Ковер зургийн тайлбар: “Монголын сонсголгүй иргэдийн хэлний адилслыг бэхжүүлэх” төслийн менежер Л.Соёлмаа
Он солигдох мөчид “Алтан сарнай” наадмын 21 дэх удаагийн ялагчид тодорсон билээ. Нийгэмдээ бодит үнэ цэн бүтээсэн төсөл, салбартаа тэргүүлэх гавьяа байгуулсан хүмүүсийг тодруулдаг уламжлалтай энэхүү наадмын 2024 оны ялагчдын түүхийг цувралаар өгүүлж, хийсэн бүтээснийг нь алдаршуулж байна.
Дохионы хэл бол сонсголгүй иргэдийн дунд үүсэж, хөгжсөн, хойч үедээ өвлөгдөж, цаг хугацааны явцад шинэ үг хэллэгээр баяжсаар ирсэн бие даасан хэл юм. Энэхүү хэлний хэрэглээг нэмэгдүүлэх, одоогийн хэрэглээний түвшинг сайжруулах зорилгоор "Тэгш тусгал" ТББ Монгол дохионы хэлний цахим толь бичгийг нэвтрүүлсэн билээ.
Тус байгууллага нь 2019 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд одоогоос дөрвөн жилийн өмнө сонсголгүй иргэдэд зориулсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр зэхсэн нь манай нийтлэлийн гол сэдэв болж буй.
Сонсголтой иргэдэд гарын төрөл бүрийн хөдөлгөөн, дохио зангаа төдий харагддаг зүйл бие даасан хэл болохын ач холбогдлыг эндээс таньж мэднэ гэдэгт найдаж байна.

Адилсал - identity гэх үгээс гаралтай бөгөөд сонсголын бэрхшээлтэй иргэдийн ижилсэл, адил хэв шинж гэсэн утгатай.
Тэгш тусгал ТББ, сонсголгүй иргэдийн нийгмийн бүлэгтэй хамтран 2021 онд Финландын ФЛОМ байгууллага (Финландын Засгийн газрын дэмжлэгтэйгээр Монголд хөгжлийн болон хүмүүнлэгийн үйл ажиллагаа явуулах үүрэг бүхий байгууллага) болон Финландын Гадаад харилцааны яамны санхүүжилтээр уг төслийг хэрэгжүүлж эхэлжээ. Төслийн гол зорилго нь сонсголгүй иргэдийн нийгмийн бүлгийг эрх мэдэлжүүлж, хэл, соёлын адилслыг бэхжүүлэх. Энэ зорилгын хүрээнд дохионы хэлний арга зүйг судлан, цахим толь бичиг бүтээх замаар сонсголгүй иргэдийн эрхийг хамгаалах, тэднийг нийгэмд идэвхтэй оролцоход нь дэмжлэг үзүүлэхээр зорьж буй.

сонсголтой иргэдэд зориулсан нийгэм
Уншигч та дараах асуултуудад чадна эсвэл чадахгүй хэмээн хариулаад үзээрэй.
- Үг дуугаралгүйгээр түргэн тусламжид дуудлага өгөх
- Биеийн хэлэмжээр цагдаад байцаалт өгөх
- Багшийнхаа амны хайрцгийг уншиж, зааж буй хичээлийг нь ойлгох
Та бүгдэд нь чадахгүй гэж хариулсан уу? Тэгвэл энэ бэрхшээл сонсголгүй иргэдэд өдөр тутамд нь тохиолддог гээд төсөөлөөд үз дээ. Үүнээс илүү асуудал гэж юу байх вэ? Учир нь бид бүгд сонсголтой иргэдэд зориулсан нийгэмд амьдардаг.

нийгмийн хөгжил, хүртээмж дэх өөрсдийн оролцоо
Хүн аливаа шинэ зүйлийг харилцан ойлголцлын хэрэгсэл болох хэлээр дамжуулан сурч, хөгждөг жамтай. Тиймээс сонсголгүй иргэд өөрсдийн эрхийн төлөө дуу хоолойгоо өргөх, тэдний эрхийн талаар олон нийтийг мэдээллээр хангахын тулд суурь хэрэгцээ болох Монгол дохионы хэлний нэгдсэн цахим толь бичгийг бүтээхээр зорьжээ. Сонсголгүй хүүхэдтэй нялх байх үеэс нь эхлэн дохионы хэлээр харилцсанаар тухайн хүүхдийн тархины хөгжил хэвийн явагддаг гэнэ.
Үүний үр дүнд хүүхэд дохионы хэлд суурилан бичиг үсэгт тайлагдаж, хос хэлний үйлчилгээ авах боломж бүрдэж, улмаар хос хэлний хүртээмжтэй хэлмэрчийн үйлчилгээ байвал хүссэн мэргэжлээрээ дээд боловсрол эзэмших нөхцөл бүрддэг. Энэ бол жинхэнэ утгаараа боловсролын тэгш хүртээмж юм.
Сонсголгүй иргэдийг нийгэмтэй холбож буй гүүр нь гагцхүү хэлмэрч. Тэд чадвартай байж гэмээнэ тэрхүү гүүр бат бэх тогтож, нийгэм ч сонсголгүй иргэдийг сонсох, ойлгох сонороо нээх биз ээ.
Тиймээс нялх хүүхэдтэй харилцах эцэг эхчүүд, нийгэмтэй холбогч хэлмэрч нар, мөн насаараа дохионы хэл ашигладаг сонсголгүй иргэдэд Монгол дохионы хэлний цахим толь бичиг зайлшгүй шаардлагатай юм.

цахим толь бичиг хэрхэн бүтэв?
Дохионы хэлний судалгаанууд манай оронд төдийгүй олон улсад ч хийгдсээр ирсэн. Гэвч эдгээр судалгаанд нэг нийтлэг дутагдал ажиглагддаг нь үгийг шууд дохиожуулах хандлага юм. Тухайлбал, "алим" гэх үгийг хэрхэн дохихыг тодорхойлохыг судлахын оронд монгол дохионы хэлний дохионы сангаас тохирох дохиог олж тогтоосны дараа тухайн дохионы утга буюу үгжүүлэлтийг тогтоох нь илүү зөв аргачлал аж.
Энэхүү аргачлалыг төслийн багийнхан Монголд анхлан хэрэгжүүлж, улсын хэмжээнд дохионы хэл ашиглаж буй бүх насны иргэдийн төлөөлөл болгож, 90 хүнийг судалгаандаа хамруулжээ. Тэднийг сонгохдоо насны бүлэг, хүйсийн тэгш байдлыг хангахыг хичээсэн нь онцлууштай. Судалгааны үр дүнд монгол дохионы хэлний таван бүрдүүлбэр болох гарын хэлбэр, байрлал, хөдөлгөөн, алганы чиглэл, үгэн бус илэрхийллийг нарийвчлан гаргажээ. Дээрх судалгааны үеэр ажиглагдсан нэг сонирхолтой зүйл нь, Баян-Өлгий аймагт орших Казак ястнууд монгол дохионы хэлийг ашиглаж буй явдал байв.
Ингээд судалж тогтоосон монгол дохионы хэлний дохио тус бүрийг дээрх таван бүрдүүлбэрээр задлан ялгаж, бичлэгжүүлжээ. Улмаар төслийн судалгааны ажилчид дохионы хэл шинжээч Финланд зөвлөхтэй цахимаар холбогдож, судалгааны аргачлалд суралцаж, монгол дохионы хэлний сайн дурынхны ажлын хэсэг улирал тутамд уулзаж, орон нутагт хэрэглэгддэг тухай дохионы хувилбаруудыг тогтоосон байна. Мөн хэлмэрчид дохио бүрийн утгыг хөрвүүлж, түүн дээр нь Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн монгол хэл шинжээчид дүн шинжилгээ хийж, монгол бичгийн хувилбарыг ч мөн гаргажээ.
Эхний хоёр жилийн хугацаанд судалгааны ажилд төвлөрч, үүний дараа цахим толь бичгийн веб хөгжүүлэлтийг өнгөрсөн оны 6-10 сарын хооронд хийж дуусгасан байна. Ийнхүү монгол дохионы хэлний цахим толь бичиг олон нийтэд нээлттэй, үнэ төлбөргүй ашиглах боломжтой болсон юм.


өнөөдрийн өнцгөөс
- Төслийн нэгдүгээр зорилго болох цахим толь бичиг хэрэглээнд нэвтэрч, үр дүнд нь хүн бүр монгол дохионы хэлийг суралцах, судлах, улмаар сонсголгүй иргэдийн талаарх мэдлэг ойлголтоо нэмэгдүүлэх боломж нэмэгдсэн. Мөн тус вебсайтын хандалт, хэрэглээний тоог харах програмыг хөгжүүлж байна.
- Сонсголгүй иргэдийн ТББ-иуд, ИНБ-иудын хамтын ажиллагаа бэхэжсэн.
- Сонсголгүй иргэдийн хэлний адилсал бэхжиж, хэлний эрхээ шаардахад суралцсан төдийгүй монгол дохионы хэлний хуулийн шаардлагатай суурь судалгаа нь болсон юм.

монгол дохионы хэл шинжлэл боловсролын байгууллагад "тоогдохын" төлөө
Монгол дохионы хэлний цахим толь бичгийг бүтээх төсөл өнгөрсөн онд дуусаж, түүний цаашдын хөгжил төр засгийн мэдэлд шилжсэн билээ. Харин төслийн багийнхны хувьд Монголын их, дээд сургуулиудад монгол дохионы хэл шинжлэлийн тэнхим байгуулах, эсвэл наад зах нь нэгээс хоёр мэргэжилтэн ажиллуулах зорилгыг биелүүлэх хүсэлтэй байна.
Вебсайтын хувьд Монгол үндэсний дохионы хэлний хөгжлийн зөвлөл үргэлжлүүлэн хөгжүүлж, авч явахаар болжээ. Төслийн багийнхны зүгээс хэрэв төслийг хоёрдахь удаагаа хэрэгжүүлэх боломж олдвол Монголын сонсголгүй иргэдийн үндэсний хэмжээний байгууллагуудыг чадавхжуулж, улмаар орон нутагт тэлэн салбарласан, хүчирхэг ИНБ-ыг бий болгохоор зорин ажиллах болно гэдгээ ярилцлагыг төгсгөлд дурдсан билээ.

Сэтгэгдэл бичих

