Саяхан АНУ-ын засгийн газрын иргэдийнхээ хувийн нууцлалд халдаж, хууль бус аргаар мэдээлэл цуглуулдаг, гадаад улс орнуудад ч үүнийгээ хэрэгжүүлдэг тухай мэдээллийг "шүгэл үлээн" задалж, ард түмний баатар болсон Эдвард Сноудений тухай "Сноуден" хэмээх киног үзсэн юм. Энэ үеэр тэрээр ажил дээрээсээ дата "хулгайлах" үедээ ямар нэгэн камерт бичигдэж, хэн нэгэнд сонсогдохгүй гэсэндээ ажлынхаа нэг хүнтэй "дохионы хэлээр" ярилцаж ойлголцож байгаа нь ихээхэн сэтгэгдэл үлдээсэн билээ. Тиймдээ ч энэ талаар ганц нэг материал хайж, цуглуулж байх үедээ олсон нэгэн сонирхолтой төслийг та бүхэнд хуваалцаж байна. Энэ бол "дохионы хэл"-ийг олон нийтэд хүргэх хамгийн бүтээлч төсөл гэж тодорхойлогдсон Giphy-ийн санаачилга юм. 

Дохионы хэлийг дэлгэрүүлэх, олон нийтийн дунд мэдлэг боловсролыг дээшлүүлэх зорилготой Sign With Robert төсөл олон их, дээд сургуулиуд, төрөл бүрийн байгууллагууд дунд өргөн тархаж алдаршсан юм. Роберт ДиМэйо хэмээх сонсголын бэрхшээлтэй жүжигчний гол дүрд нь тоглож, зааж буй энэхүү видео цуврал хичээл Giphy буюу хөдөлгөөнт зургийн хамгийн том сантай хамтран энгийн иргэдэд хүрэх бүр том сувгийг нээсэн байна.

Маш энгийн, жижигхэн эдгээр хөдөлгөөнт зургуудаар та бүхэн дохионы хэлийг маш хялбар аргаар сурах боломжтой болж байгаа юм. Нийт 2000 гаруй үгийг ийм байдлаар хөрвүүлээд байгаа бөгөөд улам бүр нэмэх төлөвлөгөөтэй байгаа гэнэ. Энгийн бөгөөд супер санаа биш гэж үү?

Гоолын баяраа ингэж тэмдэглэдэг хөлбөмбөгчид цөөнгүй, ийм утгатай байх нь.

Америк хөлбөмбөгийг л ингэж хэлдэг байж таарна.

Халуун ногоотой хоол идвэл ингэж болох нь.

Giphy эдгээр үгсээ төрлөөр нь ангилж бүлэглэсэн бөгөөд цаг агаар, сэтгэл хөдлөл, өдөр тутмын, баяр ёслолын гэх мэтээр хэрэглээнээсээ хамааран зургаа татаж авч үзэх боломжтой юм. Хэрвээ та ямар нэгэн сонсголын бэрхшээлтэй хүнтэй харьцах гэж буй, эсвэл зүгээр сонирхож байгаа, аль нь ч байсан өмнө нь ийм хялбархан арга байгаагүй гэдгийг мэргэжилтнүүд хүлээн зөвшөөрч байна.

Алиалагч гэхээр аймшгийн дүр санаанд ордог уу?

Күүл!

Гэхдээ дохионы хэл дэлхий даяар хаана ашиглаж байгаагаасаа хамааран өөр өөр байдаг гэнэ. Робертийн зааж буй дохионы хэл бол ASL буюу Америк дохионы хэл юм. Юутай ч олон нийтийн дунд дохионы хэлний талаарх ойлголтыг нэмэгдүүлж буй энэхүү гайхалтай төсөл олон хүнд илүү мэдлэг, боломжийг олгох нь гарцаагүй биз ээ.

Бид бие биенээ ойлгоход улам л хялбар болсоор...

Фэйсбүүкийг хүртэл дохиогоор хэлж болдог гэнэ шүү

Хэн нэгэн хажуунаас чинь ядаргаатаад байвал бараг ингэчихвэл зүгээр юм уу?

Дараагийн удаа могой харвал ингэх нь байна шүү :D

Дэлгэрэнгүйг: Giphy + Sign With Robert