Хүүг Б гэдэг. Одоо 6 настай. Тэр дуу шуу багатай, биеийн тамирын хичээлдээ сонирхолгүй болохоор аав ээж нь түүнийг зүгээр л бүрэг ичимхий хүүхэд хэмээн боддог байлаа. Гэтэл нэг өдөр Б-гийн сурдаг сургуульд нэгдсэн журмаар харааны үзлэг хийгджээ. Сургуулийн эмч Б-гийн харааг шалгаад, нүдний эмчид үзүүлэх “зайлшгүй” шаардлагатай гэв. Үүнийг сонссон эцэг эх нь ялимгүй гайхаж, хүүгээ дагуулаад нүдний эмнэлэгт очиход Б “төрөлхийн хараа муутай” байсан нь тогтоогджээ. Хүү удаан хөдөлгөөнтэй, спортод сонирхолгүй байдаг нь ерөөс түүний зан чанараас үүдсэн хэрэг биш, харин нүдний хараатай холбоотой байсныг тэгж л аав ээж нь мэдэв.
Харамсалтай нь Б шиг төрөлхийн хараа муутай хүүхдүүд өөрийнхөө харааг муу гэдгийг мэддэггүй. Төрөхөөс нь авхуулаад хорвоо ертөнц бүрсгэр байсан учраас тэгээд л хүлээгээд авчихсан байдаг. Гэтэл сурч боловсрох, танин мэдэхүйд хараа хэчнээн чухал билээ дээ?
Хэрэв та хүүхдийнхээ харааг сүүлийн зургаан сард шалгуулаагүй бол Орбис олон улсын байгууллага болон Боловсролын ерөнхий газрын хамт олноос “бие даалтын долоо хоног” тохиож байгаа энэхүү зурвасхан үеэр цаг гарган үзүүлэхийг уриалж байгаа билээ.
Бид энэхүү нийтлэлдээ нийслэлийн хоёр дүүрэг, зургаан аймгийн 33 сургуулийг хамарсан цогц төсөл хэрэгжүүлж буй Орбис ОУБ-ыг онцолж байна. Тэдний үйл ажиллагаатай илүү ойроос танилцацгаая.
Нэр: Цэцэрлэг, сургуулийн хүүхдийн нүдний эрүүл мэндийг дэмжих нь
Үйл ажиллагааны чиглэл: Хүүхдийн харааны эрүүл мэнд
Төслийг хэрэгжүүлэгч: Орбис олон улсын байгууллага, Боловсролын Ерөнхий Газар
Төсөл хэрэгжих хугацаа: 2024-2026
Сошиал хуудас: Orbis Mongolia, Боловсролын ерөнхий газар
Сэдэл
Төслөө танилцуулахаас урьтаад өөрсдийн хэн болохоо товч дурдах нь зүйтэй болов уу. Орбис олон улсын байгууллага нь Монгол Улсад нүдний эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хөгжүүлэх, мэргэжилтнийг чадавхжуулах, сүүлийн үеийн шинэ технологийг нутагшуулах чиглэлээр хорь гаруй жил тасралтгүй ажиллаж байна.
Энэ хугацаанд нүдний эрүүл мэндийг дэмжих төрөл бүрийн төсөл хэрэгжүүлж ирсний нэг нь энэхүү “Цэцэрлэг сургуулийн хүүхдийн нүдний эрүүл мэндийг дэмжих нь” төсөл юм.
Бид зургаан жилийн өмнө “Сургуульд суурилсан харааны үзлэгийн төсөл”-ийг хэрэгжүүлсэн юм л даа. Төслийн үеэр шил зүүх шаардлагатай хүүхдүүдийн 85 хувь нь хараа муутайгаа мэдээгүй байсан. Энэ нь ямар шалтгаантай болохыг мэдэхээр судалгаа хийхэд цэцэрлэг, сургууль дээр жил бүр нэгдсэн байдлаар тогтмол харааны үзлэг хийх тогтолцоо манай улсад байдаггүй, эцэг эхчүүд хүүхэд нь хараа муутайг мэдсэн ч шил авч өгдөггүй, цаашлаад орон нутагт харааны шилний үйлчилгээ хүртээмжгүй, үйлчилгээ байгаа ч өндөр үнэтэй гэх мэт маш олон асуудал ар араасаа ундарч эхэлсэн. Ингээд эдгээр асуудлын шийдлийг олохын тулд бид хүүхдийн насны онцлогт таарсан харааны урьдчилан сэргийлэх үзлэгийн цогц аргыг нэвтрүүлж, сургууль цэцэрлэгт түшиглэсэн хүүхдийн нүдний эрүүл мэндийг дэмжих тогтолцоог үүсгэхэд шаардагдах чадавхыг бий болгох зорилгоор 2024 онд төслөө албан ёсоор эхлүүлсэн.
Ялгарал
Хүүхдийн нүдний эрүүл мэндийг тойрсон олон асуудлыг цогцоор нь шийдэхийн тулд бид Улаанбаатар хотын хоёр дүүрэг, зургаан аймгийн 33 сургууль, цэцэрлэгийг сонгоод, тэндхийн эмч, багш, нийгмийн ажилтнуудад сургалт орж, хараа шалгах чадавхыг эзэмшүүлж байна. Эмч, багш, нийгмийн ажилтнууд мэргэжлийн нүдний эмч биш байж яаж хараа шалгах юм бэ хэмээн гайхаж магадгүй. Сургуулийн орчинд энгийн, ашиглахад хялбар, хүүхдийн насанд тохирсон хараа шалгах хүснэгтүүдийг ашиглаад эхний ээлжид хүүхдийн холын, ойрын, мөн гүний хараа өөрчлөлттэй байна уу, үгүй юу гэдгийг тогтоон, цаашид мэргэжлийн эмчид очих эсэхийг тодорхойлох юм. Өөрөөр хэлбэл, нүдний эмч биш байсан ч тухайн хүснэгтүүдийг ашиглаад сурчихсан тохиолдолд эхний шатны үзлэгийг хийх боломжтой гэсэн үг.
Ийнхүү багш, эмч, нийгмийн ажилтнууддаа сургалт орсны дараа хүснэгтийг сургуулиудад тарааж өгөөд үзлэг хийнэ. Хэрэв хүүхэд “нүдний эмчид үзүүлэх шаардлагатай” хэмээн оношлогдвол, тэдгээр хүүхдийг мэргэжлийн эмч очиж үзээд, шилний жор бичиж өгнө.
Цаашлаад, ангийн багш нь хараа муутай хүүхдүүдийг шилээ зүүж буй эсэхэд хяналт тавин эцэг эхтэй хамтран ажиллах юм. Ийм цогц тогтолцоог бүрдүүлэхийг зорьж байгаагаараа манай төсөл онцлогтой.
Мөн нэг ч хүүхдийг орхигдуулахгүйн тулд тусгай сургуулиудыг хамруулж, үзлэгийн журмыг батлуулж байна.
“Цэцэрлэг сургуулийн хүүхдийн нүдний эрүүл мэндийг дэмжих нь” төсөл гэж юу вэ?
Товчхондоо, энэ төсөл нь хүүхдийн харааг хамгаалах, сургууль, цэцэрлэгт суурилсан урьдчилан сэргийлэх үзлэгийн тогтолцоог бий болгох зорилготой. Үүний тулд бид багш, эмч нарыг чадавхжуулж, хүүхдийг насны онцлогт нь тохирсон нүдний үзлэгт хамруулж, тухайн орон нутгийн нөхцөлд нийцэх шинэ арга, загварыг нэвтрүүлж байна.
Нэр
Төслийн зорилго, үйл ажиллагааг шууд илэрхийлэхийн тулд “Цэцэрлэг, сургуулийн хүүхдийн нүдний эрүүл мэндийг дэмжих нь” хэмээн нэрлэсэн.
Баг
Манай үндсэн багт төслийн менежер, судалгааны зохицуулагч, санхүүгийн менежер, админ, захирал болон зөвлөхөөр АНУ-ын Хүүхдийн харааны үндэсний төвийн дэд хорооны дарга, хүндэт профессор, судлаач Брюс Мүүр, Швейцар Улсын Эрүүл мэнд оюун санааны хөгжил сангийн тэргүүн, доктор Кеннет Йонгстейн нар ажилладаг. Харин төслийн үндсэн хамтрагч байгууллагаар Боловсролын ерөнхий газар ажиллаж байна.
Одоо
Одоогоор сургалт, үзлэгийн ажил ид өрнөж байна. Нийт 37,400 хүүхдийг үзлэгт хамруулахаас өнөөдрийн байдлаар 30 гаруй хувийг нь хамруулаад байгаа. Сургалтын явц дүүрэг, аймгуудын хэмжээнд харилцан адилгүй ч, таван аймаг, хоёр дүүргийн багш, эмч нар сургалтдаа амжилттай хамрагдаж, үзлэг хийж байна. Аймгийн нүдний эмч нар шил хэрэгтэй хүүхдүүдийг сургууль, цэцэрлэг дээр нь үзэж байгаа бөгөөд хараа муутай хүүхдүүдэд шаардлагатай шил авахад эцэг эхийн идэвхтэй оролцоо чухал байгааг онцлох хэрэгтэй. Эцэг эхийн дэмжлэгтэйгээр хүүхдүүд шилээ авч, харааны асуудлаа цаг алдалгүй шийдвэрлэх шаардлагатай байна.
Ирээдүй
Энэхүү төсөл амжилттай хэрэгжсэнээр бүх сургууль, цэцэрлэгт хүүхдийн нүдний эмгэгийн эрт илрүүлгийн үзлэгийг тогтмол зохион байгуулдаг тогтолцоотой болно гэж итгэж байгаа. Ингэснээр хараа муутайгаас болж нэг ч хүүхэд хичээлийн хоцрогдолд орохгүй. Харин ч боловсролын чанар, эдийн засагт эерэг нөлөө үзүүлнэ. Сохролоос урьдчилан сэргийлэх олон улсын агентлагийн судалгаагаар, нүдний эрүүл мэндэд оруулсан нэг долларын хөрөнгө оруулалт 28 долларын эдийн засгийн үр ашиг авчирдаг гэж тооцоолсон байдаг.
Эрсдэл
Эцэг эхчүүдийн нүдний эрүүл мэндийн талаарх мэдлэг дутмаг, буруу ойлголттой хийгээд бусад олон янзын шалтгааны улмаас хараа муутай хүүхдүүд шилээ авч чадахгүй, харааны асуудалтай хэвээр үлдэх эрсдэлтэй байна. Тиймээс эцэг, эхийн оролцоо, дэмжлэг маш чухал. Угтаа хүүхдийнхээ харааг шалгуулах, тохирсон харааны шилийг авч өгөх нь хүүхдийнхээ нүдийг хайрлаж буйн л илрэл шүү дээ.