Цар тахал редакцуудын хэвийн үйл ажиллагаанд илтэд сөргөөр нөлөөлсөн ч, сэтгүүл зүйн салбар урьдынхаараа хөгжил хөдөлгөөнтэй хэвээр нэгэн он улирч байна. Энэ өнцгийг түрүүлээд олоод харчих нь яав аа, үнэхээр л явж хийсэн материал юм даа гэж бодогдуулсан, цагаан атаа төрүүлсэн олон арван агуулгыг өнгөрсөн 12 сарын турш салбарынхан маань бүтээжээ. Unread Media уламжлал ёсоор энэ онд сэтгүүлч, нийтлэлчдийн бичсэн шилдэг бүтээлүүдээс онцлон хүргэж байна. Энэ удаа бид 12 сайт, сонин, сэтгүүлийн бүтээсэн агуулгыг онцоллоо. Түүнчлэн заавал уншууштай 13 нийтлэлийг төгсгөлд нь дурдав.
EGUUR.MN: “ЭГҮҮР”-ийн сэдэв: Монголын сэтгүүл зүй яагаад гажуудав, бид хаашаа явах ёстой вэ

Нийтлэлч: Сайтын редакц
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан “Eguur.mn” сайт редакцаараа ажиллаж бүтээсэн агуулга. Энэхүү бүрэн зураглалд хэвлэл мэдээллийн салбарын санхүүжилт, эзэд, редакуудын дотоод асуудал, сэтгүүлч, судлаачдын гаргалгаа, сэтгүүлчдийн чадамжийн тухай, боловсон хүчин бэлтгэж буй үйл явц, дэлхийн сэтгүүлзүйн жишиг, сэтгүүлзүйд бугшсан сөрөг хандлага зэрэг олон өнгөөс тусгай нийтлэл, сурвалжлагууд бэлтгэн, багцалж хүргэсэн юм. Эдгээр нь сэтгүүлзүйн салбарт нүүрлээд буй гажуудлын уг шалтгааныг тодруулахад чиглэжээ. Эцсийн дүндээ хоёр зүйл дээр редакцийнхан санал нэгджээ. Тэр нь сэтгүүлзүйн салбарт эргэлдэж буй бохир мөнгөний урсгал болон үүнд дадаж, эрэмшсэн сөрөг хандлага бүхий редакцын дотоод соёл л сэтгүүл зүйн гажуудлын гол үндэс аж.
Нийтлэлийг бүрэн эхээр нь ЭНД дарж уншина уу.
eguur.mn сайтын редакц
UB.LIFE: СЭТГЭЛ ГЭДЭГ ЭРХТЭН: НАДААС “АМЬДРАЛЫНХАА АЛЬ ҮЕИЙГ ДАВТАХГҮЙ ВЭ?” ГЭВЭЛ ТЭР Л ҮЕИЙГ ХЭЛНЭ

Нийтлэлч: Ч.Бат-Уянга
Сэтгэл гутралын тухай сэтгэл зүйч бус хүмүүсийн яриа. Ч.Бат-Уянга сэтгүүлч 2021 онд хэд хэдэн сонирхолтой мультимедиа агуулга бүтээснээс энэхүү агуулгыг онцолж байна. Зөвхөн сэтгэл гутралаас болж жилд 300-400 хүн амиа хорлодог нийгэмд гурван эмэгтэй хэрхэн сэтгэл зүйн хүнд зовлонт үеэ даван туулсан, сэтгэл гутралаа уучлал, нинж сэтгэлийн хүчээр давснаа ний нийгүй ярьжээ. Хүнд материаллаг амьдралаас гадна оюун санааны амьдрал байдаг. Тэр амьдрал нь материаллаг хүчин зүйлстэй маш хүчтэй харшилдан, монгол хүмүүс огтоос тооцоолоогүй харанхуй, харгис стрессийн ангал руу хөл алдаж байгаа. Үүний учир шалтгааныг ганц ч болов хүн ойлгоход энэ ярилцлага дэм болно. Ярилцлагын хөтчийн мэдрэмжтэй чиглүүлэг, оновчтой хэл найруулга бүхий буулгалтыг ч энд онцлууштай.
Нийтлэлийг бүрэн эхээр нь ЭНД дарж уншина уу.
Нийтлэлч Ч.Бат-Уянга
Ikon.mn: “Б.Дашням: Хийсэн филтерүүдийг минь гадаадын одууд хэрэглэж, нийт хандалт 4 тэрбумд хүрэхэд маш их урам авсан”

Нийтлэлч Б.Даваабазар
Амьдрал мета ертөнцөд өрнөж эхэлснийг Марк Зукербергээс хоёр сарын өмнө Б.Дашням хэмээх залуу монголчуудад сануулсан юм. Сүхбаатар дүүргийн зургаадугаар сургуулийн төгсөх ангийн сурагч тэрээр (nickname XICKO) чөлөөт цагаараа 100 гаруй Augmented Reality (AR) инстаграм филтер хийж, нийт 4.4 тэрбум хандалт авчээ. Цаг үеэ мэдэрч, олон улсад тун амжилттай ажиллаж буй залууг танилцуулсан энэхүү ярилцлагыг онцолж байна.
Нийтлэлийг бүрэн эхээр нь ЭНД дарж уншина уу.
Нийтлэлч Б.Даваабазар
Baabar.mn: МОНГОЛ ҮНДЭСТЭН ҮҮСЧ, МОНГОЛ УЛС БИЙ БОЛСНЫ 100 ЖИЛ

Нийтлэлч: Баабар
Улс даяараа бүтэн жилийн турш туйлшран, элдэв төрлийн 100 жилийн ойг ёслон тэмдэглэсэн явдлыг нийтлэл Баабар оны төгсгөлд хурцаар шүүмжлэв. Антибаабаристуудад зориулсан урхи гэмээр гарчигтай нийтлэл үнэндээ бол түүхийг улс төржүүлж буйг ул суурьтай, баримттай няцаажээ. Нийтлэлийн гол санаа 100 жилийн өмнө монголчууд бүгд харанхуй бүдүүлэг, өвчиндөө баригдсан байсныг коммунист оросууд аварсан хэмээх бүдүүлэг суртал нэвтрүүлгээс салж, түүхээ үнэн мөнөөр нь харахад уриалсан байна.
Нийтлэлийг бүрэн эхээр нь ЭНД дарж уншина уу.
Нийтлэлч Баабар
NEWS.MN: ХАЛАМЖИД ТУЙЛАГСДЫН ҮНЭН ТӨРХ

Нийтлэлч: Э.Сосорбурам
Нийслэлд яагаад Ковид-19 цар тахлыг хяналтаасаа алдсаны хариултыг оргил дэгдэлтээс нь өмнө хийсэн энэхүү сурвалжлагаас бэлээхэн харчихаж болно. Хотын хамгийн том мөртлөө хамгийн алслагдсан, ядуус ихтэй Баянзүрх дүүрэгт хийсэн энэ сурвалжилгын гэрэл зургууд нийгмийг цочроосон юм. Иргэд амны хаалт авах уу, талх авах уу гэсэн сонголттой тулгарчихаад буй тухай сэтгүүлчийн бичиглэл ч бас мэдээлэх зарчмаа баримталсан мэргэжлийн ажил болж чаджээ.
Нийтлэлийг бүрэн эхээр нь ЭНД дарж уншина уу.
Нийтлэлч Э.Сосорбурам
ERGELT.MN: SOS: ШАХМАЛ ТҮЛШНИЙ БАРЬЦАЛДУУЛАГЧ БОДИСЫГ "АЛТАНТАРИА", "АТАР" ГУРИЛТАЙ ХОЛЬЖ БУЙ ХЭРГИЙН МӨРӨӨР...

Нийтлэлч: Б.Цогтбаяр (хамтын бүтээл)
“Ц.Балдоржийн нэрэмжит шагнал”-ын шалгаруулалтанд төслөөрөө тэргүүлсэн “Ergelt.mn” сайтын редакц 2021 онд эрэн сурвалжлах сэтгүүлзүйд онцгой анхаарал хандуулж ажиллажээ. Шахмал түлшний үйлдвэрлэл горимын бусаар явагдаж буйг баримтаар нотолсон энэхүү сурвалжилгыг уг редакцын сурвалжилгуудаас онцолж байна.
Уншигчид тогтоогоод авууштай нэгэн автор байна. “Еrgelt.mn” сэтгүүлч Б.Цогтбаяр өнгөрч буй онд “Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн төрсөн ахын хөвгүүд төрийн албанд газар, хэлтсийн дарга болцгоожээ”, “Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, “Херо” Б.Баатар нар “дүү”-дээ 1.9 тэрбумын тендер өгч, тоглуулсан түүх буюу “Андлалын луйвар”” цуврал нийтлэл, “Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн улсын төсвөөс хонхойтол авдаг тендерийн мафи”, ““Зангараггүй” Г.Занданшатар унах уу”, “Догоо зааны хүү, охин, хүргэн бэрүүдийн 76 компани, ТББ”, “Б.Жавхлангийн завхрал” цуврал шинжлэлт нийтлэлүүд дээр голлон ажиллажээ. Эдгээр нийтлэлээс болж уг редакцад ирсэн дарамтуудыг тоочвол тусдаа нийтлэл болно.
Нийтлэлийг бүрэн эхээр нь ЭНД дарж уншина уу.
Нийтлэлч Б.Цогтбаяр (хамтын бүтээл)
Gogo.mn: “Хүчирхийллийг үл тэвчье” цуврал

Нийтлэлч: “gogo.mn сайтын редакц”
“Gogo.mn” сайтын редакц 2019 оноос хойш жендерт суурилсан хүчирхийллийн эсрэг “Хүчирхийллийг үл тэвчье” буланг тусгайлан хөгжүүлж, цуврал нийтлэл мэдээ сурвалжилга нийтлэх болсон билээ. Хүчирхийллийн талаар олон талт мэдээлэл, агуулгуудыг төвлөрүүлдэг энэ цувралын хүрээнд өнгөрсөн жил хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүдийн бичсэн “Би хоёр дахь нөхөртэйгөө танилцлаа…” зэрэг сэтгэл өвдөм бичвэрүүд, сэтгүүлчдийн асуудал хөндсөн “Сэтгэхүйд гүн шингэсэн хэвшмэл ойлголт хүчирхийлэл хадгалагдан үлдэхэд нөлөөлж байна”, "Нохойд хазуулсан хүнийг хөлөө ил гаргасан эсэхээр нь шүүдэггүй" зэрэг нийтлэлүүд нийтлэгдсэн юм.
Нийтлэлийг бүрэн эхээр нь ЭНД дарж уншина уу.
Нийтлэлч: “Gogo.mn сайтын редакц”
Uzeg.info: ХЯЗГААРГҮЙ ОРГИЛУУН хүслээр хөтлүүлж, хөглүүлсэн амбийц (цуврал)

Нийтлэлч: С.Гандөл
Туршлагатай, залуу улс төрийн тоймч С.Гандөл энэ онд шинэ редакц байгуулсан. “Uzeg.info” сайтын гол өнгө төрх нь “Сэтгүүлчийн сэтгэл рүү өнгийхүй” хэмээх хөрөг нийтлэлийн булан байв. Энэ булангаас сэтгүүлч Б.Ганчимэгийн тухай гурван цуврал хөргийг онцолж байна. Сэтгүүлзүйд ярилцлагын төрлөөр өөрийн гэсэн орон зай, хэв маягийг бий болгож чадсан Б.Ганчимэгийн эршүүд, бие даасан дүр төрхний цаадах дотоод ертөнц, замнал, үзэл баримтлал, уран бүтээлчийн эмзэглэлээс эхтэй өвөрмөц оршихуйн талаар энэ хөрөгт яруу тодорхой гаргаж иржээ.
Нийтлэлийг бүрэн эхээр нь ЭНД дарж уншина уу.
Нийтлэлч С.Гандөл
tagtaa.mn: БАТЖАРГАЛЫН ОДГЭРЭЛ: ЯРУУ НАЙРАГТАЙГАА ДАХИН ЗАМ НИЙЛЛЭЭ

Нийтлэлч: Мө.Батбаяр
Б.Одгэрэл бол маш сонирхолтой, зөрчилт хувь хүн. 1990-ээд оны модернист яруу найрагч, анхны шар сонингуудын нэгний эрхлэгч, Горькийн сургуулийн оюутан, Гандантэгчилэн хийдэд шавилагч, Жагарын орныг зорьсон сахилт лам гээд харагдах хэлбэрийн хувьд ч, дотоод мөн чанарын хувьд ч сонирхолтой аяллыг яруу найрагч, орчуулагч Мө.Батбаяр энэхүү хөрөг ярилцлагад тодруулахыг хичээжээ. Зохиомжийн хувьд хоёр уран бүтээлчийн харилцан яриа, ном хаялцаан маягтай. Ярилцагчид зайнаас захидлаар харьцсан нь хоёр яруу найрагчийн хэл найруулгыг уншигчид амтархан унших боломж олгосон байна.
Нийтлэлийг бүрэн эхээр нь ЭНД дарж уншина уу.
Нийтлэлч Мө.Батбаяр
ISEE.MN: “БОГД ЗОНХОВ” БУРХНЫ ХӨШӨӨГ 32 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БАРИХ Ч.НОМИН САЙДЫН БАГЦЫГ ДЭМЖИЖ УИХ БАТАЛЖЭЭ

Нийтлэлч: Б.Батчимэг
Нээлттэй өгөгдлийг гярхай шүүсэн сэтгүүлчийн ажил. Нийслэл хотын төвд орших Тасганы овоон дээр Богд Зонховын хөшөөг анх 5.5 тэрбум төгрөгөөр барих Засгийн газрын тогтоол гарсан ч төсөвт өртөг нь 2022 онд даруй 27 тэрбум төгрөгөөр нэмэгдсэнийг сэтгүүлч Улсын төсвийн нээлттэй өгөгдлөөс анзаарч анх олон нийтэд дэлгэсэн юм. Нийгмийн сүлжээнд хүчтэй шүүмжлэл өрнүүлсэн энэхүү нийтлэлийн мөрөөр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Богд зонхов" хөшөөний 32 тэрбумын төсвийг царцаах чиглэл өгч, Соёлын сайд Ч.Номин энэ талаарх саналыг Засгийн газарт хүргүүлээд байгаа билээ.
Нийтлэлийг бүрэн эхээр нь ЭНД дарж уншина уу.
Нийтлэлч Б.Батчимэг
ӨДРИЙН СОНИН: ЕРӨНХИЙ САЙД АСАН САНЖИЙН БАЯР: ХИЙЖ АМЖААГҮЙ, ХЭЛЖ ЧАДААГҮЙ, ЗҮРХЛЭЭГҮЙ ЗҮЙЛДЭЭ ХАРАМСДАГ

Нийтлэлч: Б.Номин-Эрдэнэ
“Удаан уулзаагүй улс учрангуутаа л шууд шоронгийн сэдвээр яриагаа эхлэх юм уу?”. Энэ бол Ерөнхий сайд асан С.Баяр шоронгоос суллагдсаныхаа дараа хэвлэлд өгсөн цорын ганц ярилцлагынхаа эхэнд өгсөн хариулт. Ярилцлага бүхэлдээ дайралт, хамгаалалтаас бүтнэ. С.Баяр өөрийг нь ялласан хэрэг уг үндэсгүй зохиомол зүйл байсныг маш үндэслэлтэй тайлбарлаж, Оюутолгойн гэрээний асуудал дээр урьдын адил өөдрөг хариултууд өгч байв. Стратеги, бодлогын шинжтэй асуултуудаас “мэдээлэлгүй байгаа” гэсэн шалтгаар эвтэйхэн тойрч чадсан бол төгсгөлд нь улс төрийн карьераа нэгэнт өндөрлүүлснээ зориуд ахин цохон тэмдэглэв. Ярилцлага ач холбогдлын хувьд чухал, агуулгын хувьд ч чамбай байсан учраас ийнхүү онцолж байна.
Нийтлэлийг бүрэн эхээр нь ЭНД дарж уншина уу.
Нийтлэлч Б.Номин-Эрдэнэ
“Үндэстний ТОЙМ” сэтгүүл: УРЛАГТАЙ АСУУЛТ: Байгалийн хууль уу? Хүний нийгэм үү? шүүмж

Нийтлэлч: М.Хонгорзул
Урлаг судлаач М.Хонгорзулын бичвэр. Өмнөд Солонгосын найруулагч Бон Жон О-гийн кинонуудад бичсэн шүүмж. Энэ шүүмж юугаараа тийм чухал ач холбогдолтой байв аа? Шүүмжийн гол ач холбогдол нь дэлхийн кино урлагт сүүлийн үед хүчтэй илрэх болсон нийгмийн давхраажилтын сэдвийг өргөн хүрээнд авч үзэж, киноны агуулгыг зохиол болон найруулагчийн метафорын түвшинд задалсандаа юм. Бон Жон О-гийн кинонуудын үндсэн сэдэв нь давхраажилт байдаг агаад тэр тухай дэлхийн кино шүүмжлэгчдийн сонирхолтой гаргалгаа, ажиглалтуудыг энэ шүүмжээс унших боломжтой.
Нийтлэлийг бүрэн эхээр нь ЭНД дарж уншина уу.
Нийтлэлч М.Хонгорзул
Синдикат толк: Блокчейн болон криптовалютын тухай цуврал ярилцлагууд

Нийтлэлч: В.Ганзориг
Крипто, блокчейн зэрэг бол маргаангүй 2021 хамгийн тренд үгс байлаа. Дэлхийн дахинаа блокчейн хэмээх шинэ технологид суурилсан криптовалютууд санхүүгийн салбарыг доргиож, шинэ тоглогчдыг үүсгэж, баялгийн шинэ хуваарилалтыг эхлүүлсэн ба өдгөө энэ салбар нэгэнт хүлээн зөвшөөрөгджээ.
Монголчууд ч энэ чиг хандлагаас хоцорсонгүй. УИХ Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийг баталснаар төр засаг ч энэ чиглэлд боломжийн хурдан хөдөлсөн юм. Магад хүн болгоны ярьж хэлэлцсээр байгаа мэт санагдах криптовалют, крипто бирж, NFT, блокчейн зэрэг ойлголтуудыг тайлбарлахаар нийтлэлч В.Ганзориг салбарын экспертүүд, гол тоглогчдыг урин цуврал хэлэлцүүлэг өрнүүлж, цэгцтэй мэдээлэл өгснийг онцолж байна.
- Криптовалют гэж юу вэ?
- Крипто бирж
- NFT
- БлокчэйнНийтлэлч В.Ганзориг
“Зиндаа” сэтгүүл: Монгол улсын төлөө зүтгэсэн гадаадын нэг, гадаад дахь нэг тагнуулын тухай

Нийтлэлч: М.Саруул-Эрдэнэ
АНУ-ын Конгрессийн номын сангийн монгол номын мэргэжилтэн, хэл шинжлэлийн ухааны доктор М.Саруул-Эрдэнэ архивын ховор, сонин баримтуудад тулгуурлан нийтлэл бичдэг билээ. Энэ удаа бид “Зиндаа” сэтгүүлд нийтлүүлсэн "Монгол улсын төлөө зүтгэсэн гадаадын нэг, гадаад дахь нэг тагнуулын тухай" өгүүллийг нь онцолж байна.
Финлянд, Шведийн дипломатч, хэл шинжээч Густав Ион Рамстедт 1912 онд Их хүрээнд сууж байсан. Хожим Петербургт байхдаа Орос, Хятадаас Монголтой хэлэлцээр хийхээр очсон төлөөлөгчдийн талаар чухал мэдээлэл, хэрхэн нөлөөлөх арга замын талаар монголын удирдагчдад илгээдэг байсан байна. Ийм ч учраас судлаач Г.И Рамстедтыг Монгол улсын анхны гадаад тагнуул гэж үзжээ.
Харин Дилова хутагтыг нууц төлөөлөгчиөөрөө томилсон Дэ Вангийн албан бичиг олдсон байна. Түүнчлэн Америкийн нэрт монголч Оуэн Латтимороор дамжуулан маршал Х.Чойбалсанд үг дамжуулахыг оролдож байсан мэдээ сачгийг нийтлэлд мөн дурджээ.
дурдууштай 13 нийтлэл
1. Сэтгүүлч Б.Ганчимэг: “ХӨСҮТ”-ээс хийсэн иргэний сэтгүүлзүйн тэмцэл
2. Eguur.mn: Япон дахь монголчууд цуврал (7 сурвалжилга)
3. Ergelt.mn: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, "Херо" Б.Баатар нар "дүү"-дээ 1.9 тэрбумын тендер өгч, тоглуулсан түүх буюу "Андлалын луйвар
4. News.mn: О.Батсайхан: Ардын хувьсгал бол бидний тэмдэглэх учиргүй өдөр
5. UB.Life: Өнөөдрийн зурвас: Хандаа эгч
6. Livetv.mn: “FACTCHECK: Хавдар судлалын үндэсний төвд болсон жигшүүрт хэрэг” нэвтрүүлэг
7. "MОНЦАМЭ" агентлаг: Ц.Дэлгэрмаа: Дотроосоо дурандъя
8. Baabar.mn: Монгол “Дэн”
9. Ata.mn: “БОАЖЯ-ны албан тушаалтнуудын зохион байгуулалттай дээрмийн сүлжээ” цуврал. (Нэгдүгээр хэсэг, хоёрдугаар хэсэг)
10. iToim.mn: “Дэлхийн Монгол” цуврал (23 ярилцлага)
11. Baabar.mn: Ардчилагдсан нь (цуврал нийтлэл)
12. Gogo.mn: Соёлын довтолгоо
13. iKon.mn: Боловсролыг наадмаасаа хойно тавьж чаддаг ТӨР

Сэтгэгдэл бичих (2)


z zochin 66.181.170.229
Jil bur huleedeg niitlel shu. Ingeed saihan shuugeed negtgeed ugdugt bayrlalaa. Unshuurtai niitleluud songojee. Endees gants 2iig ni l unshsan baih yum. Busdiig n ch bas unshij uznee.
Б Бодит үнэн 149.86.17.154
Халамжаар нээх туйлаад байсан юм байхгүй ш дээ. БЗД-н гурван өрхийн амьдралыг харуулсан хэдий ч Гарчиг, нийтлэл хоёр хоорондоо таарахгүй байна, Ньюс.мн Сосорбурамын нийтлэл. Unread-нхан ийм муу нийтлэл сонгохоосоо ичээч. Энэ подкастыг сонсоод харин та нар өөрсдөө энэ асуудлаар нийтлэл бичвэл их тустай шүү. Энийг сонсоорой. Дараагийн нийтлэлд чинь хэрэг болох бх. https://www.youtube.com/watch?v=TgsZzvpxP9I&t=8s