Орчин цагт бидний сэтгэл дотор өрнөж буй мэдрэмжийн шуурга ажлын бүтээмж, чанартай нойр, дотно харилцаа гээд бүхий л талбарт нөлөөлж байна. Сэтгэл амар амгалан байж гэмээнэ бид бүтээмжтэй, аз жаргалтай, бусдад хайр түгээх чадалтай нэгэн байна шүү дээ. 
Дэлхий дахинд сэтгэлзүйн эрүүл мэндийн асуудал хурцаар яригдах болсон энэ цагт олон олон хүмүүст дотоод сэтгэлийн амар амгалангаа бүтээхэд бясалгал тусалж буй юм.

Хэрвээ та сэтгэлзүйн эрүүл мэндээ анхаарахыг хүсэж, бясалгалын төрөл бүрийн аппуудаас сонголтоо хийж чадахгүй байвал наашаа ойртоод суугаарай. Бид энэ удаагийн дугаартаа “Хүн бүхэн бясалгаж чадна” гэх уриатай “Balance” апп-ийг онцолж байна. 
Сайхан мэдээ дуулгахад, “Balance” апп нь дэлхий нийтээрээ хөл хорионд байгаа энэ үеэр бүтэн жилийн 49.99 долларын хураамжаа тэглэж, бүх бясалгалын хичээлүүдээ үнэгүй болгожээ. Бясалгалыг амьдралынхаа  дадал болгохыг хүсэж буй хэн бүхэнд алдаж болохгүй боломж гэсэн үг. 

Яагаад хэрэглэх хэрэгтэй вэ? 

Бясалгалыг нэгэн төрлийн шашны зан үйл, зөвхөн хэсэг бүлэг хүмүүст л хамаатай зан үйл гэх ташаа ойлголт нийгэмд элбэг байдаг ч бодит байдал дээр амьсгалж буй хэн бүхэн бясалгаж чадна. Товчхондоо, бясалгал бол нас, хүйс, амьдралын боломж нөхцөл үл харгалзан хүн бүхний хийж чадах хялбархан дасгал билээ. Энэ апп-ийг хэрэглэж эхэлсэн даруйд анзаарагдсан хамгийн том давуу тал нь бясалгалыг бидний өдөр тутмын амьдралд тохиолддог асуудлуудтай уяж чадсан явдал байсан юм. Аппыг нээх үед шуудхан үндсэн цэс рүү шилжихгүй бөгөөд танаас:

Сэтгэл санаа тань өнөөдөр ямаршуухан байна вэ?

Бясалгал хийснээр ямар асуудлаасаа ангижрахыг зорьж байгаа вэ?

Өдөр тутамдаа хэр ойрхон бухимддаг вэ, чухал ажлууддаа төвлөрч чаддаг уу?

Өмнө нь бясалгаж байсан туршлагатай юу?

Хэдэн настай вэ?
гэх мэт асуулт асууж, хувийн мэдээллүүдийг тань цуглуулсны үндсэн дээр хамгийн анхан шатны суурь хичээлийн хөтөлбөрийг санал болгоно.

Нүүр хуудсан дээр амьсгалаа удирдах, өөртөө итгэлтэй болох, бусдыг хүлээн зөвшөөрөх, анхаарлаа төвлөрүүлэх гээд бясалгалын ач тусаар эзэмших чадваруудыг нэг нэгээр нь дэлгэрэнгүй тайлбарласан бөгөөд чадвар бүрийн дор таны сонсох хичээлийн жагсаалтууд байна.
Технологийн талаар анхан шатны ойлголттой нэгэн ч энэ апп-ийг ашиглан хялбархан бясалгаж, хичээлийн хөтөлбөрүүдийг нь гүйцээж чадахаараа онцлогтой.



Ямар онцлог, давуу талуудтай вэ? 

Нэгдүгээрт: Бусад ижил төрлийн аппуудтай харьцуулахад бясалгал хийх зорилгыг тань маш олон төрлөөр ангилж, нарийвчилсан тул хичээлүүд дундаас нь сонголт хийхэд хялбар. Эрч хүчээ нэмэхийг хүсэж байна уу? Айдастайгаа нүүр тулахаар хичээж байна уу? Бүтээмж буураад ажилдаа төвлөрч чадахгүй байна уу? Аль эсхүл харилцаанд тань асуудал байна уу? гэх мэтчилэн танд тулгарч буй бэрхшээл бүхэнд зориулсан хичээлүүд энд бий. Дөнгөж бясалгалаар хичээллэж буй хүмүүс яг юуны төлөө, яах гэж нүдээ анин, амьсгалаа ажиж, төвлөрч суугаагаа мэдэхгүйгээс үүдэн амархан шантрах гээд байдаг талтай. Харин бясалгалыг яг л бие чийрэгжүүлэх фитнес апп шиг төрөл бүрийн сорилтоор дүүрэн, эцсийн хүрэх цэгтэй, нарийн зорилго бүхий хичээлүүдээр ангилчихвал хэнд ч гэсэн бясалгалаар хичээллэх, түүнийг амьдралын дадлаа болгох хүсэл сонирхол төрөх юм байна гэх бодол төрсөн шүү.

Хоёрдугаарт: Бясалгал хийх цагаа сонгох, тухайн цагтаа сэрүүлэг тавих, багшийн дуу хоолойг солих, бясалгалын хугацааг тохируулах гээд маш олон төрлийн сонголтууд нь анхлан бясалгагч нарт таалагдах нь лавтай. Эхний ээлжинд арван минутын хичээл хэтэрхий урт санагдвал гурав болгож багасгах гэх мэт сонирхогч нарыг харж үзсэн сонголтууд нь бясалгалыг хэдэн цагийн турш завилж суугаад хийдэг хэцүү бэрх дасгал мэтээр төсөөлдөг хүмүүсийн бодлыг өөрчлөх нь гарцаагүй.

Гуравдугаарт: Дахин нэмж хэлэхэд, ашиглахад үнэхээр хялбар бөгөөд цэгцтэй дизайны шийдэлтэй.



САЙЖРУУЛЖ БОЛОХ ЗҮЙЛС

Одоогоор зөвхөн iOS системтэй ухаалаг утсанд л татаж авах боломжтой бөгөөд “android” үйлдлийн систем дээр хэзээ нээлтээ хийх нь тодорхойгүй байна.