Дуу хөгжим хүмүүн төрөлхтний амьдрал ахуй, соёл иргэншлийн салшгүй хэсэг билээ. Тиймдээ ч ертөнцийн магнайд одод мандаад буухын яруу ялдамд түүхийн цоо шинэ хуудас эргэж орхидог энэ яаруу цагт хөгжим түгээлтийн үйлчилгээ бүхий л бүтээгдэхүүн, аппууд нэн эрэлттэй, өндөр ашиг дагуулсан бизнес болоод буй.

Өнөөдрийн "Techworm" буланд саяхан Монголд албан ёсоор нэвтэрч, дуунд дуртай олныг баясгасан томоохон стрийминг үйлчилгээ болох Spotify-г онцолж байна.

АППЛИКЭЙШНИЙ ТУХАЙ: 

Анх 2008 онд Шведэд бие даасан хөгжим цацалт, түгээлтийн платформ байдлаар хэрэглэгчдэд хүрсэн Spotify сонсогчдод өргөн сонголтыг, хэрэглэхэд хялбар, ойлгомжтой үйлдлийн системийг санал болгосон. Харьцангуй эрт эхэлсэн ч гэлээ хуучралгүй, жилээс жилд өнгө төрх, дууны чанар, түгээлтийн горим, плэйлистүүд нь сайжирсаар буй нь тус платформын амжилтын "нууц".

Татах: Apple IOS / Android


ЯАГААД SPOTIFY ГЭЖ?

ХАА САЙГҮЙ...

Spotify хэрэглээг аль болох эвтэйхэн байлгахад анхаарч, зохих хөгжүүлэлтийг хийж чаддагийн жишээ нь тус аппликэйшний олон төхөөрөмжтэй холбогдох боломж юм. Spotify апптай төхөөрөмжүүд ижил Wi-Fi сүлжээнд холбогдсон даруйд сонсогчид дуу, контентоо аль ч төхөөрөмжөөсөө сонсож болдог.


Орчин цагт олны таашаалд хүрсэн ихэнх контент түгээгч аппууд энэхүү үйлдлийг санал болгодог ч Spotify төхөөрөмжүүдийн холболтыг хэдхэн секундийн дотор хэрэглэгчийн оролцоогүйгээр гүйцэтгэдэг нь тус зах зээлийн хүчтэй өрсөлдөгч болоход нөлөөлснөөс зайлахгүй.

ХИЙМЭЛ ОЮУН УХААН (AI) БА МАШИН СУРГАЛТЫН (ML) ГАЙХАМШИГТАЙ СИСТЕМ

Нүүр хуудаснаасаа эхлээд л Spotify хэрэглэгчдэдээ асар олон төрлийн плэйлист санал болгодгийг хэрэглэж үзсэн нэг нь мэдэх биз ээ.


Spotify-ийн систем дуу санал болгох, хэрэглэгчийн сонголтыг таахдаа тун чиг гарамгай. Энэ нь тэдний хиймэл оюун ухааны систем, машин алгоритм тухайн сонсогчийн дата буюу өмнө нь сонссон, ‘зүрх’ дарсан дуунуудын мэдээлэл дээр үндэслэн төстэй бүтээлүүдийг маш мэдрэг ангилж, гаргаж ирдэгтэй холбоотой. Бүгд л тийм байдаг биз дээ гэж та бодож магад. Spotify энэхүү горимдоо AI технологийг чадварлагаар нэвтрүүлснээр нэр алдарт гарч амжаагүй, залуу уран бүтээлчдийн дуу хөгжмийг ч сонирхогчдод оновчтой хүргэж чаддаг юм.


Spotify тухайн сонсогчийн апп дээрх дадалд суурилан шинэчлэчлээд, даваа гараг бүр шинэ плэйлист санал болгодог. Сонсогчийн сонирхолд суурилсан эдгээр плэйлист нь Spotify-н нэрийн хуудас гэхэд хилсдэхгүй. Үүнээс гадна Spotify хэрэглэгчийн зохиосон плэйлистийг шинжин, тухайн сонсогчтой ижил дадалтай хэрэглэгчийн датан дээр үндэслэн дуу санал болгодог юм.


Spotify хэрэглэгчээс цуглуулсан мэдээллээ жилийн төгсгөлд “Spotify Wrapped” булангаараа хүргэдэг. Энд таны тухайн жилд хамгийн их сонссон уран бүтээлч, дууг цаг минуттай нь тооцон харуулдаг аж.

ДУУГААР ЗОГСОХГҮЙ...

Spotify дан дуу хөгжим түгээдэг апп биш. Апп дээр подкаст сонсох боломжтойгоос гадна хэтдээ богино өгүүллэгүүд гэхчлэн өөр олон төрлийн аудио бүтээлүүдийг нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа гэнэ.


ТАРИФ

Албан ёсны дуу түгээлтийн бусад аппликэйшнээс онцлог нь Spotify хэрэглэгчдэдээ аппыг үнэгүй ашиглах боломж олгодогт оршино. Spotify үнэгүй ашиглаж байгаа хүмүүсийн хэрэглээг хязгаарладаггүй боловч дууны дундуур 30 секундийн зар сурталчилгаа үе үе тоглогдох бөгөөд дуугаа интернэтгүй орчинд сонсохоор татах мөн нааш цааш гүйлгэх боломжгүй байдаг. Харин төлбөр төлж ашиглах үед хэрэглэгч эдгээр үйлдлийг чөлөөтэй гүйцэтгэх эрхтэй.

Хэдий Spotify төлбөрийн 4 багц санал болгодог ч одоогоор Монголд бүртгэлтэй хэрэглэгчид зөвхөн 'хувь хүн'-ий багцад хамрагдах боломжтой юм.


САЙЖРУУЛЖ БОЛОХ ЗҮЙЛ

Дууны хөг эгшгээс гадна тухайн уран бүтээлчийн үзэл бодол, хэлэх гэсэн санаа дууны үгээр нь илэрдэг билээ. Тиймд апп дээр дууны үгсийг харах сонголт нэмүүштэй санагдав. Харин Spotify-н томоохон өрсөлдөгчид болох Apple Music, Google Music зэрэг үйлчилгээний хэрэглэгчид сонсож буй дууныхаа үгийг харах боломжтой байдаг.

SPOTIFY ДЭЭР ДУУ ТАТАх

Spotify-ийн төлбөртэй үйлчилгээний хэрэглэгчид сонирхсон контентоо хэд хэдэн аргаар татаж болдог. Та хэрэв шинэхэн хэрэглэгч бол дараах мэдээллийг заавал уншаарай.

ПЛЭЙЛИСТ АШИГЛАН ТАТАХ

Аппын ихэнх үйлдлүүд плэйлистийн хүрээнд хийгддэг билээ. Үүний адилаар дуу татахад ч плэйлист томоохон үүрэг гүйцэтгэх юм.


1
. Таалагдсан дуугаа сонгох.

2. Тус дууны нэмэлт цэс (баруун дээд булан дахь гурван цэг) рүү орон "Add to playlist" товчин дээр дарах.


3
. Хэрэв танд нээсэн плэйлистүүд бий бол тэднээсээ сонгож, үгүй бол шинээр нээнэ.


4
. Плэйлистийн нэмэлт цэс (гурван цэг) рүү орон "Download" буюу татах үйлдлийг идэвхжүүлнэ. Ийн тохируулснаар эл плэйлистэд нэмсэн дуу бүр автоматаар татагдана.

"LIKED SONGS" ЦЭСЭЭР ДАМЖУУЛАН ТАТАХ

Уг цэсийн татах горимыг идэвхижүүлснээр таны 'зүрх' дарсан бүх дуунууд автоматаар татагдаж эхэлнэ.


БҮРЭН ХЭМЖЭЭНИЙ ЦОМОГ ТАТАХ

Цомгийн 'татах' товчин дээр дарснаар тус цомог бүхлээрээ татагдах төдийгүй тухайн сонсогчийн таалагдсан цомгуудын жагсаалтад автоматаар орно.


SPOTIFY vs. APPLE MUSIC

ТӨЛБӨР

Үндсэн горимдоо Apple Music, Spotify хоёул төлбөрийн 3-4 багцын сонголттой боловч Монгол дахь хэрэглэгчдэд Spotify ганцхан төлбөрийн нөхцөл санал болгож байгаа билээ.

Ялагч: Apple Music


НЭМЭЛТ ТОХИРУУЛГУУД

Плэйлистийн хүрээнд хэрэглэгчийн хийх үйлдлийн хязгаар хоёр апп дээр ижилхэн. Гэвч Spotify аппаас хэрэглэгчийн сонссон дууны мэдээлэл дээр үндэслэн гаргадаг плэйлистүүд илүү өргөн сонголттой. Интернэтгүй орчинд дараа сонсохоор дуу татахдаа Spotify-ийн хэрэглэгчид хэр чанартайгаар суулгахаа тохируулах боломжтой.


Spotify дээр сонсож буй дууныхаа үгийг харах боломжгүй ч дууны үгийн утгыг тухайн уран бүтээлчээр нь тайлбарлуулан сонсогчдод хүргэдэг Genius хуудсан дээр орсон тайлбаруудыг унших боломжтой.

Ялагч: Хэрэглэгчийн сонирхлоос шалтгаална.


НАЙЗУУДТАЙГАА ХОЛБОГДОХ

Хоёр аппын санал болгодог үйлчилгээ ижилхэн мэт боловч тухайн хэрэглэгчийн датаг хэрхэн ашиглаж буйгаараа ялгаатай. Spotify дээр бие биеэ дагадаг хэрэглэгчид нөгөө нь хэдэн цагийн өмнө, ямар дуу сонссоныг харах боломжтой. Мөн Spotify ашиглан хамтын плэйлист нээх боломжтой.

Ялагч: Spotify