Италийн Наполи хотын эрх чөлөөт, эрч хүчтэй амьдралын хэв маягийг дэлхийн загварын тайзнаа авчирсан хүн бол "ISAIA" брэндийн гүйцэтгэх захирал Жанлука Исаиа юм. Улаан хүрээтэй нүдний шил, классик костюм пиджакийг зуны сандаалтай хослуулан өмсдөг тэрээр эрэгтэй хувцас загварын ертөнц дэх тогтсон дүрмийг зоригтойгоор эвдэгч гэдгээрээ алдартай билээ.
Өнгөрсөн долоо хоногт ISAIA брэндийн Монгол дахь салбарын 10 жилийн ойг тохиолдуулан түүнийг Монгол Улсад хүрэлцэн ирэх үеэр бид түүнтэй уулзаж, цөөн хором ярилцах завшаан тохиосон юм. Ингээд Италийн алдарт “ISAIA” брэндийн үнэ цэн, өнгө төрхийг тодорхойлогч ноён Жанлука Исаиатай хамтдаа танилцацгаая.
Байршил: Италийн Наполи, Капри
Эрхэлдэг ажил: Гүйцэтгэх захирал
Сошиал хуудсууд: gianluca_vs_corallino (Instagram)
1. Таны карьераас бид юу, юуг мэдэх ёстой вэ?
ISAIA брэнд 1920-иод онд Италийн Наполи хотод анх үүсгэн байгуулагдсан. Миний өвөө Энрико Исаиа анх Наполийн төвд даавууны дэлгүүр нээж, хажууд нь чадварлаг оёдолчдоор эрэгтэй хувцас захиалгаар хийлгэдэг жижигхэн урлан байгуулсан нь брэндийн маань эхлэл байв.
Тухайн үед дэлхий даяар Английн хатуу материалтай, хүнд костюм пиджак “од” болж байлаа. Харин Наполи стилийн гол онцлог нь хатуу мөрөвч байхгүй, маш зөөлөн мөртэй (spalla camicia буюу цамцан мөр), хөнгөн материалтай, биед маш тухтай мөртлөө маш дэгжин харагддаг байсан юм.
1957 онд өвөө маань энэхүү хэв маягийг Наполийн уламжлалт оёдлын арга барилтай хослуулснаар ISAIAкомпаниа албан ёсоор байгуулж байлаа. Тэгээд бид үйлдвэрээ Наполийн ойролцоох Касалнуово хэмээх жижиг хот руу нүүлгэсэн юм. Энэхүү хотын хүн амынх нь тал хувь нь мэргэжлийн оёдолчин гэгддэг, уламжлалт оёдлын жинхэнэ эх өлгий газар байсан. Тийш нүүснээр л брэнд маань жинхэнэ утгаараа өргөжиж, Италийн хамгийн алдартай дэлгүүрүүдэд дээд зэрэглэлийн хувцас, хэрэглэлээ нийлүүлж эхэлснээр загварын ертөнцөд танигдсан түүхтэй.

Миний хувьд загварын салбартай холбогдсон нь бүр 10 наснаас эхлэлтэй. Тухайн үед би аавтайгаа хамт аялж, материал судалж, брэндээ таниулж явахдаа энэ салбарын зах зухаас суралцаж байв. Энэ үедээ өөрийнхөө хэмжээнд юм оёчихдог, материалын чанарыг ялгачихдаг хэмжээнд оччихсон байсан болохоор ч тэр үү загварын салбарт эргэлт буцалтгүй дурласан.
ISAIA брэнд өвөөгөөс аавд, ааваас надад өвлөгдөж би 1989 онд албан ёсоор брэндийнхээ гүйцэтгэх захиралаас томилогдон ажилласан юм. Миний хувьд ISAIA брэндийг "костюм пиджак хийдэг газар" гэхээсээ илүү тод өнгө, зоримог загвартай lifestyle брэнд болгох зорилготой байсан. Энэ зорилгодоо ч хүрч ISAIA брэнд өмнөх өмнөхөөсөө илүү өнгөлөг, чөлөөтэй бөгөөд орчин үеийн эрчүүдийн хувь хүний онцлог, давтагдашгүй хэв маягийг бүрэн илэрхийлж чаддаг тансаг зэрэглэлийн брэнд болон хувирчээ. Үүний зэрэгцээ бид Касалнуово хотдоо Оёдлын сургууль байгуулан, Наполийн уламжлалт оёдлын арга барил, өв соёлыг дараагийн үеийн урлаачдад өвлүүлэн үлдээж буй.
2. Таны ажлын дундаж нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?
Үргэлж аялж, маш олон хүнтэй уулздаг учраас яг тогтсон нэг хэвийн өдөр ховор. Гэхдээ ихэвчлэн Наполи дахь үйлдвэр дээрээ оёдолчин, урлаачидтайгаа шинэ цуглуулга, шинэ материалуудтай танилцах, багийнхантайгаа уулзаж санаа бодлоо солилцох зэргээр өнгөрдөг. Мөн жилд хоёр удаа би дэлгүүрт болон энгийн цуглуулгад багтаагүй, маш онцгой, цоо шинэ даавууны дээж бүхий тусгай цүнхтэйгээ дэлхийгээр аялдаг. Энэ аялал маань загварын ертөнц дэх шинэ тренд, хүмүүсийн хандлага, аж байдлыг ажиглаж судлах нэг төрлийн судалгааны ажил болчихдог.

3. Таны ажлын нөү-хау?
3. Таны ажлын нөү-хау?
Итали хэлэнд "Sprezzatura" буюу "бүх детальд нь маш их анхаарал хандуулж, хичээж хийсэн хэр нь хөндлөнгөөс харахад огт хичээгээгүй мэт хөнгөн, чөлөөтэй харагдуулах урлаг" гэж үг бий. Бид оёдол, эсгүүртээ хамгийн их анхаарлыг хандуулдаг ч загварын хувьд хэт баригдмал загвар гаргадаггүй.
Миний хувьд амьдралынхаа турш хийх зүйлээ олж тэрэндээ бүр уусаж, бүхий л зүйлээ тэрний төлөө зориулахыг эрхэмлэдэг хүн болохоор замд тааралдах жижиг зүйлсэд бууж өгөхгүй байхыг өөртөө үргэлж сануулдаг. Гэхдээ заримдаа бүх хийж байгаа юмаа түр зогсоогоод, "ер нь яг энийг зөв хийж байна уу? өөрчилж сайжруулах боломж байна уу?" гэж өөрөөсөө асуух орон зай гаргана. Хүн ямар нэг зүйлийг 30 жил сайн хийсээр ирсэн байж болох ч түүнээс ч илүү сайн хийх арга байхгүй гэсэн үг биш.
4. Ашиглахгүй байж чаддаггүй апп, хэрэгслүүд юу вэ?
Технологийн хэрэгсэл, аппаас илүү өөрийнхөө тархийг л сайн ашиглахыг боддог юм. Харин үргэлж биедээ авч явдаг, Наполийн соёлтой салшгүй холбоотой аз дагуулдаг жижиг сахиус бол бий (улаан шүр буюу corallo rosso). Энэ зүүлт бол манай брэндийн бэлгэдэл төдийгүй миний амьдралын салшгүй нэг хэсэг.

5. Цаг хэмнэх хамгийн сайн арга тань юу вэ?
5. Цаг хэмнэх хамгийн сайн арга тань юу вэ?
Аливаа ажлыг эхлүүлсэн бол дунд нь хэт удаан завсарлага аваад удаашруулаад байхыг хүсдэггүй, аль болох хурдан дуусгахыг хичээдэг. Үүнээс гадна, өөрийнхөө багт, Наполийн чадварлаг урлаачдад 100 хувь итгэх нь цагийг сайн хэмнэдэг.
6. Хийх ажлаа хэрхэн төлөвлөдөг вэ?
Хэсэг хугацааны тренд, мэдээлэлд сатааралгүйгээр брэндийнхээ том дүр зураг, алсын харааг маш тодорхой гаргаж түүндээ бүрэн төвлөрөх нь ажлаа төлөвлөхөд тус болдог.
7. Эрч хүчээ хэрхэн сэлбэдэг вэ?

Италийн Капри арал дээр, усан онгоцон дээрээ амарч, эрч хүчээ нөхөх дуртай. Хэрвээ би загварын салбарт ороогүй байсан бол Каприд жижигхэн бүтик зочид буудал нээгээд, дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн сонирхолтой зочдыг гайхалтай дарс, хоол, урлагаар дайлж суух байсан болов уу.
8. Үндсэн ажлынхаа хажуугаар дурлаж хийдэг төсөл/ажил юу вэ?
Би ер нь гараараа юм бүтээх дуртай учраас хоол хийх бол миний бас нэг хобби. Хоол хийх загвар гаргаж хувцас оёхтой төстэй санагддаг юм. Бас залуудаа газрын теннис сайн тоглодог байсан, одоо бага багаар буцаад тоглож эхлэх гээд оролдож байна.
9. Хийж буй ажлын онцлог юу вэ? Эерэг сайн ба хэцүү бэршээлтэй талууд?

Онцлог гэвэл загварын салбар зургаан сар тутамд шинэ цуглуулга гаргадаг. Үүнийг нэг ёсондоо хагас жилийн хугацаанд хийсэн ажлаа шалгуулж байгаа шалгалт гэж хэлж болно. Тийм ч учраас цаг үргэлж бүтээлч байж, гараасаа юм гаргаж байх шаардлагатай болдог. Мөн эрчүүд өдөр тутамдаа пиджак өмсөхөө больсон энэ үед хүний өдөр тутмын амьдралын хэв маягт тохирсон загварууд гаргах нь нэг төрлийн сорилт.
10. Та одоо юун дээр төвлөрч байгаа вэ? Ойрын төлөвлөгөө?
Бидний хамгийн том зорилго бол загварын чиг хандлагыг дагах биш, харин биед эвтэйхэн, тансаг загваруудыг тогтвортойгоор хөгжүүлэх. Одоогоор би хувьдаа аяллаар байнгын авч явдаг улаан цүнхтэйгээ шинэ материалын эрэлд гарсан явна даа.
11. Та өөрийгөө хэрхэн хөгжүүлж, суралцдаг вэ?
Би эргэн тойрноо, ялангуяа залуу үеийнхнийг сайн ажиглаж тэднээс бүтээлч санаа эрж хайдаг. Жишээ нь намайг анх ажиллаж эхэлж байхад пиджак болон өмдийг заавал хослуулж өмсдөг байлаа. Гэтэл хэдэн жилийн өмнө би судалтай хүрэмтэй жинсэн өмд хослуулж өмссөн маш дэгжин залуусыг аялж яваад хараад өөр содон загварууд гаргах санаа төрсөн.

12. Санал болгох ном, хөгжим, кино?
12. Санал болгох ном, хөгжим, кино?
Домогт теннисчин Андре Агассигийн "Open" намтар номыг санал болгоё. Би өөрөө теннис тоглох дуртай учраас мэргэжлийн тамирчны карьерийн түүхийг унших сонирхолтой бас их урам зориг өгсөн. Дууны хувьд дуучин Фрэнк Синатрагийн дуулсан "My Way"-ийг санал болгоё. Ямар ч дүрэмд баригдалгүй өөрийнхөөрөө, эрх чөлөөтэй амьдрах миний амьдралын философи энэ дуунд шингэсэн байдаг. Харин кино гэвэл Рассел Кроу гол дүрд нь тоглосон "A Good Year"-ийг онцолъё.
13. Авч байсан хамгийн сайн зөвлөгөө?
Ааваасаа сонсож байсан зөвлөгөө л санаанд орж байна. “Хүмүүст таалагдах болов уу гэх бодлоос өөрийгөө чөлөөлж өөрийн санаа, бүтээлч байдалдаа итгэх хэрэгтэй” гэж хэлж байсан нь зоригтой, бодсон, төлөвлөснөө шууд хэрэгжүүлэхэд одоо ч тусалдаг.
14. Бусдад шидэх санаа?
Хамгийн гол нь өөртөө үнэнч, өөрийнхөөрөө бай. Хэрэв насаараа хийх зүйлээ олж чадсан бол тэр зүйлдээ эрч хүч, цаг хугацаа, сэтгэл зүрх, бүхнээ зориулахад бэлэн байгаарай.

Сэтгэгдэл бичих

