Он солигдох мөчид Алтан сарнай наадмын 21 дэх удаагийн ялагчид тодорсон билээ. Нийгэмдээ бодит үнэ цэн бүтээсэн төсөл, салбартаа тэргүүлэх гавьяа байгуулсан хүмүүсийг тодруулдаг уламжлалтай энэхүү наадмын 2024 оны ялагчдын түүхийг цувралаар өгүүлж, хийсэн бүтээснийг нь алдаршуулж байна.
Уншигч та өнгөрсөн жилүүдэд хиймэл оюун ухаан гэдэг үгийг нэгээс олон удаа сонссон гэдэгт итгэлтэй байна. Гэхдээ мянга сонсохоор нэг үз гэдэг шиг хиймэл оюун ухаантай нүүр тулан “учирч” эсвэл үр шимийг нь бодитоор хүртэж байсан уу? Хиймэл оюун ухаанаар бүтээсэн, зураг бичлэг зөндөө л харсан байх. Харин бодит байдал дээр бүр тодруулбал, бидний өдөр тутмын амьдралд ямар өөрчлөлт авчирч байгаа тухай бодож үзсэн үү?
Бүх технологи танилцуулагдаж байхдаа хамгаас шилдэг мэт яригддаг. Гэхдээ яг бодит байдал дээр аль асуудлыг шийдэж, хүмүүст цаашлаад нийгэмд ямар үнэ цэн бүтээж байна вэ гэдэг л хамгийн чухал шалгуур. Үүний дагуу харвал хиймэл оюун ухаанд суурилсан ихэнх бүтээгдэхүүн бодит өгөөж, үнэ цэн муутай байдаг. Түүнээс гадна ард нь үнэхээр хиймэл оюун ухаан ажиллаж байгаа эсэх нь ч эргэлзээтэй буюу зүгээр л нэг маркетингийн үг хэллэг ч байж болох талтай. Ийм түүх дэндүү олон.
Харин Алтан сарнай 2024 наадмын Инновац төрөлд шилдгээр шалгарсан, Чимэгэ Системсийн IVA бол өөр хэрэг. Олон жилийн турш хөгжүүлэгдэж, зах зээл дээр амжилттай туршигдсан шилдэг технологи дээр суурилсан энэхүү виртуал ажилтны шийдэх асуудал, бий болгох үнэ цэн, ирээдүйн замнал нь ч тод.
Энгийн гэхдээ том асуудал
Бид бүгд аливаа нэг бүтээгдэхүүн, үйлчилгээтэй холбоотой асуудлаар ямар нэгэн албан байгууллагатай цахим сувгаар нь холбогддог. Фэйсбүүк дээр харсан хувцасны үнэ асуухаас эхлээд санал, гомдлоо шийдүүлэхийн тулд холбоо барьдаг. Ингэхдээ ихэвчлэн чат буюу зурвас бичнэ. Харамсалтай нь, ихэнхдээ сэтгэлд хүрсэн үйлчилгээ авч чаддаггүй. Чатны нөгөө талд байгаа ажилтан нь хангалттай мэдээлэлгүй, өөр ажилтныхаа ярьж хэлснийг мэддэггүй, цаг алдаж эсвэл бүр огт хариу өгдөггүй гэх мэтээр асуудал хөвөрнө. Үнэндээ өнөөгийн нийгэмд стресс шиг их юм алга. Яагаад бид ямар нэгэн байгууллагын харилцагч, үйлчлүүлэгч болсныхоо төлөө бухимдах, дутуу дулимаг харилцааны хохирогч болох ёстой гэж?
Монгол хэлний дүрмийн алдаа шалгагч, аудио-текст хөрвүүлэгч, монголын анхны хиймэл оюун ухаан зэрэг олон шилдэг бүтээгдэхүүнийг хөгжүүлсэн Чимэгэ Системс яг энэ асуудлыг шийдэхээр “амлан авчээ”.
Туршлагад суурилсан бодит шийдэл
Шийдэл бол байгууллага-хэрэглэгч хоорондын харилцааг хариуцах IVA виртуал ажилтан. Энгийнээр бол уг ажилтан тухайн байгууллагын Facebook Messenger, Viber, цахим шуудан, веб дээр ажиллах бөгөөд хэрэглэгчдийн асуултад 24/7 хариулт өгөх юм. Гэхдээ үүнийг энгийн нэг автомат хариулагчтай ижил хэмээн эндүү бодох вий. Учир нь:
Суралцах: Хиймэл оюун ухаан дээр суурилсан тул юун түрүүнд хэдий хэмжээний мэдээлэл өгнө, төдий чинээгээр суралцаж, өдрөөс өдөрт ухаалаг болно. Харилцаанаас сурахаас гадна текст файл өгөөд ч сургаж болно. Яг л бодит ажилтан сургаж буйтай адил. Ганц ялгаа нь IVA-гийн сурах хэмжээнд хязгаар үгүй.
Харилцах: Ихэнх автомат хариулагч харилцааны хувьд хязгаарлагдмал байдаг. Жишээ нь, зөвхөн кириллээр бичиж байж л хариулах буюу латин үсгээр товчилж бичсэн “чат” хэлийг ойлгохгүй. Харин IVA бол Эгүнэ LLM моделийг ашигладаг тул латин болон кирилл үсгийг ойлгож, дуу хоолойгоороо ч хариу өгч чадна. Чимэгэ Системсийн 2022 онд олон нийтэд танилцуулсан Эгүнэ бол бидний сайн мэдэх ChatGPT зэрэгтэй ижил төрлийн, машиныг хүн шиг ойлгож, боловсруулж, бүтээхэд туслах шинэ цагийн технологи билээ.
Виртуал ажилтнаа хөгжүүлэхээс гадна уг ажилтан хүн шиг ажиллаж, бүтээмж гаргаж чадна гэдгийг батлах хамгийн том сорилт байсан гэнэ. Гэсэн ч анхны харилцагчдынх нь бодит үр дүн энэ давааг давахад тус болжээ. Жишээ нь, Голомт банк виртуал ажилтан нэвтрүүлээд хоёр сарын дотор л сошиал сувгууд дээрх харилцааныхаа 83 хувийг виртуал ажилтнууддаа даалгаж, ажилтны бүтээмжээ 3.5 дахин өсгөж чаджээ.
Өрсөлдөгч бус хамтрагч
Хиймэл оюун ухаан хүний ажлыг булаана гэх сэрэмжлэг бас айдас олон нийтийн дунд байдаг. Виртуал ажилтан нэмэгдэх тусам хүмүүс ажлын байраа алдана гэж ч бодож байж магадгүй. Гэхдээ бодит байдал дээр үүнээс өөр, тун сонирхолтой нөхцөл байдал бий болдог. Жишээ нь, та хэрэглэгчдийн асуултад хариу өгдөг мэдээллийн ажилтан байлаа гэж бодъё. Та хэдэн долоо хоногийн турш нэг л мэдээллээ өгөөд байвал эцэстээ уйдаж улмаар ажлын бүтээмжгүй болох нь ойлгомжтой. Энэ тохиолдолд виртуал ажилтантай болсноор олон давтагддаг, уйтгартай ажлуудаа түүнд даалгаж, та харин бусад чухал, бүтээлч ажил дээрээ анхаарах боломжтой болж байгаа юм.
Хамгийн гайхалтай нь, виртуал ажилтны хийж чадах зүйл энэ хүрээд зогсохгүй. Одоогоор зөвхөн хэрэглэгчидтэй харилцаж байгаа бол цаашлаад виртуал эмч, багш, хуульч болж өргөжих гэнэ. Өмнө нь дурдсанчлан виртуал ажилтан мэргэжилтнүүдийг орлохгүй. Харин ч ажилд нь тусалж, бүтээмжээ ихэсгэх орон зайг бүрдүүлэх учиртай.
Монгол Улс шиг цөөн хүн амтай, ажиллах хүчний хомсдолтой оронд нэг хүний бүтээмж гэдэг хамгийн чухал хэмжүүр. Дундаж монгол хүн илүү бүтээмжтэй, илүү нарийн ур чадвартай болно гэдэг салбар бүрд дэвшил гарахын эхлэл билээ. Энэ үйл хэргийг эхлүүлээд буй IVA-гийн хамт олондоо амжилт хүсье.
О Оюутан 2025.01.29 202.179.15.246
Би Чимэгэ Системд ажилд орохыг хүсдэг, үүний төлөө шаргуй хичээх болно. Ирээдүйн хамт олондоо амжилт хүсье.
Z Zuna 2025.01.09 103.57.93.62
Амжилт ???? ????