Дэлхий даяар төлбөр тооцооны шийдэл улам бүр хялбаржсаар бэлэн мөнгөний хэрэглээ аажим аажмаар халагдаж буй. Үүний хамгийн том жишээгээр БНХАУ-ыг нэрлэж болох ба нийт хүн амынх нь дийлэнх хувь цахим төлбөрийн платформуудыг ашиглаж байна. Тийм ч учраас урд хөршийг зорьсон хэн бүхэнд төлбөр төлөхөд чамгүй асуудал тулгардаг нь нууц биш.
Hipay апп нь Alipay компанийн албан ёсны стратегийн түнш болсноор уг асуудал шийдэгдэж, урд хөршид бэлэн мөнгө, картны шаардлагагүйгээр төлбөр тооцоо хийх боломж нээгджээ.
ЭХЛЭХИЙН ӨМНӨ: ДЭЛХИЙ ДАЯАР 1.4 ТЭРБУМ ХЭРЭГЛЭГЧТЭЙ ALIPAY-ИЙН ТУХАЙ
Сошиал аппуудаас гадна дэлхийд хамгийн өргөн хэрэглээтэйд тооцогддог уг аппыг анх 2004 онд Alibaba группээс олон нийтэд танилцуулсан ба өдгөө БНХАУ-д 900 сая орчим, дэлхий даяар 1.4 тэрбум гаруй хэрэглэгчтэй болжээ. Ковид-19 цар тахлаас үүдэн хэрэглэгчдийн тоо нэмэгдсэн бөгөөд 2018 онд гэхэд л Хятадын хүн амын ердөө 40 хувь ашиглаж байсан бол өдгөө 90 гаруй хувь ашиглаж буй.
БНХАУ-ын зах зээлийн 54 хувийг эзэлдэг Alipay нь хүнсний дэлгүүр, худалдааны төв, цахим дэлгүүрээр үйлчлүүлэх үедээ шилжүүлэг хийх, эрчим хүчнээс эхлээд гар утасны төлбөрөө төлөх, гэр бүл, найз нөхөд, хамаатан садандаа мөнгө шилжүүлэх зэрэг үйлдлийг ямар ч шимтгэлгүйгээр, хэдхэн секундын дотор хийх боломжийг олгодог. Нэг ёсондоо Хятад иргэдийн дижитал амьдралын хэв маягийн салшгүй нэг хэсэг нь Alipay болжээ.

ALIPAY PLUS
Хэрэглээний хувьд зөвхөн Хятад улсаар хязгаарлагдаж байсан Alipay-ийг гаднын зах зээлд нэвтрүүлж, дэлхийн хэрэглэгчдийг татах зорилгоор Alibaba-ийн харьяа Ant группээс 2022 онд Alipay Plus төлбөрийн системийг танилцуулав. Ингэснээр нэг талаас жижиг, дунд бизнес эрхлэгчдэд дижитал төлбөр тооцоог хурдан хугацаанд хүлээн авах боломжийг олгож байгаа бол нөгөө талаас Өмнөд Солонгос, Хонг Конг, Макао, Малайз, Тайланд тэргүүтэй бусад орны хэрэглэгчдэд Хятад улсад цахим хэтэвчээ ашиглан төлбөр тооцоогоо хийх нөхцөлийг бүрдүүлж буй.
ALIPAY-ИЙН АЛБАН ЁСНЫ ТҮНШ HIPAY
Дээр дурдсан улсуудын адилаар Монгол Улсын иргэд ч гэсэн БНХАУ-д аялж, зорчихдоо дотоодынхоо төлбөрийн аппыг ашиглан төлбөр тооцооныхоо асуудлаа шийдэх боломжтой болж буй. Эл боломжийг “Хай Пэймэнт Солюшнс” ХХК бүрдүүлсэн бөгөөд энэ сарын 25-ны өдөр Ant группийн байранд албан ёсны нээлтийн үйл ажиллагаа болсон юм.

Alipay компани Alipay Plus үйлчилгээндээ Азийн таван улсын арван цахим хэтэвчийг байршуулж байгаагийн нэг нь Hipay билээ.
Ийнхүү Hipay аппд Alipay цэс байршсанаар Хятадын 80 сая гаруй мерчант, сүлжээ дэлгүүрүүдээр үйлчлүүлэхдээ Hipay аппыг ашиглан төлбөр тооцоогоо хормын дотор, өндөр хурдтай хийх боломжтой болов.

“Хоёр талын түншлэл Монголоос Hipay хэтэвчээ ашиглаад БНХАУ-ын 80 сая бизнес эрхлэгчид рүү төлбөр шилжүүлэх олон улсын мөнгөн гуйвуулгын үйлчилгээгээр энэ оны дөрөвдүгээр сарын 14-нд эхэлсэн. Харин одооноос Хятадад Hipay аппаараа гүйлгээ хийх боломжтой болж байна.”
– Hipay-ийн Гүйцэтгэх захирал Б.Наранбат

ХЭРХЭН АШИГЛАХ ВЭ?
Харин төлбөр хийх тухайд Hipay аппын үндсэн цэс дундаас QR уншуулах хэсгийг сонгоход л төгрөгөөс юань руу шилжин тооцоо хийгдэх болно.

Сэтгэгдэл бичих

