Ертөнцийн хаяаг товчилж, хором бүрийг хожихыг хүсэх энэ эринг онгоцгүйгээр төсөөлөх аргагүй билээ. Харин энэ онд Монгол Улсад агаарын тээвэр үүсэж хөгжсөний 100 жилийн ой, уг түүхээс бүтээлцсэн МИАТ компанийн 69 жилийн ой тохиож байна.
Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ компанитай хамтран долоо хоног бүрийн онцлох сэдвийг 10 тоонд тоймлон багтаадаг "10 Numbers" булангийнхаа энэ удаагийн дугаараар агаарын тээврийн чухал 10 тоог уншигч танд хүргэж байна.
40 сая нислэг
Агаарын тээврийн салбарын дэлхий дахинд хийсэн нислэгийн тоо 2000-аад оны эхнээс тогтвортой өссөөр 2019 онд 38.9 саяд хүрсэн байна.
Үүний дараагаар цар тахлаас үүдэн 2020 онд дэлхий дахинд нислэгийн тоо 18.3 сая болон огцом буураад сүүлийн жилүүдэд аажим өссөөр 2025 онд нийт 40 саяд хүрнэ гэсэн таамаглал гарчээ.
ASK 10.6 хувиар өсөв
2025 оны тавдугаар сард зорчигчийн суудлын хүчин чадлын үзүүлэлт (ASK) хамгийн өндөр өсөлттэй бүс нутгаар Ази Номхон далайн бүс нутаг шалгарсан бөгөөд энэ нь тус бүс нутгийн өмнөх оны мөн үеэс 10.6 хувиар өссөн үзүүлэлт юм.
Харин Хойд Америкт энэ үзүүлэлт дөнгөж 1.7 орчим хувиар өссөн нь олон нийтийн анхаарлыг татаад байна.
91,781 нислэг
Үндэсний статистикийн хорооноос гаргасан мэдээллээр 2021 онд манай улсад нийт 71,150 нислэг үйлдэгдсэн бол энэ тоо 2022 онд 51,718 хүртэл эрс буурч, 2023 онд эргэж өсөн 63,463-т хүрсэн байна.
Харин өмнөх онд буюу 2024 онд манай улсын хэмжээнд нийт 91,781 нийслэг үйлдэгдсэн аж.
2044 он
2024-2044 оны хооронд зорчигчдын урсгалын дундаж жилийн хамгийн өндөр өсөлт Өмнөд Азид тохиох төлөвтэй буй бөгөөд жилд долоон хувиар нэмэгдэх тооцоолол буй. Харин дэлхийн хэмжээнд агаарын зорчигчдын тоо 2044 он хүртэл жил бүр дунджаар 4.2 хувиар өснө гэсэн таамаглал гарсан байна.
Сонирхуулахад, 2024 онд дэлхийн агаарын тээврийн зорчигчдын эрэлт өмнөх оноос 11.2 хувиар өссөн бол 2023 онд энэ тоо 36.8 хувьтай байсан юм. Харин 2025 онд зорчигчдын эрэлт 8 хувиар нэмэгдэх таамаглал гарчээ.
98-100%
МИАТ ТӨХК-ийн агаарын хөлгийн засвар үйлчилгээний газар Олон улсын агаарын тээвэрлэгчдийн холбоо /IATA/-ноос тавигдаж буй IOSA, EASA шаардлагуудыг бүрэн хангаж, IOSA шалгалтад 2 жил тутамд шалгуулан 98-100 хувийн амжилттай дүн үзүүлж, олон улсын аюулгүй байдлын “7” одны (AirlineRatings.com) түвшинд хүрчээ.
Мөн 2013 оноос хойш нийт 6 улсын 13 агаарын тээвэрлэгчийн 130 гаруй агаарын хөлгүүдэд хүнд хэлбэрийн техник үйлчилгээ үзүүлээд байна.
141,000 зорчигч
2023 онд БНСУ-ын Инчоны Олон Улсын нисэх онгоцны буудал нийт 141 мянга гаруй нислэг хүлээн авчээ. Энэ тоо нь дамжин өнгөрч буй зорчигчдыг тооцоогүй тоо бөгөөд зөвхөн тус улсыг зорин ирсэн зорчигчдын нийт тоог харуулсан дүн юм.
Энэ нь 2022 оноос эрс өссөн үзүүлэлт бөгөөд 2022 он нь 2014-2023 оныг хамарсан судалгааны үр дүнд тус онгоцны буудлын хамгийн бага зорчигч хүлээж авсан он болж байсан билээ.
350+ чиглэл
2025 оны байдлаар Истанбул Олон Улсын нисэх буудал (IST) нь дэлхийн хамгийн олон олон улсын дамжин өнгөрөх нислэг үйлддэг онгоцны буудал болоод байна.
Истанбулын нисэх онгоцны буудал нь олон улсын томоохон төвөөр ажилладаг бөгөөд нийт 350 гаруй чиглэлд шууд нислэг үйлддэг аж. Бусад томоохон олон улсын дамжин өнгөрөх төвүүдэд Дубайн Олон улсын нисэх онгоцны буудал (DXB), Сингапурын Чанги нисэх онгоцны буудлууд багтдаг. Гэвч олон улсын дамжин өнгөрөх нислэг болон шууд нислэгийн тоогоороо Истанбулын ОУ-ын нисэх буудал (IST) тэргүүлж байна.
Монголчуудын 28%
МИАТ компанийн мэдээлснээр манай улсаас олон улсад нисэж буй иргэдийн тоо цар тахлын өмнөх үеэс даруй хоёр дахин илүү гараад буй ажээ. 2013 оны байдлаар олон улсад ниссэн зорчигчдын тоо манай орны нийт хүн амын 14 хувийг эзэлж байсан бөгөөд энэ тоо дараагийн гурван жилдээ буюу 2014-2016 онуудад тогтмол 13 хувь байжээ.
Улмаар 2017 оноос эхлэн 15 хувь болж цаашид тогтмол өссөөр, 2018 онд 16 хувь, 2019 онд 19 хувь хүрээд 2020 онд 3 хувьд, 2021 онд 1 хувьд хүрсэн байна. Харин 2023 онд энэ тоо 19 хувьд хүрсэн бол өмнөх онд 23 хувь болон өсжээ.
2025 оны байдлаар МИАТ компани манай улсын иргэдийн 28%-тай тэнцэх хэмжээний буюу нийт 995,983 зорчигчийг тээвэрлэх зорилттой байгаа юм.
Түүнчлэн, энэ онд МИАТ компани нь 9.5 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллан, улсад нийт 25.22 тэрбумын татвар (НӨАТ-ыг тооцолгүй) төлөх төлөвлөгөөтэй ажиллаж буй.
7 хоногийн 7 өдөр
Монголын үндэсний авиа компани болох МИАТ (Монголын Иргэний Агаарын Тээвэр) нь одоогийн байдлаар олон улсын таван хот руу өдөр бүр шууд нислэг үйлдэж байна.
Тэдгээр хотууд нь Франкфурт, Бээжин, Хонконг, Сөүл, Токио зэрэг хотууд бол долоо хоногийн дөрвөн өдөр Истанбул, Бусан, долоо хоногийн хоёр өдөр Осака, Шанхай зэрэг хотууд руу шууд нислэг үйлдэж байгаа аж.
41,267 дамжин зорчигч
2019 оны байдлаар МИАТ компаниар Улаанбаатар хотоор дамжин нисэх зорчигчдын тоо 3800 байжээ. Үүний дараа жил буюу 2020, 2021 онуудад цар тахлын улмаас дамжин нисэх зорчигчдын тоо 0 түвшинд хүрээд 2022 онд эргэж сэргэн нийт 1782-т хүрсэн байна.
Гэтэл энэ тоо дараа он нь буюу 2023 онд огцом өсөн 27,544-т хүрсэн бөгөөд түүнээс хойш тасралтгүй өссөөр 2024 онд нийт 33,246 зорчигч Улаанбаатар хотоор дамжин нислэг үйлджээ. Харин энэ оны байдлаар нийт 41,267 зорчигч Улаанбаатар хотоор дамжин нисэх тооцоолол гараад буй. Энэ бол МУ-ын агаарын тээврийн зах зээлийн түүхэн дээд үзүүлэлт юм.