Энэ удаагийнхаа номын буланд бид оны өмнөхөн Монсудар хэвлэлийн газраас хэвлэгдэн гарч уншигчдын гар дээр очоод удаагүй байгаа ч 2017 оны эхний долоо хоногийн бэстселлер болсон нэгэн онцгой номыг танилцуулах гэж байна. Нэрнээсээ эхлээд л сонирхол татсан уг ном нь амьдралаа өөрчилж, өдөр бүрийг сэтгэл хангалуун өнгөрүүлэх хүсэлтэй хэн бүхэнд зориулагджээ. Бид бүгд яавал илүү аз жаргалтай, илүү утга учиртай амьдрах вэ гэсэн эрэл хайгуулыг байнга хийж байдаг шүү дээ. Гагцхүү үүний тулд л өөртэйгөө ажиллаж, өөрсдийгөө хөгжүүлж, ур чадваруудаа дээшлүүлэх гэж оролддог. Тэгвэл тус номын зохиолч бүсгүй бидэнд өөрчлөлтийг зөвхөн өөртөө бус мөн орон гэр, албан тасалгаа, амьдрах орчноосоо эхлүүлэхийг санал болгож байна. Энэ ном бол түүний олон жилийн судалгааны (5 настайгаасаа эхэлсэн) үр дүн юм.

Өдгөө эмх цэгцтэй амьдралын зөвлөхөөр ажилладаг (“organizing consultant” сонирхолтой мэргэжил байгаа биз), Мари Кондо хэмээх нэрээрээ олонд танигдсан зохиолч бүсгүй энэхүү номоороо маш чухал хэдэн санааг дэвшүүлжээ.

1. Эмх цэгцтэй байна гэдэг ердөө орон гэрээ цэвэрлэж, цэгцлэхийн нэр биш. Хүн өөрийн амьдралд хэрэг болох, болохгүй зүйлсийг ангилж ялгаснаар давхар оюун бодлоо цэгцэлж, өөрийгөө танин мэдэж, цаашдын зорилгоо тодорхойлж сурдаг.
2. Хэрвээ зөв арга, зөв дэс дарааллаар эмхэлж цэгцэлвэл гэр орон тань дахиж хэзээ ч хөглөрөхгүйн дээр эмх цэгцтэй байдлаа үргэлж хадгалах боломжтой.
3. Өөрийгөө зөвхөн өөрт баяр баясал авчрах зүйлсээр хүрээлүүлэх нь биднийг аз жаргалтай болгодог.

Номонд энэ мэт өөр маш олон сонирхолтой санаанууд бий. Дашрамд дурдахад бүсгүй өөрийн боловсруулсан эмхэлж цэгцлэх аргыг “Конмари” аргачлал (Кондо Мари нэрнийх нь товчлол) хэмээн нэрлэсэн байна. Энэ аргачлал нь Эхлээд хаяж дуусгая! (номын хоёрдугаар бүлэг) гэж эхлэх ба дараагийн алхам нь Эд юмсаа төрөлжүүлж эмхлэх (гуравдугаар бүлэг) байх юм. Үүнийгээ хувцас, ном, бичиг цаас, ойр зуурын хэрэгцээний зүйлс, дурсгалтай зүйл гэсэн дарааллаар хийнэ хэмээн тодорхой зааж өгсөн нь тун сонирхолтой. Номын төгсгөлд бүсгүй, та цэгцэлж цэвэрлэх ажлыг нэг дор, хурдан хийж дуусгах ёстой. Учир нь энэ бидний амьдралын зорилго биш, харин өөрийн дуртай, өөрийг тань илүү их баяр хөөртэй байлгадаг тэр зүйлдээ илүү их цаг заваа зориулаарай гэсэн нь уншихад “чөлөөлөгдөх” мэт л сэтгэгдлийг төрүүлж байлаа.

Амьдралыг өөрчлөх эмх цэгц ба түүний гайхамшигт ид шид ном нь дэлхийн 40 гаруй оронд хэвлэгдэж, New York Times сонины #1 бэстселлер, мөн Япон болон Европын орнуудад шилдэг борлуулалттай ном болсноос үзэхэд дэлхийн олон оронд хүмүүс эмх цэгцтэй, цомхон амьдралыг сонирхож буй нь илт. Өдөр тутмын энгийн үйлдлийг дээрх мэт “философилог”, утга учиртай өнцгөөс харж чадсан түүний энэ бүтээл монгол уншигчдад ч мөн адил амьдралаа өөрчлөхөд нь тус болох байх.

Та уг номыг онлайнаар худалдан авах авах бол энд дарна уу.

Номын хэсгээс:

Жинхэнэ нандин зүйлээ хэрхэн ялгах вэ?

Үйлчлүүлэгчдээ овоолсон эд зүйлс дундаасаа хаях болон үлдээх зүйлээ сонгож дууссаных нь дараа би үлдээх зүйлсээс нь хэдийг ялгаж гаргаж ирээд “Энэ үнэхээр таны сэтгэлийг догдлуулж байна уу?” гэж дахин асуудаг. Энэ үед үйлчлүүлэгчид “Та яаж мэдэв ээ? Бүгд миний эргэлзсэн зүйлс байна шүү дээ” гэж гайхдаг. Би хувцасны загварыг сайн мэдэхгүй, бас хуучирсан эсэхийг нь асуудаггүй. Харин сонголтоо хийж байгаа үйлчлүүлэгчийнхээ хөдөлгөөнөөс нь ерөнхийдөө мэдчихдэг. Тухайн хувцасыг гартаа барьж буй байдал, нүдний харц, шийдвэр гаргах хурд зэргээс эргэлзэж байгааг нь мэдэж болно. Чин сэтгэлээсээ хайрлаж байгаа юмс болон эргэлзээтэй байгаа юмс хоёрын хооронд том ялгаа харагддаг. Хүмүүс жинхэнэ хайрлаж нандигнадаг зүйлээ дор нь ялгаж авч үлддэг. Тэдгээрээ барьж байгаа нь цаанаа л уян зөөлөн бөгөөд нүднийх нь харц гэрэлтэж үзэгддэг. Сэтгэлийг нь догдлуулаагүй зүйлээ барьсныхаа дараа хэсэг төвлөрөх гэж хөдөлгөөнгүй зогссоноо толгойгоо үл ялиг гилжийлгэж, хөмсгөө атиралдуулан хэсэг бодолхийлж байгаад үлдээх хэсэг рүү тавьдаг. Энэ үед хөмсгөө зангидах агаад уруул болон уруулынх нь эргэн тойрноор гуниглах байдал ажиглагддаг. Ингэж сэтгэл хөдлөл нүүрэн дээр илрэхийг би андахгүй.

Сонголт хийж буй үйлчлүүлэгчийг харсан хараагүй сэтгэл догдлуулахгүй байгаа зүйлийг ялгаж бас болно. Гэрээр зөвлөгөө өгөхийнхөө өмнө би заавал үйлчлүүлэгчдэдээ “Конмари урсгалын цэгцлэх арга барил” сэдвээр ганцаарчилсан сургалт явуулдаг. Энэ сургалт хүмүүст чамгүй нөлөө үзүүлдэг тул бодитоор эмхэлж цэгцлэхийн өмнө хэдийнэ сэтгэл зүйн бэлтгэлтэй болсон байдаг.

А (30 настай) бол намайг гэрт нь очихоос өмнө тавь гаруй уут хог гаргаж хаясан тэргүүний суралцагч юм. Гэрт нь очиход тэрээр одоо үүнээс илүү хаях зүйл үлдээгүй гэж итгэл төгс хувцасны шүүгээгээ онгойлгож үзүүлсэн юм. Үнэхээр ганцаарчилсан сургалтад үзүүлж байсан зурагнаасаа шүүгээний байдал эрс өөрчлөгдсөн харагдана. Шургуулган дээрх тавцанд тайлаад хаясан цамцнууд нь шургуулган дотроо эвхээстэй байх агаад хальж гарсан даашинз зэрэг нь цэгцэрсэн төдийгүй өлгүүрт багахан хэмжээний хоосон зай гарсан байлаа.

Ярайтал өрсөн хувцаснууд дотроос би бор өнгийн хүрэм ба бор шаргал өнгийн захтай цамц гаргаж ирсэн юм. Тэр хоёр хувцасны аль алийг нь өмсөж эдэлж байгаагүй гэж хэлэхээргүй бөгөөд бусад хувцаснаасаа ялгарах онцын зүйлгүй байв. Энэ хувцас үнэхээр сэтгэлийг тань догдлуулж байна уу? гэж намайг асуухад түүний царай хувьсхийгээд явчихлаа.

Надад энэ хүрэмний загвар нь таалагддаг ч анх авахдаа хар өнгийг нь авмаар байсан боловч таарах хэмжээтэй нь байгаагүй болохоор бор хүрэм байдаггүй юм чинь гэж бодоод худалдаж авсан юм л даа. Гэхдээ дараа өмсөхөд нэг л юм дутуу мэт санагдаад, үнэнийг хэлэхэд тоотой хэдхэн өмссөн гэж хэлсэн юм. Харин энэ цамцны загвар, материалд нь болоод яг ижил хоёр ширхгийг худалдаж авч байсан. Нэгийг нь бараг байнга шахам өмсдөг байсан болохоор элэгдэж муудаад хаясан. Тэрний дараа яагаад ч юм үлдсэн нөгөө нэг цамцыг нь өмсөхгүй байгаа гэж нэмж хэлэв. Миний хувьд тухайн хувцаснуудыг худалдаж авах үеийн нөхцөл байдлыг нь огт мэдэхгүй боловч шүүгээнд өлгөсөн байдлыг нь анхааралтай ажигладаг.

Аливаа эд юмсыг цоо ширтэхэд тэр зүйл эзнийхээ сэтгэлийг догдлуулдаг уу үгүй юү гэдэг нь мэдэгддэг. Үүнийг хүн хайртай бүсгүйгээ хаанаас нь ч харсан бусдаас ялгаж таньдагтай зүйрлүүлж болох юм. Хэн нэгнээр хайрлуулж байгаа бүсгүй хүн дурлалт залуугийнхаа хайр халамжаас өөртөө итгэх итгэлтэй болж, түүндээ улам илүү үзэсгэлэнтэй харагдах гэж мэрийх сэтгэл нь түүнд эрч хүчийг өгч, нүүр нь гэрэлтэж, харц нь цог золбоотой, урьд урьдынхаас илүү үзэсгэлэнтэй болдог шүү дээ. Үүнтэй адил эд юмс ч гэсэн эзэндээ хайрлагдаж, хүндлэгдсэнээр түүний төлөө үүргээ улам сайн биелүүлэхийн тулд энерги нь сэргэж, илүүтэй өнгөлөг болж ирдэг.

Таны жинхэнэ нандигнан хайрладаг зүйл бусдаасаа илүү гэрэлтэж харагддаг. Тийм ч болохоор хүн өөрөө зэрвэс харах төдийд л таньдаг. Сэтгэлд баяр хөөр, догдлол авчрах зүйл эзнийхээ биед ч зохиж, өөрөө ч гэрэлтэж байдаг болохоор үүнийг юу ч халхалж, сүүдэрлэж чадахгүй.

Номын 228-с 231-р тал