Байгууллагын нэр: КоллПро ХХК
Байгуулагдсан он: 2014
Үйл ажиллагааны чиглэл: Байгууллагын харилцаа холбоо
Ажилтны тоо: 70+
Хаяг: Regis Place, 5-р давхар
Цахим хаяг: info@callpro.mn
Сошиал хуудас: Website, Facebook, Instagram, Twitter, YouTube

Байгууллагыг тодорхойлох түлхүүр үг: Мөс хагалагч, Ардчилсан, Нөхөрсөг

ЯАГААД СОНГОХ БОЛОВ?

Үүлэн технологид суурилсан шийдэл, үйлчилгээг зах зээл төдийлөн ойлгодоггүй байсан үе буюу 2014 онд КоллПро компани үүсгэн байгуулагдсан бөгөөд өдгөө 70 гаруй залуусыг эгнээндээ нэгтгэн ажиллаж байна. Одоогоор тэд үүлэн технологид суурилсан, аль ч төхөөрөмж дээр, хэдийд ч, хаанаас ч дуудлага хүлээн авах, автомат хариулагчаар хариулах, холбогдох алба, хэлтэс рүү хүний оролцоогүй шилжүүлдэг CallPro, байгууллагын зүгээс хэрэглэгчдэдээ төрөл бүрийн текстэн мэдээлэл илгээх, хэрэглэгчдээсээ мессеж хүлээн авах боломж бүхий MessagePro, харилцаа холбооны бүх датаг цуглуулах, үр дүнгээ хэмжих, хамтран ажиллах нөхцөлийг бүрдүүлж буй CallPro Teams үйлчилгээнүүдийг хүргэж байгаа юм.

КоллПро компани 2021 онд Киргиз улсад CallPro KG, АНУ-д CallPro US салбар компаниудаа байгуулсны зэрэгцээ Энэтхэг улсад төвтэй 6D Technologies компанитай хамтран ажиллах хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зуржээ. Ингэснээр 6D Technologies компани нь дэлхийн 80 гаруй орны 120 гаруй оператор компанид КоллПро-ийн бүтээгдэхүүн, үйлчилгээг таниулах боломжтой болж байгаа юм. Мөн 2023 онд Узбекстан улсад, 2024-2025 онуудад Өмнөд Солонгос, Казакстан улсуудад салбар компаниа байгуулах төлөвлөгөөтэй байгаа гэдгээ бидэнтэй хуваалцсан билээ.

Иймд манай редакц дотоодын төдийгүй олон улсын зах зээлд өөрсдийн үнэ цэнийг бий болгож яваа КоллПро ХХК-ийн ажлын орчинтой танилцахыг хүссэн юм. Ингээд 3000 гаруй байгууллагын харилцагчтай КоллПро компанийн оффисоор хамтдаа зочилъё.



АЖЛЫН ОРЧИН, ТОХИЖИЛТ 

Орон зайг ухаалгаар шийдэх нь

Ерөнхий зохион байгуулалт: КоллПро компани одоогийн оффисоосоо өмнө хоёр газарт үйл ажиллагаагаа явуулж байжээ. Харин өнгөрсөн оны зургаадугаар сарын 1-нээс бидний өнөөдрийн танилцуулж буй уг оффисоо хүлээн авсан аж. Бизнес өргөжиж, хамт олон тэлэхийн хэрээр тэдэнд том зай талбай хэрэг болох нь мэдээж. Тиймдээ ч чамгүй хугацаанд эрж хайсны эцэст тохирох газраа олсон гэдэг. Энэхүү оффисын ерөнхий зохион байгуулалт нь нээлттэй, задгай бөгөөд газар, нэгжүүдийг өрөөгөөр тусгаарлаагүй нь ажилтнууд хоорондын харилцааг илүү чөлөөтэй өрнүүлэх боломж бүрдүүлжээ. Онцлууштай нь тэд дотоод заслын тал дээр газар, нэгж бүрээсээ санал асуулга авч, тэдэнд зайлшгүй хэрэгтэй зүйлсийг шийдэхээр зорьсон гэнэ.

Хоёр давхрын шийдэл: Өндөр таазтай учир оффисын баруун доод талыг хоёр давхар болгож, уулзалтын том өрөө болон дуудлагын төвийг байршуулсан байв. Операторууд хэрэглэгч, харилцагч байгууллагуудтай байнгын дуудлага хийх шаардлагатай учраас бусад газар, нэгжээс тусдаа байх нь зөв хэмээн үзсэн байна.

Улаан, цэнхэр өрөө: КоллПро компанийг зорин ирэх харилцагчид үүдний хэсгийн хоёр өрөөнд уулзалт хийж, ажлаа бүтээх боломжтой. Улаан болон цэнхэр өнгөний сонголттой тус өрөөнүүдийг тохилог сандал, ширээ, дэлгэц, самбараар тохижуулжээ. Түүнчлэн зарим хурал, уулзалтыг давхардуулахгүйн үүднээс өрөө захиалгын системийг хөгжүүлсэн нь тун онцлууштай байсан юм. Технологийн компанийн давуу тал энэ мэт жижиг зүйлсээс илт харагддаг аж.



Шатны доорх өрөө: Байгууллагын харилцаа холбоог шийдвэрлэж, холбогдох алба, хэлтэс рүү хүний оролцоогүй шилжүүлэхийн тулд автомат хариулагч зайлшгүй шаардлагатай. Тиймдээ ч шатны доорх орон зайг тун ашигтай байдлаар ашиглан, хоолой бичих, чухал дуудлага хийхэд тохиромжтой болгожээ. Мөн шатны доод хэсгийг бичиг баримт хадгалах шүүгээ болгосон нь оновчтой шийдэл болсон байв.

Захирлын “жижиг” өрөө: Ихэнх байгууллагын удирдах албан тушаалтны өрөө том зай талбайтай байх нь элбэг. Харин КоллПрогийн захирлууд аль болох бага талбайтай өрөөнд суух аж. Тэдний үзэж буйгаар нэг хүнд зориулсан өрөөг том хийх шаардлагагүйн зэрэгцээ ажилтнуудтайгаа ойр байхад жижиг өрөө нь илүү тустай гэнэ. Ингэж ойр байснаар тулгарч буй бэрхшээл, асуудлаа чөлөөтэй ярилцах нөхцөл бүрддэг төдийгүй хаалга тогшиж, зөвшөөрөл авч байж ордог бичигдээгүй дүрэм үгүй болжээ.

Нар ээсэн гал тогоо: КоллПро компанийн оффисын орчноос хамгийн эрэлт өндөртэй хэсэг нь гал тогоо гэхэд хилсдэхгүй болов уу. Таазнаас шал хүртэлх өндөр цонх өглөөний нарыг хангалттай сайн нэвтрүүлж, амарч тухлан амтат кофегоо уухад төгс тохирох орчинг энд бүрдүүлжээ. Хэрэв би тус компанийн ажилтан байсан бол ажлын цагийнхаа дийлэнх хугацааг гал тогоондоо өнгөрүүлэх байсан гэдэгтээ огт эргэлзэхгүй байна. Зарим талаараа яг л айл гэрийн гал тогоо шиг мэдрэмж төрүүлсэн ба хамт олны хамгийн халуун дотно яриа энд л өрнөдөг гэлтэй.



Ажилтнуудаа халамжилсан шийдлүүд

Энтертэйнмент хэсэг: Ажлын үр бүтээмжийг нэмэгдүүлэхэд чанартай завсарлага чухал нөлөө үзүүлдэг гэдэгтэй хүн бүр санал нийлэх биз ээ. Нээрээ л их ажлын хажуугаар хамт олонтойгоо тоглох, тухтай ярилцаж суух нь юу юунаас илүүтэй эрч хүч өгдөг. Технологийн компанийн онцлогоос хамаараад тэдний дийлэнх нь харанхуй орчинд ажлаа хийх дуртай, ихэнх цагаа компьютерын дэлгэцийн ард өнгөрүүлдэг тул амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэх хэсгийг байгалийн гэрэл тусдаг, харууц сайтай байршилд тохижуулсан байв. Энэхүү энтертэйнмент хэсэгт тэд спортын тоглолтууд үзэж, шатар, ширээний теннис, дартс, хөлөгт тоглоом тоглох зэргээр хөгжилддөг гэнэ. Түүнчлэн энтертэйнмент хэсгийн хажууханд зөвхөн нэг хүнд зориулсан хэсэг бий. Энд төрөл бүрийн ном бий бөгөөд их хотын амьдралыг тольдонгоо буйдан дээр тухлан дуртай номоо уншиж суух боломжтой. Сонирхуулахад, 16 цагаас хойш оффистоо шар айраг ууж болдог гэнэ шүү.

Хүүхдийн булан: КоллПрогийн оффист ажилтнуудынх нь хүүхдүүд зочлох тохиолдол гардаг. Энэ үед бяцхан жаалуудад гар утас, таблет, зурагтнаас өөр тоглоомны сонголт байдаггүйг анзаарсан тэд оффисынхоо нэг буланг хүүхдэд зориулан тохижуулжээ. Тэднийг цагаа илүү үр бүтээлтэй өнгөрүүлээсэй гэсэндээ ном болон тоглоом бэлдсэн ба бага насны хүүхдийн өндөрт таарсан модон ширээ, сандал, тавиурыг ч байрлуулсан байв.



Ажлын байр бол хоёр дахь гэр: Ажлын байран дээрээ гэртээ байгаа мэт тухтай байвал олон эерэг үр дүн гарах нь мэдээж. Тиймээс энд ажилтан бүр өөрийн гэсэн шүүгээтэй ба энэхүү шүүгээгээ биед эвтэйхэн хувцсаа сольж өмсөх, хэрэгтэй эд зүйлээ хадгалах зэргээр ашигладаг. Мөн хүн бүр хоёр дэлгэцтэй ажилладаг учраас дотоод орчны агаарын чанарыг сайжруулах үүднээс тасалгааны ургамал тарих, чийгшилийн хувийг зохистой хэмжээнд барих агааржуулалтын төхөөрөмж ажиллуулах зэргээр ажилтнуудаа халамжлах шийдлүүдийг дурдаад байвал дуусахгүй. Хамгийн онцлууштай нь эмэгтэйчүүдийн ариун цэврийн өрөөнд арьс арчилгааны чийгшүүлэх тос, нарны тос, гарын тос зэрэг бүтээгдэхүүнүүдийг бэлдэж өгсөн явдал байлаа.

БАЙГУУЛЛАГЫН СОЁЛ, СУРГАЛТ ХӨГЖҮҮЛЭЛТ

Уян цагийн хуваарь: Хүн бүр Улаанбаатар хотын харилцан адилгүй байршлаас ирдэг тул 2022 оноос уян цагийн хуваарьт шилжиж, 08:00-17:00, 09:00-18:00, 10:00-19:00 гэсэн цагийн хуваариар ажиллаж эхэлжээ. Энэ нь ч ажлын бүтээмжийг нэмэгдүүлсэн аж. Гагцхүү ажлын цагийн хуваарьт зайлшгүй тавьдаг нэг шаардлага бий. Тэдний ихэнх харилцагч байгууллагын ажил 09:00 цагт эхэлдэг учир аливаа газар, нэгжид харьяалагдаж байгаа багийн 50 хувь нь 09:00 цагт ирсэн байх ёстой бөгөөд ирэх цагаа баг хоорондоо зохицож, тохирдог.

Тогтвортой хөгжлийг дэмжигч хамт олон: Тэд энэ оффистоо нүүж ирснээс хойш идэвхийлэн хогоо ангилан хаяж байгаа ба урт хугацааны харилцагч байгууллага болох “Ойм”-оос үрсэлгээ ургуулахад ашиглах нэг удаагийн цаасан аяга цуглуулах уриалга гаргасныг тэд ч биелүүлэх болжээ. Мөн тэд хэрэгцээгүй үед цахилгаан ашиглахгүй байх дүрмийнхээ дагуу орсон, гарсан өрөө бүрийнхээ гэрлийг заавал унтраадаг дадалтай.



Гурван төрлийн клуб: Захирал, ажилтан гэлгүй хоорондоо нээлттэй байдаг КоллПрогийнхон тун ч гэр бүлсэг уур амьсгалтай хамт олон. Тиймдээ ч хамт олноо идэвхжүүлэх үйл ажиллагаа, арга хэмжээг нэмэгдүүлэх үүднээс өнгөрсөн оны есдүгээр сараас гурван төрлийн клубийг байгуулан ажиллаж буй. Үүнд нийгмийн хариуцлага, танин мэдэхүй, спорт эрүүл мэнд гэсэн гурван клуб багтах ба клуб бүр дөрвөн төрлийн үйл ажиллагааг тухайн жилд зохион байгуулах үүрэгтэй.

Эрүүл, идэвхтэй амьдралын хэв маяг: Компани эцсийн эцэст хүн дээр тогтдог тул ажилтнуудаа халамжлах нь асар чухал. Тиймдээ ч сүүлийн дөрвөн жилийн хугацаанд тэд ажилтан нэг бүрээ эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамруулж байгаа ба бүх ажилтныг англи хэл, иог, бялдаржуулах төвд үнэ төлбөргүй хамрагдах боломжийг олгожээ.

Хоцролтын мөнгө: Ажлын цагаасаа хоцроход дүйцэх мөнгийг цалингаас нь шууд хасдаг тогтолцоог бага зэрэг өөрчилж, тэрхүү хассан мөнгөөрөө дундын сан босгож, түүнийгээ нийт хамт олондоо хэрэгцээт зүйлсэд зарцуулах болжээ. Жишээлбэл, эмнэлэгт хэвтсэн нэгнээ эргэх, төрсөн өдрөөр нь баярлуулах зэрэгт зарцуулдаг гэнэ. Санаа авууштай шийдэл байгаа биз?

АЖИЛТНУУДЫН СЭТГЭГДЭЛ

Бусад багийнхантайгаа хурдан хугацаанд мэдээлэл солилцох, харилцагч байгууллагуудтай уулзахад манай оффисын нээлттэй, задгай зохион байгуулалт их тус болж, ажлыг маань хөнгөвчилж өгдөг. Миний хувьд өглөө ажилдаа ирээд кофе уунгаа цонхоор их хотын хөдөлгөөнийг ажиглах дуртай. Мөн сэргэлт авмаар санагдсан үедээ ном унших хэсэгт дуртай номоо гарчиглан суудаг.

Борлуулалтын ахлах менежер: У.Ариунзул 

Хамт олны халуун дулаан уур амьсгал бий болоход нөлөөлдөг хамгийн чухал хүчин зүйл нь ажлын орчин. Нөгөө талаас байгууллагын соёл ч мөн адил чухал үүрэгтэй. Бидний хувьд албан тушаал үл харгалзан бие биетэйгээ нээлттэй харилцдаг болохоор тэр чинээгээрээ асуудал, бэрхшээлээ чөлөөтэй ярилцдаг. Энэ нь ямагт аливаа ажлыг эерэг үр дүнд хүргэдэг давуу талтай.

Хөгжүүлэлтийн газрын инженер: Ч.Төгөлдөр