Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын нээлт 

Өнгөрсөн долоо хоногт болсон томоохон үйл явдлын нэг бол яахын аргагүй 10 гаруй жил гацсан Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын нээлт юм. Өнгөрсөн баасан гарагт ашиглалтад орсон уг зам нь жилд 30-50 сая тонн ачаа экспортлох чадвартай бөгөөд монголын анхны нэгдүгээр зэрэглэлийн хүнд даацын уулзваргүй төмөр зам гэдгээрээ онцлог. Шинэ төмөр зам нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас БНХАУ-ын Ганц мод боомт хүртэл 233.6 км үргэлжилнэ.

Одоогоос 14 жилийн өмнө эхэлж байсан төмөр зам нь хоёр хөршийн хоёр өөр,төмөр замын цариг тойрсон улс төрийн маргаан мэтгэлцээнээс болж олон жил саатаад байсан. Тавантолгой-Гашуунсухайт төмөр замын гол зорилго нь коксожсон нүүрсийг БНХАУ руу экспортолж гаргах явдал. Тиймээс анхнаасаа чиглэлээ тооцон үзэж, Хятад улсын төмөр замын жишгээр нарийн царигаар барих төлөвлөгөөтэй байсан ч зөв шийдэл эсэхийг марган мэтгэлцсээр олон жилийг алдаад байв.


Төмөр зам бүрэн ашиглалтад орсноор нүүрсний экспорт нэмэгдэж, тээвэрлэх зардал авто тээвэртэй харьцуулахад 2-3 дахин буурч, экспортын орлого хоёр дахин нэмэгдэх боломжтой. Үүгээр ч зогсохгүй төмөр зам дагуу байрлах аймаг сумдын хөгжил хурдсах, тэнд суурьших ард иргэдэд шинэ ажлын байр бий болох зэрэг эдийн засаг болоод экологийн олон давуу тал бий болох бололцоотой юм.

Нээлтийн үйл ажиллагааны үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх уг зам нь “хөгжил дэвшил, хөрөнгө оруулалтын төмөр судас” болно хэмээн тодотгон хэлсэн. Түүнчлэн, төмөр замын бүтээн байгуулалт нь 100 хувь Монгол ажилчид, инженерүүдийн хамтын ажиллагаа байсан гэдгийг төслийн ерөнхий гүйцэтгэгч “Бодь интернэшнл” ХХК-ийн гүйцэтгэх захирал ярьсан юм.

Баригдаж дууссан ч мэргэжилтнүүдийн болоод олон нийтийн санааг зовоож буй ганц зүйл нь төмөр замын үр өгөөжөө бодитоор хэзээ гарах вэ гэдэг асуулт. Нөгөө л царигийн асуудлаас болж тооцоолж буй үр өгөөжөө хоёр жилийн дараа л хүртэх боломжтой аж. Учир нь, өргөн царигаар барьсан уг төмөр зам Хятадын хил хүрээд шувтарч буй. Өөрөөр хэлбэл, буулгах зөв терминал барих шаардлага үүсэж, дахиад хоёр жилийг зарцуулах төлөвтэй байна. Тэр хүртэл бүрэн үр өгөөжөө өгөхгүй хэдий ч Хятадын хилээс авто тээврээр ачих сонголт бас бий.

"Хамелеон" хочит хүчирхэг эмэгтэй удирдагч


Их Британийн парламентын гишүүнээр 12 жил, сайдын албыг найман жил хашсан гадаад хэргийн сайд Лиз Трасс эрх баригч консерватив намын даргаар сонгогдож улсынхаа түүхэн дэх гурав дахь эмэгтэй Ерөнхий сайд боллоо.

Ямар ч албан тушаалд хурдан хөрвөх чадвартай түүнийг “Улс төрийн хамелеон” хэмээн хочилдог. Өдгөө 47 настай Лиз Трасс, Оксфордын их сургуулийг философи, эдийн засаг улс төр судлалаар төгссөн. Улс төрийн карьераа эхлүүлэхээс өмнө харилцаа холбоо, эрчим хүчний салбарт ажиллаж байсан туршлагатай. 2010 онд парламентад сонгогдож, байгаль орчин, хууль зүй, гадаад хэргийн сайдын албан тушаалыг хашиж байв.

Дэлхий дахинаа улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцоо энэ мэт нэмэгдэж буй ч манай улс парламентын эмэгтэй гишүүдийн тоогоор 190 гаруй орноос 133 дугаарт эрэмбэлэгдэж байна. Биднээс бусад 100 гаруй улс, улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцоонд 30-50 хувийн квот хэрэглэдэг атал манай улс 25-аас доош хувийн квоттой таван улсын нэг юм.

Өнөөдөр УИХ дахь эмэгтэйчүүдийн тоо 13 байгаа нь нийт гишүүдийн дөнгөж 17.1 хувийг бүрдүүлнэ. Энэ нь дэлхийн дунджаас 9.3 хувь, Азийн бүсийн дунджаас 4.1 хувиар бага төдийгүй хүйсийн тэгш төлөөлөлтэй харьцуулахад даруй 32.9 хувиар бага байгааг зайлшгүй анхаарах ёстой .

Өнгөрсөн долоо хоногт төрийн ордонд зохион байгуулагдсан “Эмэгтэй парламентчдын чуулган-2022” нээлтийн үеэр Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар: Улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцоо дэлхийн дундажтай харьцуулахад хангалттай биш гэдгийг дурдаад цаашид эмэгтэйчүүдийг эрх мэдэлжүүлэхэд илүү ахиц гаргахын тулд сонгуулийн тогтолцооны нөлөөллийг харгалзах, улс төрийн намын санхүүжилт, ил тод байдлыг хангах, хууль, эрх зүйн орчныг сайжруулах шаардлагатай хэмээлээ.



Eagle: Манай улс парламентын эмэгтэй гишүүдийн тоогоор дэлхийд 133 дугаарт эрэмбэлэгдэж байна - Байнгын ажиллагаатай парламентын 30 жилийн түүхэнд найман удаа УИХ-ын сонгууль болж, нийт 43 эмэгтэй давхардсан тоогоор 68 удаа гишүүнээр сонгогдон, ард түмний төлөөлөл болон ажиллажээ.

Time: Эхэлдэггүй Эгийн голын УЦС-ыг Л.Оюун-Эрдэнийн айлчлал эцэслэх үү? - Эгийн голын усан цахилгааны төсөл Байгал нуурын усны нөөц горимд сөрөг нөлөөгүй нь судалгаагаар тодорхойлогджээ.

iKon: Тавантолгой-Гашуунсухайт төмөр замын цогцолбор төслийг монгол залуус гүйцэтгэлээ - Төмөр зам дагуу Монголын хамгийн урт буюу 430 метр төмөр замын дам нуруут гүүрийг барьсан.

Baabar: Монгол-Японы шилжилтийн үеийн жилүүдийн харилцааны тухайд - Монгол, Японы харилцааны тухай монгол судлаачийн 1994 оны өгүүлэл.

News: Монголын малчин гэр бүлийн зургийг 20 жил авсан гэрэл зурагчин - Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн баярт зориулан япон зурагчид монгол орны тухай гэрэл зургийн үзэсгэлэн гаргав.

News: Ерөнхий сайдын Дорнын эдийн засгийн чуулганд тавьсан илтгэл - Ерөнхий сайдын Дорнын эдийн засгийн VII чуулган дээр тавьсан “Шинэ сэргэлтийн бодлого”-ын дэлгэрэнгүй танилцуулга.

Zindaa: Хэсэг хүнийг бус Монгол Улсыг бүхэлд нь хэлмэгдүүлсэн гэмт хэрэг - Энэ сарын 10-нд улс төрийн хилс хэрэгт “хэлмэгдэгсдийн” дурсгалыг хүндэтгэх өдөр тохиосон. 1922 оноос эхэлсэн “Их хэлмэгдүүлэлт” нь тухайн үед Монгол Улсын нийт хүн амын 8-13 хувийг авч одсон түүхтэй.

iKon: Багш нарын 59 мянган дипломыг шалгаснаас 442 диплом зөрчилтэй байгаа нь тогтоогджээ - Боловсрол, шинжлэх ухааны яам багш нарын боловсролын баримт бичигт шалгалт хийжээ.

DNN: Орон нутгийн жолооч нараас км тутамд 45 төгрөгийн төлбөр авна - Авто замын түгжрэлийг бууруулах ээлжит шийдэл.

Gogo: Инфографик: Нийслэлийн машины тоо, эзэмшил, чанар, насжилт


Зочны сошиал хуудас: Facebook

1.Таны ажил улс төртэй хэрхэн холбогддог вэ?

Би 2020 оны орон нутгийн сонгуульд Нийслэлийн Баянгол дүүргийн гуравдугаар хороонд нэр дэвшигч Н.Энхчимэгийн хамтаар ХҮН намаас дэвшиж, хамтдаа ялалт байгуулснаар өөрийн биеэр улс төртэй холбогдож эхэлсэн.

Одоогоор Баянгол дүүргийн Иргэдийн хурлын төлөөлөгч, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын зөвлөлийн гишүүн гэсэн улс төрийн албан тушаалтай. ИТХ-ын төлөөлөгч болсноор дүүргийн хэмжээний төлөвлөгөө, шийдвэр, төсөвтэй танилцаж, өөрийн саналаа хэлж зөвлөн оролцож байна.

Мөн ХҮН намаас сонгогдсон УИХ-ын гишүүн Т.Доржханд болон НИТХ-д сонгогдсон Д.Гантулга, П.Ганзориг, П.Наранбаяр нартай байнгын холбоотой ажиллаж, шаардлагатай нэмэлт мэдээллээ цаг алдалгүй авч хамтран ажилладаг.


2. Улс төрийг залууст ойртуулах чиглэлд хийсэн хамгийн үр дүнтэй ажил гэвэл юуг онцлох вэ?

2020 онд орон нутгийн сонгуульд нэр дэвшиж, сонгогдсон нь залууст улс төрд оролцож, ялж болдог гэдгийг харуулсан гэж боддог. Залуус бид илүү олуулаа, эрүүл улс төрийг бий болгоно гэдгийг ойлгосноор залуусын оролцоог нэмэгдүүлэх чиглэлд хамтран ажиллагсад, найз нартаа төлөөлөгчийн хувиар мэдээлэл өгч ажиллаж байна.

Мөн “Бодлогод залуусын хяналт” ТББ-аас зохион байгуулсан “Хуулиар засаглая” залуу төлөөлөгчдийн манлайллын хөтөлбөрт хамрагдсан. Хуулиас гадна арга техник, харилцаа, хандлага, сэтгэлгээ гэх мэт төлөөлөгч хүнд хэрэгтэй төрөл бүрийн мэдлэг олгодог өгөөжтэй хөтөлбөр байсан.

Миний бодлоор залуус сонгуулийн санхүүжилтээс эмээдэг юм шиг санагдсан. Би сонгуулийн зардалд хандиваар дөрвөн сая орчим төгрөг цуглуулж, зарцуулсан. Бид л оролцохгүй бол бидний амьдарч буй нийгэм илүү гоё болохгүй гэдгийг өнгөрсөн 30 жил хангалттай харуулсан учраас тулгарсан асуудлаа зоригтой яриад улс төрд өөрийн биеэр оролцоорой” гэж залуучууддаа уриалж байна.

3. Одоо юун дээр төвлөрөн ажиллаж байна вэ?


Усан парк барих газар дээр эрх мэдэлтнүүд яагаад ийм шийдвэр гаргах болов гэдэг асуудалд олон эх сурвалжаас мэдээлэл цуглуулан судалж байна. Мөн Баянгол дүүргийн ХҮН намын хорооны тэргүүлэгчээр 20 хоногийн өмнө сонгогдсон.

Дүүргийн намын хорооны үйл ажиллагааг өргөтгөх, гишүүнчлэлийг нэмэгдүүлэх, залууст ухуулан таниулах чиглэлээр төлөвлөгөө гарган ажиллаж байна. Улс төрөөс гаднах ажил гэвэл Моннис Интернейшнл ХХК-ийн Оюу толгой уурхайд хэрэгжүүлж буй үйл ажиллагааны агуулахын барилга угсралтын төсөлд чанарын албаны ахлах мэргэжилтний алба хашдаг.

“Сонгогчид сонголтоо ухаалгаар хийхэд бэлэн болоогүй цагт ардчилал амжилтад хүрэхгүй. Тиймээс ардчиллын хамгаалагч нь боловсрол юм”.

АНУ-ын 32 дахь Ерөнхийлөгч Франклин Рузвельт

Залуучууд, эмэгтэйчүүдийн сонгууль, улс төрийн оролцоог идэвхжүүлэх зорилготой цуврал контентийн хүрээнд энэхүү нийтлэлийг бэлтгэв.