Иргэдтэй хамтран боловсруулсан анхны хуулийн төсөл

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, Ж.Сүхбаатар, Х.Нямбаатар нарын “Азтай савар” ТББ-ын гишүүдтэй хамт боловсруулсан “Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн төсөл"-ийг УИХ-ын даргад өргөн мэдүүлж, хэлэлцэв. Уг төсөл нь D-parliament-д байршсан 300 шахам хуулийн төслүүдээс хамгийн олон санал авсан юм. Цахим системд байршуулснаас хойш 100 хоногт давхардсан тоогоор 25 мянган хүн дэмжиж, 11 мянга гаруй хүн үзэж танилцан 200 гаруй иргэн санал өгчээ.

"Азтай савар” ТББ-ын гишүүн, хуульч У.Азжаргал:

Албан бус судалгаагаар манай улсын нийт өрхийн 25 хувь нь гэрийн тэжээвэр амьтантай. Түүнээс 98 мянга нь нийслэлд байдаг. Харин 2021 оны байдлаар улсын хэмжээнд 320 мянга гаруй эзэнгүй нохой, муур байна. Эзэнгүй амьтны эсрэг зөвхөн буудаж устгах арга хэрэглэдэг. Уг ажилд нийслэл жилд 1.2-1.8 тэрбум төгрөг зарцуулдаг. Ийм хэмжээний хөрөнгөөр жилд 100 мянга гаруй нохой, муур устгахаар төлөвлөдөг ч бодит байдал дээр 80-90 мянгыг устгадаг байна. Тиймээс буудаж устгах арга замыг шийдэх шаардлагатай болсон. 2020 онд нохойд хазуулсан гурван мянга гаруй тохиолдол бүртгэгдсэн бөгөөд хүн рүү дайрсан нохдын 90 хувь нь эзэнтэй, хазуулсан тохиолдлын 37 хувь нь 0-15 насны хүүхэд байжээ. Иймээс иргэдийг хариуцлагатай амьтан тэжээх, нийтийн эрүүл мэндийг хамгаалах үндсэн дээр энэхүү хуулийн төслийг боловсруулсан гэв.


Уг хуулийн төсөл нь есөн бүлэг, 52 зүйлтэй. Хуулийн төсөлд гэрийн тэжээвэр амьтан гэдгийг “Ашиг шимийг нь ашиглахаас бусад зорилгоор гэршүүлсэн хүнтэй хамт амьдрах боломжтой” хэмээн тодорхойлжээ. Мөн гэрийн тэжээвэр амьтны асран хамгаалагч, түр харагч гэдэг ойлголтыг тодорхойлж тэдгээрийг үүргийг тодорхой заасан байна. Тухайлбал,

  • Асран хамгаалагч тэжээвэр амьтнаа олон нийтийн газар дагуулж явах үедээ зориулалтын хөтөлгөө, хошуувчтай авч явах,
  • Нохой, мууранд бичил чип суулгуулж бүртгүүлэх, урьдчилан сэргийлэх тарилга туулгад хамруулах,
  • Үржил хязгаарлах мэс ажилбар хийлгэх,
  • Олон нийтийн газрыг нохой, муурын ялгадсаар бохирдуулахгүй байх, бохирдуулсан тохиолдолд цэвэрлэж, хогийн цэгт хаях зэрэг үүрэг хүлээх юм. Тэжээвэр амьтны асран хамгаалагч нь 18 нас хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай, гэрийн тэжээвэр амьтныг хоол, орон байраар хангах орлогын эх үүсвэртэй байх шаардлагыг тусгажээ.


ОХУ-ЫН ХЭСЭГЧИЛСЭН ДАЙЧИЛГАА, ИРГЭДИЙН ШИЛЖИХ УРСГАЛ 

Өнгөрсөн долоо хоногт ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин дэлхийн хоёрдугаар дайнаас хойш анх удаа Орос даяар хэсэгчилсэн цэргийн дайчилгаа зарлаж буйгаа мэдэгдсэн. Зөвхөн нөөцөд байгаа, ялангуяа зэвсэгт хүчинд алба хаасан, тодорхой цэргийн мэргэжил эзэмшсэн, зохих туршлагатай иргэдийг цэрэг татлагад хамруулна гэсэн ч шаардлагад үл нийцэх 50-аас дээш насныхан мэдэгдэл хүлээн авсан хэд хэдэн тохиолдол гарчээ.

Хэсэгчилсэн дайчилгааны дараа 261 мянган хүн Оросыг орхин гарсан ба манай улсын хойд хөрштэй хиллэдэг хилийн боомтуудын ачаалал ердийн үеэс гурав дахин нэмэгджээ. Харин Финланд болон Латвийн Засгийн газрууд цэргийн хагас дайчилгаанаас зугтаж буй Оросын иргэдэд виз, орогнол олгохгүй, хилээр нэвртүүлэхгүй гэдгээ зарласан. Манай улсын хувьд ОХУ-тай харилцан визгүй зорчих гэрээний дагуу гадаад паспорттой, өмнө нь ямар нэгэн зөрчил гаргаж байгаагүй хүмүүсийг саадгүй нэвтрүүлэх үүрэгтэй. Сүүлийн долоо хоногт хойд хөрштэй хиллэдэг автозам, төмөр зам болон агаарын хилээр нийт Оросын 7978 иргэн орж иржээ. Тэдгээр иргэд Монгол Улсад визгүйгээр 30 хоног зорчих, түр оршин суух эрхтэй.

Хэрэв Монгол Улсын хилээр орж ирж байгаа хүн өөрийн улс оронд ямар нэгэн байдлаар хүний эрх, эрх чөлөө нь ноцтой зөрчигдөх, улс төрийн үзэл бодол, арьс өнгө, шашин шүтлэгээрээ ялгаварлан гадуурхагдах үндэслэл байвал Монгол Улсад "орогнол хүсэх" эрх нээлттэй байдаг.Манай улсын нэгдэн орсон эрүүдэн шүүхийн шүүх хэрцгий хүнлэг бус харьцах, хүний нэр төрийг доромжлохын эсрэг конвенц болон хүчээр сураггүй алга болохоос бүх хүнийг хамгаалах конвенцуудад эрх чөлөө нь зөрчигдөж болзошгүй хүмүүс эрх зүйн хүрээнд нотолсон тохиолдолд оршин суугаа газарлуу нь албадан буцаахгүй байх хуулийн үүрэг хүлээсэн зохицуулт байдаг.

Дайчилгаа зарласнаас хойш хөрш орнууд руу нэвтэрсэн ОХУ-ын иргэд:

  • Казакстан 98 мянга
  • Гүрж 53 мянга
  • Финланд 43 мянга


Gogo: Сарын 20 сая ба түүнээс дээш төгрөгийн цалинтай иргэд 20 хувийн татвар төлнө. Одоо орлогын хэмжээнээс үл хамааран бүх хүн 10 хувийн, ижил хэмжээтэй татвар төлдөг. Цаашид хэн илүү орлоготой, тэр хүн илүү өндөр татвар төлөх зарчимд шилжих цаг болсон гэж Сангийн яам үзэж байна.

News: Хүүхдийн мөнгийг зөвхөн зорилтот бүлгийнхэнд олгоно. Нийт төсвийн зарлагын цалингаас бусад зарлага 2018 онд 5.4 их наяд төгрөг байсан бол 2021 оны дүнгээр 10.3 их наяд төгрөгт хүрсэн нь халамж нэмэгдсэн нь дийлэнх өсөлтийг эзэлж байна. Цаашид халамжийг зорилтот бүлэгт шилжүүлэх хэрэгтэй хэмээн УИХ-ын дарга Г.Занданшатар хэллээ.

News: Зарим комисс, үндэсний зөвлөлийг татан буулгалаа. Нэгдүгээрт, Эдийн засгийн хөгжлийн яам байгуулагдсан тул Тогтвортой хөгжлийн үндэсний хороог, Цахим хөгжил,харилцаа холбооны яам байгуулагдсан тул Цахим хөгжлийн үндэсний хороог татан буулгав.

Ikon: Н.Мөнхсүрэн: Гурилын үнэ 50 хувиар нэмэгдэнэ. Сүүлийн таван жилийн хугацаанд дотоодоосоо 60-70 хувийг, бусад улс орноос 30-40 хувийг худалдан авч түүхий эдийнхээ хэрэгцээг хангасаар ирсэн.

Unuudur: Монгол Улсын гадаад бодлогын ач холбогдлыг онцлов.

Tenger TV: “Цагийн ажлын бирж” нь 18 их, дээд сургуультай хамтарч, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвийн багш нараар дамжуулан оюутнуудыг ажилд зуучилдаг.

Eagle: Жилд 4000 орчин хүн сүрьеэгээр өвчилж, 200 гаруй нь амь насаа алддаг. Халдварын тархалт их байдаг тул манай улс ДЭМБ-аас шинэчлэн гаргасан Сүрьеэгийн дарамт өндөртэй дэлхийн 30 орны жагсаалтад шинээр нэмэгдэн орсон.

Peak: Хаалганы цаана үлдэлгүй мэргэжилтэй, ур чадвартай болж ирээдүйгээ гартаа атгаарай. Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төвийн "Мэргэжлийн боловсрол, ур чадвар олгох сургууль"-д хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс сурах боломжтой арав гаруй мэргэжил бий.

Baabar: Монгол Улсын идэвхтэй гадаад бодлогыг улс орнууд анхаарч байна.

News: ОХУ-ын хэсэгчилсэн дайчилгааны талаар хэн юу хэлэв!

Зочны сошиал хуудас: Facebook, Instagram

1. Таны ажил улс төртэй хэрхэн холбогддог вэ?

Гар угаах нь халдвараас хамгаалах энгийн атлаа нэн чухал дэглэм байдаг шиг улс төрийн оролцоо тийм чухал гэж боддог. 2018 онд "Залуусын давлагаа" клубийг үеийн залуучуудтай үүсгэн байгуулснаас хойш нийгэмд залуучуудын утга учиртай оролцоог нэмэгдүүлэхээр тууштай ажиллаж байна. Магадгүй энэ үеэс миний ажил улс төртэй холбогдсон байх. Залуусын давлагаа клуб нь "Бодлогод залуусын хяналт ТББ"-ын дэргэд үйл ажиллагаагаа явуулж, залуучуудын хөтөлбөрийг хариуцан хэрэгжүүлдэг. Залуус оролцоогоо сайн үйлсийн аянгаар хязгаарлалгүй, нийгэмдээ илүү утга учиртайгаар бодлогын түвшинд хүргэж, хариуцлагатай, засаглалыг бэхжүүлэхэд нийт залуучуудын төлөөлөл болон ажилладгаараа улс төртэй холбогдож байна.

2. Улс төрийг залуучуудад ойртуулах чиглэлд хийсэн хамгийн үр дүнтэй ажлаа хуваалцвал?

Төрийн зохион байгуулалтын хувьд чиг үүргийнхээ дагуу хуулийн хүрээнд ажиллах тэргүүн шугамд залуучууд асуудлаа илэрхийлэх, хүсэлтээ тавих, нэгдэн нийлж шаардах, хамтран ажиллах байдлаар амьдрах орчноо сайжруулж байсан нь үр дүнтэй бөгөөд улс төрийн механизмыг ойлгож, үр дүнг нь харж, өөрсдөдөө илүү ойртуулсан ажил байсан болов уу.

Түүнээс дурдвал, хүүхэд залуучуудын чөлөөт цагаа өнгөрөөх орчин, тоглоомын талбай хомс байдаг. Үүний дагуу Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны залуучууд болон манай клубийн гишүүд хамтран тоглоомын талбайн стандартыг судалж, хорооны тоглоомын талбайнуудад стандартын 11 шалгуураар үнэлгээ хийж баримтжуулсан юм. Түүний дагуу засаж, сайжруулах зүйлсийг хороо болон дүүргийн засаг даргад бичгээр өгч, уулзалт хийснээр бидний судалгаатай танилцсан. Чингэлтэй дүүргийн засаг дарга уг асуудлыг дараа жилийн хийх ажилд оруулан, төсөвлөхөөр болж 18 дугаар хороонд шинэ тоглоомын талбай баригдсан. Мөн хорооны засаг даргын дэргэдэх “Хүүхэд, залуучуудын зөвлөл”-ийг хорооны асуудлуудыг шийдэх дуу хоолой болгон ажиллахаар дүрмээ баталсан нь чухал үр дүнгүүдийн нэг байсан.

3. Одоо юун дээр төвлөрөн ажиллаж байна вэ?

Клубийн хувьд “Гэр хороололд амьдарч буй хүүхэд, залуусын амьдрах орчин, хөгжлийн үйлчилгээний асуудал”-ыг бодлогын түвшинд шийдвэрлүүлэхийг зорьдог. Тэр дундаа дуу хоолойгоо хүргэж чаддаггүй, бодлого хүртээмжийн гадна орхигдож буй хүүхэд, залуусын асуудалд онцгойлон анхаарч ажилладаг. Одоогоор цар тахлын үед зураглалын аргаар хийж байсан судалгаанд үндэслэн ундны усны хүртээмжийн байдлыг судлан хяналт хийхээр ажиллаж байна. Мөн агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр сургагч багшаар ажиллаж эхэлсэн.

Капитализмын муу тал нь баялгийг жигд хуваарилдаггүй бол социализмын дэвшилтэт тал нь ядуурлыг жигд хуваарилдаг явдал.

Их Британийн Ерөнхий сайд асан Уинстон Черчилл

Залуучууд, эмэгтэйчүүдийн сонгууль, улс төрийн оролцоог идэвхжүүлэх зорилготой цуврал контентийн хүрээнд энэхүү нийтлэлийг бэлтгэв.