Онцлох бизнес булангаараа бид анх удаа зөвлөх үйлчилгээний компанийг оруулж байна. Тэр дундаа бизнесийн хамгийн чухал хэсэг болсон санхүүгийн удирдлагын зөвлөх үйлчилгээгээр мэргэшсэн Финпрактикийг онцолж байна. "Sharing knowledge Stronger together” буюу “Мэдлэгээ хуваалцаж хамтдаа хүчтэй урагшилъя” гэсэн уриатай тэд санхүүгийн ажилтнуудыг чадавхжуулж, ажилд зуучлахын зэрэгцээ компанийн захирлуудыг санхүүгийн мэдлэгтэй болоход тусалдаг шинэлэг бизнесийн модельтой.
Бизнесийн нэр: Финпрактик Консалтинг ХХК
Хаяг: Багшийн дээдийн урд талд UBH оффис төв, 901 тоот
Үйл ажиллагааны чиглэл: Санхүүгийн зөвлөх үйлчилгээ, санхүүгийн сургалт, санхүүгийн ажилтны зуучлал
Үүсгэн байгуулагдсан хугацаа: 2014
Үүсгэн байгуулагч: С.Уран, Б.Тунгалаг
Ажилтны тоо: Үндсэн 3, Гэрээт 5
Вэб: www.finpractice.mn, Finpractice Consulting (фэйсбүүк хуудас), Uran Sainbileg (LinkedIn)

Үүсгэн байгуулагчдын нэг, сургагч багш С.Уран
Бизнесийн санаагаа анх хаанаас олсон бэ?
Намайг санхүүчээр ажилладаг болохоор танилууд маань сайн нягтлан мэдэх үү, санал болгооч гэж их асуудаг байлаа. Ер нь нягтлан бодогч гэдэг ажлын байр бараг бүх компанид байдаг болохоор санхүүгийн ажилтан зуучлах ажил хийж болох юм байна гэж бодсон. Гэхдээ зуучилж буй хүнээ чадварлаг гэдгийг яаж хэмжих вэ, бусад зуучлалын агентлагуудаас яаж ялгарч болох вэ гэдэг нь чухал байлаа. Ингээд эхлээд санхүүгийн ажилтнуудыг сургаж, санхүүгийн удирдлагын бүртгэлийг сайн хийж чаддаг болоход нь илүү анхаарсан юм. Мэдээж байгууллагууд мэргэжлийн ур чадвартай, бас зөв хандлагатай хүн авахыг эрмэлздэг. Тиймээс мэргэжлийн ур чадварыг нь үнэлэх тал дээр сургалт хийгээд эцсийн шалгалтад 75 онооноос дээш бол тооцооны нягтлан бодогчид, 85-аас дээш бол ахлах болон ерөнхий нягтлан бодогч, санхүү шинжээчийн ажлын байранд зуучлах загварыг боловсруулсан.
Харин зөв хандлага гэдэг зүйлийг үнэлэх, ер нь тухайн ажилтныг танина гэдэг чамгүй хэцүү зүйл байдаг гэдэгтэй ажил олгогч хүн бүхэн санал нийлэх байх. Тиймээс энэ тал дээр нэлээд эрэл хайгуул хийж, эцэст нь Хэрэглээний сэтгэл судлалын хүрээлэнд санал тавин, яг санхүүч хүнд байх ёстой зан чанарууд дээр оношилгоо гаргуулах хүсэлтэй байгаагаа хэлсэн. Хүрээлэн хүсэлтийг маань хүлээн авч яг санхүүч хүнд зайлшгүй байх зан чанаруудаас нэгт нягт нямбай, хоёрт үнэнч байдал, гуравт нэгтгэн дүгнэх, задлан шинжлэх чадваруудыг сонгон авч тухайн ажил горилогчийн бие хүний оношилгоог гаргаж өгдөг болсон доо. Яг энэ бизнесийн модель маань Монголдоо нэлээд шинэлэг байх гэж бодож байна.

Анхны хөрөнгө оруулалтаа хэрхэн шийдсэн бэ?
Зөвлөх үйлчилгээний бизнес капитал, хөрөнгө гэхээсээ цэвэр мэдлэг дээр суурилсан бизнес учраас анхны хөрөнгө оруулалтын зардал өндөр байдаггүй. Бид хоёр анх хувийн хуримтлалаараа бизнесээ эхлүүлсэн.
Хэрхэн хамтрагчаа сонгосон бэ?
Бизнес эхлүүлэхэд багаа бүрдүүлэх нь маш чухал байдаг. Тийм ч учраас Петровис компанид хамт ажиллаж байсан Б.Тунгалагтайгаа хамтарсан. Би илүү хурдтай ажиллах дуртай бол хамтрагч маань няхуур нямбай хүн. Тэгэхээр бие биеэ нөхөж ажиллах боломжтой байдаг.

Санхүүгийн зөвлөх үйлчилгээний онцлог нь юу вэ?
Манайд менежментийн, хүний нөөцийн гэх мэт төрөлжсөн зөвлөх үйлчилгээний компаниуд байдаг ч яг санхүүгийн удирдлагын зөвлөх үйлчилгээний компани байдаггүй гэж хэлж болохоор. Манайд байдаг санхүүгийн зөвлөх компаниуд гэвэл гадны дөрвөн том аудитын компанийн зөвлөх хэлтэс юм уу хөрөнгө оруулалтын банкны зөвлөхүүд, эсвэл санхүүгийн тайлан бэлтгэж өгдөг компаниуд л ихэвчлэн байдаг.
Санхүүгийн удирдлага гэхээр зөвхөн нягтлан бодох бүртгэл гэж ойлгодог тал манайд нийтлэг. Гэвч энэ бол нэг л хэсэг нь. Олон захирлууд санхүү, татварын тайлангуудаа цаг хугацаанд нь тушаагаад, татвараа сайн төлөөд байхад бизнес маань өргөжихгүй байна, үүний учир нь юу юм бол оо гэсэн асуулттай байдаг. Тэд орлого, зарлага, ашиг гэсэн гурван тоог л голдуу хардаг. Манай зорилго бол компанид, удирдах ажилтанд өнөөдрийг хүртэл явж ирсэн үр дүнгээ үнэн зөв хэмжээд, цаашдын зорилтдоо хүрэхийн тулд санхүүгийн тоон мэдээллүүдийг ашиглан хэрхэн зөв шийдвэр гаргах вэ гэдэг дээр нь зөвлөх, арга хэрэгсэл нэвтрүүлэх, байгаа туршлагыг нь сайжруулах явдал юм. Энгийн жишээгээр хэлэхэд бизнесийг хэрвээ барилга гэж үзвэл санхүү бүртгэл, санхүүгийн удирдлага гэдэг бол суурь нь юм. Суурь сайн байж байж барилга чанартай болдог. Яг үүнтэй адил бизнест ч гэсэн удирдлагууд маань сууриа сайн тавиад, үүн дээрээ сайн маркетинг, борлуулалт, үйлдвэрлэл, хүний нөөц болон хууль эрх зүйн бодлогуудаа хэрэгжүүлээд явбал эцсийн дүндээ гаргасан шийдвэр бүр нь ямар үр дүнтэй байсныг хэмжих боломжтой болно гэсэн үг.

Танайх ямар онцлог, давуу талуудтай вэ?
Манайх үйл ажиллагаа үндсэн 3 чиглэлтэй.
1. Санхүүгийн зөвлөх үйлчилгээ - Мастер төсөв гэсэн ойлголтыг компаниудад ойлгуулж, бизнес төлөвлөгөөгөө мастер төсөвтэйгээ уяж өгөхөд нь туслах. Энэхүү төсөв нь хэмжих боломжтой тоон үзүүлэлтүүдийг гарган өгч, байнга сайжрах боломжийг компаниудад олгодог. -Санхүүгийн түлхүүр үзүүлэлтүүдийг хэрхэн бизнесийнхээ онцлогт тохируулан сонгох вэ гэдгийг компанид зөвлөж, уг үзүүлэлтийг хэрхэн зөв уншиж, ашиглах вэ гэдгийг удирдлагын багийнханд сургадаг. Жишээ нь удирдлагын тайландаа 7 хоног, сар бүр, улирал тутамд тус тус ямар үзүүлэлтүүдээ харж явах хэрэгтэй вэ гэх мэт. -Хувийн компаниудын бизнесийн үнэлгээг хийн, хөрөнгө оруулалт, санхүүжилт босгоход нь тусалж, ямар давуу ба сул талтай байна вэ гэдгийг нь зөвлөдөг. Мөн төслийн санхүүгийн моделийг нь боловсруулж өгдөг.
2. Сургалт - Манай сургалтын онцлог нь практикт суурилсан, бодит жишээ ихтэй.Санхүүгийн ажилтанд зориулсан сургалтаас гадна захирлуудад зориулсан санхүү, менежментийн хосолсон сургалт явуулж байгаа. Санхүүгийн сайн ойлголтгүй захирлуудын хувьд нягтлангийн сургалтад суудаг ч юм билүү гэж боддог. Уг нь захирал хүн нягтлан бодох бүртгэлийн нарийн ширийн зүйлсийг мэдэх албагүй ч түрүүнд хэлсэнчлэн түлхүүр үзүүлэлтүүдээ харж чаддаг байх хэрэгтэй. Энэ чадварыг сургалтаараа дамжуулан олгоно. Ер нь манайхаас үйлчилгээ авахыг хүсвэл эхлээд сургалтанд маань суучихвал яг ямар үйлчилгээ нь хэрэгтэй болохыг ойлгохоос эхлээд олон шинэ зүйлийг сурна гэдэгт итгэлтэй байна.
3. Өмнө дурдсан Talent service буюу санхүүгийн ажилтны зуучлалын үйлчилгээ.

Бизнесийн алсын хараагаа юу гэж тодорхойлсон бэ?
Санхүүгийн удирдлага гэсэн ойлголтыг зөвөөр таниулж, чадварлаг баг, партнеруудтай болохыг эрмэлзэж байгаа. Хамгийн сайн зөвлөгчид манайд байдаг, бид эргээд хамгийн сайн кейсийг олгодог тийм л компани байна. Ирэх жилээс гадны зөвлөх үйлчилгээний төлөөлөгчийн газар болохоор зорилтоо тодорхойлсон байгаа. Хэтийн зорилгоо бол мэргэжлийн өндөр ур чадвар, ёс зүйгээр харилцагчдынхаа хөрөнгийн өгөөж, үнэ цэнийг нэмэгдүүлэх, бизнесийг нь өргөжүүлэхэд чиглэгдсэн санхүүгийн шилдэг зөвлөгч нь байж, санхүүгийн зөвлөх үйлчилгээний олон улсын байгууллага болох хэмээн тодорхойлсон.

Бизнесийн үнэт зүйлс, баримталдаг зарчим тань юу вэ?
Ер нь компанийн үнэт зүйлс үүсгэн байгуулагчийнхаа үнэт зүйлс дээр суурилдаг гэж боддог. Миний хувьд манай компанийн үнэт зүйлс бол ажилтнууд бидний зан чанар гэж ойлгодог. Бид бүтээгч, шинийг санаачлагч байхыг зорьдог. Киёосакигийн “Мэдлэг нэмэгдэх тусам эрсдэл буурна” гэж үг байдаг даа. Түүн шиг бид харилцагчдаа мэдрэмж дээр бус цэвэр мэдлэгт суурилсан бизнес хийдэг болгох зорилготой.
Танайх одоо юун дээр төвлөрөн ажиллаж байгаа вэ?
Товчхондоо санхүүгийн шинжээчийг моодонд оруулахаар ажиллаж байна гэж хэлж болно. Санхүү менежментээр олон залуус их сургууль төгсдөг ч санхүүгийн шинжээч авъя гэсэн газар цөөн, ажлын байр ховор байдаг. Ихэнх компани нягтлан бодогч л хайдаг. Санхүүгийн шинжээчийн цөөн орон тоо байлаа гэхэд залуус туршлагагүй гэж гологддог. Тиймээс бид санхүүгийн шинжээчид туршлага олгох сургалтыг энэ сараас эхлэн явуулахаар ажиллаж байна. Санхүүгийн шинжээч нь нягтлангаас дутуугүй санхүүгийн бүртгэлийн мэдлэгтэй байх ёстой байдаг. Энэ сургалтыг явуулан шалгалт аваад, амжилттай дүн үзүүлбэл ажилд зуучлах болно. Гүйцэтгэх захирлын сургалт дээрээ санхүүгийн шинжээч гэж юу хийдэг албан тушаал вэ, нягтлан бодогчдоос юугаараа ялгаатай байдаг, яагаад байгууллагад санхүүгийн шинжээч хэрэгтэй байдаг талаар танилцуулдаг. Мөн манайх Голомт банкны жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих онлайн зөвлөгөөний сайт дээр санхүү болон менежментийн контентыг нь бэлтгэж байгаа.

Энэ бизнесийг эрхлэхийн эерэг сайн ба хэцүү бэрхшээлтэй талууд?
Компаниудад санхүүгийн удирдлагаа сайжруулахад тусалж байгаа маань ганц компаниар тогтохгүй нийт эдийн засагт алсдаа томоохон эерэг нөлөөтэй. Жишээ нь манайд хөрөнгийн зах зээл хөгжихгүй байгаагийн нэг шалтгаан нь компаниуд санхүүгийн бүртгэлээ сайн хийж чадахгүй, санхүүжилтийн эх үүсвэр нь ихэнхдээ зээл гэсэн ганцхан эх үүсвэр байх ёстой гэж боддогтой, товчхондоо санхүүгийн боловсрол бага байгаатай холбоотой. Улаанбаатар хотод х тайлан гаргадагүй, яг ашиг алдагдлаа тайлагнаад явж байгаа 40 мянга гаруй аж ахуйн нэгж байгаа ч 20 дээш ажилтантай нь тэдгээрийн 10 хувь, 40-өөс дээш ажилтантай 1500 компани л байна. Эдгээрийн ихэнхийнх нь санхүүгийн бүртгэл замбараагүй, санхүүгийн удирдлагын талаар бүр дор байдалтай. Тэгэхээр эдгээр компаниуд цаашдаа томроод жижгээс дунд рүү, дундаас корпораци рүү, корпорациас хөрөнгийн зах зээл рүү гарах хүртэл амбиц, зорилгоо биелүүлэхэд бидний зөвлөгөө зайлшгүй хэрэг болно.
Хэцүү бэрхшээлтэй тал гэвэл манайд монгол компаниас зөвлөх үйлчилгээ авч сураагүй, авсан ч аль болох үнэгүйдүүлэх гээд байдаг хандлага бий. Гадны мэргэжилтэнд бол их мөнгө төлдөг хэрнээ шүү. Ажлын хөлсийг маань үнэтэй байна хэмээн хямдруулах гээд байгаа тохиолдолд бид тухайн компаниас татгалздаг. Хамгийн сайн, чанартай үйлчилгээг үзүүлэхэд үнэ бол чухал үзүүлэлт. Мөн санхүүгийн зөвлөх үйлчилгээн дээр зорилтот зах зээлээ олох нь амаргүйг өнгөрсөн хугацаанд ойлгосон доо.

Хамгийн амжилттай бүтээгдэхүүн, үйлчилгээнээсээ нэрлэнэ үү?
Өнгөрсөн хугацаан дахь хамгийн том ололт амжилт гэвэл хийж байгаа зүйл маань зөв зүйтэй, хэрэгцээтэй юм байна гэсэн итгэл үнэмшил төрснийг хэлнэ. Энэ хэрээр манай үйлчилгээ чанаржиж, шинэ шинэ санаанууд дүүрэн байна.

Сэтгэгдэл бичих (4)


Ц Цолмон
Мэдлэг нэмэгдэх тусам эрсдэл буурна гэдэг онц содон санагдлаа би заавал зөвлөгөө авнаа Та 2-д болон бусад хамтрагч нарт нь ажлын амжилт хүсье
Z Zochin
Bi ednii nygtlangiin shalgltig ygch bsan. Ymar ch amidralgui buun shinjilgee, onol bsan. Estoi sanhuugiin manager-n l ajil bsan. Jaahan amidraltai bh heregtei. Dunguj surguuli tugssun esvel, bagsh nar l teriig sanaj bgaa bh. Ajil deer uchnuun olon jil ny-bo hiisen hun bol onoloor bol hetsuu hetsuu. Hursen deer buugaasai l gey
U UniQue
Яг үнэндээ ээлжийн амралтын олговор, жирэмсний тэтгэмжийн учраа ч олохгүй, түүнээсээ болоод хохирч байгаа хүмүүс зөндөө бий. Яг үүнтэй адил санхүүгийн наад захын мэдлэг хэн бүхэнд л хэрэгтэй. Заавал сууж, үр дүнг нь үзнэээ
М Мишка
С.Уран нь өөрөө их мундаг эмэгтэй юм билээ. Танай хамт олонд амжилт хүсье. Эрхэм зорилгодоо хүрээрэй ;)