Байгууллагын нэр: Монложистикс Ворлдвайд ХХК
Байгуулагдсан он: 2005 он
Үйл ажиллагааны чиглэл: Олон улсын тээвэр, ложистик
Ажилтны тоо: 100+
Хаяг: БльюМон оффис, 10-р давхар
Сошиал хуудас: Website, Facebook, Instagram
Байгууллагыг тодорхойлох түлхүүр үг: Тээвэр сүлжээ, Хил хязгаар, Соёл хандлага
ЯАГААД СОНГОХ БОЛОВ?
Монголын ачаа тээврийн салбарт 18 жилийн турш мэргэжлийн үйлчилгээгээр түүчээлж буй шинийг эрэлхийлэгч, инновацлаг хамт олны шинэ ажлын орчин, групп компанийн соёл, ажилчдын дотоод уур амьсгал нь “дэлхий рүү тэмүүлэх үндэсний брэнд” мөн гэдгийг эрхгүй санагдууллаа.
Монложистикс Ворлдвайд ХХК нь дэлхийн таван тивийг холбох Монгол улсын тээврийн салбарт анхдагчдын нэг бөгөөд Монложистикс Группийн ууган компани юм. Өнөөдөр Монложистикс Групп нь 10 охин компани 180 гаруй ажилтан, гаднын 800 гаруй харилцагч түнш, дотоодын 1500 гаруй үйлчлүүлэгчидтэй хамтран ажилладаг.
Монголчууд өөдлөх айл үүднээсээ гэдэг. Орох үүдний баруун талд хувцас солих өрөө байх ба гадуур хувцасны өлгүүр, хувцас солих шүүгээ, солих гутлыг эмх цэгцтэй эгнүүлэн тавьсан нь эгээ л хүүхдийн цэцэрлэг мэт эмх цэгцтэй харагдана. Тэд Зайсангийн нүсэр түгжрэлээс холдож, хотын төвд нүүж ирэхдээ ажилтнуудынхаа тав тух, ажлын бүтээмжийг чухалчилж, оффисын засвар тохижилтдоо онцгой анхаарч засвар, шинэчлэлийн ажилдаа чамгүй хөрөнгө, хугацаа зарцуулсан харагдана.
Энэхүү оффист Монгол улсаа Ази, Европыг холбосон ложистик төв болгох хэтийн зорилготой залуус гадна, дотнын харилцагч нартай тасралтгүй утсаар ярьж, хурал уулзалт хийж, завгүй боловч зорилготой ажиллаж байна.
АЖЛЫН ОРЧИН
Цэлгэр задгай танхим
Дэлхийн таван тивийн 160 гаруй орны 800 гаруй харилцагч түншүүдийн өргөн сүлжээ, хилийн боомтууд, төлөөлөгчийн газруудаар дамжуулан бүх төрлийн тээвэр ложистикийн цогц үйлчилгээг үзүүлдэг тэдний хувьд нээлттэй харилцаа, хамтын ажиллагаа нэн чухал. Саруул харагдацтай, цэлгэр танхимд олон улсын тээврийн алба, гадаад харилцаааны алба, бизнес хөгжил, санхүү гээд 70 гаруй хүн ажилладаг. Алба хэлтэс, үүрэг чиглэлээрээ өрөөнд хуваагдан суудаг хуучин арга ард хоцорсны баталгаа болгон оффистоо хэн ч, хаанаас ч өөрт тухтайгаар ажиллах нөхцөл, боломж олгож чөлөөтэй, цэлгэр, уужим, задгай талбайг тохижуулжээ.
Олноороо сууж ажиллахад нүүрстөрөгчийн давхар исэл их хэмжээгээр ялгарах сул талтай боловч гол танхимыг тасалгааны болон модлог ургамлуудаар тусгаарласан нь хүчилтөрөгч ялгаруулах, агаар халдваргүйжүүлэх, чийгшил хадгалах давуу талтай.
Хурал уулзалтын өрөө, утасны бүхээг
Харилцагч түнш, үйлчлүүлэгч нартай хийх бизнес уулзалт, чухал шийдвэр гаргах хурлууд энэхүү өрөөнд өрнөдөг. Уулзалтад оролцох харилцагчдын оюун санаа, бие махбодын тав тухыг хангаж дотоод засал, тавилгын чанар, эргономик орчин, агаарын солилцоо зэргийг нэг бүрчлэн тооцсон нь тансаг, таатай мэдрэмж төрүүлэв.
Хурлын өрөөний гадна наран ургах зүг рүү харсан, хотын төвийг тольдох босоо ширээ, сандал байх ба суугаа ажил эрхэлдэг оффисын ажилтнуудын хувьд өдөртөө хоёр цаг зогсоогоор ажиллах нь эрүүл мэнд болон ажлын бүтээмжид сайнаар нөлөөлдөг тул ийнхүү бэлджээ.
Тээврийн салбарын онцлогоос шалтгаалж гадаад болон дотоодын харилцагч, үйлчлүүлэгч нартай урт хугацаанд утсаар ярих, цахимаар хуралдах, зарим үед цагийн зөрүүнээс шалтгаалж шөнөөр ч ажиллах шаардлага тулгардаг аж. Хамт ажиллагсадын анхаарал төвлөрөл, ажилд нь саад болохгүйн үүднээс оффис дотроо зориулалтын дуу тусгаарлагчтай, ажиллах орчин бүхий утасны бүхээгүүдийг байрлуулжээ. Бидний зураг авалт үргэлжлэх хугацаанд тус утасны бүхээг ямар ч чөлөө, завгүй байсан нь тэдний ажлын онцлогийг харуулах мэт.
Клуб, номын булан, амрах өрөө
Энэ жилээс компанийн ажилчид ижил сонирхлоороо нэгдэн клуб байгуулах санал гаргаснаар гар бөмбөг, завин аялал, шатар, и-спорт, ширээний хөлбөмбөг, номын клубуудтэй болжээ. Эдгээр клубуудыг компанийн зүгээс улиралдаа нэг удаа санхүүжүүлдэг байна.
Номын клубын санаачилгаар бүтсэн номын булан нь ажилчид хоорондоо нээлттэй ярилцах, санал бодлоо хуваалцах чөлөөт талбар аж. Компанийн бүтцээс шалтгаалж ажилчид бие биетэйгээ ойртон дотносох боломж тэр бүр гардаггүй боловч сонирхлын клуб, амрах өрөө, номын булангаар дамжуулан нэгэнтэйгээ дотно найзлах боломжтой болжээ.
Ажлын дундуур чилээгээ гаргаж, амрах хугацаандаа хөгжилдөх боломжтой тоглоом бол ширээний хөлбөмбөг. Өдрийн цайны цагаар хөвсгөр сандлууд дээр амарч, ширээний хөл бөмбөгөөр өрсөлдөх дуртай тэдний хамт олон жил бүр уламжлал болгон компанийн аваргаа тодруулдаг гэнэ.
Байгууллагын соёл, сургалт хөгжүүлэлт
Сургаж, хөгжүүлж, хадгална
Тэд хүний нөөцийн бодлогодоо:
- Attract: Чадварлаг боловсон хүчнийг эгнээндээ нэгтгэж
- Develop: Тэднийг хөгжүүлж
- Retain: Компанидаа хадгалах гэсэн стратегийг хэрэгжүүлдэг.
Ажилтныг сурган хөгжүүлж, ур чадвараа ахиулахыг дэмжих нь компанийн алсын харааны нэгэн хэсэг бөгөөд энэхүү манлайллын соёлдоо жил бүр 100 гаруй сая төгрөгийг зориулдаг нь атаахрмаар жишиг аж. Үүний хүрээнд жил бүр Азийн №1 сургууль Сингапурын Үндэсний Их сургуулийн “Манлайллын хөтөлбөрт” шилдэг гурван ажилтнаа сургадаг гэнэ.
Өөр нэгэн сайшаалтай жишээ нь ажилчид жил бүр ерөнхий болон мэргэжлийн ур чадварын үнэлгээ хийлгэж, сайжруулах шаардлагатай ур чадвараа хөгжүүлэх төлөвлөгөө боловсруулдаг. Тэрхүү төлөвлөгөөг удирдлага болон хүний нөөцийн сургагч багш нар анхааран дэмжих ба компаниас академик сургалтад хамруулах, ментор томилох, бие даан суралцах боломжоор бүрэн хангадаг. Бүр шаардлагатай ур чадвараар сургалт өгөх тусгай багш нар хүртэл бий. Энэхүү сайн жишгийн дүнд 2022 онд нийт ажилчдын 10-15 хувь нь карьераа өсгөсөн байна.
Түүнчлэн чадварлаг боловсон хүчнийг татах, ирээдүйн манлайлагчдыг бэлдэхийн тулд 2021 оноос эхлэн ЭЕШ-д 800 оноо авсан сурагчдад тэтгэлэг олгож, компанийн дотоод үйл ажиллагаанд хамруулж, хүний нөөцийн сууриа бэлдэж буй.
Сайныг хуваалц, бурууд дуугар
Share time: Монложистиксийн залуус 14 хоногтоо нэг удаа өөрийн мэргэжлийн болон дурлан сонирхдог сэдвээр 30 минутын танилцуулга хийдэг.
Хэрэв ажлын байранд эрх мэдлээ хэтрүүлэх, өөрийн давуу талаа буруугаар ашиглах ёс зүйн ямарваа нэгэн асуудал гарвал санал гомдлоо илэрхийлэх, тэдний дуу хоолойг сонсох Speak up талбар бий. Буруутай эвлэрэх бус илчлэх, залруулах сайн жишгийг түгээж буй нь таатай санагдав.
Шинэ ажилтныг эхний өдрөөс л компанийн соёл өлгийдөн авдаг. Хамт олны нэгэн хэсэг болж буй шинэ ажилтанд зориулан хэрэглэх зүйлсийн багц, ажлын орчинг хичээнгүйлэн бэлдэхээс гадна халамжлах найз, мэргэшихэд туслах сургагч багшийг томилдог байна.
АЖИЛТНУУДЫН СЭТГЭГДЭЛ
Сургуулиа төгсөөд ажил хайх үед тээвэр ложистикийн компаниуд дийлэнхдээ гадаа гааль талбайд ажиллах нөхцөлтэй байсан. Харин Монложистикс групп надад оффист ажиллахыг санал болгосон нь сонгох гол шалтгаан болсон. Шинэхэн ажилтан надад хүн бүр тусалж, асуусан бүхэнд хариулж, нээлттэй угтаж авсан нь их дотно санагдсан. Одоо ч гэсэн нэгнээ дэмжиж, хамтран тусалж яг л дотны найзууд шиг уур амьсгалтай ажилладаг.
Олон улсын тээврийн албаны мэргэжилтэн Б.Түвшинзаяа
Хотын төв дэх байршилдаа хамгийн дуртай. Хамтрагч түншүүдтэй уулзахад ойр, дэлгүүр, хоолны газар элбэг учир амар байдаг. Шинэ оффисын маань уулзалтын өрөөнүүд цэлгэр, утасны бүхээгүүд бусдадаа саад болохгүй байгаа нь ажиллахад нэн таатай.
Олон улсын тээврийн албаны борлуулалтын ахлах мэргэжилтэн Б.Бархас
a amgaa 2023.05.25 202.21.112.226
utasnii buheegnii design owormots yumaa, bas nom unshih heseg ni cozy medremj toruulleeeeeeeeeeeeeee
П Пеппер 2023.05.25 202.21.112.226
Өөрийн гэсэн өнгө төрхтэй маш шинэлэг орчинг үүсгэж чаджээ өөдлөх айл үүднээсээ гэдэг үнэхээр л үнэн үг дээ