Хүмүүсийн товчхоноор "Ай Ти Парк" хэмээн хэлж заншсан Мэдээллийн Технологийн Үндэсний Парк саяхан Мэдээллийн Технологийн Шинжлэх Ухааны Парк болон өргөжөөд буй. Хотын төвд, их сургуулиудын зэргэлдээ орших энэ газар дэврүүн оюутнууд, гарааны бизнес эрхлэгчид, эрдэмтэн судлаачид, төрийн албан хаагчид зэрэгцэн холхилдож, ажил бизнес буцалж байдаг билээ. Энэ барилгад паркийн харьяа сургалтын саруул танхимууд, өндөр технологи бүхий лабораториуд, мэдээллийн төвөөс гадна мэдээллийн технологийн салбарт цахиур хагалах гарааны компаниуд байдаг. "Алкемист", "Вайрил Партнерс" зэрэг салбартаа хэдийнэ танигдсан эдгээр залуу компаниудаас гадна салбартаа тэргүүлэгч "Интерактив" зэрэг томоохон компаниуд, оюутны инкубатор төв, виртуал оффис, co-working space зэрэг шинэлэг үйлчилгээнүүд ч энд бий. Өдөр тутам урагшлан хөгжиж буй, ирээдүй цаг болсон мэдээллийн технологийн салбарынхныг нэг дор цуглуулж, байнга шийдэл хайж байдаг тус байгууллагаар зочилж, баг хамт олноороо хэрхэн ажилладгийг нь уншигчдадаа таниулахад таатай байна.

Таны ажлын хамгийн онцлох арга барил?

Мэдээллийн Технологийн Үндэсний Паркийг 2002 онд байгуулсны дараахан мэдээллийн технологийн жижиг дунд бизнесийг хөгжүүлэх зорилгоор инкубатор төвийг байгуулжээ. 2003 онд 19 компани элсүүлэн эхэлсэн инкубаторыг өнөөг хүртэл 110 гаруй компани төгсөж, үүнээс 60 орчим хувь үйл ажиллагаагаа амжилттай үргэлжлүүлэн яваа аж. Уг төв шалгуурт тэнцэж орсон гарааны компаниудыг 2 жил хагасын хугацаанд хөнгөлөлттэй үнэ бүхий оффисын байр, төрөл бүрийн консалтинг үйлчилгээ, тоног төхөөрөмж, уулзалтын танхимаар хангадаг бөгөөд бойжин гартал нь 40-80 сая төгрөгтэй тэнцэх хөрөнгө оруулалтыг хийдэг байна.

Инкубатор, бизнес хөгжүүлэлтийн төвийн дарга П.Наранцэцэг: Би төлөвлөж ажиллах дуртай. Төлөвлөгөөгөө сайн гаргаад, төлөвлөсөн үр дүнгээ хүлээдэг. Инкубаторыг байгуулахаас эхлээд 12 жил ажиллаж байгаа болохоор гарааны компаниудынхаа байр байдал, болж байгаа, болохгүй байгаа зүйлсийг хараад уулзаад л гадарлачихдаг. Компаниудад байнга шинэ санаа гаргаж, бүтээлч байхыг, мөн барьж авсан зүйлдээ сайн мэргэшихийг захьдаг.

Мэдээллийн технологи гэдэг хурдтай хувьсан өөрчлөгдөж байдаг салбарт гарааны компаниудыг өсөж дэвжих бололцоогоор хангахын тулд өөрөө байнга суралцах, оновчтой шийдлүүдийг байнга эрэлхийлэхийг хичээнэ. Эхэн үедээ бол ганцаараа ажилладаг байлаа, сүүлдээ инкубатор бол компаниудыг судалгаа, санхүү, хууль гэх мэт төрөл бүрийн чиглэлээр хөгжүүлэх ёстой гэсэн саналыг удирдах ажилтнууддаа тавьж, албаа өргөжүүлэн ажиллаж байна.

Таны хийж буй ажлын онцлог нь юу вэ? Эерэг сайн ба хэцүү бэрхшээлтэй талууд?

Гарааны компани үүсгээд явж буй залууст зорилгодоо хүрэхэд нь туслах бол мэдээж үнэхээр сайхан ажил. Тэднийг амжилттай үед нь баярлаж, амжилтгүй үед нь дэмжиж тэтгэж явахыг хичээдэг. Манайхыг төгсөөд гарсан олон сайхан компани бий. Интерактив, Бизнетвөркийг үүсгэн байгуулсан Синглтон, ECМ, Старсофт, Bolor Soft зэрэг компаниудыг дурдаж болно.

Хэцүү бэрхшээлтэй зүйлс мэдээж гарна. Жишээ нь олон гарааны компанийг нэг дор зангидаж явна гэдэг тийм амар биш. Ихэнх нь цөөн ажилтантай өөрсдөө шийдвэр гаргадаг захирлууд байдаг. Бизнесийн санаагаа бодит ажил болгох гэж яваа л бол залуучууд багаа бүрдүүлж, хууль эрх зүйн дагуу үйл ажиллагаагаа явуулж, компани шиг компани байх ёстой гэсэн шаардлагыг би эхнээс нь тавьдаг. Асуудал гарвал тэдэнд заримдаа зөөлөн хэлнэ, заримдаа хатуу хэлнэ.

Мөн манай гарааны компаниудад хөрөнгө оруулалт татаад дараагийн шат руугаа хурдтай үсрэлт хийх боломж одоогоор хомс байдаг. Хөрөнгө оруулалтын соёл манайд сайн бүрэлдээгүй байна.

МТШУП-ийн инкубаторын компаниуд

Та ажлаа ямар програм, апп дээр явуулдаг вэ? Таны хамгийн их ашигладаг ажлын хэрэгсэл юу вэ?

211 тоот дахь Компьютер Вишн Студи нь мэдээллийн технологийн салбарын төрөл бүрийн үйл ажиллагаа, арга хэмжээг зохион байгуулах, мөн контент хөгжүүлэх зорилготой. 180 хүний багтаамжтай энэ танхим нь мөн мультимедиа студийн зориулалтаар ашиглагддаг. Цахиурын хөндийн монгол инженерүүдийг урин залуустай уулзуулдаг “Та дэлхийд гарахад бэлэн үү?”, бизнесийн санаагаа бусдад танилцуулж, ижил зорилготой залуус, менторууд, хөрөнгө оруулагчидтай холбогдох боломжийг хэн бүхэнд олгох "Pitch Day” зэрэг паркаас зохион байгуулладаг үйл ажиллагаануудаас эхлээд Startup Weekend арга хэмжээнүүд, салбарын байгууллагуудын хэлэлцүүлэг зэрэг арга хэмжээ байнга болдог байна. Бид уг студийн мэргэжилтэн А.Мягмаржаргал, Н.Болдбаатар (зураг дээр зүүн гараас) нартай уулзав.

А.Мягмаржаргал: Миний хувьд паркийн үндсэн үйл ажиллагаа болон бусад үйл ажиллагаанд ашиглагдах хэвлэл, вэб дизайн, ном сэтгүүл, сурталчилгааны ажлуудыг хийж гүйцэтгэдэг. Тийм болохоор Photoshop, CorelDraw, Adobe Indesign, Illustrator ашиглана. Байгууллагын хувьд манайх дотоод харилцаагаа Google Drive, Lan мессежээр явуулдаг. Тоног төхөөрөмжийн хувьд том жижиг хоёр төрлийн принтерийг байнга ашиглана.

Н.Болдбаатар: Манайхаас зохион байгуулдаг цуврал арга хэмжээнүүдийг видео бичлэгийг хийж, контент болгох Youtube сувгаар дамжуулан олон нийтэд түгээж, мөн байгууллагын архивт оруулдаг. Бас байгууллагын баримтат кино, нэвтрүүлэгч, реклам шторкийг хийнэ. Sony XDCAM брэндийн 2 камер, render компьютер, видео гэрэлтүүлгийн систем дээр ажилладаг даа.

Та бүхэн ажлын өрөө, ажлын орчноо дүрсэлнэ үү?

Таны хийж буй ажил ямар үр өгөөжтэй вэ?

Шинжлэх ухааны парк нь ITPek, ICDL, TOPCIT гэсэн мэдээллийн технологийн мэдлэгийн түвшин тогтоох олон улсын 3 стандарт шалгалтыг авдаг.

Ур чадвар, стандарт хариуцсан мэргэжилтэн Ч.Сувд: Миний хувьд Азийн орнуудын мэдээллийн технологийн инженерийн шалгалтыг зохион байгуулах, салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр ажилладаг. Мэдээллийн технологийн инженерийн шалгалт нь мэдээллийн технологийн инженерүүдийн мэдвэл зохих суурь мэдлэгээс эхлээд мэргэжлийн түвшний бүх мэдлэгийг шалгадаг бөгөөд Азийн 12 оронд хүлээн зөвшөөрөгддөг олон улсын шалгалт юм. Энэ шалгалтыг давснаар олон улсад ажиллах нөхцөл бүрдэхээс гадна Монголдоо мэдээллийн технологийн зөвлөх болон мэргэшсэн инженерийн зэрэг олгох шалгууруудын нэг болзлыг хангана гэсэн үг. Одоогоор энэ шалгалтыг нийт 1400 гаруй хүн өгснөөс 130 орчим тэнцсэн. Энэ үзүүлэлтийг бусад гишүүн орнуудтай харьцуулахад дээгүүрт ордог. Манай паркаас уг шалгалтад бэлтгэх сургалтуудыг жил бүр шалгалт эхлэхийн өмнө зохион байгуулдаг.

Шалгалтын хугацааны хувьд хавар, намар буюу жилд 2 удаа зохион байгуулагддаг бөгөөд гишүүн орнуудын хэмжээнд нэг өдөр, нэг цагт, нэг асуулттайгаар явагддаг онцлогтой. Энэ намрын шалгалт 10-р сарын 16-нд манай дээр болно. Одоогийн байдлаар намрын шалгалт зохион байгуулах, тус шалгалтын гишүүн орнуудын захирлуудын уулзалтыг зохион байгуулахаар бэлтгэн ажиллаж байна.

Мэдээллийн технологийн мэдлэгээ дээшлүүлэхийг салбарын мэргэжилтнүүд болоод бусад салбарын хүмүүст танай байгууллага ямар үйлчилгээ санал болгодог вэ?

Хамтын ажиллагаа, олон нийттэй харилцах менежер С.Алтанцэцэг: Мэдээллийн технологийн мэргэжилтнүүд болон энэ чиглэлээр мэдлэгээ нэмэгдүүлэхийг хүссэн хүмүүсийн ур чадварыг дээшлүүлэх, мэргэшүүлэх, хөгжүүлэх, олон улсын түвшинд хүргэх зорилгоор мэдээллийн аюулгүй байдал, сүлжээ, өгөгдлийн сан, вэб програмчлал, апп хөгжүүлэлт гэх мэт 13 төрлийн сургалтыг өндөр түвшинд зохион байгуулдаг. Сургалт бүрийг тухайн мэргэжлээрээ мэргэшсэн, олон улсын албан ёсны сертификаттай, мэргэжлийн багш нар заадгаараа давуу талтай. Жишээ нь апп хөгжүүлэлтийн сургалт 14 хоног үргэлжилдэг, сургалтанд хамрагдагсад өөрийн гэсэн 1 апп-ийг хөгжүүлээд төгсдөг. Нэг сургалт жилдээ нэг удаа зохион байгуулагддаг. Өөрөөр хэлбэл сар тутам манайд сургалт болж байдаг. Сургалтуудыг сонирхсон хүмүүс манай шинээр нэвтрүүлсэн системээр буюу www.training.itpark.mn хаягаар мэдээлэл авч, бүртгүүлээрэй.

Танай лабораторийн онцлог, давуу талууд?

Шинжлэх ухааны паркийн OpenLAB буюу нээлттэй лаборатори нь эмбеддед систем, электрон автоматжуулалт хөгжүүлэлтийн чиглэлээр судалгаа шинжилгээ хийх, сургалт зохион байгуулах зорилготой эрдэмтэн судлаач, оюутан сурагчдад үйлчилдэг. Энэ чиглэлийн гарааны компаниудыг дэмжих зорилготой ба Makers Mongolia Movement буюу Монголын Бүтээгчдийн Хөдөлгөөнд нэгдэж, 10 гаруй нээлттэй сургалтыг 100 гаруй залууст зохион байгуулжээ.

Сүлжээний инженер О.Баасанжаргал: Манай лабораторийн хамгийн гол үйл ажиллагаа бол 3D принтерээр юм хэвлэх (PLA, CPE, ABS материал). OpenLaB нь одоогоор "Ultimaker 2" брэндийн 3D принтер ашиглан лабораторийнхоо үйл ажиллагааны хүрээнд иргэдэд ашгийн бус үйлчилгээ үзүүлэн, 326 ширхэг биет бүтээгдэхүүнийг хэвлэж өгөөд байна. Уг принтер нь Пластик материал ашиглан .stl .obj .dae . amf төрлийн 3D файлийг хэвлэн үйлдвэрлэдэг. Бүхий л салбарт эрэлттэй байгаа, Монголд орж ирээд нэг жил ч болоогүй энэ принтер бүхий л экспо, үзэсгэлэнд оролцож, анхаарал татсан техник технологийн нэгээр шалгараад байгаа юм.
Мөн электрон автоматжуулалтын тоног төхөөрөмжийг түрээслүүлэх, ашиглуулах (Raspberry pi, BeagleBone, Pandaboard, ODROID, Arduino), лабораторидоо ширээ түрээслэх, зөвлөгөө, консалтинг үзүүлэх гэсэн үйлчилгээнүүдийг үзүүлдэг.

Танай байгууллага яг одоо юун дээр төвлөрөн ажиллаж байна?

Шинжлэх ухааны паркийн захирал Б.Буян-Өлзий: Бид “IT PARK-2.0” төсөл буюу Шинжлэх Ухаан, Технологийн Парк байгуулахыг зорин ажиллаж байна. Монгол улсад ШУТП-ын тухай хууль эрх зүйн орчин тодорхойгүй, мөн туршлага байхгүй байгаа. Одоогоор бид энэ жил төлөвлөсөн ажлынхаа 80 хувийг хийж гүйцэтгээд байна. Яг одоо өмнө эхлүүлсэн ажлуудаас гадна гурван ажил дээр төвлөрөн ажиллаж байна:
1. Хөрөнгө оруулалтын орчин бий болгох. Инноваци, технологийг бүтээгч гарааны компаниудыг хөрөнгө оруулагчидтай холбох.
2. Үндэсний хэмжээний “Баатар старт-ап” компанийг (Солонгосын Samsung, Эстонийн Skype шиг) бий болгож, олон улсын зах зээлд гаргах.
3. Гарааны бизнесүүдийн хувьд НӨАТ, ХХОАТ, эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгал гэх мэт олон төрлийн дарамт байдгийг хөнгөвчлөх тал дээр ажиллаж байна.

Мэдээллийн төвөөр үйлчлүүлэгчид ямар номыг их сонирхож судалдаг вэ?

Шинжлэх ухааны паркийн 3000 гаруй номтой мэдээллийн төв нь энэ чиглэлийн сурах бичиг, номоор ийм сайтар хангагдсан номын сан, бие даах төв юм. Ороод суухад тохилог энэ төвд бүртгүүлэх, номнуудаас нь ашиглах боломж зөвхөн мэдээллийн технологийн салбарын гэлтгүй хэн бүхэнд нээлттэй байдаг аж.

Мэдээллийн төвийн мэргэжилтэн С.Нарангэрэл: Хүмүүс ихэвчлэн мэдээллийн технологийн номууд үздэг. Манай дийлэнх номууд англи хэл дээр байдаг. Мөн монгол хэл дээр инженерийн шалтгалтын номуудыг нэлээд ашигладаг шүү. Манайд бүртгэлтэй бол номыг хоногоор авч яван ашиглах боломжтой. Мөн суурин 3 компьютертэй, суух хүмүүс лаптопоо авчраад интернэтэд үнэгүй холбогдож болно.

Та хэдээс хэдэн цагийн хооронд ажилладаг вэ?

Паркийг 2002 онд Шинжлэх ухаан, техник мэдээллийн төв корпораци гэх нэртэй байхад нь ажилд орж, үүдний ресепшин, үйлчлэгч, зохион байгуулагч зэрэг ажлуудыг хийж явсан ахлах үйлчлэгч О.Буянтогтох өдгөө 8 үйлчлэгч, 1 туслах ажилтныг хариуцан ажиллаж, өөрөө сургалтын 3 өрөөний цэвэрлэгээ үйлчилгээ даан явдаг байна.

Ахлах үйлчлэгч О.Буянтогтох: Өдөр бүр 8.30-17.30 цагийн хооронд ажилладаг. Манай парк сүүлийн жилүүдэд шинэчлэгдээд тун тухтай, өнгөлөг, хангамж сайтай газар болсон болохоор ажиллахад их урамтай байдаг юм. Манайд ажилладаг залуус, үйл ажиллагаанд оролцдог залуус харьцангуй соёлтой болохоор хүндрэл багатай. Яахав үйлчлэгч нар ааш муутай харагддаг байж магад, гэхдээ аж ахуйн ажил хэцүү, хариуцлагатай байхгүй бол болдоггүй онцлогтой.

Та гарааны компаниудад нэг чухал зөвлөгөө өгнө үү?

Шинжлэх ухааны паркийн үйл ажиллагааны нэг чиглэл бол мэдээллийн технологийн салбарт бий болж байгаа оюун өмчийг хамгаалахад, гэрчилгээ, патент авахад дэмжлэг үзүүлэх, шинэ бүтээгдэхүүнийг эрх зүйн хувьд баталгаажуулах явдал юм. Оюуны өмчийг хамгаалснаар тухай бүтээгдэхүүн дээр лицензийн гэрээ хийгдэх, бусдад зарах юм уу ашиглуулах нөхцөл бүрдэж, эдийн засгийн эргэлтэнд орох ач холбогдолтой байдаг. Мэдээллийн технологийн салбар бол дэлхийн хэмжээнд хамгийн их оюуны өмч бий болдог салбаруудын нэг. Харин Монгол улсын хувьд инженерүүд маань авьяастай чадвартай ч гэсэн хийсэн бүтээгдэхүүнээрээ хэрхэн ашиг олох вэ гэдэгт сайн суралцаагүй гэдгийг тэд онцолж байв. Оюуны өмчөө эрт баталгаажуулаагүйгээс болж бүтээгдэхүүнээ бусдад алдах, ашиг олж чадахгүй байх тохиолдлууд зөндөө гардаг бөгөөд инкубаторын компаниудад ч ийм ойрын жишээ хэд хэд бий гэнэ.

Хуульч, оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. Лхагвасүрэн: Оюуны өмчөө баталгаажуулах процесс тийм хялбар, хурдан шийдэгдчих асуудал биш ч хамгийн түрүүнд анхаарах ёстой асуудал байдаг. Тухайн шинэ бүтээгдэхүүнтэй ижил төстэй бүтээгдэхүүн Монголд болоод дэлхийд өөр бий юу гэдгийг судлах шүүх шаардлага гардаг тул өргөдлийг хүлээн авч шалгаад гэрчилгээ олгох хугацаа хуулийн дагуу 9 сар байдаг юм. Гэхдээ ямар төрлийн бүтээгдэхүүн бэ гэдгээс шалтгаалаад хугацаанд өөрчлөлт орж болно.

Мөн бүтээгдэхүүнийхээ юуг нь хамгаалуулахаа сайн бодох хэрэгтэй. Дэлхийд алдартай Кока Кола компанийн хувьд бүтээгдэхүүн дээрээ биш технологийн нууцлал дээрээ патент авсан нь оюуны өмчөө бусдад алдахгүй байх шалтгаан болсон байдаг. Бүтээгдэхүүн дээр авчихвал хэдэн жилийн дараа жор нь нийтэд ил болох байж л дээ. Тиймээс мэдээллийн технологийн салбарынхан манай дээр ирж оюуны өмчийн зөвлөгөө авч байгаарай гэж урья. Бид ирэх 11-р сард Оюуны өмчийн биржийг бий болгохоор ажиллаж байгаа. Энэ биржийг байгуулснаар оюуны өмч эзэмшигчид түүнийг нь ашиглах, худалдан авах сонирхолтой хүмүүстэй хялбар холбогдох юм. Мөн IP Contulting гэх оюуны өмчийн консалтинг үйлчилгээ үзүүлдэг мэргэжлийн компани манайд үйл ажиллагаа явуулдаг.

Та ажлынхаа юунаас урам зориг, эрч хүч авдаг вэ?

Судалгаа, бизнес хөгжүүлэлтийн мэргэжилтэн Ц.Цэцэгмаа: Миний хувьд шинэ технологийн инноваци, ялангуяа мэдээллийн технологийн инновацийг хэрэгжүүлэх нөөц бололцоо, энтрепренершипийн экосистемийг бүрдүүлэх талаар судалгаа хийдэг. Яг одоогийн байдлаар Agile model хэмээх софтвэйр хөгжүүлэлтийн стандартыг бий болгох гарын авлага боловсруулахаар судалгаа хийж байна. Мөн энтрепренершипийг хөгжүүлэх арга хэмжээнүүдийг зохион байгуулахад оролцдог. Саяхан л гэхэд “MIT-Монгол” санаачилгын хүрээнд зохион байгуулагдсан MIT Global Startup Labs-Mongolia арга хэмжээг зохион байгуулахад манай байгууллага оролцсон байгаа. Энтрепренершипийн судалгаа асар өндөр түвшинд хөгжсөн MIT сургуулийн нөү хаугаас Монголдоо авч үлдэх зорилгоор энэ глобал арга хэмжээг ШУТИС, МУИС хамтран зохион байгуулсан юм. Паркийн зүгээс өрөө танхим, ментор, шүүгч, зохион байгуулалт гэх мэт зүйлсээр дэмжиж ажиллалаа. Өнгөрсөн долоо хоногт мөн Game accelerator хөтөлбөрийн Demo day арга хэмжээ болж, оролцогчид маань өөрсдийн хөгжүүлсэн тоглоом, аппликейшнээ танилцуулсан.

Би өөрөө бусадтай нээлттэй харилцахыг зорьдог учраас энэ олон арга хэмжээгээр танилцсан хүмүүстэй дараа нь найз нөхрийн сайхан харилцаатай болох боломж бүрддэг. Тэр маань их урам зориг, эрч хүч өгдөг шүү. Мөн арга хэмжээнүүдэд маань байнга оролцдог залуус эвент бүр дээр сайжраад ороод ирэхээр ажлын үр дүн гарч байна гэж урамшдаг юм. Ер нь мэдээллийн технологийн салбарт ихэвчлэн шинэ зүйлд байнга тэмүүлдэг залуу хүмүүс ажилладаг болохоор тасралтгүй суралцах шаардлагатай, хэзээ ч уйдахгүй байдаг нь урамтай.

Та бүхний өнгөрсөн 2 сарын хугацаанд хөтөлбөрт хамрагдах үедээ авсан хамгийн сайн зөвлөгөө юу вэ?

Шинжлэх ухааны паркийн 3 давхарт байрлах TechGer Founders Space нь ногоон технологи, их өгөгдөл (big data), зүйлсийн интернэт, гар утасны хөгжүүлэлт зэрэг чиглэлийн гарааны компаниудын үйл ажиллагааг дэмжиж, хурдасгах, бүтээлч залуусын хамтдаа ажиллах соёлыг төлөвшүүлэх зорилготой төв юм. Уг төвөөс тоглоом хөгжүүлэгч залуусын шинэ санаа бүтээлийг хөгжүүлэн, зах зээлийн эргэлтэнд оруулахад нь дэмжлэг үзүүлэх Game Accelerator гэх хурдасгуур хөтөлбөрийг саяхан хэрэгжүүлж, өнгөрөгч баасан гарагт Demo Day нь болсон бөгөөд шүүгчдийн бүрэлдэхүүнд урилгаар IBM компанийн инженер Наранцацрал, Apple компанийн инженер Д.Энх-Амгалан нар суужээ. Бид TechGer-д өнөөдрөөс эхлэн сууж байгаа MIT Global Startup Labs хөтөлбөрийн ялагч Zaalandaa апп-ийг хөгжүүлэгч залуустай хөөрөлдлөө.

Zaalandaa апп-ийг хөгжүүлэгч залуус: Бидний анхны санаа спортын заал байгаагүй. Манай аппийн анхны зорилго нь түрээсэлж, ашиглаж болох хурлын заал, уулзалтын танхимуудыг нэгтгэх байсан. Тэгээд хөтөлбөрийн туршид олон хүний зөвлөгөөгөөр санаагаа хөгжүүлж, спортын заалны мэдээллийг нэгтгэн заал авах хүмүүс ба заал өмчлөгчдийг холбохоор болсон юм. Зах зээлээ ингэж нарийн тодорхойлж чадсан маань бидний хийх зүйлийг тодорхой болгож, давуу талыг үүсгэсэн. Мөн анх ийм л юм хийнэ дээ гэсэн төсөөлөлтэй байсан бол яг ямар дарааллаар, яаж төлөвлөгөөтэй хийх вэ гэдгийг бид менторуудынхаа ачаар ойлгосон. Технологийн шийдэл дээр ч гэсэн бид эхлээд өөрсдийн бодлоор дайрч байсан бол олон хүнтэй уулзаж, зөвлөгөө сонсох тусам бүтээгдэхүүн маань өөрчлөгдөж, маш сайн төсөөлөгдөөд ирсэн дээ. Ер нь менторуудын ач их байсан. Үр өгөөжтэй сайхан хөтөлбөрт хамрагдаж ялагч болсондоо баяртай байгаа. Өчигдөр л гэхэд бид шүүгч нарын нэг IT Zone-ийн захиралтай очиж уулзахад манайд дадлага хийгээрэй, танайхтай төстэй бүтээгдэхүүнийг хөгжүүлж байсан болохоор та нарыг дэмжинэ гэсэн шүү.