Байгууллагын нэр: Монос эмийн үйлдвэр
Байгуулагдсан он: 1990 он
Үйл ажиллагааны чиглэл: Эм үйлдвэрлэл
Ажилтны тоо: 200+
Хаяг: Үйлдвэрийн баруун бүс - 4, Сонсголонгийн зам гудамж 32/2тоот
Цахим хаяг: pharma@monos.mn
Сошиал хуудас: Website, Facebook
яагаад сонгох болов?
Энэ удаад бид эрүүл нийгмийг бүрдүүлэх нэн чухал салбар болох анагаах ухааны салбарын оффистой танилцаж, эм, бэлдмэлүүд хэрэглэгчийн гар дээр ирэхээс өмнө ямар шат дамжлагыг туулдаг, энгийн хүмүүсийн мэдэхгүй ямар үйл явц өрнөдгийг мэдэхийг зорилоо.
“Эм үйлдвэрлэлийг дэлхийн жишигт” уриатай Монос эмийн үйлдвэрийн хамт олон Олон улсын GMP шаардлагад нийцүүлэн, хэрэглэгчийн сэтгэл ханамжийг давуулан хангах, байнгын сайжруулалт хийн хөгжих зорилготой. Улсынхаа эрүүл мэндийн төлөө ажилладаг уг хамт олны ажлын орчин болох оффис болон үйлдвэр, лаборатори зэрэг нь нэг дор байрладаг нь тун сонирхолтой.
ажлын орчин, тохижилт
Монос эмийн үйлдвэр нь эм үйлдвэрлэлийн чиглэлээр 33 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд 80 нэр төрлийн 150 тун бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Монголд анх удаа GMP эм үйлдвэрлэлийн стандартыг шахмал болон капсултай эмдээ нэвтрүүлснээрээ онцлогтой. GMP стандарт нь дамжин бохирдол үүсэхгүйгээр хүний болон бараа материалын урсгал нь хоорондоо давхцахгүй, агааржуулалтын болон усны цогц системээр ажилладаг. Үйлдвэрлэлийн бүс нь хотын төвөөс зайдуу байдаг ч ажилчиддаа дөрвөн чиглэлийн унаагаар үйлчилдэг гэнэ.
Үйлдвэрийн байр: Олон улсын ISO 17025 стандартыг хангаснаас гадна эм үйлдвэрлэлийн зориулалтын тоног төхөөрөмжөөр тоноглогдсон тул үйлдвэрлэл явуулахад ямар ч саад бэрхшээл тулгардаггүй гэнэ. Эм үйлдвэрлэлийн гол үйл ажиллагаа энд явагддаг бөгөөд эрүүл ахуйн өндөр шаардлагыг хангасан болох нь дөнгөж ормогц л мэдэгдэв. Лабораторийн ажилчид болон гаднын зочид бүгд хамгаалалтын хувцас, хэрэгслийг бүрэн өмсөж орох бөгөөд гадны бохир агаарыг нэвтрэхээс сэргийлж, нэгээс дээш хаалга зэрэг онгойх боломжгүй байдаг нь сонирхол татлаа.
Өрөө бүрийн хаалганы дэргэд бөглөх хуудас тогтоосон байх бөгөөд хамгийн сүүлд тухайн өрөөг ашигласан ажилтан хэдэн цагт, ямар ажлыг гүйцэтгээд гарснаа заавал бичих ёстой. Ингэснээр бүх ажилтан үйлдвэрлэлийн үе шат ямар түвшинд явж буйг хялбархан хянах боломжтой болдог аж.
Оффис: Монос эмийн үйлдвэрийн 200 гаруй ажилтнаас санхүү, хүний нөөц, чанарын баталгаажилтын хэлтсүүд энд сууж ажиллах бөгөөд бүх алба нэгжүүд нь нэг дор байрлан ажилладаг нь хоорондын харилцаа холбоог сайжруулдаг. Оффисын дотоод засал чимэглэлийг ажилтнуудынхаа эрүүл мэндэд ээлтэй байлгах үүднээс хэлтэс хоорондын тусгаарлагч болон ширээ сандлыг модоор урлажээ. Мөн ажилтнуудын ширээний эргэн тойронд ногоон ургамлууд байрлуулсан нь шинэ санаа төрүүлэх, сэтгэн бодох чадварыг дээшлүүлэх, бодол санааг цэгцлэх ач тустай.
Баасан гараг бүр албаны хувцаснаас салж, хүссэн хувцсаа өмсөж ирдэг нь хамт олны уур амьсгалыг улам бэхжүүлж, бүр цаашлаад тухайн өдрийн бүтээмжид ч эерэгээр нөлөөлдөг гэдгийг дурдаж байлаа.
Амралтын өрөө: Үйлдвэр, оффис, судалгаа шинжилгээний лаборатори гэх мэт бүх хэсгүүдэд хүний эрүүл мэндтэй шууд холбогдох эм үйлдвэрлэлийн ажлууд явагддаг тул ажилтнууд дор бүрнээ маш хариуцлагатай, анхааралтай ажиллах шаардлагатай болдог. Тэр ч утгаараа ажлын ачаалал, биеийн алжаалаа тайлах амралтын хэсэгт өндөр ач холбогдол өгөн тохижуулсан нь анзаарагдлаа. Амралтын өрөө үйлдвэрийн байрны хоёр давхарт байрлах ба шатаар өгсөж гармагц зүүн талд дулаан уур амьсгал бүрдүүлж, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх ач тус бүхий шаргал өнгийн уран зураг бүтэн ханыг бүрхэн харагдана. Үргэлжлүүлэн гал тогооны хэсэг байрлах бөгөөд зурагт үзэх хэсэг, амрах буйдан, дасгал хөдөлгөөн хийх гүйлтийн зам, дугуй зэргийг байрлуулжээ. Мөн долоо хоногийн нэг өдөр мэргэжлийн бариа засалч ирж, бариа хийдэг уламжлалтай гэнэ.
Эм судлалын хүрээлэн: Анагаагч шидтэй эм бэлдмэлүүд бидний гар дээр ирэхийн тулд маш олон шат дамжлагыг дамждаг бөгөөд хамгийн эхний дамжлаг энд явагддаг. Энэ нь эм бэлдмэлийг судлах өрөө буюу өөрөөр бол эмийн судалгаа, шинжилгээ хийдэг эрдэмтдийн оффис, мөн лаборатори. Оффисын хойд хэсэгт судалгааны зориулалт бүхий жижиг лаборатори байрлах бөгөөд эмийн анхны туршилт, судалгаа, шинжилгээг хийдэг. Дотоод засал чимэглэлд хамгийн түрүүнд анзаарагдсан зүйл бол хээнцэр чамин бус стандартад нийцсэн, зориулалтын тоног төхөөрөмж болон тавилгууд байлаа.
БАЙГУУЛЛАГЫН СУРГАЛТ, ХӨГЖҮҮЛЭЛТ
- Оффисын ажилчид хөдөлгөөний дутагдалд ихээр өртдөг тул долоо хоног бүр хоёроос гурван цагийг спорт зааландаа өнгөрүүлдэг. Мөн Монос группийн нэгдсэн “Бид нэг хүсэлтэй” спортын их наадамд тогтмол оролцохоос гадна Группийн урлагийн их наадамд жил бүр амжилттай оролцож, өнгөрсөн жил л гэхэд тэргүүн байр эзэлсэн авъяаслаг хамт олон.
- Ажилтнууд өөрсдийн санаачилгаар байгуулсан англи хэлний клубдээ тогтмол суралцдаг бөгөөд хэлний мэдлэгээ сайжруулах, цаашлаад IELTS-ийн оноо авах зорилт тавьжээ. Харин байгууллагаас ажилтнуудынхаа санаачилсан ажил болон боловсролыг дэмжин, сургалтад шаардагдах бүхий л төлбөрийг хариуцдаг юм байна.
- Залуусын манлайллыг бий болгох “Leaders of tomorrow” хөтөлбөрийн хүрээнд олон төрлийн сургалтуудыг зохиож, түүнд нь нийт Монос группийн ажилчид хамрагддаг.
- Эм зүйчдийнхээ боловсролыг дээшлүүлэх, мөн эрүүл мэндийн салбарын харилцаа холбоог сайжруулах зорилготой “Pharmasist” клубийн үйл ажиллагааны хүрээнд эм зүйчид дотоодын болон олон улсын сургалтад хамрагддаг.
- Карьерын өсөлт хийж, хөгжих боломж бүх ажилтнуудад эрх тэгш, нээлттэй байдаг. Тухайлбал, эмзүйч зөвхөн лабораторид ажиллах бус эмийн судалгаа, үйлдвэрийн менежер, маркетинг гэх мэт өөр чиглэлүүдэд сэлгэж ажиллан, шинэ зүйлс сурч, хөгжих боломжтой.
- Нийт ажилтнуудын 15 орчим хувь нь бүрэн дунд боловсролтой ба тэдгээр ажилтнуудад ажиллангаа тухайлсан мэргэжлээрээ коллеж, их сургуульд суралцах боломжоор нь бүрэн хангадаг.
- Ажлын орчин нөхцлийн онцлогоос шалтгаалан үйлдвэрийн бүх ажилтнууд улирал тутамд эрүүл мэндийн шинжилгээнд хамрагддаг бол жилд нэг удаа нарийн мэргэжлийн шинжилгээнд хамрагддаг байна.
ажилтнуудын сэтгэгдэл
Тухайн эмийн бүтээгдэхүүн эцсийн бүтээгдэхүүн хүртэл бүхий л шат дамжлагад байх ёстой шаардлагаа хангаж байгаа эсэхийг хянаж шалгах хариуцлагатай ажил хийдэг. Манай лаборатори нь хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр хангагдсан, орчин нөхцөл сайтай байдаг нь шинжилгээ хийхэд илүү хялбар, тухтай болгож өгдөг. Ажиллахад хамгийн тааламжтай хэсэг бол орчин үеийн эмийн шинжилгээний дэвшилтэд технологи HPLC. Энэхүү багаж нь бүрэн автомат, нэг туршилтаар олон шинжилгээний үр дүн авах боломжтой, маш нарийн үр дүн гаргадаг зэрэг нь ажлын бүтээмжийг нэмэгдүүлдэг.
Эм шинжлэгч Б.Хатантуул
Улсынхаа хүн амын эрүүл мэндийн төлөө ажилладаг гэдгээрээ онцлогтой. Манай ажил нь эм үйлдвэрлэлийн зориулалтын тоног төхөөрөмжөөр тоноглогдсон учраас ажиллахад таатай байдаг. Миний хувьд Бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн албандаа туршилт судалгаагаа хийж, үйлдвэртээ найрлага, хэлбэржүүлэх, блистердэх, савлах зэрэг ажлаа хийдэг. Мөн лабораторидоо шинжилгээгээ хийх зэргээр ажлын бүх талбар маань нэг дор цогцоор байдаг нь давуу талтай.
Эм найруулагч П.Алтан-Од
Н Навчаа 2023.05.26 202.21.112.226
Хүүе ээ, тэр киноны постертой, ургамалтай өрөө яая гээд байгаа юм бэ? Царайлаг насссссс ????????????????????????
а амгаа 2023.05.25 202.21.112.226
Хотын төвөөс хол ч гэсэн ажилтнуудаа хэрэгцээтэй бүх зүйлээр хангажээ. Цэгцтэй, цэвэрхэн ажилтнаа бодсон үйлдвэр байна өө, амралтын өрөөний дизайн нь күүл
П Пеппер 2023.05.25 202.21.112.226
Кинон дээр гардаг эмийн лабораториос шал өөр юм байна шдээ энд ёстой л инновац гэдэг нь ургадаг байх даа гэж санагдлаа
З Зочин 2023.05.25 202.21.112.226
Үйлдвэр гэхээр заавал тоос шороондоо хутгалдсан заваан байх албагүй гэдгийг үлгэрлэж байгаа танайх амт олонд баярлалаа
З Золоо 2023.05.24 192.82.66.101
Үйлдвэрлэлийн орчин гэхэд тухтай сайхан юмаа. Монос Эмийн Үйлдвэрийн хамт олондоо амжилт хүсье ! Танайд нээлттэй ажлын байр байгаа юу?