Зураач бүр бийрийг өөрөөр барьдаг болов уу хэмээн санана. Энэ нь гартаа бийр атгах тухай бус оюун санааны урлалыг мэргэжилтэй нь хослуулснаас үүдсэн дүгнэлт юм. Тэдгээр зураачдын нэг болох, тэр дундаа хүүхдийн номын зураач Б.Төрмөнхийг энэ удаагийн “Art review”-ээр онцлон танилцуулж байна. 

Тэрбээр хүүхдийн номын “Жангар” редакцид зураачаар ажиллаж “Монголын нууц товчоон”, “Бэтгэлжин бор шувуу”, “Алтан загасны үлгэр”, “Ааруул амтлах мөчид” зэрэг олон арван хүүхдийн ном, сонгодог бүтээлүүдийн зургийг урлажээ. 

ХУВЬСАХ ЧАНАР


Хүүхдийн номын зургийг зөвхөн “онгод”-оор бүтээтчихэж болохгүй мэт санагддаг. Агуулга, хэлбэр, түүнд шингэж буй дүрүүдийн сэтгэл хөдлөл, биеийн хэлэмжийг хэрхэн илэрхийлэх зэрэг олон зүйлсийн нийлмэл хослолоос бүрдэнэ. Мөнхүү ихэнх бүтээлүүд тусгай текст, зохиомж, зохиолын дагуу өрнөх учир зургийн ажлаас гадна зураачид судалгааг бие дааж хийх зайлшгүй шаардлагатай тулгарна. Зураач Б.Төрмөнхийн бүтээлүүдээс эдгээр чанар ил тодоор мэдрэгдэж бодитоор харагддаг.

Түүний бүтээлүүдийн ихэнх нь тухайн номын агуулга, зохиолын дүрүүдийг хүүхдийн төсөөлөл, оюун сэтгэлгээнд хэрхэн буух бол гэдгийг сайтар судалж, танин мэдсэний үндсэн дээр бүтээгдсэн шиг санагддаг. Зарим нь зөн билгийн шинжтэй, уламжлалт ахуйн дүрслэлүүдийг орчин цагийн арга барил бус сэтгэлгээнд оноож, загварчлан бүтээдэг.

Үүнээс гадна уул ус, эд юмсыг хүншүүлэн бүтээсэн нь номын зургуудыг илүү амьдлаг, зөн совингийн давхар утгатай болгоно. Энэ нь хүүхдийг зөвхөн “хүүхэд шүү дээ” гэж бодоод хуурах юм уу, хөнгөн хандаж болохгүй гэдгийг илтгэсэн хандлага юм. Нөгөөтээгүүр уг зөн совингийн шинжтэй, уул усыг хүншүүлэх арга барил зураачийн бүтээсэн номын зураг бүхэнд өөр, өөрийн онцлогоор шингэж үлдсэн нь бий.

Ийнхүү зураачийн доторлуу өнгийгөөд үзье. Магад аялал гээд нэрлэчихсэн ч болох юм.

ХЭВ ЗАГВАРЫН ОНДООШИЛ


Зураг 1 | “Монгол үлгэрүүд” зурагт ном цуврал
Зохиолч Б.Чанагнянгар, зураач Б.Төрмөнх
Бэтгэлжин бор шувуу” 2020 он /бага нас, 3-5/

Өгүүлэх эхний зураг бол “Бэтгэлжин бор шувуу” номын бүтээлүүд юм. Монгол ардын үлгэрүүдийг зохиол, агуулгын хувьд шинэчлэн найруулж, хүүхдийн зурагт ном болгох цувралын ажил 2020 онд өрнөж, бүтээлүүд бяцхан уншигчдын гарт хүрчээ. Эдгээр бүтээлийн нэг “Бэтгэлжин бор шувуу”-ны үлгэр бөгөөд зураач нь Б.Төрмөнх.

Тус номын зургуудыг хэт тод, эсвээс бараан өнгөөр голчилсонгүй. Харин завсрын өнгийг түлхүү ашигласан нь үлгэрт гарах хулгана, ямаа, чоно, хүмүүсийн дүрийг хүүхдийн төсөөлөлд, уран сэтгэмжид буулгаж өгөх, анхаарлыг нь зөвхөн уншиж буй номд төвлөрүүлэх чухал үүрэгтэй. Мөн салхи намдахаас өмнөх үеийн үйл явдлууд дээр зургийн дэвсгэрт цагаан өнгийн жижиг зураасуудыг тэнгэрээр нэг таталгасан нь өнөөх гайхал салхи үлээсээр байгаа гэдгийг илтгэнэ.



Номын зураг дээрх нар, уул, үүл, салхи зэргийг хүншүүлэн бүтээсэн нь тэд өөрсдийн амьтай гэдгийг таниулахаас гадна үлгэрийн хэв загварыг зургийн дотор давхар хадгалж өгнө.

Салхи хэдийгээр биегүй хоосон боловч түүнийг гэрэлтсэн урт цагаан эрчлээсүүдээр дүрслэн бүтээсэн нь хүүхдэд мэдрэмж, төсөөллийн баялаг орон зайг нээж өгөх биз ээ. Үүнээс гадна зураг бүрт дүрслэгдсэн гэр, хүмүүсийн дүрүүд нэг бол үлэмж том, нөгөө талаас өчүүхэн жижиг болох мэт санагдахуйц хэм, хэмжээний хувирлууд ажиглагдана. Тэр нь өв соёл, хөдөөх ахуй гэх мэт язгуур ухагдахууны дүрийг бусдаас нь илүүтэй тодосгож, хүүхдийн сэтгэхүйд номын агуулгыг сайтар шингээж өгөхийг зорьсон зураачийн сэдэл байж болох юм.

ТӨСӨӨЛӨЛД АМИЛАХ ЧАНАР


Зураг 2 | “Эртний уран зохиол” цуврал зурагт номын төсөл
Зохиолч Б.Батцэцэг, зураач Б.Төрмөнх
Монголын нууц товчоон” 2020 он /10-аас дээш нас/

Номын үйл явдалд оролцож буй дүрүүдийг хүүхэд зургийн нөлөөгөөр таньж дотроо төсөөлөн боддог. Тэгвэл уран сэтгэмжийн хувьд илүү ахисан, дээр нь хэдэн зууны тэртээх хүмүүсийн дүр төрхийн судалгааг хийж, тэдгээрийн ахуйн нөхцөл, аж байдлын тухай сайтар мэдэж, ойлгосны үр дүнд л “Монголын нууц товчоон”-ыг зурагт номын хувьд ахиулж чадсан шинэлэг бүтээлийг хүүхдэд хүргэх нь мэдээж.

Энэ тухайд зураач Б.Төрмөнх “Уг номынхоо зургийг хоёр жилийн хугацаанд бүтээсэн. Учир нь хүүхдэд номын агуулгыг хэрхэн ойлгуулах, ямар үр өгөөж өгөх, яаж төсөөлүүлэн бодуулахаар зурах вэ зэрэг олон асуулттай нүүр тулсан. Иймээс л цаг хугацаа нэлээд зарцуулсан. Хүүхдийн номын зураг бол тухайн номынх нь хэл, бичиг шүү дээ. Хүүхэд өөрөө ч зурж, өөрийгөө илэрхийлж байгаа “хэл” нь зураг байдаг” хэмээн өгүүлсэн юм.

Тэгвэл уг номыг унших хүүхдүүдийн насны ангилал нь 10-аас дээш... Хүүхдүүд энэ насан дээр илүү ихээр мөрөөдөж, төсөөлөл нь онцгой ихээр хөгждөг шүү дээ. Тиймээс номын зургийг хүүхдүүдийн төсөөлөлд зориулан бүтээх гэсэн зураачийн санаанаас эл бүтээлийн зургууд урган гарчээ. Тиймдээ ч бамбар барьсан эрийн дүрийг зургаан нүдтэйгээр бүтээсэн нэг зураг бий. Энэ нь тухайн хүн усны жирэлзэх урсгалд тольдсон, эсвээс усан дор нуугдсан этгээд хөвөөнд зогсоо хүнийг харж байгааг илтгэнэ. Хүүхэд өөрөө тус зургийг төсөөлөлдөө олон янзаар амилуулж болно.



Үүн дотроос хамгийн онцлууштай нь тулаанд шархадсан Өгөдэйг Борохул мориндоо дүүрэн гэртээ харьж буй зураг юм. Дайн тулааны хөлөөс боссон гэмээргүй хөвсгөр их үүлсийн дундуур хоёр эр, ганц моринд нэгнийгээ дүүрэн сажлуулж явна. Морь ч тэр, эзэд ч тэр ядарч туйлджээ. Үүлсээс өөр нүдээрээ тэмтрэх зүйлгүй ахуйг ийнхүү дүрсжүүлэн буулгасан нь туульс, домгийн зургийн өнгө аясыг санагдуулаад зогсохгүй хэдийгээр Өгөдэй шархадсан боловч хүндхэн тулалдаан дууссаны дараах нэгээхэн агшны анир гүмийг бэлгэдсэн мэт мэдрэмж төрнө.



Харин номын зурагт дүрслэгдсэн хүмүүсийн дүр төрх нь чухамхүү эртний монгол баатрууд болоод хатдын гэрэл сүүдэрт мөнхлөгдөн үлдсэнтэй ижил. Хаад, хатдын дүрсэлсэн зургуудаас гадна ясархаг шанаа, урт монхор хамар, давхраагүй зууван дугуй нүдтэй. Харц нь зарим талаар чонынх мэт санагдах нь зураач Б.Төрмөнх монгол хүний “тотем”, гарал үүслийн домгийг бүтээлийн дүрүүдтэй харгалдуулж бэлгэдсэн мэт буюу.

АЗИЙН ШИЛДЭГ НОМЫН ЗУРГИЙГ ОНЦЛОХ НЬ


Зураг 3 | “Азийн зохиол” цуврал
Зохиолч Ли Санг Хи, зураач Б.Төрмөнх, орчуулсан Ли Пён Рэ
“Ааруул амтлах мөчид” 2021 он

Уг зурагт ном нь БНСУ-ын Азийн соёлын төвийн олон улсын хамтын ажиллагааны төслийн хүрээнд “Азийн орнуудын тухай цуврал зохиол”-д шалгарсан бүтээл юм. Тиймдээ ч монгол, солонгос, хятад, англи хэлээр орчуулагдан хэвлэгджээ.

Номын зургуудад орчин үеийн иргэншил болоод 13 дугаар зууны үеийн монголчуудын аж төрөхүй, уламжлалт идээний нэг болох ааруул хэрхэн хийж буйг өнгө будаг, туурвин бүтээгчийн сэтгэлгээний онцлогоор илэрхийлэн харуулжээ. Хуудасны зураг бүр зохиолын үргэлжлэн буй үйл явдлын гол цөм, утга санааг цогцоор илэрхийлэн харуулна.



Наран улбар туяагаа тэнгэрийн хээлээр цацан дэвссээр жаргаж буй агшинд зохиолын гол дүрүүд говийн толгод дундуур хурдлан давхиж явна. Зохиолд энэ агшинд чоно улих чимээ дуулддаг. Тиймээс ч толгодыг аварга том хадан цохио мэтээр зурагт тодосгон үзүүлж, тэндээс ургав уу гэлтэй чонын толгойг дүрслэн гаргажээ. Наран жаргах зүгийн газрын байдал, тэнгэрийн өнгө номин ногооноор солонгорон байвч нөгөө талд саран ургаж, толгодыг цэнхэр туяагаар сүлжээ. Хүүхдүүдэд шөнө улих чонын дуу айдас төрүүлэх нь мэдээж. Тиймээс ч толгод хадан цохио мэт өндөр, тэр л цохио, толгодын чинадаас айдсыг нь төлөөлж байх шиг аварга том чоно дүүлэн гарч ирэх мэт санагдана.

Үүнээс гадна тус зурагт Б.Төрмөнх зураачийн байгалийг амьдшуулах үйл явц жаргах нар, толгодтой нэгэн цул болсон чонын дүрслэлд шингэсэн байх амуй.



Харин өөр нэгэн онцлох зураг бол хүүхдүүдэд эмээ нь ааруул өгч буйг дүрсэлсэн хэсэг юм. Гэрийн доторх эд зүйлс, хаалганы цаана үзэгдэх хонин сүрэг, ааруулыг гаргаж авахад хэрэгтэй бүхэн цөм нэгэн дэвсгэрт багтжээ. Тулганд бадамлах гал, түүний дээр буй бүрхээр тогоо, айрагны хөхүүр гээд эд юмсыг өөрсдийн гэсэн дүр төрхтэй болгож бүтээсэн байна. Зургийн ерөнхий дэвсгэр нь шаргалдуу өнгөтэй бөгөөд гэр дотор зулж дэвссэн эсгий уншигчийн төсөөлөлд бууна.

Ерөөс зураачийн хувьд ном тус бүрд зурах арга барилаа үргэлж хувиргаж, тухайн бүтээлийн агуулгаас зөрсөн нэг ч дүрийг бүтээж бийр гарздаагүй шиг сэтгэгдэнэ. Ном тус бүр өөрийн бүхэллэг чанар, агуулга, хүүхдийн нас насны ангилалд зориулагдсан байдаг.

Тэгвэл зураач Б.Төрмөнхийн зургууд ч номоос номд шилжихдээ уг шугамыг огтоос алддаггүй билээ.