Наадмын дараа намар аа гэж. Монголчууд Үндэсний их баяр наадмаа хийж, долоодугаар сарын урт амралтаа эдлэв. Ингээд ажилдаа орох нь орж, амрах нэг нь үргэлжлүүлэн амарч байна. Баяр наадам тохиосон өдрүүд тул улс төрийн амьдрал тийм ч идэвхтэй байсангүй. Харин энэ өдрүүдэд гадаадад харилцааны тал дээр онцлох зүйлс цөөнгүй байлаа.

ЕРӨНХИЙ САЙДЫН СИНГАПУРТ ХИЙСЭН АЙЛЧЛАЛ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ долоодугаар сарын 6-9-ний өдрүүдэд Сингапурын Ерөнхий сайд Ли Сиен Лүний урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийсэн юм.

Айлчлалын үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Сингапур Улсын Ерөнхий сайд Ли Сиен Лүнтэй албан ёсны хэлэлцээ хийж, Харилцаа холбоо, мэдээллийн сайд болон Сингапурын Хамтын ажиллагааны байгууллага, Хуримтлалын төв сан, Орон сууц, хөгжлийн зөвлөл, “Темасек” олон улсын сан, Сингапурын Их Сургууль зэрэг байгууллагын удирдлагатай уулзсан. Ерөнхий сайдаар ахлуулсан айлчлалын бүрэлдэхүүн энэ өдрүүдэд Сингапурын хуримтлалын сангийн туршлага, төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулах, хот төлөвлөлт, нийтийн орон сууцны хөтөлбөр, цахим засаглал, мэдээллийн технологид суурилсан төрийн албаны шинэчлэлээс суралцах, ухаалаг нэгдсэн системд тулгуурлан авто замын түгжрэлийн асуудлыг шийдэхэд сингапурчуудын туршлагаас суралцах, хамтран ажиллах тал дээр идэвхтэй ажиллажээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Шинэ сэргэлтийн бодлого”-ынхоо хүрээнд хийж хэрэгжүүлэхээр амласан хотын түгжрэлийг бууруулах, төрийн албанд шинэчлэл хийх, цөлжилтийн эсрэг тэмцэх чиглэлд олон талт уулзалт хийж, хамтын ажиллагааны гурван баримт бичиг байгуулсан байна.

Үүний хоёр томоохон санамж бичиг нь Улаанбаатар хоттой холбоотой байв. Тухайлбал, Сингапурын “Эс Ти Инженеринг Электроникс” нь төрийн өмчит буюу 51 хувийг нь Тэмасек олон улсын сан эзэмшдэг томоохон компанитай, түгжрэл, төвлөрлийн асуудлыг шийдэхээр санамж бичиг зуржээ. Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумьяабазар Ерөнхий сайдын энэхүү айлчлалыг Улаанбаатар хотод онцгой ач холбогдолтой боллоо хэмээн дүгнэжээ.

ОХУ-ЫН ГАДААД ХЭРГИЙН САЙД ЛАВРОВЫН АЙЛЧЛАЛ

Өнгөрөгч долоодугаар сарын эхээр ОХУ-ын Гадаад хэргийн сайд Монголд айлчилсан. Сүүлийн үед олон улсын тавцанд анхаарлын төвд буй хойд хөршийн Гадаад хэргийн сайдын айлчлалын үеэр юу юу яригдсан бэ? Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг "Өнөөдрийн хэлэлцээний дүнд сэтгэл хангалуун байна. Лавров сайдын манай улсад хийж буй айлчлалын үеэр Монгол, Оросын харилцаа, хамтын ажиллагааны зарим асуудлыг шийдвэрлэж, бидний анхаарлыг шаардаж байсан асуудлаар үр дүнтэй ярилцаж, зарим оновчтой шийдлийг гаргаж чадсан гэж дүгнэж байна" гэжээ.

Харин ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров "Хоёр улсын хооронд хийж буй худалдаа эрс өсөн нэмэгдэж байна. Өнгөрсөн онтой харьцуулахад 30 гаруй хувиар нэмэгдсэн бол энэ оны хагас жилийн байдлаар 45 хувиар нэмэгдсэн байна. Олон улсын асуудлаарх манай хоёр улсын байр суурь ижилхэн, эсвэл ойрхон байгаа. Юуны түрүүнд манай хоёр улс НҮБ-ын үндсэн дүрэмд тусгасан бүх дүрэм, зарчмыг дээдэлж, тэр дундаа тусгаар улсын бүрэн эрхт байдлыг хүндэтгэж, хамтын ажиллагааг бүхий л чиглэлээр хөгжүүлэхийг дээдэлдэг. Өөрийн зүгээс дэлхийн дахины хурцадмал байдлын шалтгааныг нарийвчлан тайлбарласан...

Бусад олон улсын хамтын ажиллагааны хувьд, НҮБ, Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагын хүрээнд мөн Ази Номхон далайн байгууллагын хүрээнд харилцан уялдаатай үйл ажиллагаа явуулахаар тохиролцсон. Монгол Улс Шанхайн хамтын ажиллагааны байгууллага, Евро Азийн эдийн засгийн холбоо зэрэг байгууллагатай холбоо харилцаагаа улам өргөжүүлэх тал дээр тодорхой саналууд хэлсэн" хэмээн уулзалтын талаар дүгнэн ярьжээ. Тодруулбал, Монгол Улс ШХАБ-д харилцаагаа өргөжүүлэх ёстой хэмээн саналаа хэлсэн байна.

Eguur: У.Хүрэлсүх: Бид Монголоороо гоёж, бахархаж, омогшиж амьдрах ёстой – Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үндэсний их баяр наадмыг нээж хэлсэн үг.

Gogo: "Монгол Улс, ЮНЕСКО-гийн харилцаа, хамтын ажиллагааг бататгасан чухал айлчлал боллоо" –ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал О.Азулей Монголд хүрэлцэн ирж, ЮНЕСКО-гийн Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалтад бүртгэгдсэн Монголын үндэсний их баяр наадмын нээлтийн үйл ажиллагаанд оролцож, түүх соёлын дурсгалт газруудаар зочилсон юм.

iToim: Шүүх: Дайныг эсэргүүцсэн Э.Одбаяр нарын таван залууд хилийн хориг тавив – ОХУ-ын Украйнд хийж буй дайныг эсэргүүцэн "NoWar" жагсаалыг хийсэн залууст шийтгэл оноожээ. Тэдний нэг нь "Үндсэн хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд үзэл бодол үгээ хэлсэн. Бидний үг, үйлдлийг хорьж болох ч үзэл бодлыг хорьж болохгүй" гэжээ.

iKon: 80 хоног хуралдаж, 341 хууль, 44 тогтоол баталсан УИХ-ын 2022 оны хаврын ээлжит чуулган хаалаа – УИХ-ын хаврын чуулган ямар үр дүн гаргав?

Баабар: Сонгууль үргэлж булхайтай болдог шалтгаанууд – Нийтлэлч Баабар сонгуулийн тухай хоёр нийтлэл бичжээ.

Баабар: Монгол сонгуулийн гажиг

Gogo: Ричард Ли Буанган: Монголын Засгийн газарт тулгарч буй сорилтуудыг даван туулахад нь туслахдаа бэлэн байна – АНУ-аас Монгол Улсад суух шинэ Элчин сайдад нэр дэвшигч ажлын төлөвлөгөөгөө хуваалцсан байна.

Gogo: Засгийн газрын 7-р сарын 20-ны хуралдаанаар гаргасан шийдвэрүүд – Засгийн газрын сүүлийн хуралдаанаас гарсан шийдвэрүүд

Eguur: ХӨШИГНИЙ ЦААНА: ОХУ Монголыг хагас Ерөнхийлөгчийн засаглал руу хөтлөх үү

Gogo: БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Монголд айлчилна


1. Таны ажил улс төртэй хэрхэн холбогддог вэ?

Маркетинг, медиа салбарт ажилладаг төлөөллийн хувьд хэрэгжүүлж буй төсөл кампанит ажлууд, арга хэмжээ зохион байгуулалт гээд улс төртэй их бага хэмжээгээр холбогдож байдаг. Улс төрд болж буй гол үйл явдлуудыг иргэдэд хэрхэн энгийн ойлгомжтой байдлаар хүргэхээс өгсүүлээд залуусын улс төрийн оролцоо, авлигын эсрэг ил тод байдлыг сайжруулах чиглэлийн хүрээнд өөрийн сонирхлоор ажилладаг тул улс төрийн мэдээ мэдээллийг тогтмол ажиглах судлах хэрэгцээ гардаг. Мөн Лийд Төгсөгчдийн Холбооны үйл ажиллагааны үндсэн чиглэлүүдийн нэг болох Сонгуулийн ил тод байдал, сонгогчдын боловсролын тал дээр төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна.

2. Улс төрийг залуучуудад ойртуулах чиглэлд хийсэн хамгийн үр дүнтэй ажлаа хуваалцвал?

Лийд Төгсөгчдийн Холбоо маань 2020 оны УИХ-ын сонгууль, 2021 оны Ерөнхийлөгчийн сонгууль болон нөхөн сонгууль дээр УБЕГ болон Сонгуулийн ерөнхий хороотой хамтран сонгогчдын ирцийн мэдээг нээлттэй, ил тод, ойлгомжтой, шуурхай цаг алдалгүй мэдээллэсэн. Сонгогчдын ирцийн мэдээг 12 насны ангилал тус бүрээр дэлгэрэнгүй цаг алдалгүй харах боломжийг олгосон юм. Улс төрийн оролцоо гэдэг нийгмийн бүх гишүүдэд хамааралтай, ирээдүйгээ цогцлооход нэн чухал үүрэгтэй зүйл гэдгийг залууст таниулж, улмаар тэдний дуу хоолойг олон нийтэд түгээх зорилгоор Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэн, Азийн сангаас зохион байгуулсан B1D (Би Нэгдье) арга хэмжээг манай компани хийж гүйцэтгэсэн. Залуус үйлдлээрээ, саналаараа, оролцоогоороо нэгдэж чадсан гэдэгт итгэлтэй байна.

3. Одоо юун дээр төвлөрөн ажиллаж байна вэ?

Иргэд эрх мэдэлтнүүдийг ил тод нээлттэй байхыг шаардаж чадвал бид сайн засаглалыг бүрдүүлж чадна. Тэр ч үүднээс Цогц хөгжлийн үндэсний төв www.UIH.mn сайттай хамтран сонгосон төлөөллөө алган дээрээсээ хянах боломжийг олгох, ил тод байхыг шаардах тогтолцоог бий болгох тал дээр ажиллаж байна. Хаана гэрэлгүй, хараа хяналтгүй, хаалттай орчин байна тэнд гэмт хэрэг үйлдэгдэж байдаг. Тэгэхээр иргэд, залуучууд сошиал дээр шүүмжлээд өнгөрөх бус оролцоогоороо нэгдэж, сонгосон гишүүн тань ямар хууль санаачилж байгааг, төлөөллүүд тань ямар хууль хэлэлцэж батлах гэж байгааг өөрсдөө ажиглаж хянаж, шаардлагатай тохиолдолд эсэргүүцэж нийтийн өргөдөл санаачилж, батлагдсан тохиолдолд хэрэгжиж буй эсэхийнх нь ил тод байдлыг шаардах энэ бүх зүйлийг нэг дороос мэдэх, оролцох боломж бий болж байгаа юм. Хувийн ажлын хувьд залууст зориулагдсан энтертайнмент контент бүтээх WHYRAL Channel-ийн (https://www.facebook.com/whyral.mn) хөгжүүлэлт болон Крипто биржийн төлөвлөлт дээр ажиллаж байна.

Зочны сошиал хуудсууд:

FB: https://www.facebook.com/dulguun.enkhtsogt/
IG: https://www.instagram.com/dulguun8/
Twitter: https://twitter.com/dulguun_viral
FB Page (Ажил): https://www.facebook.com/viralpartners

ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал Одри Азулей Үндэсний их баяр наадмыг үзэж сонирхоод, наадам бол монголчуудын хувьд маш чухал цаг мөч бөгөөд ЮНЕСКО-гийн хоёр чухал үнэт зүйлийг хангадаг гэжээ. Тэр нь өвөг дээдсээс уламжилсан мэдлэг туршлагыг хамгаалан үргэлжлүүлэх, хүн ба байгалийн тэнцвэр шүтэлцээг хангах явдал юм. Энэхүү тэнцвэр нь уур амьсгалын асуудалд зөв зүйтэй хариулт болох болно гэж тэрээр онцолжээ.

Залуучууд, эмэгтэйчүүдийн сонгууль, улс төрийн оролцоог идэвхжүүлэх зорилготой цуврал контентийн хүрээнд энэхүү нийтлэлийг бэлтгэв.