1. Улсын төсөв 2023

Монгол Улсын 2023 оны төсвийн төслийг Засгийн газар өргөн барьж, УИХ-ын намрын ээлжит чуулганаар хэлэлцэж эхэлсэн. Түүхэндээ анх удаа 18.9 их наяд төгрөгийн орлого олж, 20.5 их наяд төгрөг зарцуулахаар төсөв боловсруулав. Ингэхдээ боомтын сэргэлтийг эрчимжүүлэн эрдэс бүтээгдэхүүний экспортыг тэлж, татварын төлөлтийг сайжруулна гэх үндэслэлээр орлогыг өнгөрсөн оны батлагдсан дүнгээс 3.3 их наяд төгрөгөөр нэмсэн байна. Харин төсвийн алдагдал ДНБ-ий 2.8 хувь буюу 1.5 их наяд төгрөгтэй тэнцүү байхаар тооцжээ.

Татварын нийт орлого 17.1 их наяд төгрөг,
Татварын бус орлого 1.8 их наяд төгрөг

  • Уул уурхай 4.9 их наяд төгрөг
  • Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр 2.5 их наяд
  • Алт 238 тэрбум
  • Нүүрс 1.7 их наяд
  • Зэсийн баяжмалаас 2.3 их наяд
  • Ирэх оны хагас жилээс Оюутолгойн ордын далд уурхайн олборлолт эхлэхтэй холбогдуулан зэсийн баяжмалын экспортын хэмжээг 1.4 сая тонн, нүүрсний экспортын хэмжээг 36.5 сая тонноор тооцож, тонн тутамд 110.8 ам доллар байхаар тусгасан байна.

Төсөв гэж ямар нэг байгууллагын тодорхой хугацаанд зориулан тооцоолсон орлого, зарлагын тайлан, эсхүл тодорхой зорилгод зориулагдан хуваарилагдсан мөнгөний нийт дүн юм. /Блакийн хууль зүйн толь бичиг/

Яагаад УИХ /парламент/ төсөв баталдаг вэ?

Парламентийн гол чиг үүргүүдийн нэг нь төсөв батлах. Үндсэн хуулийн 25-р зүйлд "Улсын Их Хурал нь ..улсын төсөв, түүний гүйцэтгэлийн тайланг батлах бүрэн эрхтэй.” Харин "Засгийн газар нь … улсын төсөв, зээл, санхүүгийн төлөвлөгөөг боловсруулж УИХ өргөж гаргасан шийдвэрийг биелүүлэх бүрэн эрхтэй.”

2023 оны улсын төсөв өргөн баригдсан хувилбараар батлагдвал:
- Эдийн засгийн өсөлт таван хувь
- Инфляц найман хувь
- Экспорт 11.4 тэрбум ам.доллар төлбөрийн урсгал тэнцлийн алдагдал буурч, валютын ханш тогтворжиж чадна гэдэгт Засгийн газар бүрэн итгэлтэй байна гэв.

Улсын төсөвтэй ЭНД-ээс танилцаарай.

Эх сурвалж: Сангийн яам

УИХ-ын намрын чуулган энэ сарын 3-нд нээлтээ хийсэн. Уг чуулганаар төсвийн тухай хууль болон түүнтэй холбогдох бусад хуулийн төслүүдийг заавал хэлэлцэн баталдаг. Энэ удаад иргэд 2023 оны төсөвтэй холбоотой өөрийн санал хүсэлтээ D.parliament.mn сайтад цахимаар илгээх боломжтой.

"Жил бүрийн улсын төсөвт үр ашиггүй зардал, хөрөнгө оруулалт, халамж тусгасан зэргээр иргэдийн зүгээс шүүмжлэл их ирдэг тул төсөв батлагдахаас өмнө энэ бүгдийг олон нийтээрээ хянах, зөвшилцөх, гарц шийдлийг хамтдаа эрэлхийлэх боломжийг бид бүрдүүлье" хэмээн УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн мэдэгдэж анх удаа “Төсөв-2023” олон нийтийн нээлттэй хэлэлцүүлгийг энэ сарын 19-ний өдөр Төрийн ордонд зохион байгуулна гэв.

Угтаа 2011 онд баталсан Төсвийн тухай хуулиар төсвийг төлөвлөх, бүрдүүлэх, хуваарилах, тайлагнах үйл ажиллагаанд олон нийтийн оролцоог хангах" гэх заалт бий. Анх удаа хэмээн тодотгож буй нь өнгөрсөн 11 жилийн хугацаанд иргэд, олон нийтийн идэвх, оролцоо байгаагүй мэт олон нийтийг төөрөгдүүлж буй.

2. Сүүдрийн парламент

С.Эрдэнэ тэргүүтэй Ардчилсан нам, МАН-д хяналт тавих сүүдрийн парламент байгуулж буйгаа зарласан. С.Эрдэнэ: "Ардчилсан нам үндэсний хэмжээний намынхаа хувьд ардчиллын төлөөх намуудыг нэгдэхийг уриалж Монголд бүртгэлтэй 36 улс төрийн нам, хүчин нэгдэж чадвал өнөөгийн эрх баригчдын үйл ажиллагаанд хяналт тавьж, хязгаарлах бүрэн боломжтой" хэмээв.

Манай улс төрийн түүхэнд сүүдрийн парламент бус сүүдрийн Засгийн газар байгуулж ажилласан жишээ бий. Сүүдрийн Засгийн газар гэдэг нь эрх барьж буй Засгийн газрын үйл ажиллагаанд дүн шинжилгээ хийж, хяналт тавих, зарим тохиолдолд илүү зөв бодлогын сонголт санал болгох зэрэг үйл ажиллагаа явуулдаг сөрөг хүчний байгууллага юм.

Тэдний хувьд улс төрийн үзэл бодлоо дуулгах индэр нөгөөтэйгөөр засгийн эрх барьж чадна гэдгээ иргэдэд ойлгуулж, мэдрүүлэх боломж учраас ийм бүтэц үүсгэх нь олонтоо. Сүүдрийн Засгийн газрын сонгодог загварыг бүрдүүлсэн улс бол Англи. Тэнд сөрөг хүчний хамгийн том намын дарга нь сүүдрийн Засгийн газрын Ерөнхий сайд болдог ба тус намаас парламентад сонгогдсон гишүүдээс бусад сайд нараа бүрдүүлдэг. Энэ нь эрх барьж буй бүлгийг хянах, дараагийн гишүүд, багаа бүрдүүлэх улс төрийн тогтолцооны хэвийн үзэгдэл билээ.


Ikon: "Атар" талхны үнэ 2,152 төгрөг болж, өмнөх долоо хоногоос 25 хувь өсжээ.
Gogo: Үг хөөхөөр үхэр хөө! Голоо зогоож амьдардаг 26 мянган хүний асуудлыг шийд.
DNN: Ардчилсан намынхан арай л МАН-ын генсек болно гэж горьдохгүй байна.
DNN: Ц.Даваасүрэн: УИХ-ын дарга холимог тогтолцооны захиалгыг цэцэд гаргаж, нөгөө нөхөд нь хэрэгжүүлжээ гэж хардаж байна.
Baabar: Төсвийн хэмнэлтийн бодлого нь иргэдийнхээ 90 хувийг “улны” бүлэгт чихэв.
Peak: Ж.Гантулга: Сэтгэл зүйн тулгамдсан асуудлаа ойлгоогүй хүмүүс голдуу лам, бөөд ханддаг.
Eagle: Шидгүй шингэн - ундны усны улмаас өвчлөл нэмэгдэж байна.
Eguur: Оюу толгойн хэлэлцээний ард таг чиг болж, TRQ зарагдахад үл дуугарах нь ЗГ “Рио Тинто”-той тохирсных уу
News: Хэний нутгийн төсөв хамгийн өндөр, бага вэ?
iToim: Хотоос хөдөөд шилжиж буй ААН-үүдэд нэг хувийн хүүтэй зээл олгоно.

Зочны сошиал хуудас: Facebook

1. Таны ажил улс төртэй хэрхэн холбогддог вэ?

Өдөр тутмын үйл ажиллагаа маань улс төртэй шууд холбогддоггүй хэдий ч сэтгүүлч мэргэжилтэй учир ямарваа нэгэн байдлаар үргэлж энэ салбарт анхаарлаа хандуулж, хяналт тавьдаг. Хэдийгээр одоо мэргэжлээрээ ажиллаагүй ч өнгөрсөн хугацаанд хийсэн ажлууд маань улс төртэй холбоотой. 2019-2021 оны хооронд Бодлогод Залуусын Хяналт ТББ-д улс төрийн хөтөлбөрийн менежерээр ажилласан. Энэ үед улс төрийн намуудын санхүүжилтийн ил тод байдлын дээшлүүлэх, түүнд иргэдийн тавих иргэдийн хяналтыг сайжруулах, сонгогчдын боловсролыг дээшлүүлэх чиглэлээр төвлөрч ажиллаж байсан. Дараа нь түүнийгээ тэлэх зорилгоор хэвлэл мэдээллийн салбарт Тэнгэр тв-ийн дижитал албанд контент бүтээгчээр ажилласан.

2. Улс төрийг залуучуудад ойртуулах чиглэлд хийсэн хамгийн үр дүнтэй ажлаа хуваалцвал?

Улс төрийг залууст ойртуулах чиглэлээр хийж байсан тодорхой ажлуудаасаа дурдвал:
- Улс төрийн намын санхүүжилтын ил тод байдал яагаад чухал болох талаар олон нийтэд таниулахын тулд залуус, судлаачдын дунд илтгэл, мэтгэлцээн, сургалтуудыг удаа дараа зохион байгуулж байсан.
- УИХ-ын 2020 оны нэр дэвшигчид болон 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн нэр дэвшигчдийн зардлын тайлангийн мэдээлэлд анализ хийж дата визуал бэлдэж байв.
- 18-25 насны залуусын сонгогчдын боловсролд мэдээллийн сайтуудын контент хэрхэн хүрч буй тухай судалгаа хийсэн. Цаашид энэ чиглэлээр ажиллах хүмүүст тус дөхөм судалгааны материал болсон болов уу гэж боддог.

3. Одоо юун дээр төвлөрөн ажиллаж байна вэ?

Өнгөрсөн хугацаанд салбарын суурь асуудлуудыг ойлгож практикт ажилласан учраас одоо сонгогчдод хүртээмжтэй, чанартай, сонирхолтой мэдээллийг өргөн хүрээнд хүргэхийн тулд шаардлагатай онолын мэдлэг олж авахаар мэргэжил дээшлүүлэхээр төлөвлөж байна.

Үндсэн хууль гэдэг тухайн улс орны төр засаг нь ард түмэнтэйгээ байгуулсан хамгийн том гэрээ.

Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн

Залуучууд, эмэгтэйчүүдийн сонгууль, улс төрийн оролцоог идэвхжүүлэх зорилготой цуврал контентийн хүрээнд энэхүү нийтлэлийг бэлтгэв.