдөр түүний бичсэн, дөнгөж саяхан монгол хэлээр хэвлэгдээд буй "Миний сайн мэдэх зүйлс" номыг танилцуулангаа намтар түүхээс нь товч сонирхуулъя.
Опра Гайл Уинфри 1954 онд Миссиссипийн хөдөө газар өсвөр насны охины анхны хүүхэд болон төржээ. Тэднийх тун ядуухан айл байсан бөгөөд Опра өсвөр насандаа бэлгийн хүчирхийлэлд удаа дараа өртөж, ердөө 14 настай байхдаа хүүхэд төрүүлсэн ч хүү нь удалгүй эндсэн гэдэг. Энэ бүх зовлон зүдгүүрийг туулсны эцэст тэр "эфирийн хоолой"-ныхоо ачаар 16 настайдаа радиод ажил орж, 19 насандаа телевизийн оройн мэдээний хөтлөгч болсон байна. Тухайн үеийн нөхцөл байдлыг сайн мэдэрч бэлтгэлгүйгээр сайн хөтөлж чаддаг авьяас нь түүнийг улмаар ток шоу руу хөтлөв. Чикаго хотын рэйтингээрээ гуравт ордог ток шоуг нэгт оруулсныхаа дараа тэр өөрийн медиа компанийг үүсгэн байгуулж, "Опра Уинфригийн Шоу"-г хөтлөх болжээ.
Энэ ток шоуны онцлог нь Опра ирсэн зочдыг чин сэтгэлээсээ яриулж чаддагт байв. 1993 онд хэвлэлд олон жил ярилцлага өгөөгүй Майкл Жэксонтой хийсэн ярилцлагыг нь асар олон хүн үзэж сонирхсон ба энэ үеэр "Попын хаан" гоо сайхны мэс засал, арьсны өнгө гэх мэт олон асуудлаар сэтгэлээ уудлан ярьсан байдаг. 1990-ээд оны дунд хэрд Опра шоундаа утга зохиол, өөрийгөө хөгжүүлэх, сэтгэлээ засах зэрэг сэдвүүдийг түлхүү оруулж, шоугаа хүмүүсийн боловсролд хувь нэмэр оруулах индэр болгосон байна. Телевизийн түүхэнд хамгийн өндөр рэйтингтэй энэ ток шоу 1986-2011 оны хооронд тасралтгүй АНУ даяар цацагдаж, үзэгч олныг баясгажээ.

"Бүх медиагийн хатан хаан" гэж өргөмжлөгддөг Опраг мөн авьяаслаг жүжигчин гэдгийг мартаж болохгүй. 1985 онд тэрбээр Стэвэн Спилбергийн "Хөх ягаан өнгө" кинонд бүтээсэн дүрээрээ "Оскарын шилдэг туслах дүр" номинацид нэр дэвшиж байсан бөгөөд цөөнгүй кинонд тоглож, алдартай хүүхэлдэйн кинонуудыг дуу оруулж байв. Ядуу зүдүү амьдралаас хамгийн баян африк-америк хүн болтлоо өсөн дэвжсэн түүний хийсэн бүтээснийг үнэлж 2013 онд Ерөнхийлөгч Барак Обама "Ерөнхийлөгчийн эрх чөлөөний одон"-гоор шагнаж байжээ. Тэрбээр мөн Дюк болон Харвардын их сургуулийн хүндэт доктор цолыг хүртэж байв. Медиа группийн эзэн, нэвтрүүлэгч, зохиолч, жүжигчин, филонтропич түүнийг зарим нь "дэлхийн хамгийн нөлөө бүхий эмэгтэй" гэх нь ч бий.
"МИНИЙ САЙН МЭДЭХ ЗҮЙЛС" НОМ
Опра нийтдээ таван номын зохиогч (заримыг нь хамтран бичсэн) болсон юм. 2005 онд илүүдэл жингээ хэрхэн хаясан тухай анхны номоо өөрийн дасгалжуулагч Боб Грийнтэй хамтран бичиж байжээ. Тэрбээр "Опрагийн сэтгүүл"-ийг олон жилийн турш эрхлэн гаргаж ирсэн бөгөөд уг сэтгүүлийн "Миний сайн мэдэх зүйлс" буланд амьдралаас сурч ойлгосон зүйлсээ 14 жилийн турш хуваалцсан юм. Ингээд энэ буланд нийтэлсэн бичвэрүүдээ эмхэтгэн шинэчилж, уг номыг бүтээжээ. Баяр баясгалан, харилцаа холбоо, талархал, боломж, бишрэл, ил тод байдал, хүч чадал зэрэг сэдэвт бүлгүүдийг агуулсан энэ номдоо Опра амьдралын хором мөч бүрийг хэрхэн зөв зүйтэй өнгөрүүлж, өдөр тутмын амьдралаасаа баяр баяслыг хэрхэн хүртэж байх вэ гэдгийг өөрийн туулсан амьдрал, ойлгож мэдсэн зүйлсээр жишээлэн бичжээ.

УГ НОМЫН ХЭСГЭЭС
Ил зууханд гал түлэх би их дуртай. Пирамид хэлбэртэй өрсөн модонд гал авалцан, дөл нь дээш цоролзон асах нь ямар нэг ажлыг амжилттай бүтээсэн мэт сэтгэгдэл төрүүлдөг юм. Яагаад үүнээс тэгтлээ урамшдаг болохоо мэддэггүй. Ямартай ч скаут болохыг мөрөөддөг жаахан охин байх үеэсээ л тэгдэг байсан юм. Харамсалтай нь дүрэмт хувцсыг нь авч чадаагүй болохоор скаут болж чадаагүй л дээ.
Бороо шивэрсэн, жихүүн өдөр гал түлэх бүр ч янзтай. Бас ажлаа дуусгаад, цахим шуудангаа шалгаж, сүлжээнээс нь салгачихаад, ном уншихаар тухлан суух үе ч хамгийн сайхан даа. Өдрийн турш хийдэг бүх зүйл маань точхондоо уншлагын цагтаа бэлдэж буй л хэрэг юм. Надад нэг сайхан роман юм уу дурсамжийн ном, аяга цай, хөлөө нугалан тухалж суух газар өгчихвөл би тэгээд диваажинд очлоо л гэсэн үг. Би өөр хүмүүсийн бодол санааны ертөнцөөр аялах дуртай. Хэдийгээр номын хуудсуудад амьдарч буй хүмүүсийн аж байдал минийхээс огт өөр ч гэлээ тэдэнтэй ижил зүйл төсөөлж, мэдэрч буйдаа гайхан биширдэг. Зөвхөн номын баатруудынхаа тухай мэдэж аваад зогсохгүй тэднээр дамжуулан өөрийгөө илүү ихээр анзаарч таньдаг гэх үү дээ. Зөн билиг, мэдлэг мэдээлэл, урам зориг, хүсэл тэмүүлэл, хүч чадал гээд бүхнийг номоор дамжуулан авч болно.
Ном уншдаггүй байсан бол одоо хаана, ямар хүн явах байсан бол гэдгээ би төсөөлж чаддаггүй юм. Ямар ч гэсэн 16 насандаа радиод анх ажилд орж чадахгүй байсан гэдэгтээ итгэлтэй байна. Тэгэхэд, Нашвилл дахь WVOL радиогийн байранд аяллаар явж байх үед минь Ди Жей надаас "Хоолой чинь бичлэгт ямар сонсогдохыг үзмээр байна уу?" гэж асуугаад сонины хуудас микрофонтой өгч билээ. Тэгээд дарга руугаа "Та энэ охиныг сонсох хэрэгтэй шүү" хэмээн хашхирсан. Тэндээс л миний нэвтрүүлэгчийн ажлын гараа эхэлж, тун удалгүй тэр станц намайг мэдээний үндсэн нэвтрүүлэгчээр ажилд авсан юм. Хүлээн авагчийнхаа цаана намайг чих тавин сонсож суугаа хүмүүст шүлэг, найраг уран яруу уншиж өгөхөөс гадна гартаа тааралдсан болгоныг уншиж өнгөрүүлсэн хэдэн жилийн дараа дуртай ажил буюу чангаар уншсаны минь төлөө надад хэн нэгэн мөнгө төлдөг болсон юм даа.
Миний хувьд ном бол нэг төрлийн зугтах зам юм. Сайн ном унших бол хэн ч халдашгүй эрх, хүссэн газартаа хүрч очих боломж. Энэ бол яах аргагүй миний цаг өнгөрүүлэх хамгийн дуртай арга. Миний сайн мэдэх зүйл гэвэл унших нь таны сэтгэлгээг задалж, нээлттэй болгож өгнө. Ингэснээр дотоод сэтгэлээ ил гаргаж, оюун ухааныхаа гүнд нэвтрэх боломжийг олгоно. Хамгийн гайхалтай нь уншсанаар та илүү өндөрт гарах болно. Авираад байгаарай.
25-26 дугаар тал
Сэтгэгдэл бичих (3)


Z Zochin
Orchuulgiin huntei holboj ogch bolno shd. Nomnii huvid hudaldaand garsan sanagdaj baina. Avah geed avh amjaagui l yavna daa
У Ууганцэцэг
Сайн байна уу? энэ ном худалдаанд гарсан юм болов уу? Хаанаас авч болох бол? Орчуулга хийсэн хүнтэй нь холбж өгч болох болов уу
M Melissa
Танайх зургандаа тайлбар зүүлт оруулсан нь дээр болов уу гэж бодлоо. Мэдээж сайхан нэмэлт болох байх гэж бодож байна