Бид эгц огцом хад асга, сүрдэм бараан уулсын голоор гарсан нарийнхан жимээр газар дөтөлж явлаа. Зорьсон газрын бараа битгий хэл өнөө айхавтар хавцал хадаа ч туулж бараагүй байтал бүрэнхийтэй золгож, сүүлдээ тас харанхуй болов. Гагцхүү машины урд хоёр гэрэл л зөрөг замыг гийгүүлж, аяныхан цөм нэн анхааралтайгаар ойр орчмыг харж, цонхны цаанаас сүглийн бараантах асга хадны дүрийг ажсаар дув дуугүй явав.

Хүрэн улаан өнгөт тэдгээр хадан цохионуудын зарим нь ан амьтан амьдарч болмоор нүхтэй аж. Магад ирвэс! Цоохор ирвэс амьдардаг бол яана? Тэр амьтан чинь ийм газарт л амьдардаг гэсэн биз дээ? хэмээн бодохуйд нэг бодлын аймаар, нөгөө бодлын удахгүй уулын эзнийг нүдээр үзэх ч юм шиг догдолмоор санагдана.

Тэгсээр хад асгыг өнгөрч, суурингийн дохио болсон бүдэгхэн гэрэл сүүмэлзэж эхлэхэд сая нэг санаа амарлаа. Бидний явсан энэхүү газрыг нутгийнхан Улаан сайр хэмээн нэрлэдэг бөгөөд Говь-Алтай аймгийн нутагт оршдог. Алтайн уулс хийгээд говь хосолсон энэ нутаг бол яах аргагүй ирвэсийн өлгий болохыг хожим мэдэж авсан юм.

Хэдэн жилийн өмнө миний бие ийнхүү Говь-Алтай аймаг руу гэр бүлээрээ аялж байсан бөгөөд эл дурсамжийг сөхөх болсон шалтгаан нь өнөөдөр тохиож буй “Цоохор ирвэс хамгаалах олон улсын өдөр”-өөс улбаатай билээ. Энэхүү нийтлэлээрээ “уулын эзэн” гэгдэх цоохор ирвэсний талаар таны мэдэх хэрэгтэй бүхнийг өгүүлье.

Өндөр уулын бэлгэ тэмдэг

Цоохор ирвэс (Panthera uncia) нь мийнхэн овогт харьяалагддаг махчин амьтан бөгөөд өвс ургамал тачир, хад асга ихтэй, хясаа цохио бүхий эгц цавчим, нугачаатай өндөр уулсаар нутагладаг. Урт сунасан биетэй, бахим богино урд мөчтэй, урт сүүлтэй. Харин хойд хөл нь харьцангуй урт байдаг бөгөөд харайх үед нь тэнцвэрээ хадгалахад тусалдаг байна. Өвч бие нь нэлэнхүйдээ өтгөн сахлаг үсээр хучигдсан тул мөнх цаст оргилд амьдарч чаддаг. Гэвч бүр хүйтэрвэл дулаахан сүүлээрээ биеэ ороож, нүүрээ халхлан хэвтдэг аж.


Эх сурвалж: britannica.com

Ирвэсийн эрийг нь гэнд, эмийг нь гинс, төлийг нь гүем гэнэ. Мөн уул хайрхны савдаг хэмээн үзэх учир нэрээр нь шууд нэрлэн ярихыг цээрлэж, “сэври” хэмээн дууддаг уламжлал манайд бий. Үүнээс Өмнөговь аймгийн нутаг дахь “Сэврэй” уулын нэр үүссэн гэдэг. Учир нь Сэврэй уулын гадаад дүр нь ирвэсийн бидэр мэт үзэгдэхээс гадна энэ ууланд ирвэс элбэг бөгөөд зарим жил мал сүрэг рүү дайрах тохиолдол ч гардаг байна.

2018 оны тооллогоор монгол оронд дунджаар 953 цоохор ирвэс бүртгэгдсэн. Эдгээр нь Өмнөговь, Өвөрхангай, Баянхонгор, Архангай, Завхан, Хөвсгөл, Говь-Алтай, Ховд, Увс, Баян-Өлгий зэрэг аймгуудаар таран нутагладаг аж.

Харин дэлхий дахинд манай орныг хамруулаад нийт 12 улс (Узбекистан, Афганистан, Балба, Бутан, Киргизстан, Казакстан, ОХУ, Тажикстан, Пакистан, БНХАУ, БНЭУ)-д л цоохор ирвэс тархсан байдаг бөгөөд тоо толгойн хувьд ойролцоогоор 4000-6500 хэмээн тооцоолсон байна.


Эх сурвалж: britannica.com

Араатан амьтан эзэмшлээ тогтоодгийн ёсоор ирвэсэнд ч мөн эзэмшил нутаг гэж бий. Харин хэмжээний хувьд тухайн газар орны онцлогоос шалтгаалан харилцан адилгүй байдаг. Тухайлбал, ирвэсийн гүйдэл Балбад 11.9–39.9 км² нутгийг хамарч байсан бол манайд зарим тохиолдолд 500 км²-аас ч өргөн дэлгэр газар нутгаар хэрэн хэсүүчилдэг байна.

Цаашлаад, тэд энэхүү эзэмшлийн хил хязгаараа хэд хэдэн янзаар тэмдэглэн үлдээнэ. Ялгадсаа хойд хоёр хөлөөрөө самардан булж, овоолсон шороо үүсгэнэ. Үүнийг “бумбаа” гэдэг. Эсвэл хаданд өөрийн үнэрт шүүрлээ цацна. Энэхүү шүүрэл нь тослог гормонтой байдаг тул үнэрээ удаан хадгалдаг гэнэ. Үүнийг “үнэртэн” хэмээнэ. Дээрхээс гадна мод маажиж, “самартас” үлдээх нь мөн түгээмэл байдаг аж.


Самартас, Зургийг авсан: A.D. Poyarkov

Эр хүний жаргал эзгүй хээр

Үржлийн үедээ л эр эмээрээ нийлнэ үү гэхээс бусад үед цоохор ирвэс ямагт ганцаар аж төрнө. Хэрэв үр төл гаргавал гинс нь ганцаар гүемээ өсгөж бойжуулдаг онцлогтой. Ингэхдээ зуны эхэн сараар төллөж, голдуу 2-3 гүем төрүүлнэ. “Эр өсөж, эсгий сунадаг”-ийн ёсоор залуухан гэнднүүд хоёр нас хүрэхээсээ өмнө өрх тусгаарлана.


Эх сурвалж: National Geographic

Тэд үүр шөнөөр ан хийх бөгөөд гол идэш нь аргаль, янгир байна. Үүнээс гадна, тарвага тэргүүтэй мэрэгч, зарим зүйлийн шувуугаар мөн хооллоно. Идэш тэжээл олдохгүй бол адуу мал, хонь ямаа идэх нь ч бий. Гэхдээ идэш тэжээлийн харьцааны хувьд 70-80 хувийг зэрлэг амьтан, 20-30 хувийг мал амьтан эзэлж байдаг.

Ийнхүү цоохор ирвэс аргаль, янгир зэрэг туруутан амьтдаар хооллож буй нь экосистемийн тэнцвэрийг хадгалахад чухал үүрэгтэй. Мэргэжилтний үзэж буйгаар, хэрэв тухайн нутагт ирвэс байвал ойр орчимд нь идэш тэжээл болох амьтад байгаа гэсэн үг. Ирвэсийн идэш тэжээл болдог янгир, аргаль тэргүүтэн байна гэдэг нь цаашлаад тухайн бүс нутагт тэдний ундны ус, идэх өвс ч буйн тэмдэг юм. Иймд ирвэсийг хамгаалах нь өргөн хүрээндээ нэгэн бүс нутгийг хамгаалж буй явдал хэмээн дүгнэсэн байна.


Эх сурвалж: Discover Altai

нэн ховор

Экосистемийн хувьд чухал ач холбогдолтой энэхүү амьтан бүр 50 гаруй жилийн өмнө монгол орны Улаан номд бүртгэгдсэнийг та мэдэх үү?

  • 1970-аад оны дундуур Монголд 700 гаруй,
  • 1980-аад оны дундуур 2000 орчим,
  • 1990-ээд оны дундуур 1700 орчим (зарим судлаачдын мэдээгээр 1000 орчим)
  • 2000 онд 800-1500 орчим,
  • 2018 онд (өмнө дурдсанчлан) дунджаар 953 орчим цоохор ирвэс тоологдсон.

Хэрэв энэ тоог дэлхий дахин дахь нийт ирвэсийн тоотой харьцуулбал 15-24 хувийг эзэлнэ. Өөрөөр хэлбэл, хамгийн багаар бодоход дэлхий дээрх 7 ирвэс тутмын 1 нь монгол нутагт байгаа гэсэн үг.

Ийм цөөхөн тоо толгойтой тул 2016 онд Олон улсын байгаль хамгаалах холбоо /IUCN/-ны улаан дансны шалгуураар цоохор ирвэсийг “эмзэг” ангилалд бүртгэсэн байдаг. Тус шалгуур нь устах эрсдлээс хамаарч амьтдыг есөн ангилалд хуваадаг байна. Үүнд,

  • Үнэлээгүй (Not Evaluated)
  • Мэдээлэл дутмаг (Data Deficient)
  • Хамгийн бага санаа зовох (Least Concern)
  • Устах аюулд ойр (Near Threatened)
  • Эмзэг (Vulnerable)
  • Устах аюултай (Endangered)
  • Нэн ховордсон (Critically Endangered)
  • Байгальд устсан (Extinct in the Wild)
  • Бүрмөсөн устсан (Extinct)


Эх сурвалж: www.natural-solutions.world

Эндээс дараагийн асуулт урган гарна. “Энэ амьтны тоо толгой өсөхөд юу саад болж байна вэ?”

Уур амьсгалын өөрчлөлт

Сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр мөнх цас хайлж буйг судлаачид анхааруулах болсон. Гэтэл цоохор ирвэс голдуу далайн түвшнээс дээш 3000, бүр түүнээс ч өндөрлөг газарт амьдардаг. Өөрөөр хэлбэл, мөнх цаст уулс бол цоохор ирвэсний гэр юм. Тэгэхээр уур амьсгалын өөрчлөлт тэдний гэр орон, идэш тэжээлийг булааж буй нь одоогоор хамгийн том аюул болоод байна.

Эх сурвалж: Discover Altai

Хулгайн ан

Ховордсон ан амьтныг хамгаалах ажилд тулгардаг хамгийн том асуудлын нэг бол хулгайн ан. Зарж наймаалах, ашиг хонжоо олох зорилгоор цоохор ирвэсийг агнах тохиолдол гарсаар байна.

Ирвэс агнах нь Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлд заасан “Хууль бусаар ан агнах” гэмт хэрэг бөгөөд тус зүйлийн 2-т зааснаар “Нэн ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүй агнасан, барьсан, зориудаар гаршуулан тэжээсэн, амьдрах орчныг алдагдуулсан тэдгээрийн түүхий эдийг бэлтгэсэн, тээвэрлэсэн, хадгалсан, худалдсан, худалдан авсан, гадаад улсад гаргасан, нэн ховор амьтны чихмэл, түүхий эд, эд, эрхтэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн цуглуулга хийсэн бол 10.000.000-40.000.000 төгрөгөөр торгох, эсхүл 2-8 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан байдаг.


Цаашлаад, Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 260 дугаар тогтоолоор амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг гаргажээ. Тус үнэлгээгээр, “Цоохор ирвэс” нь 22 сая төгрөгөөр үнэлэгдсэн. Хэрэв амьтны амийг хохироовол экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин нугалж тооцохоор заасан байна.

Хүн ба ирвэс зэрэгцэн амьдрах нь

Идэш тэжээл ховордсон үед цоохор ирвэс мал амьтан барьж идэх нь цөөнгүй. Үүнээс болоод малаа алдсан малчид ирвэсэнд өсөрхөж, хавх тавих, агнах явдал гардаг байсан ч өдгөө энэ явдал харьцангуй буурч, бие биеэ хүлээн зөвшөөрөх, зэрэгцэн амьдрахад суралцаж буй. Энэ ажилд хувь нэмрээ оруулж буй Ирвэс хамгаалах санг мөн дурдах нь зүйтэй. Тэд 2008 оноос хойш хүн ба ирвэсийг эв эетэй амьдрахад туслах зорилгоор төрөл бүрийн төсөл хөтөлбөр хэрэгжүүлж ирсэн. Тухайлбал, шөнийн цагаар хотноосоо малаа алдахаас сэргийлэх хэрэгслүүдийг турших, зөвхөн ирвэс гэлтгүй араатан амьтанд малаа алдсан бол даатгуулах зэрэг ажлыг хийдэг байна.

Эх сурвалж: news.mn

Дээрхээс гадна тусгай сонирхлын аялал, түүнийг дагасан ёс зүйн асуудлыг хөндөх нь зүйтэй. Тусгай сонирхлын аялал гэдэг нь тусгай мэргэжлийн ур чадвар, техник хэрэгсэл шаарддаг, тухайн газар орны тодорхой нэг чиглэлийн зүйлсийг үзэж сонирхох аяллыг хэлдэг. Тухайлбал, шувуу үзэх, уран барилга архитектурын шийдлийг сонирхох, тухайн газрын хоолны соёлтой танилцах аялал гэх зэргийг нэрлэж болно. Үүнд багтах нэг аялал бол ирвэс үзэх аялал юм. Өмнө дурдсанчлан, дэлхийн 12 улсад л ирвэс байдаг тул тэдгээр оронд л энэ аяллыг хийх боломжтой. Манай аяллын компаниуд ч мөн ирвэс үзүүлэх аялал хийдэг.

Ирвэс хамгаалах сангийн мэдээлснээр, цоохор ирвэс нь ганцаараа нуугдмал амьдардаг тул цөөн хүний дэргэд ч амархан стресст ордог гэнэ. Гэтэл аялал жуулчлал явуулж буй зарим компанийн зүгээс аялагчдад өгсөн амлалтаа биелүүлэхийн тулд өгөөш тавих, дрон мэт шинэ технологи ашиглах, ойртож очих оролдлого хийж байгаа нь цоохор ирвэсийг стресст оруулж, эрсдэл үүсгэж байна. Ингэснээр эргээд мал барих асуудал ихсэх, зан авирт нь тааламжгүй өөрчлөлт орох, ирвэсүүд өгөөшний төлөө зодолдох, хүмүүст дасах зэрэг ноцтой үр дагавар гарч болохыг тэд анхааруулж байв.

Иймд хэрэв ийм аялал зохион байгуулах гэж байгаа бол мэргэжлийн байгууллагын зөвлөгөөг дагаж, амьтдад саад бололгүй хариуцлагатай байхыг уриалж байна.