Жил болгоны төгсгөлд бид ийм нийтлэл бичсэн ч болоосой гэж бодогдуулсан, цагаахан атаархал төрүүлсэн бичвэр, нийтлэлүүдийг нэгтгэн хүргэдэг билээ. Тав дахь удаагийн "Атаархлын жагсаалт"-даа бид бүтэн жилийн турш уншсан нийтлэлүүдээ нэгтгэн нягталж, хамгийн их сэтгэл хөдөлгөсөн, ихийг бодуулсан нийтлэлүүдийг багтаах гэж хичээлээ. Энэ удаагийн жагсаалтад 12 сайт, мэдээллийн хэрэгслийн бэлтгэсэн нийтлэлүүдийг багтаав. Үүгээр хэвлэлийн мэдээллийн салбарт хамтран ажилладаг нөхдөдөө талархахын зэрэгцээ 2021 онд хамтдаа илүү амжилт гаргахын ерөөл тавья.

ҮНДЭСНИЙ Шуудан: “Элэг бүтэн Монгол”-ын луйвар буюу лабораториудын мөнгө угаалт

Нийтлэлч: Э.Эрдэнэцэцэг

Манай хүн амын дунд элэгний өвчний тэргүүлж, хамгийн хортой нөлөөлөл үзүүлдэг тул Засгийн газраас 2016-2020 "Элэг бүтэн Монгол" үндэсний хөтөлбөрийг баталж, иргэдийг олноор нь шинжилгээ өгүүлэх, улмаар эрүүлжүүлэх бодлого боловсруулж. Энэ зорилгодоо анх удаа хувийн эмнэлэг, лабораториудыг татан оролцуулж, ЭМД-ын сангаас мөнгө олгох болсон аж. Үүнтэй холбоотойгоор энэ бодлогыг хэрэгжүүлэхэд ямар ямар нугалаа гарсан, лабораториудад хийсэн шалгалтад олонх нь унасан талаар, тэр шалгалтыг нууцалсан тухай ноцтой мэдээллүүдийг "Үндэсний шуудан" сонин цуврал сурвалжилгаараа ил болгосон юм. Энэ асуудлыг ковидын нөхцөл байдалтай уялдуулан бодвол эрүүл мэндийн салбарт ямархуу асуудлууд бугшсан байдаг нь илүү тодорч магадгүй юм.

Унших

ikon:  Эмчлүүлж байхдаа "Анх-Отгонтой" таараад англиар мэндлэхэд нь зөрүүлээд францаар мэндэлтэл нүдэнд нь нулимс цийлэгнээд...

Нийтлэлч: Р.Оюунцэцэг, iKon.mn-ий орлогч эрхлэгч

Коронавирусээр өвдсөн анхны монгол хүмүүсийн нэгтэй хийсэн сэтгэл хөдлөм ярилцлага. Францаас эх орон руугаа ирсэн үйл явц, халдвартайгаа мэдсэн, эмчлүүлсэн өдрүүд, сэтгэлзүй гээд олон зүйлийн талаар энд хүүрнэжээ. Эргээд ирэх эх оронтой байна гэдэг юутай сайхан.

Унших

UB.LIFE: Амраг минь, дуугаа дуулаач

Нийтлэлч: Б.Энхцэцэг

Б.Энхцэцэг сэтгүүлчийн Монголын урлагийн нэртэй эрхмүүдийг зурагласан нийтлэлүүд дэндүү амттай, дэндүү яруу. Ээлжит удаагаа тэр "Аяны шувуу" хэмээх алдарт дууг анх амилуулсан, социализмын үеийн эстрадын од Х.Төмөрийн тухай бичжээ. Залуу үеийнхэн бол гол төлөв сэтгэл хиртхийлгэм "төгсгөл"-өөр нь мэдэх энэ хүний амьдрал XX зууны Монголын түүхтэй олон сэжмээр холбогддог аж.

Унших

TRENDS.MN: ХҮНИЙ ГАНЦААРДАЛ ХЭЗЭЭ ДУУСАХ Вэ?

Нийтлэлч: Б.Болор-Эрдэнэ

Энэ жил нийгмийн харилцаанд биеэр орж, олонтой бужигнах боломж тун хомсхон байлаа. Иймдээ ч ганцаардал тодрон гарч ирэв. Энэ сэдвийг хөндөж, эх хэлтэй холбосон нь тун сонирхолтой содон өнцөг байсан юм. Харьяалагдах, хоргодох газар гэдэг хүнд ямар чухал болохыг хэцүү цаг үе харуулдаг бололтой.

Унших

ITOIM: Төр, театр хоёр нэг ордонд хамт байх боломжгүй

Нийтлэлч: iToim.mn сайтын эрхлэгч Г.Отгонбаяр

Туршлагатай сэтгүүлч Г.Отгонбаяр популист улс төрийн баахан балгийг энэ нийтлэлдээ хөнджээ. Ингэхдээ хүмүүсийн сайн мэдэх, ач холбогдол өндөртэй асуудлуудыг жишээ болгон авсан нь бичвэрийг амттай болгосон байна. Тухайлбал, "Гэтэл 10 жилийн өмнө эхлүүлээд зогсоосон төмөр замаа өнөөдөр ахин барьж эхлэв. Хятадууд танктай цэрэг “оруулах”-аа больсон бололтой юм. Харамсалтай нь тухайн үед хэлж ярьж байснаасаа ичсэн поп-улстөрч, мөн попчиддоо хэт итгэсэндээ харамссан нэг ч монгол хүн өнөөдөр алга" хэмээн хатуухан сануулсан юм. Үнэн үг гашуун ч тустай гэдэг дээ, нэг унших хэрэгтэй нийтлэл.

Унших

EGUUR: ГАДААДАд ГАЦСАН ИРГЭДЭЭ ГАЧЛАНГҮЙ ТАТАХЫГ ХҮЛЭЭСЭН 10,600 ЗҮРХ

Гадаадад гацсан монголчууд бол магадгүй 2020 оны хамгийн эмзэг сэдэв байлаа. Eguur.mn сайтын хамт олон долоодугаар сард иргэдээ хурдан татаж авахгүй байгаагийн цаана чухам ямар шалтгаанууд байна вэ гэдгийг нарийн судлан энэхүү нийтлэлийг бичжээ. Тэд бүх л талуудтай холбогдон тодруулга авч, бусад улс хэрхэн ажиллаж буйг харьцуулан гаргасан байна. "Facebook Journalism Project”-ын дэмжлэгтэйгээр хэрэгжүүлсэн “Splice Media” төсөлд Азийн 25 орны 163 хэвлэл, мэдээллийн байгууллагаас Eguur.mn сайт Монголын улсын төлөөлөл болж багтсан бөгөөд дэлхийн 17 орны хэвлэл мэдээллийн 56 байгууллагаас “Eguur.mn” сайтын хоёр нийтлэлийг онцолсны нэг нь энэ байв.

Унших

Үндэстний тойм: ТУРШИЛТЫН ТУУЛАЙНУУД

Нийтлэлч: Х.Батсайхан

Энэхүү нийтлэлд эмийн судалгаа, туршилт, стандартын талаар дэлгэрэнгүй хөнджээ. Монголд эмийн бизнес хамгийн ашигтай, тэгсэн хэрнээ эм нь чанаргүй гэгдсээр удаж байгаа нөхцөлд унших хэрэгтэй нийтлэл санагдсан юм. Ташрамд, саяхан Эрүүл мэндийн сайд Эм, эмнэлгийн хэрэгслийн агентлаг байгуулагдаж буй тухай дурдана лээ.

Унших

GOGO: ТЭРГҮҮН ХАТАГТАЙ

Нийтлэлч: Э.Энхмаа

Социалист Монголын сүүлчийн ерөнхий сайд Ж.Батмөнх агсны гэргий А.Дариймаа хэмээх сайхан буурлын тухай өгүүлэл. Монголын эгзэгтэй цаг үеийг ээдрээтэйхэн байдлаар туулах хувь энэ гэр бүлд оногдсоныг уншихад нийгмийнхээ өнгөрсөн хийгээд одоог эрхгүй эргэцүүлэх болно. Тэр монгол эмэгтэйн хүчирхэг чанарыг агуулсан бас нэгэн тод төлөөлөл ажээ.

Унших

ӨДРИЙН СОНИН: Зургаан настай хүүгийн секундээр хэмжигдсэн амийг Замын хөдөлгөөний удирдлагын төвийнхөн, цагдаа, эмч нар аварлаа

Нийтлэлч Б.Энхзаяа

Энэ нийтлэл онлайнд тавигдсан өдөр олон хүн сошиал хуудсан дээр хуваалцсаныг санаж байна. Аргагүй ээ, кино шиг энэ түүхийг уншвал үнэхээр сэтгэлд баяр хурж, бусдад уншуулмаар санагдана. Их хотод маань өдөр бүр өчнөөн янзын үйл явдал явдал өрнөж, хүний амьдрал баялаг болохыг илтгэнхэн байдаг ажээ. Дараагийн удаа машинтай зорчиж яваа таныг зогсоогоод түргэний тэрэг яаравчлан өнгөрвөл уншсанаа санаарай. Ус уухын заяа гэж...

Унших

BAABAR.MN: Төв Азийн нүүдэлчин бүсгүй Муланы домог ба 1946 онд Улаанбаатарт тоглосон Мулан жүжиг

Нийтлэлч: М.Саруул-Эрдэнэ

Саяхан Диснейн "Мулан" кино нээлтээ хийж хүмүүс ч их үзсэн. Монголчууд бид "Мулан" хүүхэлдэйн кино гарсан цагаас энэ бүтээлд манай "дээдчүүл"-ийг онцгүй дүрсэлсэн гэсэн дурамжхан бодолтой явдаг нь нууц биш. Тэгвэл судлаач, Конгрессийн номын сангийн ажилтан М.Саруул-Эрдэнэ Муланы бодит түүхийг буюу хаанаас, хэзээ үүссэн домог түүх болохыг судалж, бүр аль 1946 онд Монгол "Мулан" жүжиг болон тавигдаж байсныг тодруулан хүүрнэсэн нь нэн сонирхолтой. Үүнийг уншаад урд хөршийн бодлого хийгээд контентийн бяд хүчийг бодож явахад илүүдэхгүй санагдсан шүү.

Унших

SHUUD.MN: АВТОБУС тэмдэглэл

Нийтлэлч: Г.Тэгшсүрэн

Бидний хувьд байдаг л нэг бүүдгэр саарал автобус, жирийн мэт санагдах зорчигчид. Гэвч тэнд жинхэнэ амьдрал буцалж, халуун яриа өрнөдөг гэдгийг нийтлэлч тэмдэглэлүүддээ тун энгийн хэрнээ сэтгэлд дотно хүүрнэжээ. “Амьдралаас цуглуулсан тэмдэглэл” гэх товч тайлбараар аав, ээжийн хайр, хүүхдийн гэнэн цагаан сэтгэл, хөгшид буурлын хүндлэл, итгэлийн тухай гээд ерөөс хүн байх тухай эргэцүүллийг элдэв хачиргүй үг, хөнгөн харилцан яриагаар хүүрнэдэг нь уншигчдад таатай байдаг билээ.

Унших

IKON: БОЛОВСРОЛЫН ЭРГЭН ТОЙРОНД

Нийтлэлч: iKon.mn-ий ерөнхий редактор Ч.Болортуяа

Энэ намар зарим УИХ-ын гишүүд кембриджийн хөтөлбөрийг ЕБС-уудад нэвтрүүлэх асуудлыг хөндсөнөөр боловсролын талаар хүчтэй хэлэлцүүлэг өрнөсөн билээ. Эрүүл мэндийн салбарт том сорилт тулгарч, боловсролын салбарт салхи сэвэлзсэнээс үзэхэд муу нэртэй 2020 он том өөрчлөлтүүдийн суурийг тавих нь уу даа гэж бодогдохоор. Боловсролд ихээхэн анхаарал хандуулж, цуврал нийтлэлүүд бичдэг Ч.Болортуяа энд боловсролын суурь хэрэгцээ, хүртээмж, хөтөлбөрийн талаар судалгаатай хүүрнэж, энэ чухал салбарт өөрчлөлт хийхдээ анхаарах ёстой зүйлсийг сануулжээ.

Унших

ДУРДУУШТАЙ 10 НИЙТЛЭЛ

Trends.mn: БРУССЕЛЬД ЗОРЧСОН ТЭМДЭГЛЭЛ: Эмоц ба Ухаан

Ub.Life: Миний "SAVAGE" эмээ

News.mn: Шилэн дансанд хийсэн "амьгүй" аудит

Ub.Life: Гунихын урьтал, баярлахын шалтгаан

Үндэстний тойм: Тэг рүү тэмүүлэх хүч

Өнөөдөр сонин: Хөгжлийн зүтгүүр хөврөх зам

iKon.mn: Нэр дэвшигчдээсээ заавал асуух ёстой 9 асуулт

Өдрийн сонин: М.Энхсайхан: Цар тахлын үед буруу үзлүүд сэрж магадгүй, гэхдээ популизм, фашизмд орон зай байхгүй

Eguur: Баримт: Д.Батбаяр 32 тэрбумыг залилахдаа Ц.Элбэгдорж, М.Энхболд, С.Батболд, Н.Алтанхуяг нарын гарын үсгийг хуурамчаар зуржээ

iToim: Цайны замаас нүүрсний зам хүрсэн тэмдэглэл

ӨМНӨХ ЖАГСААЛТУУДТАЙ ТАНИЛЦАХ

АТААРХЛЫН ЖАГСААЛТ - 2019

АТААРХЛЫН ЖАГСААЛТ - 2018

АТААРХЛЫН ЖАГСААЛТ - 2017

АТААРХЛЫН ЖАГСААЛТ - 2016

Unread Media