Хэвлэл мэдээллийн салбарын ирээдүйг тодорхойлоход технологийн дэвшил, шинэ платформ, контентын төрөлжилтөөс гадна түүний ард ажиллаж буй эрхмүүдийн бүтээлч сэтгэлгээ, хамтын ажиллагаа нэн чухал билээ. Тэгвэл салбарын мэргэжилтнүүд нэг дор цуглаж, хийж бүтээснээ танилцуулан, алдаа оноо, туршлагаасаа суралцах боломж бүрдүүлдэг “The Media Show” арга хэмжээ дөрөв дэх удаагаа зохион байгуулагдах гэж байна.
Медиа салбарын шинэ санаачилга, бүтээлч туршлага, тулгамдсан асуудал, боломжит шийдлүүдийг нэг дор хэлэлцэх тус арга хэмжээ энэ жил ямар сэдвүүд онцолж, оролцогчдыг юу хүлээж байгааг эл нийтлэлээрээ танилцуулъя.
Өмнөх жилүүдийн сонин сайхантай танилцах:
“THE MEDIA SHOW” ГЭЖ ЮУ ВЭ?
“The Media Show” платформ анх подкаст хэлбэрээр эхэлж байв. Медиа экосистемийн хүрээнд шинэ бүтээл, санаачилга, сонирхолтой контент, менежмент гээд тал бүрээр ярилцахыг зорьсоор дараагийн шатанд гарсан юм. Тодруулбал, энэ тухай ярилцах сонирхолтой хүмүүс уулзаж, учирдаг, “гоё” юм хийх сэн гэх хүсэл, эрмэлзлээ хуваалцдаг, хийгээд үзсэн нь алдаа, оноогоо уудалдаг, бие биеийнхээ хийсэн зүйлд урам өгдөг халуун, дулаан орчныг бүтээх юм сан гэх бодлоос “The Media Show” арга хэмжээ болон өргөжжээ.
Том зургаараа Монголын медиа орчинд мэргэжлийн зарчим үгүйлэгдэж байна хэмээн зохион байгуулагчид үзсэн юм. Мэргэжлийн байна гэдэг нь чанартай бүтээл хийхээр зорьдог, ёс зүйтэй, зах зээлийн шударга зарчмаар санхүүждэг экосистемийн суурь гэсэн үг. Тиймээс хэвлэл мэдээллийн экосистемд чин эрмэлзэлтэй, мэргэжлийн, сахилга баттай соёлоор дамжуулан шударга, чадамжтай хэвлэл мэдээллийг төлөвшүүлэхэд хамтдаа хувь нэмрээ оруулах нь уг платформын эрхэм зорилго ажээ.

ЭНЭ ЖИЛ БИДНИЙГ ЮУ ХҮЛЭЭЖ БАЙНА ВЭ?
Уламжлал ёсоор “Урам зоригийн индэр”, “PechaKucha” хэсэгт медиа старт-апаа эхлүүлсэн түүх, хэрхэн тогтвортой бүтээгдэхүүн хөгжүүлэв, шинэ төрөл зүйлийг нэвтрүүлэх гэсэн оролдлого нь ямар замыг туулав гэхчлэн гол төлөв залуу, шинэ төлөөллүүд хийж, бүтээснээ хуваалцана.
Мөн энэ жилээс “Дуэт & Дуэль” гэсэн шинэ хэсэг нэмэгдэж буй бөгөөд нэг сэдвийн хүрээнд хоёр зочин хөөрөлдөх гэнэ. Энд хиймэл оюуны ёс зүй, уламжлалт мэдээ хэрхэн бүтдэг вэ, түүний үнэ цэн болон контент бүтээгч ба сэтгүүлчид хорших боломжтой юу гэхчлэн сонирхолтой сэдвээр ярилцах юм.
Харин энэ жилийн гол хэлэлцүүлэг хамгийн их анхаарал татаж буй хэвлэл мэдээллийн санхүүжилтийн асуудлаар шийдэл тойрч ярилцахаар зочдоо урьжээ. Хөтөлбөрийн дэлгэрэнгүйтэй танилцахыг хүсвэл доорх эвентэд нэгдэж, мэдээлэлтэй ойр байгаарай.
ЯАГААД ЗОРЬЖ ИРЭХ ЁСТОЙ ВЭ?
Хэвлэл мэдээлэл, медиа салбар дэлхий дахинаа магадгүй хамгийн сорилттой цаг үеийг туулж яваа байх. Монгол Улсад ч экосистемийн олон асуудал, тэр дундаа санхүүжилт, бизнес загварын асуудал сүүлийн үед нийтийн хэлэлцүүлгийн сэдэв болсоор буй. Энэ нөхцөлд “The Media Show” нь зөвхөн салбарын асуудлыг хэлэлцэхээс илүүтэй бодитоор хэрэгжүүлсэн ажил, амжилттай болон амжилтгүй болсон туршлага, бүтээлч шийдлүүдийг хуваалцдагаараа онцлог билээ. Тиймээс нэг өдөр цуглан ажил бүтээл болон алдаа оноогоо дэлгэн ярилцаж, шийдэл эрэлхийлсэн туршлагаа хуваалцах нь хэн бүхэнд өгөөжтэй, сургамжтай байх болов уу.
Мөн "The Media Show" арга хэмжээ нь оюутан залуус, залуу мэргэжилтнүүд төдийгүй хэвлэл мэдээллийг ойлгоё гэсэн хэн бүхэнд нээлттэй. Хэвлэл мэдээлэл бол дан ганц сэтгүүл зүйн салбарын өмч биш бөгөөд нийтийн ашиг сонирхолд үйлчилдгийнхээ хувьд иргэд олон нийт, төр, хувийн хэвшил, медиа байгууллагуудын хамтын оролцоотойгоор урагшлан хөгжих учиртай. Энэ утгаараа сэтгүүлчид, контент бүтээгчид, олон нийтийн харилцааны мэргэжилтнүүд, хувийн хэвшлийн төлөөллүүд гэхчлэн олон талт оролцогчид нэгэн танхимд цуглаж, бие биетэйгээ танилцан ойлголцож, хамтын ажиллагаагаа ч эхлүүлэх цэг нь болдог юм.



Сайн бүтээл, шинэ санаа бүрийн ард түүнийг хэрэгжүүлэхээр зориглосон хүмүүс бий. Тэдний туршлагаас суралцаж, өөрийн санаагаа бусадтай хуваалцан, шинэ хамтын ажиллагааны эхлэлийг тавихыг хүсвэл "The Media Show 2026" арга хэмжээг зориорой.
Сэтгэгдэл бичих

