Уг ярилцлага шинжлэх ухаан, танин мэдэхүйн ГЭЖ ЮУ ВЭ? сэтгүүлийн 2026 оны хаврын дугаарт анхлан нийтлэгдсэн болно. Ташрамд дурдахад, энэ оны намрын дугаар "Цахилгаанжих цаг" сэдвээр тун удахгүй уншигчдын гарт хүрэх гэж буй.

"Юрийн галавын цэцэрлэг" киноны зөвлөх, дэлхийн алдарт палеонтологич Жак Хорнер эл ярилцлагын зочинд маань "Чи манай сургуульд ирж суралцвал сонирхох уу?" гэх гэнэтийн санал тавьснаар энэ бүхэн эхэлжээ. Тэрээр геологийн мэргэжлийнхээ дагуу үлэг гүрвэлийн судалгааны экспедицид явахдаа палеонтологийн салбарын гайхамшгийг мэдэрч, улмаар докторын зэргээ АНУ-ын Монтана мужийн их сургуульд хамгаалсан аж. 

Ингээд эх орныхоо хөрсөн доорх сая сая жилийн түүхийг "уншиж", дэлхийн шинжлэх ухааны ололтод хувь нэмрээ оруулж буй ШУА-ийн Палеонтологийн хүрээлэнгийн захирал З.Бадамхатаны ажил болоод амьдралын арга барилтай танилцъя.

Байршил: ШУА-ийн Палеонтологийн хүрээлэн
Эрхэлдэг ажил: ШУА-ийн Палеонтологийн хүрээлэнгийн захирал, доктор
Хэрэглэдэг гар утас: Samsung Galaxy S25
Хэрэглэдэг компьютер: Galaxy Book 4

1. ТАНЫ КАРЬЕРААС БИД ЮУ, ЮУГ МЭДЭХ ЁСТОЙ ВЭ?

Би 2003 онд ШУТИС-д Уул уурхайн ашиглалтын инженерээр бакалаврын зэргээ дүүргэж, 2005 онд тухайн үед ШУТИС-ийн Биологийн сургуульд доктор Ч.Минжин, Г.Сэрсмаа багш нарын удирдлага дор "Өмнөд Монголын Баян-Овоо орчмын палеозойн давхрагазүй" сэдвээр магистрын зэргээ хамгаалж байлаа. Геологийн магистрт сурч байх хугацаанд хөдөө гадаа явах үе бишгүй олон. Тэгтэл нэг удаа үлэг гүрвэлийн судалгааны экспедицид оролцох ховорхон боломж олдсон бөгөөд миний карьерын эргэлтийн цэг гарцаагүй энэ үед тохиосон. Тухайн аяллын үеэр би алдарт "Юрийн галавын цэцэрлэг" киноны зөвлөхөөр ажилласан, нэрт палеонтологич Жак Хорнертой танилцсан юм л даа. Тэр надад "Монгол Улс үлэг гүрвэлийн олдвороор маш баялаг ч энэ чиглэлийг хөгжүүлэх шинэ үеийн боловсон хүчин дутагдалтай байна. Хэрэв чи манай сургуульд ирж суралцвал сонирхох уу?" гэсэн гэнэтийн бөгөөд хариуцлагатай санал тавьж байв.

Тэрхэн үедээ баярлан хүлээн авсан ч аялал дуусаж, үндсэн мэргэжлээрээ одоогийн Рио Тинто Монгол компанийн суурь болсон цомхон багт ажиллаж эхэлсэн юм. Гэтэл 2006 оны үед "Сурна гэдэг чинь хэвээрээ юу? Хэвээрээ бол сарын дараа энд ирчихсэн байгаарай" гэх цахим шуудан ирэх нь тэр. Надад эргэлзэх зүйл байсангүй. Сарын дотор ажлаа хүлээлгэн өгч, АНУ-ын Монтана мужийн их сургуулийг зорьсон доо. Тэнд нэрт палеонтологич Жак Хорнер багшийн удирдлага дор "Төв Монгол дахь доод цэрдийн Хулсангол формацаас олддог, бүдүүлэг, эвэрт үлэг гүрвэл Psittacosaurus mongoliensis-ийн гистологийн ялгаа ба өсөлт" сэдвээр судалгааны ажлаа эхлүүлсэн.

Ийнхүү суралцах хугацаандаа буюу 2015 онд Палеонтологийн хүрээлэнд ажилд орж байв. Зун нь Монголдоо хээрийн судалгаа хийж, өвөл нь АНУ-д лабораторийн ажил дээрээ суусаар 2016 оны дөрөвдүгээр сард докторын зэргээ амжилттай хамгаалсан. Тэр цагаас хойш эрдэм шинжилгээний дэд ажилтан, салбарын эрхлэгч, эрдэмтэн нарийн бичгийн дарга гээд мерит зарчмаар шат дараалан ажиллаж, өнгөрсөн оны гуравдугаар сараас хүрээлэнгийн захирлын албыг хашиж байна.

2. ТАНЫ АЖЛЫН ДУНДАЖ НЭГ ӨДӨР ХЭРХЭН ӨНГӨРДӨГ ВЭ?

Захирал болно гэдэг судалгааны ажил ерөнхийдөө "худлаа" болно гэсэн үг (инээв). Өглөөнөөс орой хүртэл хүний нөөц, бичиг цаас, яам тамгын газар, төсөв мөнгө гээд "гал тогооны ажил" дундарна гэж үгүй.

Өглөө хүүхдээ хүргэж өгчхөөд, 08:30 цагт ажилдаа ирдэг. Үдээс өмнө яаралтай имэйлүүдэд хариу өгөх, бичиг баримт цэгцлэх, гарын үсэг зурах гэхчлэн ажлуудад төвлөрнө. Үдээс хойш ихэвчлэн гадуур уулзалт, хуралтай байдаг. Боломж олдвол залуу судлаачдынхаа ажилтай танилцаж, тэдэнд зөвлөх, хамтарч суухыг хичээдэг ч цаг зав таарахгүй нь олонтоо.

Орой зургаан цагаас хойш нэг юм амьсгаа авч, төвлөрөх цаг гардаг. Ингээд шөнийн 23:00 цаг хүртэл сууна. Яг энэ чив чимээгүй, хэн ч байхгүй үед л судалгааны бүтээлүүд унших, төлөвлөгөө гаргах зэрэг төвлөрөл шаардсан ажлуудаа амжуулдаг.



3. ТАНЫ АЖЛЫН НӨҮ-ХАУ?

1990-ээд оноос бие даасан статустай болсон манай Палеонтологийн хүрээлэнг зөвхөн үлэг гүрвэл судалдаг гэж ойлгох нь бий. Гэвч бид эртний ургамал, сээр нуруугүй амьтад, бүр ургамлын үрт тоосонцор хүртэл судалдаг нарийн мэргэшсэн салбаруудтай. Одоогоор 47 хүний бүрэлдэхүүнтэй байгаагаас 20 гаруй нь дээрх судалгааг гардан гүйцэтгэдэг эрдэм шинжилгээний ажилтнууд юм.

Би хүрээлэнгийнхээ хамт олныг ах дүүс шиг, нэгэн гэр бүл шиг дотно байгаасай гэж хүсдэг. Цөөхүүлээ ажилладаг манайх шиг байгууллагын хувьд нэг нь өвдөхөд нөгөөх нь нөхөж, бие биедээ түшиг болох нь тун чухал.

Миний хувьд эрдэм шинжилгээний дэд ажилтнаас эхлээд бүх шатанд ажиллаж үзсэн учраас залуу судлаачдад маань юу хэрэгтэй байгааг, ямар бэрхшээл тулгардгийг сайн мэднэ. Тиймдээ ч санхүүжилт тал дээр улсын төсвөөс авч байгаа тоног төхөөрөмж, хэрэгслийг яг хэрэгцээтэй хүнд, судалгааг нь гацаахгүй явуулахын тулд зөв хуваарилахыг хичээдэг юм. Яадаг ч байсан ажил урагшилж, үр дүн гаргах ёстой гэсэн зарчмаар ажилладаг.

4. АШИГЛАХГҮЙ БАЙЖ ЧАДДАГГҮЙ АПП, ХЭРЭГСЛҮҮД ЮУ ВЭ?

BBC болон Science Table-ийн палеонтологийн хэсгүүдийг онцлох нь зүй. Шинжлэх ухааны шинэ сонин бүхнийг эндээс олж уншдаг.

Хээрийн судалгаа болон лабораторийн ажилд технологийн дэвшил маш том тус болж байна. Сүүлийн үед миний сонирхлыг хамгийн их татаж байгаа нь Polycam хэмээх фотограмметрийн апп юм. Аливаа объектыг тойруулж олон зураг авснаар тухайн зүйлийг гурван хэмжээст (3D) загвар болгон хувиргадаг. Хөдөө хээр олдвор олдох үед тэр чигээр нь 3D-ээр босгоход маш хэрэгтэй.

Мөн бид хөдөө явахаасаа өмнө QGIS гээд Газар зүйн мэдээллийн системийн программ дээр усны цэг, замын нөхцөл, зай зэргийг нарийн тооцоолдог. Ийнхүү төлөвлөх нь хээрийн ажлын эрсдэлийг бууруулдаг ач холбогдолтой.



5. ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?

Сүүлийн үед захиргааны шинжтэй бичиг баримт боловсруулах, имэйлүүдэд хариу өгөх зэрэг өдөр тутмын ажилд хиймэл оюуныг түлхүү ашиглаж байна. Надад Grok илүү тохиромжтой санагддаг. Ялангуяа шинжлэх ухааны үндэслэлтэй мэдээлэл боловсруулахад Grok-ийн гаргаж буй үр дүн арай илүү чанартай, оновчтой байдаг юм.

Тэрчлэн цаг хэмнэх, нөгөөтээгүүр сэтгэл санаагаа цэгцлэх арга бол алхах. Машин бариад явж болох ч замын хөдөлгөөний соёл, урдуур хойгуур шахаж орох гээд түгжрэлийн хажуугаар стресстүүлэх олон шалтгаан бий. Үүний оронд алхаад явсан нь хамаагүй дээр. Цаг ч хэмнэнэ, тайван амгалан байвал ажилдаа ч төвлөрч чадна

6. ХИЙХ АЖЛАА ХЭРХЭН ТӨЛӨВЛӨДӨГ ВЭ?

Албан тушаалаас шалтгаалж өдөр тутмын ажилд төлөвлөөгүй гэнэтийн зүйлс дүүрэн байдаг онцлогтой. Жишээ нь, маргааш юу хийхээ ерөнхийд нь мэдэж байгаа ч Монголын нөхцөлд бүх зүйлийг цаг минутаар төлөвлөхөд хэцүү шүү дээ. "Өнөөдөр ирээд уулзчихъя, одоо энийг шийдчихье" гэсэн гэнэтийн дуудлага, уулзалтууд дунд ажил илүү хурдан амждаг тал ч бас бий.

Манай хүрээлэнгийн тухайд үйл ажиллагаа маань хоёр үндсэн чиглэлд төвлөрдөг.

Нэгт, Монголын палеонтологийн судалгааг дэлхийн түвшинд хийж, хөгжүүлэх. Манай хүрээлэнгийн нэг онцлог нь бидний бүтээлүүд дандаа олон улсын өндөр шүүлттэй сэтгүүлүүдэд хэвлэгддэг. Өөрөөр хэлбэл, манай лабораторид гарсан үр дүн шууд дэлхийн хэмжээний шинжлэх ухааны ололт болдог гэсэн үг. Заримдаа Монголдоо ч мэдээгүй байхад CNN, BBC-ээр манай шинэ олдворын тухай шуугьж, гаднын улсуудаас үзэсгэлэн гаргах хүсэлт тасралтгүй ирдэг юм.

Хоёрт, шинжлэх ухааны нарийн үр дүнг олон нийтэд, тэр дундаа хүүхэд залуучуудад энгийн үгээр тайлбарлан таниулах. Энэ бол маркетингаас өөр ойлголт. Бид ашиг орлого харалгүйгээр нийгмийг соён гэгээрүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулж, сургуулиудаар өдөрлөг хийх, лекц унших, хэвлэл мэдээллийнхэнтэй хамтарч ажиллахыг чухалчилдаг.

7. ЭРЧ ХҮЧЭЭ ХЭРХЭН СЭЛБЭДЭГ ВЭ?

Шинэ нээлт, сонирхолтой судалгааны талаар хамт олонтойгоо хуваалцаж, тэр дундаа жижигхэн мэтгэлцээн өрнүүлэх нь их гоё сэргэлт болдог. Ялангуяа олон улсын палеонтологичдын хурал, цуглаанд оролцох нь эрч хүчээ сэлбэх хамгийн том боломж. Монголд ч бай, гадаадад ч бай ийм хурлуудад оролцож, дэлхийн хэмжээний эрдэмтэдтэй санал бодлоо солилцох нь хайрцагнаасаа гарах боломж олгодог юм. Бид эндээ л байгаад байвал хөгжлөөс хоцрох аюултай. Гэтэл дэлхий ертөнцөд технологийн дэвшил дээр тулгуурласан шал өөр шийдлүүд хэдийн нэвтэрчихсэн байна шүү дээ. Тиймээс тэдэнтэй мөр зэрэгцэх нь миний хувьд мэргэжлийн эрч хүч төдийгүй шинэ санааны уурхай болдог.

Харин хувьдаа загасанд явах дуртай. Боломж гарвал намар загасанд явахыг хичээдэг. Байгалийн сайханд, голын эрэг дээр ганцаараа байх нь нэг ёсны бясалгал болдог гэх үү дээ. Тэрхүү анир чимээгүй орчинд л хүн өөртэйгөө ярилцаж, бодлоо цэгцэлж чаддаг байх.



8. ҮНДСЭН АЖЛЫНХАА ХАЖУУГААР ДУРЛАЖ ХИЙДЭГ ТӨСӨЛ/АЖИЛ ЮУ ВЭ?

Үндсэн ажлынхаа хажуугаар өөр салбарт анхаарал хандуулах цаг зав тун хомс байгаа ч, хүрээлэнгийн захирлын хувьд төрийн байгууллагын нэгэн чухал үүрэг болох "ард түмэндээ үйлчлэх" зарчмыг ажлынхаа салшгүй хэсэг гэж үздэг. Энэ хүрээнд хувийн хэвшлийнхэн, тэр дундаа аялал жуулчлалын бизнес эрхлэгчдийг дэмжиж, тэдэнд шинэ маршрут гаргахад нь мэргэжлийн туслалцаа үзүүлэх, ирсэн жуулчдад олдворуудынхаа талаар шинжлэх ухааны үндэслэлтэй тайлбар хийх зэрэг ажлыг тогтмол хийдэг.

Гаднын жуулчид Монголын палеонтологийн олдворуудыг маш их сонирхож, ач холбогдол өгдөг бол монголчууд маань өөрсдөө харьцангуй бага сонирхдог нь нууц биш. Үүний гол шалтгааныг манай боловсролын тогтолцоонд байна гэж хардаг. Бага, дунд ангийн сурах бичигт энэ агуу баялгийн тухай мэдээлэл дутмаг байгаа учраас хүүхдүүдэд багаас нь сонирхол төрөхгүй байна. Гэтэл бодит туршлагаас харахад 3-5 дугаар ангийн хүүхдүүд үлэг гүрвэлийг их сонирхдог юм. Тиймд бид боломжоороо хэд хэдэн сургуулиудтай хамтран ажиллаж, хүүхдүүдэд палеонтологийн шинжлэх ухааныг таниулах, тэдний танин мэдэхүйг тэлэх ажлуудыг хийсээр яваа.

9. ХИЙЖ БУЙ АЖЛЫН ОНЦЛОГ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?

Олон хүн "Хэдэн сая жилийн өмнөх хэлхээтэй ясыг судлах нь өнөөдөр яг юунд хэрэгтэй юм бэ?" гэж асуудаг. Миний хариулт маш тодорхой. Бид бол амьдралын түүхийг судалдаг хүмүүс. Энэ бол цаг хугацааны детектив ажил шүү дээ. Бид хэзээ ч харж байгаагүй амьтдынхаа яаж өсөж, юу идэж, хаана амьдарч байсныг олдвороор дамжуулан сэргээн босгож, 70-100 сая жилийн өмнөх цаг хугацаагаар аялдаг юм. Түүхээ мэдэхгүй хүн ойд төөрөх сармагчин лугаа гэдэг шиг, амьдралын хувьслын түүхийг мэдэхгүйгээр хүн төрөлхтний өнөөдрийн биологийн өөрчлөлт, өвчин эмгэг, цаашлаад байгаль цаг уурын өөрчлөлтийг ч ойлгох боломжгүй.

Дээрээс нь Монгол Улс үлэг гүрвэлийн олдвороор дэлхийд "Айргийн тав"-д багтдаг, маш баялаг нөөцтэй. Манай олдворуудын гол онцлог нь зөвхөн тухайн бүс нутагт амьдарч байсан эндемик шинжтэйгээс гадна, биеийн бүтэц нь яг байгаагаараа чулуужсан 3 хэмжээст хадгалалттай байдаг. Баруунд нэг жижигхэн яс олдохтой зэрэгцэн олон талаас нь судалдаг бол манайд ширээ шиг, бүр байшин шиг том хэмжээгээр, цогцоор нь судлах боломж бий.

Бэрхшээлтэй талын тухайд төр засаг болон олон нийтийн зүгээс үзүүлэх дэмжлэг, ойлголт дутмаг байгаа нь хамгийн том сорилт болж байна. Уг нь энэ салбарыг олон улсад брэнд болгохын тулд хөрөнгө оруулалт хийж, нарийн мэргэжилтнүүдээ дэмжих ёстой шүү дээ. Түүнчлэн ерөнхий боловсролын сурах бичигт эх орны энэхүү гайхамшигт өвийн тухай мэдээлэл хангалтгүй байгаа нь иргэд өөрсдийн баялагтаа эргэлзэх, бодит олдворуудыг "зохиомол баримал" мэтээр харах гэхчлэн боловсролын хоцрогдлыг бий болгож байгаа нь тун харамсалтай.



10. ТА ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРЧ БАЙГАА ВЭ? ОЙРЫН ТӨЛӨВЛӨГӨӨ?

Миний баримталдаг гол философи бол "Хүн хамгийн үнэтэй". Соёлын өв, олдвор мэдээж үнэтэй ч тэдгээрийг судлах хүн байхгүй бол ямар ч хэрэггүй. Тиймээс хүмүүсээ гадагшаа явуулж сургах, чадавхжуулахад анхаарлаа хандуулж байна. Өнгөрсөн гуравдугаар сард нэг залуу маань Хоккайдогийн Их сургууль руу явлаа. Мөн Японы Окаяма Их сургууль тэргүүтэй гадаад хамтрагчидтайгаа менторшип хөтөлбөр хэрэгжүүлж, залуу судлаачдаа дэлхийн хэмжээний мэргэжилтнүүдтэй хамт ажиллуулж байна.

Сүүлийн үеийн сонирхолтой мэдээ гэвэл, бид Канадын судлаачидтай хамтран Тарбозавр (Tarbosaurus) буюу бидний ярьж заншсанаар Батаартай хамт амьдарч байсан өөр нэгэн зүйлийг зарлах гэж байна. Яг л нохой, чоно хоёр шиг харахад ижил боловч хоёр өөр зүйл амьтан байсан гэсэн үг. Мөн саяхан өсвөр насны Тарбозаврын амьдралын тухай шинэ бүтээл хэвлэгдсэн. Ер нь энэ жил манай хүрээлэнгийн хувьд олз омог ихтэй байна. Дөрөвдүгээр сар гэхэд л 10 гаруй эрдэм шинжилгээний бүтээл хэвлэгджээ. Өнгөрсөн жил 50 импакт фактортой дэлхийн шилдэг сэтгүүлд манай судлаач залуугийн цул толгойтой үлэг гүрвэлийн тухай өгүүлэл гарсан нь салбартаа том шуугиан тариад амжсан.

Мөн бид 2027 оны зургаадугаар сард Чех Улсын Прага хотын Үндэсний музейд гаргах олон улсын томоохон үзэсгэлэндээ бэлдэж байгаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн даалгавраар хэрэгжиж буй энэхүү ажил нь Монголоос хилийн чанадад гаргаж байгаа хамгийн том, иж бүрдэл бүхий үлэг гүрвэлийн үзэсгэлэн болох юм. Нийт 60 гаруй нүсэр олдвор явах учраас ложистикийн хувьд тун шандас шаардах ажил болж байна. Бараг 30 орчим тонн ачааг тусгай карго онгоцоор тээвэрлэх төлөвлөгөөтэй. Үүнээс гадна зуны хээрийн судалгааны бэлтгэл ажлууд гээд тун завгүй байна даа.

11. ТА ӨӨРИЙГӨӨ ХЭРХЭН ХӨГЖҮҮЛЖ, СУРАЛЦДАГ ВЭ?

Судлаачийн хувьд тасралтгүй унших нь л өөрөө хөгжиж, суралцах арга. Уншиж л байвал тэр хүн хөгжөөд л байна гэсэн үг. Миний хувьд ажил тарсны дараа эсвэл зав чөлөө гарсан үедээ шинээр гарсан судалгаануудыг сонирхож уншдаг.

12. САНАЛ БОЛГОХ НОМ, ХӨГЖИМ, КИНО?

Номын хувьд докторын судалгааны маань удирдагч, нэрт палеонтологич Жак Хорнерийн "How to Build a Dinosaur" хэмээх бүтээлийг санал болгоё. Энэ номд "Юрийн галавын цэцэрлэг" кинон дээр гардаг шиг үлэг гүрвэлийн ДНХ-г олоод амилуулж болох уу гэдэг асуултад хариулсан. Математикт аливаа теоремыг батлахын тулд заавал эхээс нь хөөх албагүй, харин эсрэгээс нь батлах (Proof by contradiction) гэж нэг арга бий шүү дээ. Яг үүнтэй адил, үлэг гүрвэлийг амилуулахын тулд заавал 65 сая жилийн өмнөх ДНХ-г хайж цаг алдалгүй өнөөдөр бидний дунд амьд байгаа шувуунаас эхэлж судлах талаар сонирхолтой санаанууд бий. Өдгөө шувууд бол үлэг гүрвэлүүдийн үр удам билээ.

Дууны тухайд би монгол дуу, монгол аялгуундаа дуртай. Ялангуяа ардын богино болон уртын дуунууд их сайхан. Мэдээж алхаж явахдаа хөнгөн сонгодог хөгжим сонсдог. Саяхан нэг хуучны пянз тоглуулагч сонирхож худалдаж авсан ч ажил ихтэй болохоор пянзаа сонсож хараахан амжаагүй л явна.

Хэрэв та үлэг гүрвэлийн ертөнцийг сонирхдог бол "Jurassic Park"-ийн бүх цувралыг үзээрэй. Сүүлийн цувралууд нь арай илүү уран сайхны фантази тал руугаа орчихсон ч хуучны ангиуд нь их аятайхан. Харин шинжлэх ухаан талаасаа Netflix-ийн “The Dinosaurs” маш сайн болсон. Мөн BBC-ийн "Walking with Dinosaurs" цуврал бол энэ салбарын сонгодог бүтээл. Ер нь бол шинжлэх ухааныг уйтгартай гэж харалгүй, энэ мэт кино, баримтат бүтээлүүдээр дамжуулж сонирхох нь өөрийгөө хөгжүүлэх таатай арга гэж бодож байна.



13. АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ?

"Юмыг сайн сур, сураад орхичих. Хэзээ нэгэн цагт чамд заавал хэрэг болно" гэж ижий аав минь их захидаг байлаа. Энэ үгийн үнэ цэн надад алхам тутамд мэдрэгдэж байна. Бага балчир байхад "Энийг сураад яах ч юм билээ" гэж бодогдох үе гардаг ч, сурсан мэдлэг, эзэмшсэн чадвар гэдэг хэзээ ч илүүддэггүй, цаг нь ирэхээр заавал үр өгөөжөө өгдөг юм билээ.

14. БУСДАД ШИДЭХ САНАА?

Би нэг л зүйлийг маш тодорхой хэлмээр байна. Монгол Улсын нутаг дэвсгэр бол өөрөө ариун дагшин, асар их баялаг түүхийг хэвлийдээ хадгалсан газар. Бидний судалж буй энэ үлэг гүрвэлүүд хэдэн судлаачдын өмч биш. Энэ бол Үндсэн хууль болон Соёлын өвийг хамгаалах тухай хуулиар хамгаалагдсан нийт ард түмний өмч юм.

Та улстөрч, эмч, багш, сурагч гээд хэн ч бай энэ баялаг бид бүгдэд хамаатай. Монголчууд өөрсдийгөө дэлхийд юугаар ондоошуулж, юугаар бахархуулж болох вэ гэвэл палеонтологийн олдворууд хангалттай хариулт болж чадна. Тиймээс уншигчдадаа соёлын өв, тэр дундаа палеонтологийн олдворуудаа хайрлаж яваарай гэж захимаар байна.