Нийгэм гэдэг цагийн аясаар тасралтгүй өөрчлөгдөж байдгийн адил хүмүүсийн үзэл бодол, сонирхол ч мөн хувьсаж байдаг билээ. Тэгвэл өөр өөр цаг хугацаанд төрж өссөн, үе үеийн хүмүүсийн үзэл бодол хоорондоо хэр ялгаатай байдаг бол? “Эс Ай Си Эй” ХХК судалгааны байгууллага тус сэдвийн хүрээнд “Монгол Улсын нийгмийн үеийн судалгаа”-г хийж, үр дүнгээ олон нийтэд танилцууллаа. Тус байгууллага нь бизнес, эдийн засаг, олон улсын төсөл хөтөлбөрүүдийн судалгаа, шинжилгээг хийдэг бөгөөд 2020 оноос хойш “Монголын үе хоорондын судалгаа”-г хийж байгаа юм. Судалгаанд нийслэлийн есөн дүүрэг, орон нутгийн дөрвөн бүсийн 18-аас дээш насны 1,200 хүнийг түүврийн аргаар хамруулжээ. Оролцогчдоос нийгэм, цаг үеийн холбогдолтой 14 асуулт асууж, судалгааны үр дүнг нэгтгэсэн бөгөөд энэ удаагийн нийтлэлээр онцлох долоон асуултыг үр дүнгийнх нь хамт хүргэж байна.
Бүтэн судалгаатай танилцах
Эхлэхийн өмнө: GENZ, BOOMERS, MILLENNIALS-ийг арай өөрөөр
Бид биесээ төрсөн цаг үеэр нь Boomers, Millennials, GenZ, Alpha, Beta гэж нэрлэх болсон. Энэхүү нэршил нь АНУ-аас үүсэлтэй бөгөөд манай улсын хувьд энэ нэршил нь учир дутагдалтай хэмээн тус судалгааны байгууллага үзжээ. Харин оронд нь өөрсдийн судалгаанд тулгуурлан монголчуудад тохирсон нийгмийн үеийг шинээр тодорхойлсон нь энэ юм.
1964 он хүртэлх хүмүүсийг Социалист
1965-1982 он хүртэлх хүмүүсийг Завсрын
1983-1994 он хүртэлх хүмүүсийг Шилжилтийн
1995-2010 он хүртэлх хүмүүсийг Шинэ
2011-ээс хойш төрсөн хүмүүсийг Орчин үеийнхэн
1990 ОНООС ХОЙШ ХҮМҮҮСИЙН ЁС СУРТАХУУНЫ АСУУДАЛ
Асуулт: 1990 оноос хойш монголчуудын ёс суртахуун, шударга ёсны хэм хэмжээ сайжирсан уу?
Үр дүн: Нийт оролцогчдын 61 хувь нь, залуу үеийнхний 48-61 хувь нь ёс суртахуун, шударга ёсны хэм хэмжээ муудсан гэж тодорхойлжээ.
МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСАГ, АРД ИРГЭДИЙН АМЬЖИРГАА
Асуулт: Монгол Улсын хувьд 1990 оноос хойш эдийн засаг болон ард иргэдийн амьжиргаа сайжирсан уу?
Үр дүн: 1990 оноос хойших манай улсын эдийн засаг, ард иргэдийн амьжиргааны түвшинг судлахад харьцангуй сайжирсан гэсэн үзүүлэлт гарчээ. Социалист, завсрын үеийнхний 42 хувь нь муудсан гэж үзсэн бол шилжилтийн үеийн 57 хувь, шинэ үеийнхний 54 хувь сайжирсан гэж үзжээ.
МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛЫН СИСТЕМ
Асуулт: Монгол Улсын боловсролын системийн чанарыг юу гэж дүгнэж байна вэ?
Үр дүн: Тус асуултад оролцогчдын 81 хувь нь “муу” гэж хариулжээ. Шилжилтийн болон шинэ үеийн залуус 88 хувь муу байна гэж дүгнэсэн байна.
АЖИЛЛАЖ БУЙ БАЙГУУЛЛАГА НЬ ШУДАРГА ҮНЭЛДЭГ ЭСЭХ
Асуулт: Танай байгууллага таны ажлыг шударгаар үнэлдэг гэдэгтэй санал нийлж байна уу?
Үр дүн: 2020 онд нийт судалгаанд оролцогчдын 55 хувь нь “тийм, бүрэн санал нийлж байна” буюу ажлыг нь шударгаар үнэлдэг гэсэн хариулт өгсөн. Харин тус судалгааг энэ онд дахин авахад 45 хувь нь “зарим тохиолдолд” гэсэн хариулт өгчээ.
ТӨР БУСДЫН ӨМЧИЙГ ХУРААХ НЬ
Асуулт: Төр олон нийтийн эрх ашгийн төлөө бизнесийн болон хувийн өмчийг хураан авах нь зөв үү?
Үр дүн: Оролцогчдын 60 гаруй хувь нь “буруу” гэсэн санал илэрхийлжээ. Нийгмийн бүх насныхан бусдын өмчийг хураах нь буруу гэж үзэж байна. Тухайлбал, социалист үеийн 56 хувь, завсрын үеийн 62 хувь, шилжилтийн үеийн 66 хувь болон шинэ үеийн 69 хувь нь буруу гэсэн хариултыг сонгожээ.
МОНГОЛ УЛС ДЭЛХИЙН ӨНДӨР ХӨГЖИЛТЭЙ ОРОН БОЛНО
Асуулт: Монгол Улс 2050 онд дэлхийн өндөр хөгжилтэй орон болж, монголчууд сайхан амьдарна гэдэгт санал нийлж байна уу?
Үр дүн: 2020 онд 52 хувь нь “итгэлтэй байна” гэсэн хариултыг өгчээ. Харин энэ оны судалгаанд “итгэлтэй байна” гэж хариулсан хүмүүс 37 хувь болтлоо буурсан байна.
ИЖИЛ ХҮЙСТНИЙ ГЭРЛЭЛТИЙГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХ НЬ
Асуулт: Манай улс ижил хүйсний гэрлэлтийг хууль ёсны дагуу хүлээн зөвшөөрөх нь зөв үү?
Үр дүн: Социалист, завсрын, шилжилтийн үеийнхний 53-79 хувь үүнийг “дэмжихгүй” гэсэн хариулт өгсөн бол шинэ үеийнхний 54 хувь нь “дэмжиж байна” гэсэн хариулт өгчээ.
ШИНЭ ҮЕИЙНХНИЙ ИНТЕРНЭТ ХЭРЭГЛЭЭ
Асуулт: Та интернэт ашигладаг уу?
Үр дүн: Завсрын үеийнхний 83 хувь, шилжилтийн үеийнхний 99 хувь нь интернэт ашигладаг гэж хариулсан бол шинэ үеийнхэн буюу 1995-2010 онд төрсөн хүмүүс 100 хувь интернэт ашигладаг гэжээ. Тэд ихэвчлэн Facebook, Instagram, YouTube-ийг хамгийн их ашигладаг. Харин социалист үеийнхний 48 хувь нь интернэт ашигладаг гэсэн хариулт өгчээ.
Та ч бас эдгээр асуултад хариулаад үзээрэй. Таны үзэл бодолтой хэр нийцэж байна вэ?