1990-2025 онд Монголд орж ирсэн 52.1 тэрбум ам.долларын гадаадын шууд хөрөнгө оруулалтын 74.4 хувь нь зөвхөн уул уурхайд төвлөрчээ. Энэ хамаарлыг бууруулахаар манай улс таван салбарыг тэргүүлэх чиглэл болгон тодорхойлоод буй.

Монгол Улсын Засгийн газраас гадаадын шууд хөрөнгө оруулалтыг 2028 он гэхэд жилд одоогийнхоос 45 орчим хувиар өндөр буюу 5.5 тэрбум ам.долларт хүргэх зорилт тавиад байгаа. 2025 онд энэ хэмжээ 3.8 тэрбум ам.доллар байсан бөгөөд үүний 80 орчим хувь нь мөн л уул уурхайд очиж байжээ. Тэгвэл энэ төвлөрлийг сааруулж, эдийн засгаа солонгоруулах ажлын хүрээнд манай улс гадаадын хөрөнгө оруулагчдыг ямар ямар салбартаа урьж байна вэ? Бидэнд ямар боломж байна вэ? Бас ямар бодит ажлууд эхлээд байгаа бол?

1. Сэргээгдэх эрчим хүч

Сүүлийн үед хамгийн их яригдаж буй сэдэв бол эрчим хүчний хараат бус байдал, тэр дундаа байгальд ээлтэй сэргээгдэх эрчим хүчний технологи. 2025 онд бид хэрэглэсэн цахилгааныхаа 21.4 хувийг гадаад улсаас импортолжээ. Улсынхаа бие даасан байдлыг хангаад зогсохгүй цаашид дэд бүтцийн томоохон төслүүдээ урагшлуулахын тулд юун түрүүнд эрчим хүчний нөөцөө өргөтгөх ёстой.

Боломж: Монголын говь, тал нутаг жилд 270-300 өдөр нартай, цэлмэг бөгөөд хүчтэй салхитай өдөр ч дутахгүй олон. Олон улсын сэргээгдэх эрчим хүчний агентлаг (IRENA) Монголын нар, салхины техникийн нөөцийг 2,600 ГВт гэж үнэлжээ. Харин Дэлхийн банкнаас тус нөөцийг 1,100 ГВт гэж тооцоолсон бөгөөд энэ нь манай дотоодын хэрэглээнээс 300 дахин их. Өөрөөр хэлбэл бидэнд өөрсдийн хэрэгцээгээ хангаад зогсохгүй экспортлох асар их нөөц бий.

Бодит ажил: Одоогоор бид нийт цахилгааныхаа 10 орчим хувийг сэргээгдэх эх үүсвэрээс үйлдвэрлэж байна. Энэ тоо хэмжээг нэмэх ажлууд ч эрчимтэй явагдаж байгаа. Жишээ нь өнгөрсөн сард л гэхэд Саудын Арабын ACWA, Монголын Sun Steppe Power компаниуд 4.5 ГВт-ын нар, салхины станц барьж, цахилгааныг Хятад руу экспортлох төслийг судлахаар санамж бичиг байгуулаад байна.

Холбоотой нийтлэл: Нөхөн сэргээгдэх энерги буюу ногоон эрчим хүч

2. Дата төв

Олон улсын эрчим хүчний агентлагийн (IEA) мэдээлснээр дэлхийн технологийн таван том компанийн 2025 оны дата төвийн хөрөнгө оруулалт 400 тэрбум ам.доллароос давсан нь дэлхийн газрын тос, байгалийн хийн олборлолтод оруулсан хөрөнгө оруулалтаас ч өндөр дүн. Хиймэл оюуны үүсгэж буй шинэ эдийн засагт Монгол Улсын хамгийн том нууц хөзөр нь дата төв гэж үзэх хүмүүс ч олон болов.

Боломж: Тэр нь ч үнэний ортой. Манай орны сэрүүн уур амьсгал дата төвийн хамгийн өндөр зардлуудын нэг болох серверийг хөргөх зардлыг бууруулах боломжтой. Мөн бүс нутагтаа нээлттэй ардчилсан засаглалтай гээд санхүүгийн хэмнэлтээс гадна, хууль эрх зүйн таатай орчин мөн найдвартай байдал бидэнд бий. Нэмээд манай улс шиг цахимжилт өндөртэй улс орнууд өөрсдийн дата мэдээллээ өөрийн газар нутаг, дэд бүтэц дээрээ хадгалах нь ардчилсан тогтолцооны нэгэн чухал тулгуур болоод буй.

Бодит ажил: Энэ оны 8-р сарын 25-нд Улаанбаатарт болсон COP17-ийн үеэр нийт 863 МВт-ын дата төвийн төслийн 10 санамж бичиг байгуулагдсан. Түүнчлэн Сингапурын NOVVA Group цэвэр эрчим хүчээр ажиллах дата төв, нар, салхи, батарейн төслөөр Цахим хөгжил, инноваци, харилцаа холбооны яамтай санамж бичиг байгуулаад амжсан.

Холбоотой нийтлэл: Дараагийн зогсоол Дата төв

3. Хөдөө аж ахуй

Нүүдэлчин соёлтой бидний уугуул боломж бол мэдээж хөдөө аж ахуй болон мал аж ахуй. Монголын онгон дагшин байгаль, олон зүйлийн ургамал, өргөн уудам бэлчээр нь энэ салбарт нөөц боломж ихтэйн том баталгаа. Гэхдээ бид түүхий эдээ түүхийгээр нь бус боловсруулж, нэмүү өртөг шингээн экспортлох нь нэн чухал байгаа бөгөөд жишээ нь л гэхэд одоогийн байдлаар түүхий ноолуурын дөнгөж 8.4 хувийг эцсийн бүтээгдэхүүн болгон экспортолж байгаа юм.

Боломж: 2025 оны эцсийн байдлаар Монголд 58.1 сая толгой мал тоологджээ. Мах, арьс шир гээд малын гаралтай түүхий эдийн дотроос ноолуур бол бидэнд байгаа нэгэн том боломж. Монгол Улс дэлхийн загварын салбарын томоохон түүхий эд болох ноолуурын 40-45 хувийг дангаараа үйлдвэрлэдэг.

Бодит ажил: Италийн Loro Piana брэнд Италиас гадна байгаа цорын ганц үйлдвэрээ Улаанбаатарт ажиллуулж буй. Мөн 2025 оноос Сүхбаатар аймгийн таван суманд малчдыг дэмжих "Resilient Threads" хэмээх таван жилийн хөтөлбөр хэрэгжүүлж эхэлжээ.

4. Уул уурхайн нэмүү өртөг

Уул уурхайд чиглэсэн гадаадын шууд хөрөнгө оруулалт өндөр байгаа нь энэ салбар бусдаасаа ихийг аваад байгаад бус бусад салбарууд нь хангалттай хөгжиж чадаагүй байгаатай холбоотой. Мэдээж уул уурхайд ч дараагийн шатны боломжууд бий. Жишээ нь, хүдэр олборлоод түүхийгээр нь экспортлохоос цааш баяжуулах, хайлуулах, цэвэршүүлэх, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх шат бүр нэмэлт ажлын байр, орлого бий болгоно. Үүнийг уул уурхайн нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн гэж нэрлэдэг.

Боломж: Түүхий эдээ дотооддоо боловсруулбал ажлын байр нэмэгдээд зогсохгүй, илүү их орлого Монголдоо үлдэнэ. Жишээ нь, 2025 оны 1-10-р сард зэсийн экспортын орлогын 2.5 орчим хувийг л катодын зэс бүрдүүлсэн бол үлдсэнийг нь баяжмал эзэлсэн байна. Өөрөөр хэлбэл бид зэсээ бараг бүхэлд нь баяжмал хэлбэрээр гаргаж, хайлуулах, цэвэршүүлэх шатны нэмүү өртгийг гадаадад өгч байгаа хэрэг.

Бодит ажил: Хамгийн сүүлийн үеийн жишээ гэвэл Францын Orano компани Зөөвч-Овоогийн ураны төслийн бүтээн байгуулалтыг 2026 оны 6-р сард эхлүүлээд байна. Олборлолт эхлэхээс өмнө 500 орчим сая ам.доллар оруулж, 2028 оноос 96.2 сая ам.доллароор ураныг газрын гүнд уусган олборлоход нэн шаардлагатай хүхрийн хүчлийн үйлдвэр барихаар төлөвлөсөн. Өдөрт 700 тонн хүчил, 7.4 МВт цахилгаан үйлдвэрлэх хүчин чадалтай уг үйлдвэр баригдвал төсөл гол орцоо дотоодоосоо хангаж, дотоодын эдийн засгийн эргэлт нэмэгдэж, нэмэлт ажлын байр ч бий болно.

5. Аялал жуулчлал

Өвөг дээдсээс үлдээсэн нэгэн том хөрөнгө бол гарцаагүй нүүдэлчид болон Монголын эзэнт гүрний түүх соёл. Монголыг зорин ирэх жуулчдын тоо нэмэгдсээр байх дүр зурагтай байгаа тул бид дэд бүтцээ бэлдэх нь чухал болоод байгаа. 2025 онд олон улсын нислэгээр 2 сая гаруй зорчигч зорчсон нь манай нисэх буудлын 1.6 сая зорчигчийн багтаамжийг хэдийн давсан тоо.

Боломж: 2026 оны 11-р сарын 3-ны байдлаар 932,764 гадаадын жуулчин иржээ. 2025 оны бүтэн жилийн дүн 847,170 байсан бөгөөд энэ жилдээ бид 1 сая жуулчин хүлээн авах төлөвлөгөөтэй байна.

Бодит ажил: Өнгөрсөн 9-р сард Монгол Улсын Засгийн газар Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллагатай (ЖАЙКА) Чингис хаан олон улсын нисэх буудлыг өргөтгөх 158.3 тэрбум иенийн хөнгөлөлттэй зээлийн гэрээ байгуулсан. 40 жилийн хугацаатай, жилийн 1.1 хувийн хүүтэй энэ зээлээр нисэх буудлын хүчин чадлыг жилд 1.6 саяас 5.2 сая зорчигч болгон 3.2 дахин нэмэгдүүлэх юм.

Холбоотой нийтлэл: Сая жуулчин хүлээн авах саяхны мөрөөдөл